| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/00518/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1407 |
| Огноо | 2025-05-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1407
2025 05 27 2025/ШЦТ/1407
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч О.Эрхэмбаяр,
насан хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********, түүний өмгөөлөгч Н.Батболд,
шүүгдэгч ********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* холбогдох эрүүгийн ********* тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***********************************
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ********* нь 2024 оны 10 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө ********* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй хохирогч ********* үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар үснээс нь зулгааж, нүүр, цээж хэсэг рүү нь цохиж зодсон улмаас эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхи, хацрын төвгөр хэсгийн зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт, баруун нүдний дотор доод хэсэг, хацрын төвгөр, хамар, зүүн нүдний дотор булан, доод хэсэг, зүүн чихний дэлбэнгийн ар хэсэгт зулгаралт, цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч ********* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********* мэдүүлэхдээ: “...Миний эрүүл төрүүлж, өсгөсөн хүүхдийг минь эрэмдэг болгосонд гомдолтой байна. Би хүүхдэдээ хатуу үг хэлж, гар хүрч үзээгүй. Энэ хэргээс хойш манай хүүхэд гадуур ганцаараа явж чадахгүй байгаа. Гэмтэл авахаас өмнө Ноён пицца гэх нэртэй хоолны газарт ажиллаж байсан. Гэмтэл авснаас хойш ажиллах боломжгүй болсон тул ажилгүй байсан цалин 1.250.000 төгрөг, эмчилгээ хийлгэсэн зардалд 1.122.500 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол зэргийг нэхэмжилж байна..” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Насанд хүрээгүй хохирогч *********:
“...2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 21 цагийн орчимд ...“*********” дэлгүүрийн хойд талд ********* гэх зүс таних эмэгтэйтэй таарсан. Намайг “Найзаа ханын материал ороод хүнтэй уулзаад ирье” гэхээр нь ...“Ээж дэлгүүр явуулсан. Би явахгүй” гэсэн чинь “Сүртэй юм бэ?” гээд ********* миний нуруунаас түлхээд Subaru маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суулгаад бид хоёр 0,5 литрийн пиво 1 лаазыг уугаад Ханын материал очоод нэг найзтайгаа уулзъя гэж байгаад уулзаагүй. Тэгээд ********* гэх хүний автомашинтай Сонгинохайрхан дүүргийн Баруун салааны хорооны буудал гэх газар очоод ********* машинаасаа буугаад дүү ********* уулзаад дэлгүүр ороод гарч ирэхдээ 2,5 литрийн хүрэн савтай пиво 2 савыг авч гарч ирээд ...********* автомашинд ороод *********, ********* нар пиво задлаад ууж байснаа намайг уу гээд ********* өгөхөөр нь би уухгүй гэсэн. ...Би балгаад машинаас нь гараад бөөлжөөд асгаад байсан. Нэг пиво нь дуусаад нөгөө пиво нь талдаа орсны дараа ********* нь ********* гэх залууг зайл гээд байхаар нь ********* явсан. Түүний дараа ********* над руу “Чамайг ална шүү, хутга байгаа. Чи миний 3 хүүхдийг доромжилсон биз дээ?” гээд урд суудал дээгүүр давж ирээд миний үснээс зулгаагаад байхаар нь ...би ********* автомашинаас буух оролдлого хийх үед дахиж үснээс зулгаахаар нь би эргээд суудал дэрээ суусан чинь миний нүүрний баруун талын шанаа хэсэг рүү 1 цохиод, зүүн талын нүдний доор, хамар, баруун нүдний доор, баруун нүдний зовхины дотор талыг маажсан. Мөн хамар руу өвдөглөөд миний хэвлий хэсэг рүү 2 удаа өвдөглөсөн чинь ...********* болиоч ээ гээд салгах гэсэн боловч ********* “Өөрөө мэдэж байна” гэхээр нь ********* суудалдаа суусан. Миний нуруу хэсэг рүү 1 удаа өвдөглөсөн, зүүн талын суганы доод талаас гараараа базсан. Миний гар утсыг авсныг мэдээд ...“Утсаа авмаар байна” гээд орилох үед өгсөн. ...Миний хамар мурийсан, толгой хавантай, нуруу гэмтэлтэй. ...Надад “Гурван хүүхэд доромжилсон биз дээ?” гэхээр нь би доромжлоогүй гээд маргалдсан. Намайг зүгээр сууж байхад гэнэт уурлаад учир зүггүй гар, хөлөөрөө цохиж зодох болсон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-31 дэх тал/,
Гэрч *********ын:
“...2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ...өмнө танилцаж байсан ********* гэх эмэгтэй ...“Унааны мөнгөгүй болчихлоо. Сүлжмэл дөхүүлээд өгөөч” гэж дуудахаар нь сүлжмэл хүргэж өгчхөөд 20 цагийн үед эргэж уулзсан чинь ...“Манай найзтай уулзах уу?” гэсэн. ...********* надаас “Боломжтой бол надад 2 лаазтай пиво аваад өгөөч” гэхээр нь би дэлгүүр ороод 0,5 литрийн сэнгүр пиво 2 савыг авч өгсөн чинь ********* ууж байснаа ********* “Ханын материалд найзтай уулзъя” гээд хэлэхээр нь ...********* “Ээж уурлана. Дэмий байх” гэж хэлсэн. ...Баруун салааны хорооны буудал гэх газар очоод би дүү ********* уулзаад ********* 2,5 литрийн сэнгүр пиво 2 савыг аваад ********* ...автомашинд *********, ********* бид 3 суугаад дэлгүүрийнх нь арын гудамж руу ороод 1 км орчим яваад зогсоод авсан 2 пивоноосоо ...ууж байснаа ********* “...п... минь” гэж хэлэхээр нь би машинаас буугаад ...Баянхошууны тойрог руу явсны дараа ********* *********гийн гар утаснаас “Ахаа, энэ хоёр эмэгтэйгээ ирж аваачээ...” гэхээр нь би “надад хамаагүй” гээд тасалсан. 20-30 минутын дараа ********* өөрийнхөө ********* дугаараас залгаад “Энэ хоёр чинь хоорондоо хэрэлдээд, зодолдоод байна” гэхээр нь “Би мэдэхгүй, хамаагүй” гээд тасалсан. Түүний дараа 01 цагийн орчимд ********* өөрийнхөө дугаараас залгаад “Би ********* зодуулчхаад зам дагаад алхаад явж байна. Чи найзыгаа ирээд аваад гэр рүү дөхүүлээд өгөөч” гэхээр нь би “...Завгүй байна. Өөрөө учраа ол” гээд тасалсан. ...********* пивоноос нэг удаагийн аяганд хийгээд *********д өгөх үед “Би уухгүй” гээд байхаар нь ...“Найзынх нь сэтгэл санаа тавгүй байна. Хань болоод уучхаач” гэсэн уугаад байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх Анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ********* дугаартай:
“...********* баруун нүдний зовхи, хацрын төвгөр хэсгийн зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт, баруун нүдний дотор доод хэсэг, хацрын төвгөр, хамар, зүүн нүдний дотор булан, доод хэсэг, зүүн чихний дэлбэнгийн ар хэсэгт зулгаралт, цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдээс баруун нүдний зовхи, хацрын төвгөр хэсгийн зөөлөн эдийн няцрал, зовхины цус хуралт, баруун нүдний дотор доод хэсэг, хацрын төвгөр, хамар, зүүн нүдний дотор булан, доод хэсгийн зулгаралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Зүүн чихний дэлбэнгийн ар хэсгийн зулгаралт, цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцралд 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
Шүүгдэгч *********ийн яллагдагчаар өгсөн:
“...2024 оны 10 дугаар сарын 19-ний орой 20 цагийн үед гэрийн гадаа ********* ирээд бид хоёр ********* уулзахаар болоод Сонгинохайрхан дүүргийн ********* байх “*********” дэлгүүрийн гаднаас очиж аваад Сонгинохайрхан дүүргийн ********* нутаг дэвсгэрт найз *********, ********* бид гурав очоод ********* уулзаад дэлгүүрээс 2 ширхэг 2,5 литрийн Сэнгүр гэх пиво аваад бид гурав Бат- Эрдэнийн машин дотор уусан. Удалгүй ********* намайг салсан найз залуутайгаа хардаад намайг “эцэггүй хүүхдүүдтэй” гээд хүзүү рүү нэг удаа цохихоор нь би үснээс нь зулгаагаад, зүүн гараараа 2 удаа алгадаад “Чи миний хүүхдүүдийг битгий доромжил, намайг доромжил” гэтэл миний хүзүүг ураад гуянаас хазахаар нь машины хаалганд 1 удаа мөргүүлсэн. ...Миний 3 хүүхдийг эцэггүй хүүхэд, намайг олон хүний хүүхэдтэй гэх мэтээр хараагаад салсан найз залуутайгаа хардаад байсан юм. ...Би нүүрэн тус газар нь 2 удаа цохиж үснээс нь зулгаагаад 1 удаа хаалга мөргүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дахь тал/ хохирогчийн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч ********* нь хохирогч ********* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг нэгдүгээр зэрэгт хамаарснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлснээр шүүгдэгчээс гаргуулах” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Н.Батболд “...Улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж байна. Цаашид хохирогчийн цалин хөлсөө нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ********* нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ********* нь:
2024 оны 10 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө ********* насанд хүрээгүй хохирогч ********* үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар үснээс нь зулгааж, нүүр, цээж хэсэг рүү нь цохиж зодсон улмаас эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхи, хацрын төвгөр хэсгийн зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт, баруун нүдний дотор доод хэсэг, хацрын төвгөр, хамар, зүүн нүдний дотор булан, доод хэсэг, зүүн чихний дэлбэнгийн ар хэсэгт зулгаралт, цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч *********, гэрч ********* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх Анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ********* дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ажилгүй байсан хугацааны цалин гэх 1.250.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, насад хүрээгүй хохирогч ********* болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан төлбөрт 124.762 төгрөгийн зардал гарсныг шүүгдэгч ********* гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлэх нь зүйтэй.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Н.Батболд “...Эрүүгийн хариуцлага дээр тусгайлсан саналгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Иймд шүүхээс шүүгдэгч ********* гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүний хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн ********* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ********* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.250.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, насанд хүрээгүй хохирогч ********* болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан төлбөрт 124.762 төгрөгийн зардал гарсныг шүүгдэгч ********* гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ********* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ