2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1538

 

 

 

 

 

 

 

 

   2025          06          10                                    2025/ШЦТ/1538

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мядаг,  

улсын яллагч Б.Энхбат, 

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ******* тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *************************,  

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр, Бичил хорооллын аркийн явган хүний гарц дээр иргэн ********* “Машин руу өшиглөлөө” гэх шалтгаанаар маргалдаж, хамар хэсэг рүү цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Иргэн ******* 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Цагдаагийн байгууллагад гаргасан “..Бусдад зодуулсан..” гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

 

Хохирогч *******:

“...Би өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 09 цагийн үед гэрээс хүүхдээ дагуулж гараад цэцэрлэгт нь хүргэж өгчхөөд дэлгүүр орохоор ******* руу явж байсан тэр үед Баянгол дүүргийн 12 дугаар хороо Бичлийн аркийн явган хүний гарц нь дээр зам гарч байх үед цаад талаас цэнхэр өнгийн ачилтын машин миний хажуугаар зам тавьж өгөхгүй гарах үед нь би хөлөөрөө машин руу нь нэг удаа өшиглөсөн тэгсэн машины жолоочийн эсрэг талаас 40 гаран насны ах бууж ирээд хэл амаар доромжлоод бид 2 муудалцаж эхлэх үед миний цамцны захаас боож байгаад баруун гараараа 1 удаа хамар хэсэг рүү цохиж намайг гэмтээсэн би зөрүүлж цохиогүй хамраа бариад зогсох үед тухайн ах буцаад машин руугаа суусан. Тэр үед манай эхнэр очоод тухайн ахын бие рүү нэг удаа цохиод “манай нөхрийг яасан гэж цохиж байгаа юм” гээд орилсон. Харин тэр үед би гүйж очоод тухайн ахын хөлөөс зуурч авах үед миний цээж рүү хөлөөрөө өшиглөсөн. Би цаашаа холдох үед машиныхаа хаалгыг хаагаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дэх тал/,

 

Гэрч ************* :

“...Тэр өглөө 09 цаг 20 минутын үед нөхөр ******* бид хоёр хүүхдээ цэцэрлэгт нь өгчхөөд Бичлийн аркаар гараад явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан чинь замаар явж байсан ачлагын машин нөхөр бид хоёрын яг урдуур дайрангаа алдаад гарсан тэгсэн чинь манай нөхөр “дайрлаа шүү дээ” гэж орилоод машиных нь дугуйны арын төмөр лүү өшиглөсөн тэгсэн чинь тэр машины жолооч зогсоод, жолоочийн хажууд сууж байсан хүн бууж ирээд манай нөхөртэй маргалдаад маргалдангуутаа хоорондоо заамдалцаад авсан тэгээд би дундуур нь орж салгах гэж оролдоод чадахгүй байсан чинь тэр залуу манай нөхрийн нүүр рүү гараараа нэг удаа цохичихсон тэгээд манай нөхрийн хамраас цус гараад эхэлсэн тэгсэн тэр залуу манай нөхрийг тавьчхаад машин руугаа суучихсан нөхөр бид тэр залуугийн хоёр араас нь очиж барьж хэсэг зууралдсан тэгээд тэр залуу машиныхаа хаалгыг хаагаад хөдлөөд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

 

Гэрч ************ :

“...2024 оны 12 дугаар сарын 19-ний өглөөний 10 цагийн үед ажлынхаа машинтай ******************* нутаг дэвсгэрт явж байхад үл залуу манай ажлын машиныг өшиглөхөөр нь зогсоод “яагаад машин өшиглөж байгаа юм” гэж асуухад хүрч ирээд дахиад машин өшиглөөд яасан ч яадаг юм гээд нэг согтуу залуу агсам тавиад байсан. Тэгэхээр нь манай хамт ажилдаг ах машинаас гарч ирээд яагаад байгаа юм гээд нөгөө залуутай маргалдаад бие биеэ заамдаж байхад тэнд байсан хүмүүс боль гээд салаад явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

 

Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн ******* дугаартай шинжээчийн:

 “...******* биед хамар ясны зөрөөтэй хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

 

Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн:

“..Би 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Бичил хороололд түр зуурын түргэн уураасаа болоод хүнтэй маргалдаж, хүний нүүр лүү нэг удаа цохиж, гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна..” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ******* нь:

2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр, Бичил хорооллын аркийн явган хүний гарц дээр иргэн *******той “Машин руу өшиглөлөө” гэх шалтгаанаар маргалдаж, хамар хэсэг рүү цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч *******, гэрч *********’ *********** нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн ******* дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан. 

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.   

 

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүхээс шүүгдэгч *******ын ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулав.

 

Шүүгдэгч *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ