| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/0049/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/52 |
| Огноо | 2025-05-28 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., 11.7.1.2., |
| Улсын яллагч | Т.Солонго |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/52
2025 05 28 2025/ШЦТ/52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,
Улсын яллагч *,
Хохирогч *,
Шүүгдэгч *,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *д холбогдох эрүүгийн *дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19* оны *дугаар сарын * -ний өдөр * аймгийн * суманд төрсөн, * настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, * мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг ажилтай ам бүл * хамт амьдардаг. * аймгийн * сумын * баг * тоотод оршин суух хаягтай * /РД: */
ТОДОРХОЙЛОХ нь:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч * нь *тоотод 2024 оны 06 дугаар сарын 16-нд, 2024 оны 07 дугаар сарын 10-нд, 2024 оны 09 дүгээр сарын 05-нд, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нийт 5 удаагийн үйлдлээр согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч *ийг байнга зодож, харгис хэрцгий, догшин авирлан, тарчлаасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн бодитой шинжлэн судлав.
Гэм буруугийн талаар:
-Шүүгдэгч * нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 4 дүгээр баг Дөмбөн хорооллын 19-19-17 тоотод 2024 оны 06 дугаар сарын 16-ны шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч *ийг зодож, хэл амаар доромжилж, бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн,
-2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *ийг хэл амаар доромжилж, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн,
-2024 оны 09 дүгээр сарын 05-нын өдөр гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *ийг янхан, гичий, банзал гэх мэтээр хэл амаар доромжилсон, үснээс нь зулгааж зодсон,
2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Шим худалдааны төвийн гадаа хамтран амьдрагч *ийг хэл амаар доромжилж “Боов хөхдөг гичий, янхан” гэх орилж хашгиран гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
-2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *ийг “хөгшин өвгөчүүдтэй унтаж хэвтдэг, янхан гичий” гэх мэтээр хэл амаар доромжилсон, нийт 5 удаагийн үйлдлээр согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч *ийг байнга зодож, харгис хэрцгий, догшин авирласан, тарчлаасан гэх үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *ы өгсөн: “...Бид хоёр бол ер нь хардалт сэрдэлтийн асуудлаас болж маргалддаг. Ер нь бол би өөрийгөө зөвтгөөд байх юм байхгүй. Жоохон архи уучихдаг. Өмнө нь манай хүн бол ажил хийдэггүй би ганцаараа ажил хийдэг байсан. Ажилд орсноос хойш үр хүүхэд, гэртээ анхаарал халамж тавих нь багассан. Миний хувьд архи дарс хэрэглэдэг. Хардаж сэрдэх асуудал гарсан. Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүгч, прокурорын өмнө уучлалт гуйж байна. Сүүлд би эхнэрийн утсан дээр мессеж харсан, өөр хүнтэй хардаж сэрдэх асуудал маань бүр ихэссэн. Айлын эр нөхөр хоёр хүүхдийн эцэг хүн бас гуньж гутраад ч юм уу эхнэртэй бас жоохон бачуураад эр хүн болохоор бас тэр болгон хүнд очоод би ингээд байна тэгээд байна, манай эхнэр ингэж байна тэгж байна хүнтэй харьцаад, уулзаад байна гээд л хүн болгонд хэлээд байлтай нь биш дотроо жоохон нервтээд л тэрийгээ жоохон юм уучихаараа гадагшлуулаад, эхнэрийгээ бас гомдоочихдог ийм талтай. Миний зүгээс хэлж ярих юм ийм л байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг,
Хохирогч *ийн өгсөн: “...Чи яагаад ингээд архи уугаад байдаг юм бэ гэсэн чинь намайг шууд хэл амаар доромжлоод тэнд нэг хүн өнгөрсөн байсан тэрний хэрэгт чи холбоотой чи тэрний нөхөртэй нь явдаг болохоор авгай нь өөрийнхөө амийг хорлочихлоо гэж хэлээд үснээс нь зулгаагаад, өшиглөсөн. Тэгээд би чамд юу ч хэлэхгүй чи гараад явчих аа гэсэн чинь эргэж орж ирээд намайг өшиглөөд тэгээд би цагдаа дуудсан. Өмнө манай том охин төрсний дараа архи ууж агсам согтуу тавиад, намайг зодож миний эгмийг хугалсан. Намайг эмнэлэгт байхад нэг ч удаа эргэж ирээгүй. Хагалгаанд ороод гарч ирэхэд манай эгч л байсан. Би *ыг бас хүрээд ирэх юм болов уу ганц удаа над руу ярьчих юм болов уу гэсэн огт яриагүй. Тэрнээс хойш л байнгын архи дарсны хэрүүл маргаан гардаг байсан. Гэрт байгаа өнгөтэй өөдтэй, хоолны мах шөл, хүүхдийн утсыг хүртэл архинаас өгч уудаг. Ах дүү нарт нь хэлэхээр *ы зөв, чиний буруу, өнчин өрөөсөн янхан гичий гээд хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг. Хэдхэн хоногийг өмнө ах дүү нар нь *ыг шоронд хийчихсэн тэрэнтэй уулзаж яадаг юм гээд яриад явж байсан. Хот руу хүртэл эмчилгээ хийлгэх гэж ах дүү нартай нь цуг явсан. Эмчилгээ хийлгэсэн нэмэр болоогүй. Гэрт олигтой эд хогшил юу ч байхгүй болсон. Өөрийнх нь төрсөн өдрөөр хэвтэж байсан чинь эмэгтэй хүн залгахаар нь чи аваад ярьчих аа би ерөөсөө чамд юм хэлэхгүй гэсэн чинь охиноо шууд загнаад муу үхэж байсан хар шээс чинь дандаа ингэж хэрүүл гаргадаг байхгүй юу гэж хэрүүл болсон. Тэр хэрүүлээс хойш гэртээ ирээгүй. Хүүхдүүд хүртэл аав байхгүй гоё байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
1. 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хохирогч *ийн өгсөн: “...Өчигдөр бол надад гар хүрээгүй. Гэхдээ намайг хүсээгүй байхад элдэв бус үгээр доромжилж, гудманд хүмүүсийн дэргэд агсам тавьж, сэтгэл санааны хохиролд оруулсан. Гэхдээ 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр жолооны шалгалт өгж байтал архи уучихсан ирсэн. Тэгээд би чи энд тэнд ууж байхаар гэртээ хариад унтчих гээд 200 гр архи авч өгөөд гэртээ хамт ирсэн. Гэтэл нөгөө архиа уучихаад гарна гээд хэрэлдээд байсан. Би аргалж унтуулах гэсэн чинь намайг нэг удаа үсдээд би гарна гараад явсан. Тухайн үед гараад явчихаар нь цагдаад хандаагүй. Маргааш нь буюу 12 сарын 21-ний орой манай байгууллагын шинэ жил Ану бааранд болсон юм. Орой 23 цагийн үед зааланд би бүжиглэж байтал намайг нэг хүн араас өшиглөхөөр нь эргээд хартал * байсан. Тэгээд манайхан хамт олныг минь хүндэлсэнгүй гээд *ыг аваад гарсан. Тэрнээс хойш *тай таараагүй байж байгаад өчигдөр таарсан. Гэхдээ гадаа амбаарт байсан махнаас хулгай хийгээд авч яваад архинаас өгч уусан байх. Хэд хэд согтуу ирхээр нь би оруулаагүй юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/
2. 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч *ийн өгсөн: “...2024 онь 12 дугаар сарын 20-ны өдөр Би цагдаа дээр жолооны шалгалт өгчихөөд байж байхад нөхөр * охинтой хамт ирсэн Ирээд хамтдаа хүүгээ авах гээд цэцэрлэг руу явж байхад архи унэргээд байхаар нь би чи яагаад архи уучихваа гэсэн чинь хүн тағралдаад 100 татчих гэсэн юм гэхээр нь би чимээгүй болоод хүүгээ авах цэцэрлэг дээр очоод хүүгээ авчихаад харья гэсэн чинь харихгүй гэж байснаа намайг чи түлхүүрээ аваад харь гээд тэгээд бид 2 маргалдаад салаад явсан. Тэгээд удалгүй үйлчилгээний төвийн урд таарсан чинь намайг 100 грамм архи аваад өгчих гэхээр нь би авч өгөөд гэртээ орсон чинь ахиад маргалдаад байхаар нь чи гараад явчих гэсэн чинь гарч яваад тэр өдрөө ирж хоноогүй. Дараа нь 12 дугаар сарын 21-ний өдөр манай байгууллагын шинэ жил Ану бааранд болсон юм. Тэр үеэр орж ирээд намайг араас өшиглөөд манай ажлын хүмүүстэй хэрэлдээд ажлынхан гадаа гаргасан. Мөн 12 дугаар сарын 24-ний өдөр хүүхэд маань халуураад байхаар нь охиноо эмнэлэг авч явах гээд таксинд суух гэтэл гадаа хүрээд ирсэн. Тэгэхээр нь би охиноо үзүүлчихээд иртэл * гэр лүү ороод охины утсыг авчихсан байсан. Маргааш нь үйлчилгээний төвийн урд тааралдаад би охиныхоо утсыг авчихая холбоо барихад амар байдаг юм гэхэд үгүй гэснээ намайг гудмаар нэг янхан, боов хөхдөг янхан гээд хараагаад байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/
3. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/
4. Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/
5. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 15-16-р хуудас/,
6. Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах /хавтаст хэргийн 17-20-р хуудас
7. 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” * дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 43-46-р хуудас/,
8. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ЦХШЗ/08 дугаартай *д “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамж /хавтаст хэргийн 62-64-р хуудас,
9. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ЗШ/170 дугаартай шийтгэврийн хуулбар/хавтаст хэргийн 87-89-р хуудас/,
10. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ЗШ/114 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 94-96-р хуудас/,
11. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ЗШ/367 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 97-99-р хуудас/,
12. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ЗШ/148 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 100-102-р хуудас/,
13. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ЗШ/54 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 94-96-р хуудас/,
14. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ЗШ/393 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 118-120-р хуудас/,
15. Согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол, согтуурал хэмжсэн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 10-13-р хуудас/,
16. 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр *ы холбогдогчоор өгсөн мэдүүлэг авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8-9-р хуудас/,
17. 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр яллагдагч *аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 47, 50-51-р хуудас/,
18. Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 72-74-р хуудас/
19. Хувийн байдлыг тогтоосон баримтууд /Иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, /хавтаст хэргийн 108-116-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан байдал тогтоогдоогүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч * 2024 оны 06 сараас 2025 оны 01 дүгээр сарын хооронд 5 удаагийн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч *ийн бие эрх чөлөөнд нь халдаж, зодох, үснээс нь зулгаах, гэртээ болон гадаа гудамжинд зүй зохисгүй үгээр хэлж доромжилж, сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийлэл үйлдсэн байх ба үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлдэг бөгөөд шүүгдэгч нь хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргаагүй.
Шүүгдэгч * нь хохирогч *тэй хууль ёсны гэр бүл биш боловч хамтран амьдраад дундаасаа 6-4 насны хоёр хүүхэдтэй хамтран амьдрагч болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгээр тогтоогддог.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг хэлэх ба шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай 5.1.1-т "гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг,
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ, 6.3-т Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл гэнэ… гэж хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч * нь дээрх үйлдлийн аргаар гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох *ийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Хохирогчтой харгис хэрцгий хандсан, догшин авирласан, тарчлаасан гэх үйлдэл нь бие махбодид халдаж зодохоос гадна хохирогчийн үснээс зулгааж чирэх, ална гэж сүрдүүлж хутга мэс хэрэглэхээр завдах, байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх, хардаж, хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэх, сэтгэл санааны шаналал зовуурь үүсгэх зэргээр илэрдэг байна. Шүүгдэгч нь удаа дараагийн буюу 5 удаагийн үйлдлээр бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлджээ.
Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гэмт үйлдэл нь хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирогч * нь мөрдөн байцаалтад “... Миний бие * өөрийн нөхөр *д гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй уучлалт гуйсан. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй... гэх хүсэлтийг гаргасан. /хх-ийн 122-р хуудас/
Иймд шүүгдэгч *ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч *: “...Гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч *ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага бол хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал бол тогтоогдохгүй байна. Мөн 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч *ы үйлдсэн гэмт хэргийн шинж, мөн түүний хувийн байдал. нийгмийн аюулын хэр хэмжээ үйлдлийн арга зэргийг харгалзаад түүнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 болон 1.2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Цагдан хоригдсон хоног буюу 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс цагдан хоригдсон 33 хоногийг хорих ялд оруулан тооцох гэсэн санал дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь нийт 33 хоног цагдан хоригдсон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй болно. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйл байхгүй болно...” гэх санал, дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч * нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Би банкны өндөр зээлтэй тэрийгээ гараад төлөх болохоор зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү... гэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино... гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч * нь 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 33 хоног цагдан хоригдсон байх ба энэ хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хуурагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1-2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1-2-т зааснаар шүүгдэгч *д 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 33 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хуурагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН