Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/337

 

 

 

 

  2021             4              1                                          2021/ДШМ/337

                                               

 

Б.Ц-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Өнөрбаяр,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Х.Ням-Эрдэнийн бичсэн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 7 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.Ц-т холбогдох эрүүгийн 2006000003014 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Чонос овгийн Батсайханы Ц-, 20...... оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .............. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа гар утас засдаг гэх, ам бүл ............ хамт Сонгинохайрхан дүүргийн................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......................./;

            Б.Ц- нь 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын автобусны буудал дээр Г.А-гийн эзэмшлийн “Samsung S8” маркийн гар утасны дэлгэцийг засаж өгнө гэж, мөн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 6-2 тоот гэртээ байхад “Хаан банк”-ны 5100400124 тоот данснаас 60.000 төгрөг зэргийг хууран авч, 172.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Ц-ыг бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ц-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Ц- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүгдэгч Б.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Прокурор Х.Ням-Эрдэнэ бичсэн эсэргүүцэлдээ: “... Шүүхийн шийдвэртэй танилцахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтлана” гэсэн заалт, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.4  дүгээр зүйлийн 2, 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар шийдвэр гаргана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн, хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Учир нь, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч Б.Ц-т ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэмт этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо” гэж дүгнэсэн байх бөгөөд прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар ямар санал гаргасан, шүүх прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг бичихдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг удирдлага болгоогүй байх ба шүүх тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Дээрхи үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй ба шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

            Прокурор Н.Өнөрбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байдлууд нь шийтгэх тогтоолд тусгагдаагүй. Энэ нь хуульд заасан шаардлагад нийцээгүй. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааы үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Б.Ц- нь 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын автобусны буудал дээр хохирогч Г.А-гийн эзэмшлийн 112.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг эс-8 маркын гар утасны дэлгэцийг засч өгнө гэж биетээр нь авч, мөн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 6-2 тоот гэртээ байхад нь Хаан банкны данснаас 60.000 төгрөгийг засварын сэлбэг авах хэрэгтэй байна гэж хуурч, нийт 172.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Г.А-гийн “...би өөрийн гар утасны дэлгэцийг янзлуулахаар фэйсбүүкийн гар утас засвар гэсэн групп руу ороод Самсунг Эс-8 гар утасны дэлгэц байна уу гэсэн зарыг байршуулсан. 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 20 цагийн үед Б.Цогтооо гэсэн хаягнаас миний зарын доор чат бичээрэй гэсэн байсан. Тэгээд би хэдэн төгрөгөөр янзалж өгөх талаар асуухад 180.000 төгрөгөөр янзална гэсэн. Тэгээд би маргааш нь Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын хойд талын автобусны буудал дээр уулзаад гар утасныхаа дэлгэцийг янзлуулахаар өгсөн. Б.Цогтоо миний гар утсыг аваад ажлынхаа хажуугаар зав чөлөөтэй байхдаа янзлаад орой гэрт чинь хүргэж өгнө гэсэн. Тэгээд би орой гэртээ хариад байж байхад Б.Цогтоо утсаар урьдчилгаа 60.000 төгрөгийг миний данс руу шилжүүлчих, цавуу, таг авах гэсэн юм гэсэн байхаар нь би өөрийн данснаасаа шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх 22/,

Б.Ц-ын яллагдагчаар өгсөн “...Фэйсбүүк дээр Самсунг эс-8 гар утасны дэлгэцийг янзлуулна гэсэн зар байхаар нь би доор нь утсаа тавьсан. Тэгээд нэг эмэгтэй залгаад янзлуулъя гээд 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 10 дугаар хороололд надад утсаа өгсөн. Би эхлээд мөнгө аваагүй, тэр өдрөө дэлгэцний цавуу жижиг сажиг юм авна гэж 60.000 төгрөг шилжүүлчих гээд авсан. Тэгээд нөгөө гар утсыг янзлах гэсэн чинь би хүнээс авч байгаа дэлгэц нь болохгүй байсан ба би тэр эмэгтэйд өнөөдөр засагдахгүй байна. Дэлгэц олдохгүй байхаар нь 12 дугаар сарын 1-ний өдөр хөл хорио тавигдана гэж бодоод нөгөө эмэгтэйгийн дугаарыг блоклочихсон” гэсэн мэдүүлэг /хх 40/,

Дамно ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн БЗДЗ-20-538 дугаар тухайн гар утсыг 112.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 34/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 46/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ц-ыг бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Прокурор Х.Ням-Эрдэнэ “прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байхад шүүх хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн мэтээр шийтгэх тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийг зөрчсөн, мөн шүүх тогтоолдоо тухайн зүйлийг удирдлага болгоогүй зэргээр шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдсэн байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож өгнө үү” гэсэн утга агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

Прокурорын эсэргүүцлийн дагуу хэргийг хянахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан “Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэц”, 17.4 дүгээр зүйлд заасан “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам” зэрэгт тодорхой хуульчлан заасан шаардлагыг хангаагүй байна. 

Тодруулбал, шүүхийн шийтгэх тогтоолд “шүүгдэгч Б.Ц- нь 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын автобусны буудал дээр Г.А-гийн эзэмшлийн Самсунг S-8 маркийн гар утасны дэлгэцийг засаж өгнө гэж, мөн Г.А-гийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Туулын 06-02 тоотод гэртээ байхад Хаан банкны 5100400124 тоот данснаас 60.000 төгрөг зэргийг хууран авч 172.000 төгрөгний хохирол учруулсан болох нь хохирогч Г.А-гийн “...дугаар руу нь 78 удаа залгахад миний гар утсыг авахгүй байгаад байсан. Би Самсунг S-8 маркийн гар утсаа 2019 оны 03 дугаар сард шинээр нь авч байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна” гэж тухайн гэмт хэргийн үйл баримтыг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “шүүх шүүгдэгч Б.Ц-т ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулж, Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо” гэжээ.

Энэ дүгнэлт нь ойлгомж муутай төдийгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг шүүгдэгч Б.Ц-ын үйлдэл хэрхэн хангаж байгаа талаар хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй, хэргийг прокурор хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байхад энэ талаар дүгнэлтийг орхигдуулсан зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтын “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал”, 2.3 дахь заалтын “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл” зэргийг шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт тусгах тухай заалт, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална”, мөн зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэсэн заалтуудыг баримтлалгүй орхигдуулснаараа шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдсэн байх шаардлагыг хангаагүй гарсан гэж үзэхээр болжээ.

Зүй нь шүүх аливаа шийдвэрийг гаргахдаа тухайн хэргийг хянан шийдвэрлэх процессийн хуулийг удирдлага болгож, тухайн хуулийн зүйл, хэсэг, заалт болгонд ач холбогдол өгч, үйл ажиллагааны журам болон шийдвэрийн хэлбэрийг бүрдүүлж, органик хууль буюу Эрүүгийн хуульд заасны дагуу зохих эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэх учиртай.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ц-ын үйлдсэн гэмт хэргийн тогтоогдсон нөхцөл байдлыг дутуу тодорхойлж, “гар утасны дэлгэцийг засаж өгнө гэж, ...60.000 төгрөг зэргийг хууран авч хохирол учруулсан” гэж тухайн гэмт хэргийг үйлдсэн арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэрэг хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход шаардлагатай хууль зүйн дүгнэлтүүдийг хийгээгүй байна.

Түүнчлэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх талаар хуульд заасан тусгайлсан журмыг баримтлалгүйгээр хуулийн үйлчлэлээс хэдийн халагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн үйлчлэлийн үеийн гэж хэлж болохоор шийтгэх тогтоол гаргасныг цаашид дахин давтан гаргахгүй байх талаар анхаарах хэрэгтэй болохыг давж заалдах шатны шүүх зориуд тэмдэглэж байна.

Прокурорын эсэргүүцэлд заасан асуудал хууль зүйн үндэслэлтэй тул хүлээн авах нь зүйтэй.

Анхан шатны шүүх дээр дурьдсан дүгнэлт хийгээгүй боловч шүүгдэгч Б.Ц-т прокурорын саналын хүрээнд буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзэж байгаа тул прокурорын эсэргүүцлийн “тогтоолыг хүчингүй болгох” тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын саналаар давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөвтгөн өөрчлөх замаар шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Иймд дараахь байдлаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийг:

“Шүүгдэгч Б.Ц- нь 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын автобусны буудал дээр хохирогч Г.А-гийн эзэмшлийн 112.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг эс-8 маркын гар утасны дэлгэцийг засч өгнө гэж биетээр нь авч, мөн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 6-2 тоот гэртээ байхад нь Хаан банкны данснаас 60.000 төгрөгийг засварын сэлбэг авах хэрэгтэй байна гэж хуурч, нийт 172.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон ба прокурор “хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” тухай хүсэлт /хх 50-51/-ийг яллагдагч Б.Ц-, хохирогч Г.А- нар гаргасныг үндэслэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гаргаж /хх 52/, шүүгдэгч Б.Ц-ын үйлдсэн хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзаж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох санал гаргасан /хх 56/-ыг яллагдагч Б.Ц- хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогдож байгаа тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шаардлагууд бүрэн хангагдсан байна” гэж зөвтгөн өөрчилж, прокурор Х.Ням-Эрдэнийн бичсэн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 7 дугаартай эсэргүүцлийн зарим хэсгийг буюу “шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй” гэснийг хүлээн авч, “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэх” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Х.Ням-Эрдэнийн бичсэн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 7 дугаартай эсэргүүцлийн зарим хэсгийг хангасугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэр /магадлал/-ийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ