Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/356

 

 

    2021           4                8                                      2021/ДШМ/356                                    

                                                                                                            

 

Ж.Б холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Батзориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Х.Ням-Эрдэнэ,

шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Бын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1806045750565 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

           

Монголмууд овгийн Ж.Н, 1988 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн;

Ж.Б нь 2017 оны 6 дугаар сард иргэн Б.Бын өмчлөлийн 92-61 УНГ дугаартай “Ланд-Круйзер-80” маркийн авто машиныг фэйсбүүкээр худалдана гэсэн зарын дагуу Сүхбаатар аймагт очиж, иргэн Б.Бтай 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, бэлнээр 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг авч, автомашины нэр шилжүүлэхдээ үлдэгдэл 3.000.000 /гурван сая/ төгрөгийг өгөхөөр тохиролцсон боловч, үлдэгдэл мөнгийг өгөхгүй 3.000.000 /гурван сая/ төгрөгийн хохирол учруулан залилсан,

мөн уг автомашиныг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Да хүрээ” зах дээр иргэн И.Нод зохиомол байдлыг зориудаар бий болгон худалдаж, 9.000.000 /есөн сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Монголмууд овогт Ж.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Ныг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ж.Бын цагдан хоригдсон 37 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Боногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний цагдан хоригдсон 37 хоногийг найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож шүүхээс оногдуулсан ялыг эдэлсэнд тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, одоогоор бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ж.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нь хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор үнэлж дүгнээгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Би Сүхбаатар аймгийн харьяат иргэн Бын өмчлөлийн 92-61 УНГ улсын дугаартай Ланд-Круйзер 80 маркийн авто машиныг 5.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч, 4.000.000 төгрөгийг бэлэн өгч үлдэх 1.000.000 төгрөгийг машиныхаа бичиг баримтыг шилжүүлж авахдаа өгөхөөр тохиролцсон. Ингээд мөнгө өгсөн авсан тухайгаа бичиг үйлдэж гарын үсэг зурж тохиролцсон. Анхнаасаа Б.Б нь бичиг баримт байхгүй, машин өгсөн надад хэлэхдээ санаа зоволтгүй найдвартай бэлэн болгоод өгнө гэж итгүүлсэн, мөн иргэн Б.Баас 5.000.000 төгрөгөөр худалдаж авсан хуучин муу машинаа 6.800.000 төгрөгийн сэлбэг хэрэгсэл авч засч өөд татаж босгосон бөгөөд иргэн И.Нод гуйсны дагуу үнэ тохирч 2017 оны 9 дүгээр сарын 15-нд 12.500.000 төгрөгөөр Ланд-Круйзер 80 загварын авто машиныг зарсан, 14 хоногийн хугацаатай мөнгийг цувуулж өгч авахаар тохирсон зэрэг иргэд хоорондын иргэний эрхийн харилцааны шинжтэй наймаа хийсэн, ашиг олоогүй харин бие эд хөрөнгөөрөө хохирсон бусдад хохирол төлбөргүй. Гэтэл цагдаа прокуророос үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж хүч хэрэглэн гэрч хохирогч нарын худал мэдүүлгүүдийг иш үндэс болгон мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж хүчээр тулган залилсан гэх гэм буруутай гэж прокуророос ял төлөвлөж шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэг шалгагдах явцад намайг 30 хоног ямар ч тогтоол шийдвэргүй цагдан хорьсон,мөн хэрэгт ач холбогдолтой бичгийн баримтуудыг алга болгосон, учир байдлыг хэлэхэд, ажлаа өгсөн прокуророосоо асуу, би мэдэхгүй гэж байцаагч нь хэлдэг. Иймэрхүү байдлаар энэ хэрэг 3 жил шалгагдаж байгаа болно. Улсын дээд шүүхээс уг хэргийг дахин шалгаж хэргийн бодит байдлыг үнэн зөв тогтоолгохоор буцаасан боловч ямар ч ажиллагаа хийгээгүй үл ойшоосон болно. Би залилах гэмт хэргийг үйлдээгүй, ямар нэгэн залилах санаа зорилго агуулаагүй байхад шүүх залилсан гэж гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ж.Бын өмгөөлөгч Д.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүссэн байгаа учраас хэргийг түдгэлзүүлж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Х.Ням-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “....Нын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдсон. Прокурор, мөрдөгч нотлох баримт устгасан талаарх мөрдөн байцаалтын шатанд гомдол гаргаж байгаагүй. Анх шүүхийн хэлэлцүүлгийн шатанд энэ талаар мэдүүлсэн. Прокурорын байгууллагат гаргасан гомдол хүсэлтийг тухайн цаг үед нь шийддэг байсан. Ж.Бын хэрэгтэй холбоотой гомдол, хүсэлт гарч байгаагүй. Өмнө нь давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Уг магадлалд тусгагдсан ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Шаардлагатай гэрч нарыг асуусан. Нотлох баримт хангалттай бүрдсэн учраас прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Ж.Б нь 2017 оны 6 дугаар сард иргэн Б.Бын өмчлөлийн 92-61 УНГ дугаартай “Ланд-Круйзер-80” маркийн авто машиныг фэйсбүүкээр худалдана гэсэн зарын дагуу Сүхбаатар аймагт очиж, иргэн Б.Бтай 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, бэлнээр 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг авч, автомашины нэр шилжүүлэхдээ үлдэгдэл 3.000.000 /гурван сая/ төгрөгийг өгөхөөр тохиролцсон боловч, үлдэгдэл мөнгийг өгөхгүй 3.000.000 /гурван сая/ төгрөгийн хохирол учруулан залилсан,

мөн уг автомашиныг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Да хүрээ” зах дээр иргэн И.Нод зохиомол байдлыг зориудаар бий болгон худалдаж, 9.000.000 /есөн сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч И.Нын “......Миний бие Дорнод аймгаас Улаанбаатар хотод ирээд 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дүүгийн хамтаар Дорнод руу явах гэж байсан миний ээж Ичинхорлоогийн дугаар руу Н өөрөө залгаад “Ланд-80” байна гэж хэлсэн. Ээж надад Н гэдэг хүнд машин байна гэхээр нь “Да хүрээ” зах руу очсон юм. Түүнээс өмнө нь би 9 дүгээр сарын 3-ны өдөр санагдаж байна. Тухайн залуутай адуу ачиж яваад тааралдаад би “Ланд-80” загварын машин сонирхож байгаагаа хальт хэлж байсан юм. Ингээд Нтай “Да хүрээ” зах дээр уулзаж машиныг Нын гэрийнх нь хашаанд үзсэн юм. Тухайн үедээ гайгүй жаахан засвар үйлчилгээтэй байсан ч гэсэн надад таалагдаад 9.000.000 төгрөгөөр бодож 6.000.000 бэлнээр Дорнод очоод өгье гээд одоо байгаа 1 адуугаа 3.000.000 төгрөгт бодож тохиролцсон юм. Анх машинаа авч явахдаа гэрт нь цаасан дээр гарын үсэг зуралцаад машиныг аваад явсан юм. Машины бичиг баримтыг мөнгөө гүйцээгээд өгөхөөр чинь шилжүүлж өгнө гээд би 10 дугаар сарын 27-ны өдөр 1.500.000 төгрөгийг Хаан банкны “5099550511 дугаарын дансаар Жын Эрхэмтуяа нэр дээр 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Ж.Эрхэмтуяагийн дансаар 1.000.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 3.500.000 төгрөгийг тухайн хүний дансаар нийтдээ 6.000.000 төгрөгийг төлсөн юм. Ингээд мөнгө төгрөгөө шилжүүлээд дуусаад Н руу нэрээ шилжүүлэх талаар асуусан. Ингээд удаа дараа худлаа хэлж сүүлдээ утсаа авахаар за яах вэ болно, бүтнэ гэж итгэл үнэмшил төрүүлсээр байсан. .../1хх 8-9, 16-17/,

хохирогч Б.Бын...Би 2012 онд Галмандах дүүтэйгээ утсаар яриад ах нь нэг машин авах гэсэн юм, чи аваад явуулчих гэсэн. 2012 оны 11 дүгээр сард Галмандах руу би 13.000.000 төгрөг шилжүүлж Галмандах тэр мөнгөөр маань 92-61 УНГ улсын дугаартай, хөх өнгийн “Ланд-80” загварын машиныг аваад, Сүхбаатар аймагт надад хүргэж өгсөн.  Тэр үед Галмандах надад хэлэхдээ машины эзэмшигчийг шилжүүлээгүй байгаа. О гэх хүний нэр дээр байгаа. Та нэг хот руу орох болохоороо машинаа өөрийнхөө нэр дээр болгож аваарай гэж байсан. Тэрнээс хойш тэр машиныг унаж байгаад 2017 онд заръя гэж бодоод гар утаснаасаа фэйсбүүкээр машин зарна гэж зар тавьсан. Зар тавиад удаагүй байхад Ж.Б гэх үл таних залуу утсаар яриад “зарын дагуу ярьж байна. Та “Ланд-80” загварын машин зарна гэсэн юм уу, хаана байгаа машин бэ” гэж асуусан. Би хөдөө байна гэсэн. Тэгтэл тэр залуу “та Сүхбаатар аймгийн төв дээр хүрээд ирэх боломж байна уу, би Сүхбаатар аймгийн төв дээр байна гэсэн. Тэгэхээр нь би за тэгье гээд машинаа унаад Сүхбаатар аймгийн төвд очиж Н гэх үл таних залуутай уулзсан. Намхан, тарган, шар залуу байсан. Тэр залуу өөрийгөө машины ченж Улаанбаатар хотод байдаг. Зарын дагуу явж байгаа юм гэсэн. Тэгээд миний машиныг унаж үзээд болж байна, авъя гэсэн. Тэгээд 7.000.000 төгрөгт авахаар болсон. Би ч гэсэн 7.000.000 төгрөгт заръя гэсэн. Н машины гэрчилгээг үзээд О гэдэг хүний нэр дээр байдаг юм байна шүү дээ гэсэн. Би учир байдлаа хэлсэн. Тэгтэл Н гэх залуу би танд одоо 4.000.000 төгрөг бэлнээр өгье гэсэн. Улаанбаатар хотод очоод О гэх хүнтэй чинь уулзаад машиныхаа гэрчилгээг шилжүүлж авсныхаа дараа 3.000.000 төгрөгийг чинь өгье гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд надад бэлэн 4.000.000 төгрөг өгөөд машиныг маань унаад явсан. Ямар нэгэн бичиг баримт үйлдэж, нотариатын газар ороогүй, гэрээ хийгээгүй. Би энэ талаар өөрийн хүргэн дүү Г хэлсэн. Галмандах машины гэрчилгээ дээр нэр нь байсан О гэх хүнтэйгээ ярьж шилжүүлэг хийх талаар ярилцсан байсан. .../1хх 13-15/,

гэрч Гын...2012 оны 11 дүгээр сард Б ах үнэ гайгүй машин аваад явуулаач” гээд 13.000.000 төгрөг шилжүүлсэн. Би машин хайж байгаад тухайн үед хамт машин засдаг байсан найз От “ах машин захисан, гайгүй зарах машин байна уу” гэж асуусан. О өөрийнхөө “Ланд-80” маркийн машиныг 13.000.000 төгрөгөөр заръя гэсэн. Тэгээд От 13.000.000 төгрөг өгч машиныг нь авсан. Би тэр машиныг нь унаад Сүхбаатар аймаг руу явж Б ахад хүргэж өгсөн. Б ахад машиныг нь өгөхдөө “би найзаасаа авсан юм. Та нэг хот руу орохоороо машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчхаарай” гэж хэлсэн. Б ах тэгье гэж байсан. Тэрнээс хойш Б ах Улаанбаатар хотод нэг ирсэн юм. Тэр үед нь О хотод байхгүй таараад нэрээ шилжүүлж чадаагүй. Тэгээд нэрээ шилжүүлэхгүй явсаар байгаад 2017 оны 6 дугаар сар хүргэсэн. 2017 оны 6 дугаар сард Б ах надтай утсаар ярихдаа “ах нь машинаа зарна гээд зар тавьчихсан чинь Улаанбаатар хотоос нэг машины ченж ирээд аваад явчихлаа. 3.000.000 төгрөг авах дутуу байгаа. Хотод очихоор нь үлдэгдэл 3.000.000 төгрөгийг аваад машины гэрчилгээг шилжүүлээд өгчхөөрэй гэсэн. Хэн гэж хүн ирэх юм гэж асуухад Н гэдэг хүн очно гэж ярьсан. Тэгээд хэд хоноход Н гэж хүн утсаар ярьж холбогддоггүй. Би Б ахад хэлж Н гэх машин авсан хүнийх нь дугаарыг авч залгахад амжихгүй байна, тэгж байгаад болъё гэж хойшлуулсаар байгаад сүүлдээ утсаа авахаа больсон. ...” /1хх 26-27/,

гэрч М.Оын: ...Уг машин нь манай найз Галмандахын хадам ах Бын эзэмшлийн автомашин. 2013 онд байх одоо сайн санахгүй байна. Манай найз Г мөнгөний хэрэг гараад ах Баасаа машиныг нь гуйж миний нэр дээр ломбардад явдгаар тавьсан юм. Тэгээд төлбөр тооцоог нь хийж дууссан. Тэгтэл 2016 онд байх Б ахаас Н очиж машиныг нь 7.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод бэлнээр 4.000.000 төгрөг өгөөд үлдэгдэл 3.000.000 төгрөгийг нь хотод надтай ирж уулзаад нэрээ шилжүүлэхдээ 3.000.000 төгрөгөө өгнө гэж тохиролцсон юм билээ. Тэгсэн 2018 оны намар авто тээврийн газраас над руу залгаж таны машиныг бусдад шилжүүлж болох уу гэхээр нь би болохгүй наад машин чинь төлбөрийн асуудалтай байгаа гэж хэлсэн. Тэр Н нь авто ломбард дээр очиж шилжүүлэхэд татгалзахгүй гэсэн бичгийг нь авчихсан авто тээвэр дээр нэр шилжүүлэх гээд явж байсан юм билээ. ... /1хх 75/,

гэрч Игийн...Миний төрсөн хүү И.Н 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” техникийн захаас “Тоёота Ланд-Круйзер-80” маркийн автомашиныг 9.000.000 төгрөгөөр Н зарна гээд, миний хүү 6.000.000 төгрөгийг нь бэлнээр өгөөд үлдсэн 3.000.000 төгрөгт нь хурдан удамтай морио өгөхөөр тохиролцсон юм билээ. 6.000.000 төгрөгөө бэлнээр өгч машиныг нь шилжүүлэг хийлгүй, /мөнгөө төлж дуусгачхаад шилжүүлэг хийнэ гээд/ унаж авч явсан юм билээ. Тэгээд 3.000.000 төгрөгт нь хурдан удмын морио өгсөн гэсэн. Тэгээд машиныхаа шилжүүлгийг хийх гэтэл нөгөө машин нь Нын нэр дээр биш, Банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан гэсэн. Банк бус санхүүгийн байгууллага дээр нь очиж уулзахад М.О гэх хүний нэр дээр байдаг машин байна. Н болон өөр хүнд шилжүүлж өгөх боломжгүй, О гэх хүнд өгөх боломжтой гэсэн байдаг. Миний хүү О гэгчийг нь олж уулзахад Оаас Н уг машиныг худалдаж авна гээд мөнгийг нь дутуу төлж залилан авч явсан байдаг. Ингээд гурвалжин, дөрвөлжин юм болж Нын талаар өргөдөл гаргаж өгсөн юм. .../1хх 22/,

гэрч Э.Б...Миний төрсөн ах Б нь Сүхбаатар аймагт оршин суудаг юм. Тэр болгон холбогдоод байдаггүй. Би айлд өргүүлчихсэн болохоор харилцаа холбоо хөндий байдаг юм. Тэгтэл 2018 оны 8 дугаар сард Б ах надтай утсаар ярихдаа “Ланд-80” маркийн автомашинаа хүнд зарсан чинь залилуулчихлаа. Үлдэгдэл 3.000.000 төгрөгөө авч чадахгүй байна. Одоо Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр ирж мэдүүлэг өгөөд явж байна гэсэн. Тэгээд тухайн үед нь би Б ахад юу болсон талаар үнэн зөв яриад мэдүүлэг өгчих өө, тэгээд уулзаарай гэсэн. ...” /1хх 24-25/ мэдүүлгүүд, тээврийн хэрэгслийн лавлагаа, цагдаагийн АСАП сангийн лавлагаа, эрэн сурвалжлалт зарласан тухай 1/хх 44-46, 47-51/, хохирогч И.Н нь Ж.Э “ХААН” банкны дансанд мөнгө шилжүүлсэн тухай баримт /1хх 56/ зэрэг хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.Быг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг залилах гэмт хэрэгт гэм буруутай гэж тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл зөв байна.

 

Анхан шатны шүүхээс  Ж.Б оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь хууль зүйн үндэслэлтэй байх ба цагдан хоригдсон 37 хоногийг найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож шүүхээс оногдуулсан ялыг түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохирол, хор уршиг, түүний хувийн байдал зэрэгт тохирсон байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Ж.Бын “...Би залилах гэмт хэргийг үйлдээгүй, ямар нэгэн залилах санаа зорилго агуулаагүй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хохирогч Б.Б “2017 онд заръя гэж бодоод гар утаснаасаа фэйсбүүкээр машин зарна гэж зар тавьсан. Зар тавиад удаагүй байхад Ж.Б гэх үл таних залуу утсаар яриад “зарын дагуу ярьж байна. Та “Ланд-80” загварын машин зарна гэсэн юм уу, хаана байгаа машин бэ” гэж асуусан. Би хөдөө байна гэсэн. Тэгтэл тэр залуу “та Сүхбаатар аймгийн төв дээр хүрээд ирэх боломж байна уу, би Сүхбаатар аймгийн төв дээр байна гэсэн. Тэгэхээр нь би за тэгье гээд машинаа унаад Сүхбаатар аймгийн төвд очиж Н гэх үл таних залуутай уулзсан. Намхан, тарган, шар залуу байсан. Тэр залуу өөрийгөө машины ченж Улаанбаатар хотод байдаг. Зарын дагуу явж байгаа юм гэсэн. Тэгээд миний машиныг унаж үзээд болж байна, авъя гэсэн. Тэгээд 7.000.000 төгрөгт авахаар болсон. Би ч гэсэн 7.000.000 төгрөгт заръя гэсэн. Н машины гэрчилгээг үзээд О гэдэг хүний нэр дээр байдаг юм байна шүү дээ гэсэн. Би учир байдлаа хэлсэн. Тэгтэл Н гэх залуу би танд одоо 4.000.000 төгрөг бэлнээр өгье гэсэн. Улаанбаатар хотод очоод О гэх хүнтэй чинь уулзаад машиныхаа гэрчилгээг шилжүүлж авсныхаа дараа 3.000.000 төгрөгийг чинь өгье гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд надад бэлэн 4.000.000 төгрөг өгөөд машиныг маань унаад явсан. Ямар нэгэн бичиг баримт үйлдэж, нотариатын газар ороогүй, гэрээ хийгээгүй. Би энэ талаар өөрийн хүргэн дүү Г хэлсэн. Галмандах машины гэрчилгээ дээр нэр нь байсан О гэх хүнтэйгээ ярьж шилжүүлэг хийх талаар ярилцсан байсан” гэж мэдүүлдэг бөгөөд гэрч Г “ Б ах Н гэдэг хүн ярьж машины шилжүүлэг хийнэ гэж хэлсэн боловч над руу яриагүй” гэжээ.

 

Хэрэгт байгаа баримтаар Б.Бын зарсан 92-61 УНГ дугаартай “Ланд-Круйзер-80” машиныг эзэмшигчийн нэр нь М.Оын нэр дээр байдгийг хэлж, машины гэрчилгээний нэр шилжүүлэхдээ 3.000.000 төгрөг өгч авахаар тохиролцсон байдал тогтоогдсон ба шүүгдэгч Ж.Бын гэм бурууг үгүйсгэх, яллах нотлох баримтыг няцаах нотлох баримт хэрэгт байхгүй байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 сарын 13-ны 206 дугаартай магадлалаар шүүгдэгч Ж.Б холбогдох хэргийг дахин шалгуулахаар хэргийг прокурорт буцаасан бөгөөд түүний хүсэлтээр гэрч Г.Отгонболд, М.Мөнхбат, Г.Ж нарыг асуусан, гэрч О“...2017 онд байх яг хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Намайг гэртээ байж байхад багын найз болох Ж.Б нь “Ланд-80” маркийн машин унаад хүрээд ирсэн. Энийг сая авчхаад ирлээ. Энэ машинаа хэд хоногоор зарна гээд ярьж байсан. Тэгээд өөр юм ярьж байгаад Ж.Б явчихсан. Тэр өдрөөс хойш уулзалгүй байж байгаад араваад хоногийн дараа ирээд машинаа зарчихсан зөрүүнд нь нэг хурдан морь оролцуулсан гэж хэлж байсан. Тэгээд нөгөө морь өвөл хашаанд хэвтэж байгаад үхчихсэн. ...”  /1хх 199/ гэрч Б.Мөнхбат “...Би гэрээ байгуулахад нь байгаагүй. Тэр машиныг нь би олж хараагүй. И.Н гэх хүнийг ч хараагүй. Би 2017 оны 11 дүгээр сард “Шархад” хавьцаа явж байгаад Ж.Бын “Шархад-д” байдаг гэрт нь очсон. Тэрнээс хойш хэдэн сар Ж.Бтай хамт ойр зуурын юманд нь туслаад явж байсан. 1 удаа Ж, Н, Нын эгч нартай би нэг айлаас очиж морь авсан. Тэр морь нь ямар учиртай гэдгийг нь би мэдээгүй. Би тэр морийг нь унаад Жын хашаанд нь аваачиж өгсөн. Тэрнээс биш би тэр хүмүүсийн хооронд хийсэн наймааны талаар би юу ч мэдэхгүй. ...” /1хх 200/,  Ж.Бын аав гэрч Г.Жын “...2016 билүү 2017 онд байх хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Техникийн зах дээр Н гэх Дорнодын хүн 92-61 УНГ улсын дугаартай Ланд-8 загварын автомашиныг 12.500.000 төгрөгөөр зээлээр аваад явсан. Тэгээд дараа нь 1.000.000 төгрөгт бодоод морь өгсөн. Тэгсэн тэр морь үхчихсэн. Тэгээд л тэр нөхөр алга болсон. Дараа нь манай бандид гомдол гаргаад шалгагдаж байгаа. ...” /1хх 201/ гэж мэдүүлсэн бөгөөд дараа нь:

гэрч болох О“...Би Ж.Б, Ж, И.Н нарыг хоорондоо гэрээ байгуулахыг хараагүй. Машин худалдаж авсан хүнийг танихгүй. 2019 оны 5 дугаар сард Ж.Б над дээр ирж, чи надад туслаад өгөөч миний машин өгсөн авсан асуудалд гэрч болоод өгөөч гэсэн. Тэгэхээр нь та нарын авч өгөлцсөнийг мэдэхгүй байж яаж тэгэх юм бэ гэхэд зүгээрээ би шүүх хурал дээр  балрах  нь гэхээр нь нотариат дээр очоод Ж.Б бид хоёр ярилцаж байгаад бичгийг хийлгэсэн. Ж.Б гуйгаад байхаар нь гарын үсэг зурсан. ...” /1хх 199/, гэрч Б.Мөнхбат “...Ж.Б, Ж, И.Н гэрээ байгуулахад байгаагүй. Тэр машиныг олж хараагүй. И.Н гэх хүнийг ч хараагүй. 2019 оны 4 дүгээр сард Ж.Б ирээд надад туслаач нөгөө машин авсан хүмүүс хэл ам хийгээд байна. Ахдаа гэрчийн мэдүүлэг өгчих гээд Шархадны эцэст дээр байрлах зурагчин канон дээр очоод Ж.Б өөрөө хэлж бичүүлээд гарын үсэг зуруулаад авч явсан. И.Н гэдэг хүнийг нэг ч удаа харж байгаагүй. ...” /1хх 200/ гэж өмнөх мэдүүлгээ няцаажээ.

 

Иймд хэрэгт байгаа баримтуудаар, шүүгдэгч Ж.Б нь хохирогч Б.Бын эзэмших эрхийн гэрчилгээ нь М.Оын нэр дээр бүхий машиныг мэдсээр байж 7.000.000 төгрөгөөр худалдан авсан боловч үлдэх 3.000.000 төгрөгийг өгөлгүй, эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байж хохирогч И.Нод өөрийн эзэмшлийнх гэж итгүүлэн зарсан, энэ үйлдлийг хийхдээ иргэний эрх зүйн гэрээ хийгдээгүй бөгөөд  шүүхээс түүнийг  бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан гэм буруутай гэж үзэж хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ж.Б нь анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэх үед хохирогч Б.Бт 3.000.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч И.Нод 92-61 УНГ улсын дугаартай Ланд 80 загварын  автомашины эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгч хохиролгүй болгожээ.

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 257 дугаартай тогтоолоор хэргийг прокурорт буцаасан байх ба хавтаст хэрэгт бүрдсэн нотлох баримтыг бүхэлд нь хянахад хэргийн үйл баримт тогтоогдсон, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа шаардлагагүй, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул  шүүгдэгч Ж.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Харин Ж.Бын цагдан хоригдсон 37 хоног гэж буруу тооцож шийтгэх тогтоолд заасныг зөвтгөн  30 хоног болгон өөрчлөх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Бын үйлдсэн “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг залилсан” гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “гурав жилийн хөөн хэлэлцэх хугацаа” гэж зааснаар тоолно.

 

Мөн прокуророос 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Ж.Быг дээрх 2 үйлдэлд яллагдагчаар татсан байх тул Ж.Б холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэснээр 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл тоолно. Иймд түүний үйлдсэн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ж.Бын цагдан хоригдсон 37 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ж.Бын цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай. ...” гэж,

4 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Б оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний цагдан хоригдсон 37 хоногийг найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож шүүхээс оногдуулсан ялыг эдэлсэнд тооцсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Бын цагдан хоригдсон 30 хоногийн нэг хоногийг нь нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, шүүхээс оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                                     ДАРГАЛАГЧ,

                                        ШҮҮГЧ                                            Д.ОЧМАНДАХ

 

                                        ШҮҮГЧ                                            Б.БАТЗОРИГ

 

                                        ШҮҮГЧ                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ