2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1585

 


 

 

 

 

 

 

    2025         06           17                                      2025/ШЦТ/1585

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мядаг,

улсын яллагч Г.Ариунзул,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********,

шүүгдэгч *********, түүний өмгөөлөгч Б.Түвшинтөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* холбогдох эрүүгийн ********* тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***************************

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ********* нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 1-р хороонд үйл ажиллагаа явуулдаг “*********” ХХК-д ахлах хөгжүүлэгчээр ажиллаж байхдаа тус компаниас албаны хэрэгцээнд ашиглуулахаар итгэмжлэн хариуцуулан өгсөн 5 төрлийн эд зүйлсийг завшиж, бусдад 2.870.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан…” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********* мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч ********* нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********:

“...Би “*********” ХХК-д хөгжүүлэгчээр 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажилд орсон ************************* гэгч нь манай компанид дадлагажигчаар ажиллаж байх үедээ 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр компанийн удирдлага гүйцэтгэх захирал ********* захиралтай уулзан тохирч ********* захирлаас 25.000.000 төгрөг орон сууцны дэмжлэг болгож авах аман хэлцэл байгуулж компанийн данснаас Голомт банкны интернэт банкаар Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байх үедээ ********* тоот дансанд хоёр хувааж авсан байгаа, тэгээд мөнгө төлөх хугацаа болсон чинь дэмжлэг гэж авсан гэх зүйл хэлсэн байгаа. Мөн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх үедээ өөрийн компаниас хүсэлт бичиж ажилдаа ашиглаж байсан 17 загварын иж бүрэн суурин компьютерыг авч явсан, буцааж төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч хүлээлгэж өгөөгүй тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Хэлээгүй өгнө гэж байгаад сүүлдээ утсаа авахаа байсан. Үнэлгээ хийлгүүлж ирсэн 2.870.000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Тухайн асуудлыг би Баянгол дүүргийн иргэний шүүхэд хандсан тухайн шүүхээр шийдүүлэх хүсэлтэй байна, компьютер завшсан асуудлыг хурдан шуурхай холбогдох хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

 

Гэрч *********:

“...Танина 2021 онд би “*********” ХХК-д ажилд орох үед ********* төслийн хөгжүүлэгч хийдэг залуу байсан. ********* нь 2022 онд яагаад гарсан талаараа ямар нэгэн зүйл хэлээгүй. ********* нь 2022 онд гэр нь хол буюу налайхад байдаг тул суурийн компьютер авч гэрээсээ ажиллах хүсэлтэй байна гэсэн тул нягтлан хүний нөөц, удирдах албан тушаалтнууд өгөхөөр болоод Dell 17 процессортой иж бүрэн компьютер хүлээлгэж өгч байсан, тэгсэн чинь 2022 онд ********* нь ажлаасаа гарсан, тэгээд манай байгууллагаас ********* компьютер  хүлээлгэж өгөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч за маргааш өгнө, дараа 7 хоногт өгнө гэдэг байж байгаад сүүлд нь утсаа авахаа болиод алга болсон. Тэгээд удаагүй өөр компанид ажилд орсон байсан. Тийм зүйл огт хэлээгүй алга болсон. Яг үнийг нь бол мэдэхгүй байна, ямар ч байсан 4-5 сая орчим төгрөгийн үнэтэй компьютер байсан. Ер нь хамтарч ажиллахад төвөгтэй худлаа их ярьдаг, ажил хийдэггүй байсан, зальжин, хамт байх үед өрөвдүүлэх сонирхол ихтэй байсан. Компьютероо буцааж авах хүсэлтэй байна, холбогдох хэргийг бас шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дэх тал/,

 

********* ХХК-ийн гүйцэтгэх захирал ********* 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ********* дугаартай “*********г туршилтын хугацаагаар ажилд томилох тухай” тушаал /хавтаст хэргийн 44 дэх тал/,

 

********* ХХК-ийн гүйцэтгэх захирал ********* 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 23/07 дугаартай “*********г ажлаас чөлөөлөх тухай” тушаал /хавтаст хэргийн 40 дэх тал/,

Ажилчин, албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл /хавтаст хэргийн 42 дахь тал/,

 

Хөрөнгийн үнэлгээний ********* ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ********* дугаартай шинжээчийн “...LG X Power загварын гар утас -180,000 төгрөг, Dell нэрийн процессор 17-1,900,000 төгрөг, Dell дэлгэц- 700.000 төгрөг, rap -70.000 төгрөг, хулгана - 20,000 төгрөг, нийт 2,870,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 71-74 дэх тал/,

 

Шүүгдэгч *********н хувийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 98-104 дэх тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч ********* нь “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс “...Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаагүй, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.  

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *********н холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ********* нь:

2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 1-р хороонд үйл ажиллагаа явуулдаг “*********” ХХК-д ахлах хөгжүүлэгчээр ажиллаж байхдаа тус компаниас албаны хэрэгцээнд ашиглуулахаар итгэмжлэн хариуцуулан өгсөн 5 төрлийн эд зүйлсийг завшиж, бусдад 2.870.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********, гэрч ********* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, ********* ХХК-ийн гүйцэтгэх захирал ********* 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ********* дугаартай “ажилд томилох тухай” тушаал, ********* ХХК-ийн гүйцэтгэх захирал ********* 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 23/07 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Ажилчин, албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл, хөрөнгийн үнэлгээний ********* ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ********* дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

  

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *********г “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас ********* ХХК-д 2.870.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********* мэдүүлэхдээ “********* нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч *********г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түвшинтөр “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг доод хэмжээгээр буюу 2.700.000 төгрөгөөр тогтоож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Иймд шүүхээс шүүгдэгч *********г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.000.000 төгрөгийн торгох ял оногдуулав.

 

Шүүгдэгч *********н цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ********* дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ********* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********г 3.000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ********* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ