Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 00067

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж
нарийн бичгийн дарга П.Одончимэг,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,
шүүгдэгч Ц.Буяннэмэх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэгмидийн Буяннэмэхэд холбогдох 201706000011 дугаартай, 132/2017/0060/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 38-07 тоотод оршин суух, 1998 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 131.1-д зааснаар 1 жил тэнссэн, 1999 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих ял, 2001 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял, 2004 онд Эрүүгийн хуулийн 99.1-д зааснаар 1 сар 15 хоног баривчлах ялаар шийтгэгдэж, 2004 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Цэгмэдийн Буяннэмэх /РД:ТБ75021811/,
Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Ц.Буяннэмэх нь 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 04-ний өдрийн хооронд Булган аймгийн Сайхан сумын 3 дугаар баг, “Гэзэг” гэх газарт оршин суух, Л.Цэнд-Аюушийн эзэмшлийн хаваржааны байшинд 27-46 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж, хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Э.Буяннэмэхийн өгсөн: Шүүгдэгч: 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Баян-Агт суманд амьдардаг Тунсаг гэдэг хүнээс өвлийнхөө идэшийг авахаар ахынхаа машиныг гуйж очсон. Ах тухайн үед ажил нь амарсан байсан болохоор дагуулаад Баян-Агт сумруу явсан. 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баян-Агт сум ороод идэшнийхээ үхэр, адууг гаргаж аваад орой нь буцсан. Баян-Агт сумаас гараад Хануй голын гүүр гараад тухайн үед би тэр замаар явж байгаагүй болохоор хоёр тийшээ салсан зам байсан. Тэгээд тод замыг нь бариад явсан. Нөгөө зам маань явсаар байгаад бүдгэрээд маш их цастай зам тод харагдахгүй байсан болохоор шөнө 12 цагын үед зам харах гээд буутал замын урд нилээд зайдуу айлын өвөлжөө байшин харагдсан. Тэгэхээр нь тэднийд очиж зам асууя гээд дөхөөд явж байтал цас их байсан болохоор машин хий эргээд очиж чадаагүй. Тэгээд наанаас нь явган очиход нохой хуцахгүй байхаар нь дөхөөд очсон чинь эзгүй айлын байшин байсан. Очоод цас малтчихаар юм хайтал олдохгүй болохоор нь цонхоор асаагуурын гэрэл тусгасан чинь дотор айлын идшиндээ бэлдсэн мах эд зүйлүүд харагдсан. Тэгээд буцаж машин дээрээ ирж машинаа ухрааж байгаад цаснаас гаргаад ойртож очоод машиныхаа дугуй задалдаг бордокоор нь цоожийг нь эвдэлж ороод адууны мах, улаан буудай, эмээл, бугуйл, поошигтой айраг байхаар нь өнхөрүүлээд машиныхаа шатыг нь буулгаж байгаад ачсан. Буцаж нөгөө замаараа ороод Улаанбаатар явсан. Архангай аймгийн Хайрхан сум өнгөрөөд Өлзийт сум дөхөөд явж байтал машин цасанд сууж хий эргээд байхаар нь буугаад үзсэн чинь нум нь хугараад дугуйн дээрээ кузов нь дарчихсан байсан. Тэгээд данхараад хайгаад байдаг газрыг нь сайн мэдэхгүй болохоор нь ахыг сэрээгээд данхараадыг нь гаргаж нумыг янзалж Улаанбаатар орсон. Улаанбаатар ороод ахыг гэрт нь дөхүүлж өгчихөөд би гэртээ харьсан. Тухайн үед болсон үйлд явдлууд үнэн зөв гэх мэдүүлэг.
201706000 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд: Шүүгдэгч Ц.Буяннэмэхийн сэжигтнээр өгсөн: 2016 оны 12 дугаар сарын эхээр Улаанбаатар хотоос Булган аймгийн Баян-Агт сумын төв рүү төрсөн ах Ц.Буяндэлгэрийн эзэмшлийн 27-46 УНД улсын дугаартай цагаан өнгийн бенз маркын ачааны амбаартай машинтай ахын хамт хоёулаа өвлийн идшээ Тунсаг гэх хүнээс авахаар Баян-Агт сумын орсон. Тэгээд тэндээс шүдлэн үхэр, шүдлэн гүү гаргаж янзлаад 1 хоноод оройхон бүрэнхий болох үөд гарсан. Тэгээд Ханхуйн гүүр гараад 2 салсан зам байхаар нь буруу салаад бага зэрэг төөрсөн. Тухайн үед манай ах Буяндэлгэр нь айлын хүн Тунсагтай хамт архи уугаад нилээд согтоод унтаад явсан. Би жолоо барьж явсан болохоор архи уугаагүй. Тэгээд бага зэрэг төөрөөд замаа олохгүй болохоор нь бууж зам харахад харанхуй болсон байсан. Яг ямар нэртэй газар гэдгийг нь мэдэхгүй. Тэгээд замын хажууд байшин харагдахаар нь зам асуух санаатай очиход эзэнгүй гаднаасаа ил дарсан даруулгатай модон байшин байсан. Тэгэхээр нь машины дугуйн түлхүүрээр хөшиж онгойлоод дотогш ороход жижиглэсэн адууны мах, үхрийн өвчүү, улаан буудай 10 шуудай, цагаан өнгийн хөлдөөгч 1ш, шуудайтай ааруул, цагаан идээ байсныг авсан. Нөгөө өрөөний модон хаалгыг эвдэн орж мөнгөн тоногтой эмээл , суран бугуйл, авдарт байсан 1 шил гадаад архи, зэрэг эд зүйл авсан. Байшингийн жижиг арын жижиг амбаарын хаалгыг онгойлгож цэнхэр өнгийн 2 савтай айргийг авч машинд ганцаараа ачсан. Тэгээд замаар баруун тийш явж Архангай амгийн Хайрхан сумаар дайрч Улаанбаатар хотлуу явсан юм. Хотруу явах замдаа мөнгөн эмээлийн 4 мөнгөн даруулга, 2 мөнгөн баавар, 2 мөнгөн хярыг аваад бусад тоноглолыг нь замд харанхуйд хаясан. Тэндээс улаан буудай болон мах цагаан идээг өөрөө хэрэглээд дууссан. Хүнд зарж борлуулсан зүйл байхгүй. Харин цагаан өнгийн хөлдөөгчийг Хар хорин захын хуучин эд зүйл авдаг хүнд 80.000 төгрөгөөр худалдсан. Хөргөгч зарсан хүнийг танихгүй. Эмээлийн мөнгөн тоноглолыг Улаанбаатар хотод Урт цагаан дээр алт мөнгө авдаг танихгүй хүнд 600.000 төгрөгөөр худалдсан. Тэр мөнгөө машиндаа сэлбэг аваад хэрэглэсэн гэх мэдүүлэг /хх-н 178-р хуудас/, Хохирогч Н.Цэрэнмягмарын өгсөн: ...2016 оны 12 дугаар сарын 04-ний өглөө нөхөр бид хоёрыг Булган суманд гэртээ байхад манай хүү Түвшинбат утсаар яриад хаваржааны байшинд хулгай ороод эд зүйл алдагдсан байна гэж хэлэхээр нь өдөртөө гараад орой очсон. Тэгэхэд хаваржааны байшингийн үүдний даруулга төмөрний цүүцийг хуга татаад хаалгыг нь онгойлгосон дотор хаалгыг бүхлээр нь салгаад дотогшоо орсон байдалтай байшингийнг ард залгаа байдаг жижиг амбаарын цоожыг суга татаад хаалгыг онгойлгосон байдалтай байсан. Өрөөнд доторх эд зүйлийг бүртгэхэд зурагтын хажууд ил байсан мөнгөн хяртай 6 завхайн, шар гөлөмтэй, шар өнгийн дөрөөтэй, мөнгөн эмээл 1 ширхэг, эмээлийн дээр хананд өглөөтэй байсан 10 метр суран бугуйл 1 ширхэг, 1 шил виски, 1 шил 0,75 гр шар Чингис архи, 1 шил 0,75 хар Чингис архи, 25 кг цагаан будаа 1 ширхэг тус тус алга болсон байсан. ...надад хүлээлгэн өгч байгаа хөлдөөгч, эмээл, цэнхэр савнууд нь манай алдсан эд зүйл мөн. Цагаан өнгийн хөлдөөгч нь цоожны доод хэсэгт түгжээг нь аваад 2 ширхэг нүх үлдсэн байсан. Мөн загвар хийц нь мөн байгаа юм. 6 завхай мөнгөн эмээл нь мөнгөн тоноглолын хээ, шар хүрэн өнгийн гөлөм, шар гуулин дөрөө зэргээр танигдаж байгаа юм. Айрагны сав мөн" гэх мэдүүлэг /хх-н 32, 126-р хуудас/ Хохирогч Ц.Түвшинбатын өгсөн: "...2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өвөлжөөндөө байж байгаад Булган аймгийн Сайхан сумын 3 дугаар багийн нутаг “Гэзэг" гэх газарт байдаг хаваржаан дээрээ очиход манай хаваржааны байшингийн хаалгыг эвдсэн байсан. Орж харахад дотор нь байсан эд зүйл байхгүй болохоор нь цагдаад мэдэгдсэн. Манай хаваржааны байшингийн төмөр даруулгыг хөшиж цоожыг нь эвдсэн байсан. Хаваржааны байшингийн ард талд байдаг амбаарын цоожийг хөшиж орсон байсан. Эд зүйлээ бүртгэхэд З ширхэг 120 литрийн цэнхэр өнгийн савтай нийт 300 литр айраг, Малын цэвэр улаан буудай 1 тонн, Цагаан өнгийн хятад хөлдөөгч 1 ширхэг, эвдээд жижиглээд тавьсан бүтэн адууны мах, адууны гуя 3 ширхэг, Үхрийн өвчүү, чимэг махтай /цагаан сард тавихад бэлэн/, 25кг шуудай 2 ааруул, хорхой 3 кг, тогооны өрөм 2 ширхэг тус тус алдагдсан байсан" гэх мэдүүлэг /хх-н 36-р хуудас/ Гэрч Г.Нэргүйгийн өгсөн: "...2016 оны 05 дугаар сарын үед манайх Сэлэнгэ аймгийн Жавхлан сумын 2-р багийн нутагт ирээд нутаглаж байхад Нэмэхээ гэж дууддаг зүс мэдэх залууу ирээд 12 завхай мөнгөн тоноглолтой ногоон өнгийн булгааран гөлөмтэй, улаан шар өнгийн модтой, хар төмөр дөрөөтэй эмээл зарна 5000000 төгрөгөөр зарчихаад явсан. Нэмэхээ гэдэг залуу надад хэлэхдээ өөрийн эмээл гэж хэлж байсан гэх мэдүүлэг, /хх-н 39-р хуудас/ Гэрч Ц.Ганболдын өгсөн: "...2016 оны 5 дугаар сарын үед морь уядаг байсан Нэмэхээ гэх зүс мэдэх залуу жижиг саарал өнгийн суудлын машинтай ирж манай хүргэн Нэргүйд 12 завхай мөнгөн тоногтой эмээл зарсан.." гэх мэдүүлэг/хх-н 41-р хуудас/ Гэрч Л.Цэнд-Аюушийн өгсөн: "..манай эхнэрийн хүлээж авсан эд зүйл манай хаваржаанаас алдсан эд зүйл бол мөн байна. Эмээлийн оломцогийг нь сольсон байна. Хуучин нь цэнхэр өнгийн хөх цэмбээр бүрсэн байсан. Харин одоо солиод эрээн болгосон байна. Хөлдөөгч болон цэнхэр сав нь мөн байгаа юм. Өөрийн эдэлж хэрэглэж байсан зүйлийг хараад танина" гэх мэдүүлэг /хх-н 130-р хуудас/ Гэрч Б.Одончимэгийн өгсөн: "...Саяханаас гэртээ ирсэн чинь манайд байдаггүй байсан 2 ширхэг цэнхэр том сав. Мөн цагаан өнгийн хөлдөөгч, мөнгөн тоногтой эмээлийг салгаад тавьсан байдалтай манай гэрт байсан. Тэгээд би нөхөр Буяннэмэхээс юун сав, хөлдөөгч вэ гэж асуухад цэнхэр савтай нь айраг байгаа хүн зараад өг гэсэн юм. Хөлдөөгч нь хүүхдийн хөлдөөгч байгаа юм ирж авна гэсэн. Би айраг байсан эсэхийг нь мэдээгүй. Тэгээд саяхан манай төрсөн ах Буяндэлгэрийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сум руу алтанд явлаа гэж утсаар яриад сураггүй болчихсон. Тэгсэн 2 хоногийн дараа ах Буяндэлгэр нь ирээд Булган аймгийн цагдаагийн газарт шалгагдаж байна Буяннэмэх хүний юм авсан байна. Зарим эд зүйл нь энд байгаа юм байна гээд манай гэрээс эмээл угсраад мөн айрагны сав, хөлдөөгчийг авч энд авчирсан. Ямар учиртай эд зүйл болохыг мэдээгүй" гэх мэдүүлэг/хх-н 132-р хуудас/ Гэрч Ц.Одончимэгийн өгсөн: "Оны өмнө төрсөн дүү Буяннэмэх нь Булган аймаг руу идэш авахаар манай нөхрийн том машинтай нь авч явсан. Тэгээд удалгүй буцаад ирсэн. Ирэхдээ бол гэртээ хоосон ирсэн. Харин 2-3 хоногийн дараа дүү Буяннэмэх нь өгсөн гээд бага зэрэг мах, жижиг савтай айраг, ааруул авчирсан байсан. Ааруул нь гараар атгасан юм шиг хэлбэртэй байсан" гэх мэдүүлэг /хх-н 134-р хуудас/ Гэрч Г.Тунсагийн өгсөн: "...Тухайн үед цагаан өнгийн бүхээгтэй машинтай явж байсан. Марк улсын дугаарыг нь мэдэхгүй байна. Арын хаалга нь 2 тийшээ онгойдог машин байсан. Өөр хүн хамт яваагүй хоёулаа явж байсан" гэх мэдүүлэг /хх-н 136-р хуудас/ Гэрч Х.Ганхуягын өгсөн: "...2016 оны эхэнд гэж санаж байна. Манайхаас өөрсдөө ирж адуугаа гаргаж янзлаад ачаад явсан. Тухайн үед цагаан өнгийн чингэлэгтэй машинтай явж байсан. Марк улсын дугаарыг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан арын хаалга нь дэлгэгдэж онгойдог хаалгатай машин байсан. Өөр хүн хамт яваагүй. Хоёулаа явж байсан" гэх мэдүүлэг /хх-н 136-р хуудас/ Гэрч Б.Буянбаатарын өгсөн: "...Эд нарыг ямар хэрэгт холбогдсон, хэзээ явсан талаар бас мэдэхгүй. 2016 оны 12 дугаар сард Буяннэмэх 20 литр айраг өгсөн. хаанаас авсан талаар бас мэдэхгүй" гэх мэдүүлэг /хх-н 137-р хуудас/ Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1-2 тал/, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 03 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 05-11 тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 19-27 тал/, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 57 дугаартай дүгнэлт /хх 43,44 тал/, эд зүйлийн үнэлгээ /хх 49 тал/, хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх 98-101 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 102-107 тал/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 109-113 тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 114-115, 124, 125 тал/, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх 117-121 тал/, таньж олуулах тэмдэглэл /хх 122-123 тал/, шинжээчийн үнэлгээний тайлан /хх 148-152 тал/, прокурорын санал /хх 162 тал/, сэжигтнээр цагдан хорьсон захирамж /хх 163 тал/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд зэргийг шинжлэн судлав. Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв. Шүүгдэгч Ц.Буяннэмэх нь шунахай сэдэлтээр 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 04-ний өдрийн хооронд Булган аймгийн Сайхан сумын 3 дугаар баг, “Гэзэг” гэх газарт оршин суух, Л.Цэнд-Аюушийн эзэмшлийн хаваржааны байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 4647000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Л.Цэнд-Аюуш, гэрч Г.Нэргүй, Ц.Ганболд, Б.Одончимэг, Ц.Одончимэг, Г.Тунсаг, Х.Ганхуяг нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, тээврийн хэрэгслээс хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар бүрэн дүүрэн нотлогдож тогтоогдож байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдаж, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт, шалтгааны талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн дээрхи хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар батлагдсан байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ. Иймд хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотловол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Ц.Буяннэмэхийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь эд хөрөнгөгүй болох нь тогтоогдож байх тул эд хөрөнгө хураах ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Буяннэмэх нь 1998 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 131.1-д зааснаар 1 жил тэнссэн, 1999 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих ял, 2001 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял, 2004 онд Эрүүгийн хуулийн 99.1-д зааснаар 1 сар 15 хоног баривчлах ялаар шийтгэгдэж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүй болсон ба ялтай байдал арилсан байх тул анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.Буяннэмэхэд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлж, гэм хорыг арилгасан зэрэг байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв. Шүүгдэгч Ц. Буяннэмэх нь 27-46 УНД улсын дугаартай “Бенз Спринтер” маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн боловч эзэмшигч нь Улаанбаатар хот Баянгол дүүрэг Зүүн ард аюушийн 17-467 тоотод оршин суух Цэвээнхүүгийн Буяндэлгэрийнх болох нь тогтоогдож байх тул 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож эзэмшигч Цэвээнхүүгийн Буяндэлгэрт олгох, мөн шүүгдэгч нь хохиролоо нөхөн төлсөн байх тул 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож эзэмшигч Ц. Буяннэмэхэд 98-24 УБН улсын дугаартай DAIHATSU PYZAR маркын тээврийн хэрэгслийг олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч Ц.Буяннэмэх нь цагдан хоригдсон 14 хоногтой, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Цэгмэдийн Буяннэмэхийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ц.Буяннэмэхийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Буяннэмэхэд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Буяннэмэх нь цагдан хоригдсон 14 хоногтой, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Ц.Буяннэмэхэд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар эд хөрөнгө битүүмжилсэн 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож 27-46 УНД улсын дугаартай “Бенз Спринтер” маркийн тээврийн хэрэгслийг Улаанбаатар хот Баянгол дүүрэг Зүүн ард аюушийн 17-467 тоотод оршин суух Цэвээнхүүгийн Буяндэлгэрт, 98-24 УБН улсын
7
дугаартай PYZAR маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Ц.Буяннэмэхэд тус тус олгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Буяннэмэхэд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ