Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2021/02754

 

021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2021/02754

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн .................... байрлах Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба төрийн байгууллага, албан газар /цаашид ТБАГ гэх, РД:......../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн .......... тоотод оршин суух Х овогт Т-гийн Б /РД:......./-д холбогдох,

бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээний үүрэгт 3.000.000

төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Б нь 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн .......... тоот гэрээгээр 5.000.000 төгрөгийн 1 ширхэг FT-250 маркын бага оврын тракторыг анжисийн хамт урьдчилгаа 20 хувь болох 1.000.000 төгрөг төлөн, үлдэгдэл 80 хувь болох 4.000.000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 26-ны дотор төлөхөөр гэрээ байгуулсан. Гэвч өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 2.000.000 төгрөг байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байгаа тул Иргэний хуулийн 232.4 дэх заалтыг баримтлан анз тооцоход .............. тоот гэрээнд 1.000.000 төгрөг болж байна. Иймд нийт 3.000.000 төгрөгийг гаргуулж Хөдөө аж ахуйг дэмжих санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Мөнхболд болон хариуцагч Т.Б нарт мэдэгдсэн боловчнэхэмжлэгчийн төлөөлөгч Э.М-оос өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хариуцагч Т.Б нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1,100.3-т зааснаар зохигчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь хариуцагч Т.Б-д холбогдуулан бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээний үүрэгт 3.000.000 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор байгуулагдсан байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ........... тоот тушаалаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 2019 оны жилийн эцсийн аудитын нэгтгэсэн санхүүгийн тайлангийн үлдэгдэл, тус тайланд нэгтгэгдсэн Японы Засгийн газрын төсөл хөтөлбөрийн хугацаа дууссан ..........., Бүгд найрамдах Хятад ард улсын хөнгөлөлттэй зээлийн БОТ-ын санхүүгийн тайлангийн үлдэгдлийг тус тус хааж хаалтын тайлан гарган, 1 дүгээр хавсралтын дагуу Хөдөө аж ахуйг дэмжих санд балансаас балансад шилжүүлжээ.

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд шилжин ирсэн дээрх Бүгд найрамдах Хятад ард улсын хөнгөлөлттэй зээлийн БОТ-ын санхүүгийн тайлангийн үлдэгдэлд Тариалангийн эрхлэлтийг дэмжин сангийн хариуцагч Т.Б-д 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр олгосон 5.000.000 төгрөгийн үнэ бүхий FT-250 маркийн бага оврын тракторын зээлээс төлөгдөөгүй 2.000.000 төгрөгийн авлага багтжээ.

Хариуцагч Т.Б нь Тариалан эрхлэлтийг дэмжих сантай 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээ байгуулж, ......... маркийн бага оврын тракторыг анжисын хамт 5.000.000 төгрөгөөр худалдан авч, урьдчилгаа төлбөрт 1.000.000 төгрөг төлж, үлдэгдэл 4.000.000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн жил бүр 1.000.000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ болон орлогын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Энэхүү гэрээг бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээ гэж нэрлэсэн ч талууд бараа, бүтээгдэхүүнийг зээлээр буюу борлуулалт хийгдсэний дараа төлөх нөхцөлтэйгээр байгуулсан нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн төлнө гэсэн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн шинжийг агуулж байгаа боловч гэрээний гол нөхцөлд хүү төлөхөөр тохиролцоогүй байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 5.000.000 төгрөгийн үнэ бүхий FT-250 маркийн бага оврын тракторыг анжисын хамт хариуцагч Т.Б-д 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн зөвшөөрлийн хуудсаар хүлээлгэн өгсөн байх тул эд хөрөнгийг хүлээн авсанд тооцно.

Гэвч хариуцагч Т.Б-ээс тракторыг худалдан авснаас хойш 2.000.000 төгрөгийг нэмж төлж, үлдэгдэл 2.000.000 төгрөгийн төлбөрийг 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дотор төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч Т.Б-ээс худалдах, худалдан авах гэрээний үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар хугацаанд нь, зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжин сангийн ажлын албанаас тракторын үлдэгдэл төлбөр 2.000.000 төгрөгийг бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээний 3.3-т зааснаар тооцсон алданги 1.000.000 төгрөгийн хамт нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх бөгөөд алдангийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хэтэрч болохгүй гэсэн заалтад нийцсэн байна.

Иймд хариуцагч Т.Б-ээс тракторын үлдэгдэл төлбөр 2.000.000 төгрөг, алданги 1.000.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд олгохоор шийдвэрлэв.

Нөгөөтэйгүүр хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаа ирүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул хариуцагчаас нэхэмжлэлийн үнийн дүнг хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 62.950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний эрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Б-ээс 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 62.950 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР