Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2022/02787

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .......  төв байранд байрлах, Г ХХК /РД:......./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ................ тоотод оршин суух, Х ургийн овогтой Б Д /РД:........./ ,

Хариуцагч: ........ тоотод оршин суух, Б ургийн овогтой Т Э  /РД:....../ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 29,175,583.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э,

Хариуцагч Б.Д ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т, С.Б,

Хариуцагч Т.Э ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Б.Д , Т.Э  нараас 29,175,583 төгрөг, Б.Д өөс 4,329,995 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Б.Д , Т.Э  нар нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Г-тай зээлийн гэрээ байгуулан 22,800,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай зээлсэн. Өнөөдөр хүртэл төлбөр төлөгдөөгүй, үндсэн төлбөр 20,023,213.62 төгрөг, үндсэн хүү 8,916,895.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 235,474.61 төгрөг, нийт 29,175,583.34 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн Б.Д өөс хоёр удаагийн картын зээлийн төлбөр 4,329,995.11 төгрөг, нийт 33,505,578.55 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч Г.Э  нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн гэрээн дээр хамтран зээлдэгчээр орсон учир төлнө гэж яриад байна. Би 40 настай хүн зүгээр нэг гүйж очоод тухайн зээлийн гэрээн дээр хайнга хандаж гарын үсэг зураагүй. Б.Д  гэж хүн энэ зээлийг авах гэж байгаа учраа хэлсэн учир би зурсан. Бид хоёрын хоорондох хэлцлээ би биелүүлчихсэн. Ийм учраас цалингийн зээл дээр төлж чадахгүй гэсэн байр суурьтай байна. Энэ асуудлыг дараа бид нар хоорондоо учраа олно, би өөрийнхөө буруугүй гэдгийг хэлмээр байна. Энэ хүмүүс буюу хамтран зээлдэгч намайг аваад хэрэглэсэн учраас чи бүгдийг нь төл гэсэн шаардлага тавиад байна. Би зүс таньдаг хүндээ өмнөөс нь зээл төлөхгүй, тухайн зээл зориулалттай байсан, би зориулалтынхаа үүргийг гүйцэтгэсэн учраас дараа нь энэ хүмүүсээс нэр төрөө цэвэрлүүлж, хэрэглээгүй мөнгөнийхөө асуудлыг шийдүүлэх байр суурьтай байна. Би хамтран зээлдэгч учир банкны өмнө үүрэг хүлээнэ, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

4.Хариуцагч Б.Д  нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Нөхрийнхөө авсан кредит картын зээлийг хүлээн зөвшөөрч байна. Хамтарч авсан зээлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээл өгсөн банкны өрийг өгөхийн төлөхийн тулд кредит картыг авсан гэж ойлгож байна. Б.Д ийн нэр дээр гаргасан кредит картын 4,329,995.11 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хугацаа хэтрүүлсэн хүү, эрх хэтрүүлсэн хүү, ямар журмаар нэхэмжлээд байгааг нь эрх зүйн мэдлэг дутуу учраас мэдэхгүй байна. Кредит картын үндсэн төлбөр, зээлийн хүүг хүлээн зөвшөөрч байна. Хамтран зээлсэн 29,175,583.34 төгрөгийн хувьд Б.Д  нь найздаа тусалж авсан цалингийн зээл. Өөрөө Ш  компанид ажилладаг байсан учраас хамтран хариуцагчийн ахад түлш авч өгч байсан. Энэ мөнгөнөөс нэг ч төгрөг хэрэглээгүй учир хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5.Нотлох баримт: Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэсийн тодорхойлолт /хх-ийн 5/, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн зээл болон барьцааны гэрээний хуулбар /хх-ийн 6/, зээл эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 7,8/, хүү тооцооллын хүснэгт /хх-ийн 9, 10/, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн кредит картын гэрээний хуулбар /хх-ийн 11-13/, кредит картын тооцооллын хүснэгт /хх-ийн 14-17/, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн кредит картын гэрээний хуулбар /хх-ийн 18-21/, кредит картын тооцооллын хүснэгт /хх-ийн 21-24/, Г ны гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 734 дугаар тушаал /хх-ийн 25/, Г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 26/, Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд асрах гэрээ /хх-ийн 43/, зээлийн дансны хуулга /хх-ийн 62-88/ нотлох баримтаар авагдсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч “Г” ХХК нь зээлийн гэрээний дагуу хариуцагч Б.Д , Т.Э  нараас 29,175,583 төгрөг, Б.Д өөс 4,329,995 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Хариуцагч Б.Д , Т.Э  нар 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр .......дугаар “Зээлийн гэрээ”-г бичгээр байгуулж, гэрээгээр 22,800,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар төлөхөөр, зээл, зэлийн хүүг хугацаандаа төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон. 22,800,000 төгрөгийг авсан. Гэвч 2019 оноос хойш гэрээний дагуу зээлээ төлөөгүй, төлөхийг шаардсан ч төлөөгүй. Иймд гэрээг цуцалж, хариуцагч нараас гэрээний дагуу зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү шаардаж байна. Хамтран зээлдэгч зээлээ хэрхэн зарцуулсан нь нэхэмжлэгчид хамаагүй.” гэж тайлбарласан.  

4.Хариуцагч Г.Э  нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй гэж тайлбарласан. 

5.Хариуцагч Б.Д ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын Б.Д өөс 4,329,995 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрч, Б.Д , Т.Э  нараас 29,175,583 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ “...2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ..... тоот зээлийн гэрээний дагуу нэхэмжилсэн 3,448,823.78 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ........ тоот зээлийн гэрээний дагуу нэхэмжилсэн 881,171.33 төгрөг нийт 4,329,995.11 төгрөгийг зөвшөөрч байна. Харин 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ЗГ3635123755 дугаар “Зээлийн гэрээ” гэрээг байгуулж авсан 22,800,000 төгрөгийг Т.Э  хэрэглэсэн учир зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан.  

 

6.Нэхэмжлэгч “Г” ХХК болон Б.Д , Т.Э  нар 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр .......... дугаар “Зээлийн гэрээ”-г бичгээр байгуулсан байх бөгөөд гэрээгээр 22,800,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар төлөхөөр, зээл, зэлийн хүүг хугацаандаа төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 6-7 дүгээр тал/

 

7.Зээлийн гэрээг талууд хүсэл зоригийн дагуу, хуульд заасан хэлбэрээр байгуулагдсан байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, хэлцэл хүчин төгөлдөр байна.

 

8.Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй”, 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

9.Зээлдэгч нар нь зээлийн гэрээ байгуулснаас хойш гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөөгүй гэрээний зөрчил 2019 оны 07 дугаар сараас хэлэн гаргасан, зээл төлөхийг шаардсан боловч төлөөгүй учир нэхэмжлэгч гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцалж, гэрээний үүргийг шаардсан байна.

 

10.Хариуцагч нар нь хүсэл зоригоо илэрхийлэн 22,800,000 төгрөгийн зээл авсан боловч зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүүг төлөх хуваарийг дээрх байдлаар зөрчсөн, цаашид төлөх боломжгүй, зээлийн үлдэгдэл төлбөр 20,023,213.62 төгрөг, зээлийн хүү 8,916,895.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 235,474.61 төгрөг нийт 29,175,583.34 төгрөг болсон талаар маргаагүй.

 

11.Нэхэмжлэгч нь хариуцагч нарын гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу гэрээг хугацаанаас өмнө цуцалж, мөн хуулийн дээрх зохицуулалтын дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

 

 

12.Хариуцагч Б.Д  нь зээлийг Т.Э  авч зарцуулсан гэх үндэслэлээр төлөхөөс татгалзсан. Хариуцагч Б.Д , Т.Э  нар нь нэхэмжлэгч “Г ” ХХК-ний өмнө зээлийн гэрээний үүргийг хамтран гүйцэтгэхээр зөвшөөрч гэрээ байгуулсан. Зээлдүүлэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нарт хуваарилаагүй бүхэлд нь шаардсан. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна. Иймээс хамтран зээлдэгч нарын хооронд үүсэн зээлийн зарцуулалттай холбоотой маргаан нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэхээс татгалзах үндэслэл болохгүй.

 

13.Хариуцагч Б.Д  нь нэхэмжлэгч “Г ” ХХК-иас 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ........... тоот зээлийн гэрээний дагуу нэхэмжилсэн 3,448,823.78 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ..... тоот зээлийн гэрээний дагуу нэхэмжилсэн 881,171.33 төгрөг нийт 4,329,995.11 төгрөгийг төлөхийг зөвшөөрч маргаагүйг дурдав.

 

14.Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б.Д , Т.Э  нараас 29,175,583.34 төгрөг, хариуцагч Б.Д өөс 4,329,995.11 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г ” ХХК-д олгох нь хуульд нийцнэ гэж шүүх дүгнэв.

 

15.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388,058 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д , Т.Э  нараас 303,828 төгрөг, хариуцагч Б.Д өөс 84,230 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.Д , Т.Э  нараас 29,175,583.34 төгрөг, хариуцагч Б.Д өөс 4,329,995.11 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г ” ХХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч “Г ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388,058 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д , Т.Э  нараас 303,828 төгрөг, хариуцагч Б.Д өөс 84,230 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АЗБАЯР