2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1416

 

 

 

 

 

 

 

 

   2025          05          28                                    2025/ШЦТ/1416

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч З.Бат-Амгалан, 

шүүгдэгч *********, түүний өмгөөлөгч Б.Сарнай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* холбогдох эрүүгийн ********* тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **************************

урьд:

- ***************************

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ********* нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их наяд” худалдааны төвийн ********* байрлах “*********” нэртэй ресторанд хохирогч ********* тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, хамар, баруун сарвууны ядам хурууны зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч ********* мэдүүлэхдээ: “...********* багын найзууд. ********* түүний ихэр ********* нартай ********* дотуур байранд хамт амьдарч байсан. Бид хоёр бие биеийнхээ гэрт өссөн багын найзууд. Их сургуульд ороход нь тусалж байсан. 2024 оны 11-р сарын 09-ний өдөр ********* их хэмжээний согтолттой байсан. Би ********* тайвшруулах гэж оролдсон. Тамхины өрөө рүү оръё гээд явж байхад үүдэнд байсан хүмүүсийг түлхэн нэг өрөө рүү ороод дотроос нь хаалгаа түгжээд гаргахгүй над руу дайраад байсан. Зодолдохгүй гэж хичээж бэртэлттэй гэж олон удаа тайлбарлаж хэлсэн. Гэхдээ тухайн үед ********* нэг удаа цохисон нь үнэн. ********* тэнд зөвхөн надтай муудалцаагүй. Хүн хүн рүү дайрч муудалцаж байсан. Сүүлд уучлалт гуйгаад учраа олоод салсан. Хохирол төлбөрийг төлөх гэхэд дансаа өгдөггүй. Одоо хохирол төлбөрийг нь төлөхөд бэлэн байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Иргэн ********* Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт бичгээр гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

 

Хохирогч *********:

“...Тухайн өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 09-ний орой 17 цагийн үед Хан-уул дүүргийн 15-р  хороо “Их наяд” худалдааны төвийн ********* байрлах “*********” гэх гавьяат тамирчны найрт уригдсан. Тэгээд намайг ********* ширээнд зургаагаас долуулаа сууж байсан. Тэгээд найран дээр ********* тараад хамт суугаад ярилцаад сууж байснаа санаж байна. Бид хоёр хамт нойл орохоор ресторанаас гараад лифтний хажуугийн нойл ороод биеэ засчхаад ********* юм ярьж зогсож байтал ********* миний нүүр хэсэг рүү цохисон, би ухаан алдаж унасан. Тэгээд хэсэг хугацааны дараа би гэртээ сэрсэн. Би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Дунд зэргийн согтолтой байсан. Биеэ хянах чадвартай байсан. Маргалдсан зүйл байхгүй. 2006 оноос эхэлж таньдаг, дотно бол биш, таарахаараа мэндтэй устай явдаг танилууд. Манай ихэр *********, ********* ах нар хамт сууж байсан. *********ын холбоо барих дугаар *********, ********* *******. Согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. ********* нойлд байхад нүүр хэсэг рүү цохих үед би ухаан алдаж унасан. Гомдолтой байна. Хохирлоо барагдуулмаар. Хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна. Баруун шанаа хэсэг рүү, гараа атгаж байгаад нэг удаа цохисон, аль гараараа цохисныг сайн мэдэхгүй байна. Тэгээд би цохиулаад ухаан алдаж унасан. Тийм хоёулхнаа байсан. Мэдэхгүй байна. Ухаан алдаж унасан тэрнээс хойших зүйлсийг санахгүй байгаа. Би шүүх эмнэлэг дээр очиж амжихгүй байгаа учраас сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгох шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12, 13, 140-141 дүгээр талууд/,

 

Гэрч Н.Аюушийн:

“...Би 2024 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө 00 цаг үед “*********”-д менежер хийдэг өрөөндөө сууж байхад хүн ухаан алдчихлаа гээд зөөгч нар орж ирж хэлсэн. Тэгээд би тухайн асуудал болсон гэх гал тогооны өрөөнөөс ухаан алдсан гэх залууг үүрээд үүдний буйдан хэсэгт аваачиж хэвтүүлээд байж байтал тухайн залуу сэрээд тэр залууг аваад манай урлаг өрөө рүү оруулсан боловч тухайн залууг авч орсон хүмүүс хаалгаа дотроос нь түгжсэн дотор ороод түчигнээд байсан тул би урлаг өрөөний түлхүүр авчраад онгойлгоход ухаан алддаг залуу нэг хар хослолтой залуутай байхдаа түчигнэлдээд байсан. Тэгээд хаалгыг онгойлгох үед түрүүн цохиулсан гэх залуу гарч ирээд дотор үлдсэн нэг эрэгтэй байсан тэр маргалдсан ноцолдсон байдалтай байсан хар хослолтой залуугийн товч нь тайлагдсан хувцас нь ундуй сундуй болсон байсан. Тэгээд тухайн залууг найзууд нь аваад явсан. Тухайн үед би анзаарах сөхөөгүй байсан. Тухайн үед хохирогч гэх залууг найзууд нь тойроод байсан учир ойртоогүй. Гарч байгааг нь хараагүй. Намайг зөөгч дуудаад очих үед гараад явсан байсан. Тэгээд би зөөгч нараас энэ хүнийг хэн цохиод унагаасан гэхэд цохисон хүнийг би харсан гээд зөөгч байгаа аль зөөгчөө яаг сайн санахгүй байна надад цагаан цамцтай өндөр, уртавтар үстэй залуу байсан гээд бид нар заалаар хайсан боловч гараад явсан байсан. Тухайн өдрийн хүлээн авалт манай А зааланд болсон тухайн хохирогч гэх залуу цохисон гэх залуутай ороод, цохисон гэх цагаан цамцтай, уртавтар үстэй, өндөр залуу ганцаараа гарч ирж байгааг харсан хяналтын камерын бичлэгээ үзсэн. Яг тэр хоёр залуугийн орсон гэх гал тогооны өрөөнд хяналтын камер байхгүй. Тэр хохирогч залууг аваад манай урлаг өрөө рүү оруулсан боловч тухайн залууг авч орсон хар хослолтой залуу хаалгаа дотроос нь түгжсэн дотор ороод түчигнээд байсан тул би урлаг өрөөний түлхүүр авчраад онгойлгоход ухаан алддаг залуу нэг хар хослолтой залуутай байхдаа түчигнэлдээд байсан. Хохирогч гэх залуу ил харагдах шарах сорив юу ч байгаагүй. Урлаг ямар байдалтай байсан бэ? заалыг онгойлгох үед хохирогч залуу хар хослолтой залуу хоёр нэлээн дайрсан байдалтай нэлээн ширүүн зан авир гаргаж байсан. Яг миний хажууд нэг нэгнээ цохисон зүйл байгаагүй. Тэр өрөө рүү орж байгаа хэсгийн хяналтын камер нь байгаа боловч орж байгаа нь камерын тусгал байхгүй. Аан харин хохирогч залуу гарч байгаа болон хар хослолтой залуу гарч ирж байх үеийн хяналтын камерын бичлэг байгаа. Тухайн хохирогч гэх залуу цохиулснаасаа хойш нэлээн агсам согтуу авир араншин гаргаж байсан. Хүмүүс рүү үсчиж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Б.Ганзоригийн 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ********* дугаартай:

“...********* биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамар, баруун сарвууны ядам хурууны зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

 

Шинжээч Б.Ганзоригийн:

“...Тархины доргилт, хамар ясны хугарал нь аль аль нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарна, баруун гарын сарвууны ядам хуруунд зөөлөн эдийн няцрал нь дангаараа хохирлын зэрэгт тогтоогдохгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-42 дахь тал/,

 

Гэрч *********:

“...Тухайн зодуулсан залуу манай зааланд өөр бусад хүнтэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй хамт байсан хүмүүс нь аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 119-121 дэх тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ********* тоот албан бичиг /хавтаст хэргийн 130 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ********* нь хохирогч ********* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Сарнай “Миний үйлчлүүлэгч хохирогчийн түрүүлж хийсэн үйлдлийн улмаас эсрэг талд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байгаа. Түүний ар гэрийн тухайд 11 настай охин нь төрөлхийн зүрхний эмгэгтэй талаар баримт хавтаст хэрэгт авагдсан. Мөн эхнэрийн хамт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг боловч хүүхдийн эрүүл мэндийн байдалтай холбоотойгоор байнгын ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй хомс байдаг. Гэхдээ хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлөхөд асуудал байхгүй. Хохирогч руу хохирол төлбөрийг төлөхөөр удаа дараа залгахад утсаа авдаггүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчоос уучлалт гуйсан байгаа” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ********* нь:

2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их наяд” худалдааны төвийн ********* байрлах “*********” нэртэй ресторанд хохирогч ********* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, хамар, баруун сарвууны ядам хурууны зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

***************г болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон бөгөөд хохирогч ********* биед учирсан гэмтэл нь шүүгдэгч ********* үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой байна. Дээрх нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *********  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан. 

 

Харин хохирогч ********* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв. 

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.350.000 төгрөгөөр ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Улсын яллагчийн торгох ял оногдуулах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

 

 

Иймд шүүхээс шүүгдэгч ********* гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн, хор уршгийн шинж чанар, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүний хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ********* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ********* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* 1.350 /нэг мянга гурван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ********* хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан, эмчилгээ хийлгэсэн хохирол төлбөрт 394.450 төгрөгийг гаргуулж хохирогч ********* олгож, хохирогч нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ********* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ********* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ