МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
нарийн бичгийн дарга А.Анужин,
улсын яллагч М.Сэлэнгэ /томилолтоор/,
шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэмбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2507000000103 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймаг, ******* суманд төрсөн, *******тай, *******, ******* боловсролтой, мэргэжилтэй, ажилтай, , , хамт од оршин суух,
урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
******* овогт *******ын ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 21 цагийн үед нд байрлах йн хашааны гадна автобусан дотор Э.аас “чимээгүй бай л даа утсаар ярьж байна” гэж хэлэхэд “чи яадаг болчихсон юм бэ” гэж хувийн таарамжгүй харилцаа үүсгэн нүүрэн тус газар нь 2-3 удаа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 21 цагийн үед нд байрлах йн хашааны гадна автобусан дотор Э.аас “чимээгүй бай л даа утсаар ярьж байна” гэж хэлэхэд “чи яадаг болчихсон юм бэ” гэж хувийн таарамжгүй харилцаа үүсгэн нүүрэн тус газар нь 2-3 удаа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Э.ын Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол (хавтаст хэргийн 9-12 дахь тал),
- Хохирогч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Налайх дүүрэг хорооны нутаг дэвсгэрт байдаг д замын ротын материал чанарын инженер ажилтай. Манай ажлынхан 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ангийн автобустай Налайхаас хойшоо гэдэг амралтын газар өдрөөр амраад орой 20 цагийн орчим буцсан. Тэгэхэд амралтад байхдаа бид нар архи уусан бөгөөд манай ажлын ******* нэлээн согтчихсон байсан. Тэгээд буцахдаа бөөндөө автобусандаа суугаад явсан бөгөөд автобусан дотор ******* нэлээн согтуу хүмүүстэй маргаад яваад байсан. Тэгээд автобус ангийн хашаа руу орох гээд төв зам дээр зогсож байхад 20 цаг 20 минутын орчим миний утас дуугараад залгаад би ярих гэтэл ******* гэдэг залуутай зодолдоод, чанга чанга дуугараад байхаар нь би түүнд хандаж “чимээгүй бай суу” гээд хэлчихсэн юм. Тэгтэл ******* “чи яадаг болчихсон юм бэ” гээд над руу хүрч ирээд миний зүүн нүд рүү баруун гараа атгаж байгаад нэг удаа цохисон, тэгээд 3 секундийн дараа дахиж гараараа миний хамар луу цохиод авсан. Би гар утсаараа нүүрээ харахад нүд тагларчихсан, хамар мурийчихсан байсан. Тэгээд би босоод очиход тэр дахиж миний хамар луу алгадаад миний хамраас цус гоожсон. ...Би түүнийг цохиогүй харин ******* автобусанд суухаасаа өмнө хүмүүстэй муудалцаад суусан хойноо хүн болгон руу агсраад зодолдоод байсан. ...Миний зүүн нүд тагларч хамар далийсан байсан. ...Би маргааш нь жижүүртэй байсан учир өдөр 15 цагаас хойш архи, согтууруулах ундаа хэрэглээгүй, харин ******* их архи уусан бараг тасарчихсан байсан. Маргааш нь түүнээс чи намайг цохисноо санаж байна уу гэхэд тэр юу ч санахгүй байна гэж байсан. ...Хамт ажилладаг хүмүүс учраа олох байлгүй дээ гэж бодсон чинь тэр надтай уулзахгүй намайг зодсоноо хүлээн зөвшөөрөхгүй, санахгүй байна гээд байсан. Тухайн асуудал болох үед хажууд огт архи уугаагүй хугацаат цэргийн алба хаагчид байсан тэд нар намайг ямар ч гэм буруугүй гэдгийг мэдэж байгаа. ...Манай ажлынхан ихэнх нь архи хэтрүүлэн хэрэглэсэн байсан, харин хугацаат цэргийн 6 алба хаагч огт архи уугаагүй хамт байсан, тэд нар бүгдээрээ харсан. Тэд 2024 оны 10 дугаар сард халагдсан. ...Тухайн үед би автобусанд суухдаа цүнхтэй суусан боловч зодуулсны дараа цусаа угаах гээд буусан хойно автобус хөдлөөд явчихсан байсан. Дараа нь дэслэгч гэдэг залуу миний түрийвчтэй мөнгө, бичиг баримт, цамц, хүүхдийн цүнхийг суудал дороос олсон гээд өгсөн. Энэ тал дээр бол надад гомдол санал байхгүй. ...Миний эрүүл мэндийн талаас хамар үе үе бөглөрөөд тагларчхаад байгаа, тухайн үедээ нүд тагларчихсан байсан боловч одоо зүгээр байна. Эмчилгээний зардал хамраа тэгшлүүлэх хүсэлтэй байна яг хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар тооцоо гаргаагүй болохоор одоо хэлж мэдэхгүй байна. Харин сэтгэцийн хохирол би нэхэмжлэхгүй, миний сэтгэцэд ямар нэгэн гэмтэл учраагүй учраас би сэтгэцийн хохирол нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал),
- Хохирогч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Одоо хөндүүр нь гайгүй болсон боловч хамар битүүрэх нь хэвэндээ ороогүй, одоог хүртэл зовуурьтай байна. ...Налайх дүүргийн “” эмнэлэгт хамраа үзүүлэхэд 30,000 төгрөг, эмнэлэгт рентген зураг авхуулахад 40,000 төгрөг болсон. Мөн зодуулсныхаа дараа эм авч уусан, цэргийн төв эмнэлэгт үзүүлсэн, наашаа цаашаа явах бензин тос гээд зардал их гарсан, хохирлын тооцоогоо хамрын хагалгаа хийдэг хотод байдаг нэрийг нь мартсан байна хувийн эмнэлэгт сайн үзүүлж байж эмчилгээний зардал гэм буруутай хүнээс нэхэмжилнэ гэж бодож байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал),
- Гэрч Т.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэр өдөр ангийн ой болоод бид нар ажлын газрынхантайгаа бөөндөө автобустай зугаалгаар яваад өдөртөө буюу орой 20 цаг өнгөрч байхад ирсэн. Миний хувьд автобусанд суугаагүй ...хувийн машинтайгаа ирээд 20 цаг өнгөрч байхад автобус ирэхээс өмнө түрүүлээд ангийн хашааны үүдэнд ирсэн. ...Тэр хоёр автобусанд суусан байх амралтын газар таарснаас өөрөөр таараагүй. ...Амралтын газар , ******* хоёртой тааралдахад ямар нэгэн хэрүүл маргаан, зодоон болоогүй. ...Маргааш өглөө нь ажил дээр ирэхэд манай ангиар өчигдөр орой ангийн хашааны гадна , ******* нар маргалдсан гэж яригдаж байсан. Өөрөөр зодолдсон гэж сонсогдоогүй. ...Харин сүүлд тай 7 хоногийн дараа байх тааралдахад хар нүдний шил зүүсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал),
- Гэрч П.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Автобусны жолоочоос бусад нь ерөнхийдөө согтуу байсан. ...Тэр талаар би мэдэхгүй байна, маргааш нь байх ажил эхэлсэн өдөр манай ажлынхан , ******* нарыг ангийн хашааны үүдэн дээр шалган дээр зодолдсон гэж байсан хэнд нь ямар гэмтэл учирсан талаар бол сонсоогүй. Тэр өдөртөө тай таарахад хар нүдний шил зүүчихсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-53 дахь тал),
- Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Сүүлд нь сонсоход юунаас болсныг мэдэхгүй өөрөө хэлэхдээ ******* намайг цохисон байна гэж хэлж байсан. ...Аль нүд нь гэдгийг санахгүй байна нэг нүд болон хамар нь бага зэрэг хавдсан байсан тухайн үедээ нүд нь хөхрөөгүй хавдсан байсан бөгөөд маргааш өглөө нь хөхрөөд хар нүдний шил зүүчихсэн байсан. Хамар нь бага зэрэг хавдартай байсан бөгөөд мурийж далийсан юм байгаагүй. ...Тэр талаар би сайн мэдэхгүй байна тухайн үед өөрөө их согтолттой байсан бөгөөд сүүлд ажил эхэлсэн өдөр 2 хоногийн дараа байх өөрөө ******* намайг цохисон байна гэж ярьж байсан. ...Миний хувьд архи уугаагүй эрүүл байсан. Бусад нь бүгд уусан их согтолттой байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-58 дэх тал),
- Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Бид амралтын газар үйл ажиллагаа 20 цагийн орчим дуусаад манай ангийн захирагч хүмүүсээ тараа гэсэн үүргийн дагуу бид албан ёсоор үйл ажиллагааг дуусгаж, алба хаагчдаа тараасан. Тэгэхдээ хувийн машингүй архи, согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүсээ автобусандаа суулгаад явуулсан бөгөөд жолоочид Налайх дүүрэгт амьдардаг алба хаагчдаа ангийн шалганы гадаа зам дагуу байдаг автобусны буудал дээр буулгаад цаашаа хот руу яваарай гэдэг үүрэг чиглэл өгөөд явуулсан юм. Тэгээд маргааш өглөө нь намайг ажил дээрээ очиход удирдлагын бүрэлдэхүүн байсан бөгөөд ангийн жижүүрээс урд орой ыг ******* зодсон байна гэж ын анги руу ярьсан байна гэдгийг сонсоод энэ талаар тодруулахаар , ******* нартай холбогдох гэхэд утас нь болохгүй байсан юм. ...Ажил эхэлдэг өдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 26-ны даваа гаригт тай таарахад нэг нүд нь хөхрөөд цус гүйчихсэн юм шиг болчихсон болохоор нь зодоон хийсэн юм уу гэж асуухад тэр харин тиймээ гээд цаашаа яваад өгсөн. Харин *******ийн биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-67 дахь тал),
- Гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэр өдөр манай цэргийн ангийн ажилтнууд зугаалгаар яваад оройдоо 20 цагийн орчим анги руугаа буцсан. Би ангийн “Юудонг” маркийн улсын дугаартай автобусандаа алба хаагчдыг суулгаад явж байх замд хойно зорчигчийн суудалд чанга чанга яриад орилолдоод байхаар нь би хойшоо толиндоо харахад хэн нь мэдэгдэхгүй алба хаагчид хоорондоо муудалцаад орилолдоод байхаар нь би дуугүй явцгаа ууж идчихээд хоорондоо муудалцаад байгаа юм уу гэхэд тэд муудалцахаа болиод ангийн хашаанд ирсэн юм. Тухайн үед би болон хугацаат цэргийн 6 алба хаагчаас бусад нь бүгд их согтолттой байсан. ...Орилолдоод чарлалдаад чи яагаад том дуугараад байгаа юм бэ гэх мэтээр муудалцаад байсан тухайн үед харанхуй болж байсан учир толиндоо харахад хэн хэн нь хоорондоо муудалцаад байгаа нь харагдаагүй. ...Шороон замаас засмал руу орж ирээд ангийн хашааны гадна шалганы зогсоол хүрэх хооронд болсон. ...2-3 хоногийн дараа байх ажил эхлэхэд ыг л зодоон хийсэн гэж сураг сонсогдсон бөгөөд би тай таараагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дахь тал),
- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээ хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 440 дугаартай “Э.ын биед хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 72-73 дахь тал),
- Шинжээч эмч Р.Ням-Осорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн үед Э.ын биед үзлэг хийхэд хамрын нуруу нь 2x0.8 хэмжээтэй хөхөлбөр өнгийн цус хуралттай байсан. 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хамрын таславч тэгшлэх, гадна хамрын хэлбэр засах мэс засалд орсон гэсэн. 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр болон 03-ны өдрийн рентген зурагт хамрын таславч мурийсан, хамрын агааржилт буурсан гэх зэрэг хариуг үндэслэн Э.ын биед хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралтын гэмтэл тогтоогдлоо гэж үзсэн. Тухайн гэмтэл нь 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр үүссэн байх боломжтой. ...Хамрын таславч тэгшлэх хагалгаанд орсон байгаа юм. Хамрын хэлбэр болон таславч тэгшлэх мэс засалд орсноос үүссэн гэмтэл биш болно. ...Зодуулснаас үүссэн байх боломжтой. ...Хатуу мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсэх боломжтой гэмтлүүд байна. Тус тусдаа болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81-82 дахь тал),
- Шүүгдэгч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би прокурорын тогтоолтой уншиж танилцлаа. Энэ тогтоолыг би хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр манай цэргийн ангийн ойг тэмдэглээд хойшоо гэдэг амралтын газар ажлаараа автобустай яваад тэмцээн уралдаан зохион байгуулаад архи уусан юм. Тэгээд орой харуй бүрий болж байхад тараад автобусандаа суугаад цэргийн анги руугаа явж байхад замд хойд суудалд суучихсан “тэйгээ утсаар ярьж байна, чи чимээгүй бай” гээд над руу орилж босож ирээд миний уруул хэсэгт гараараа нэг удаа цохиод авахаар нь би зөрүүлээд 1-2 удаа нүүр лүү цохисон. Тэгэхэд автобусны жолооч зүгээр суу гэхэд нь бид 2 салаад суудалдаа сууцгаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89-90 дэх тал) болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Г.******* нь ******* боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Г.*******ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Э.ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Шүүгдэгч Г.*******ийн үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автобусан дотор хүмүүсийг хэл амаар доромжлон, хэрүүл маргаан үүсгэхээр өдөж улмаар хохирогч Э.ыг “чимээгүй бай л даа утсаар ярьж байна” гэж хэлэхэд нь таарамжгүй харилцаа үүсгэн нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж, биед нь хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.ын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардалд 70,000 төгрөгийг нэхэмжилсэн байх ба шүүгдэгч Г.******* хохирогчид хохирол төлбөрт 100,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.*******ийг хохирогчид төлөх төлбөргүйд тооцов.
Мөн уг гэмт хэргийн улмаас хохирогч Э. нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эрүүл мэндийн даатгалын сангаас 50,000 төгрөгийг зарцуулсан байх бөгөөд шүүгдэгч Г.******* нь уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан тул түүнийг Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзэв.
Түүнчлэн хохирогч Э.ын биед хамрын таславчийн мурийлт гэмтэл учирсан бөгөөд хамар тэгшлүүлэх хагалгаа хийлгэх талаар мэдүүлсэн байх тул цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.*******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт гаргасан ба уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч тайлбар гаргаагүй болно.
Шүүгдэгч Г.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгч Г.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтуурсан үедээ хэрүүл маргаан үүсгэж согтуурч бусдын биед халдсан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, нэхэмжилсэн хохирлыг төлсөн), хувийн байдал (гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай) зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37. зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийг 650 (зургаан зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т оногдуулсан 650 (зургаан зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 (зургаан зуун тавин мянга) төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
- Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э. нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ