| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/0052/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/53 |
| Огноо | 2025-05-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Солонго |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/53
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,
Улсын яллагч *,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *,
Шүүгдэгч *,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, *ын *д холбогдох эрүүгийн * дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, * оны *сарын *-ны өдөр *э аймгийн * суманд төрсөн. *настай, э*эгтэй, бүрэн бус дунд боловсролтой тогооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл * хамтаар * аймгийн * сумын *дүгээр баг * хэсэг гудамжны * тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, * одонтой, *ын *, /РД: */.
ТОДОРХОЙЛОХ нь:
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч * нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч * нь 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сум 1 дүгээр баг 5 дугаар хэсгийн 10 тоотод *ийн гэрт түүнтэй архи хуваан ууж, түүний нөхөр *гийн эзэмшлийн тоёота приус 41 маркийн *улсын дугаартай тээврийн хэрэгслээр *, * нарын хамт тус сумын Орхон гол дэлгүүрээс архи худалдан аваад буцах замдаа *тэй маргалдан улмаар уг тээврийн хэрэгслээс буухдаа *ийн эзэмшлийн Самсунг галакси А13 маркийн гар утсыг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч 420,000 төгрөгийн хохирол учруулан, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:
1. Хохирогч *ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ байж байгаад урагшаагаа төв замын дэлгүүр орчхоод гараад ирэх үед миний машины голд байсан гар утас алга болсон байсан. Тэгээд би тэр хавиараа зөндөө хайсан боловч олдохгүй болохоор нь Цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргасан. Би тухайн үедээ нөхөр *гийн хамт явж байсан. Сумын төвөөс урд төв зам руу загасаа зарах гээд явж байсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7-р хуудас/
2. Гэрч *ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 17:00 цагийн орчимд үхэр малаа тэжээчхээд гудамд харих гээд явж байхад манай сумын иргэн * нь надтай согтуу тааралдаад эгчид нь нэг ийм утас байна чи энэ утсыг 30.000 мянган төгрөгөөр худалдаад авчих гэхээр нь би үгүй ээ гээд гэртээ харьсан чинь миний араас удалгүй манай гэрт ороод ирсэн. Тэгээд орж ирээд намайг бүүр шалаад эгчид нь 30.000 мянган төгрөгийн хэрэг байна чи энэ утсыг авчих гээд байхаар нь би дэлгүүр явах гэж байхад манай эхнэр намайг араас дуудаад чи наад * эгчид нэг шил юмыг нь аваад өгчих май энэ миний картаас мөнгийг нь уншуулчих гэхээр нь би утсыг нь аваад дэлгүүрээс * эгчид 0.75 литрийн савлагаатай Хараа нэртэй архи болон 2 литрийн савлагаатай кола ундаа авч өгсөн чинь яг 30.000 төгрөг болсон. Тэгээд л би гэртээ ирээд нөгөө утсыг нь том хүүдээ миний хүү энэ утсыг түр барьж бай энэ утасны эзэн нь хэзээ нэгэн өдөр гарч ирнэ гэж хэлээд хүүдээ бариулж байсан..." гэх мэдүүлэг, /хх-н 10-11-р хуудас/
4. Гэрч *ийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 18:00 цагийн орчимд гэртээ оройн хоолоо хийгээд байж байхад манай нөхрийн араас манай сумын иргэн * эгч халамцуу орж ирээд * миний дүү эгчийнхээ энэ гар утсыг эгчээсээ 30.000 төгрөгөөр худалдаад авчхаач гээд орж ирсэн. Тэгээд манай нөхөр уг нь авахгүй та манайхаас яв гэсэн чинь манай гэрээс гарахгүй байхаар нь би нөхөртөө хаан банкны картаа өгөөд дэлгүүрээс * эгчид авах юмыг нь аваад өгчих гээд нөхөртэй картаа өгөөд явуулсан. Тэгээд манай нөхөр удалгүй буцаад гэртээ орж ирээд * эгчид дэлгүүрээс 0.75 литрийн савлагаатай Хараа нэртэй архи болон нэг ундаатай аваад өгчихлөө авсан юм нь яг 30.000 мянган төгрөг болсон гээд нөгөө гар утсыг нь барьчихсан гэртээ ирсэн. Тэгээд том хүүдээ сим картыг нь хийгээд түр бариулж байсан..." гэх мэдүүлэг, /хх-н 14-15-р хуудас/
5. Иргэний нэхэмжлэгч *ийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ * эгч бэлнээр 30,000 төгрөг өгчихсөн..." гэсэн мэдүүлэг (хх-н 22-р тал)
6. 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “*” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлтэд
- Самсунг Галакси А13 маркийн 64GB багтаамжтай гар утас /хэрэглэж байсан/ 1ш эд зүйлийн зах зээлийн үнэ цэнэ 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 420,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 29-30-р хуудас/,
7. 2025 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,
8. Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 2-р хуудас/,
9. 2025 оны 05 дугаар сарын 08-ны Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” 2433000000053 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 42-45-р хуудас/,
10. 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр яллагдагч *гаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 48-р хуудас/,
11. 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60-61-р хуудас/,
12. Яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 52-59-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж, зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул шүүх дээрх баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэрэгт хамааралтай гэж үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Прокурорын газраас шүүгдэгч *г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэж уг гэмт хэргийн үйлдлийн шинжүүдийг тодорхойлсон бөгөөд шүүгдэгч * нь согтуугаар Д.Уранчимэгийн гар утсыг *гийн эзэмшлийн Приус 41 маркийн тээврийн хэрэгслээс гарахдаа хулгайлан авч бусдад 30,000 төгрөгөөр зарсан үйл баримт нь тогтоогдож байна.
Шүүгдэгч * нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй.
Шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэгслээр хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч * нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоогдсон эсэхийг хянаж, шүүгдэгч *д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас яллагдагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч өөрийн оршин суугаа газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн болох нь Прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, эрүүгийн хариуцлагын талаарх” саналаар нотлогдож байна. /хавтаст хэргийн 70-72-р хуудас/,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зааснаас үзвэл шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж шүүх үзлээ.
Энэ хэргийн улмаас хохирогч * нь “...Миний бие * нь *д гомдолгүй тул хүсэлтийг хүлээж авна уу...” гэх тайлбарыг гаргасан байх ба *ээс хулгайлсан гар утсыг хүлээлгэн өгсөн, иргэний нэхэмжлэгч З.Одгэрэлд учруулсан 30,000 төгрөгийг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй болох нь тогтоогдож байна. /хавтаст хэргийн 66-р хуудас/,
Иймд шүүгдэгч *д прокурортой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон хэмжээгээр буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч өөрийн оршин суугаа газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүхээс биелүүлсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүгдэгчийг прокурорын дүгнэлтийг үндэслэж, шүүх уг шийдвэрийг хүчингүй болгон хорих ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.
Хохирогч нь шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *ын *г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *г хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч өөрийн оршин суугаа газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүгдэгчийг прокурорын дүгнэлтийг үндэслэж, шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон хорих ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулсугай.
4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН