| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/0051/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/55 |
| Огноо | 2025-05-28 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Солонго |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
* аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,
Улсын яллагч *,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү,
Шүүгдэгч *,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
* аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, *ийн *д холбогдох эрүүгийн * дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, * оны * дугаар сарын *-ний өдөр * аймгийн * суманд төрсөн, * настай, э*эгтэй, тусгай дунд боловсролтой, Хөнгөн хүнсний технологич мэргэжилтэй, * дэлгүүрт худалдагч ам бүл 2, охины хамт * аймгийн *сумын * тоотод оршин суух, *ийн * /РД: */.
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч * нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан буюу бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч * нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр * аймгийн * сумын нутагт иргэн *аас нөхрийг нь төмөр замд ажилд оруулж өгнө гэж итгүүлэн 3.000.000 сая төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр *ын нөхөрт төмөр замчны үнэмлэх авч өгнө гэж итгүүлэн 1.500.000 төгрөгийг авсан үйлдэл нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан иргэн *ын эд хөрөнгийн эрх буюу мөнгийг авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:
1. Хохирогч *ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай ээжийн хамаатны эгч *2022 оны 10 дугаар сард манай ээж *-тай уулзаад "*-р точкад гүүрний харуулаар ажилд оруулах боломжтой байна. Хүнийг нь ажилд оруулж өгдөг дарга нь манай найз 5 сая төгрөг өгвөл хүн оруулаад өгье гэнэ" гэж ээжид хэлсэн байсан. Тэгээд ээж бид хэд цуг амьдардаг тул надад энэ талаар * эгч чинь ийм юм ярьсан гээд хэлж байсан. Тэгэхээр нь би нөхрөө ажилд оруулах гээд * эгч рүү залгаад "Ажилд оруулах чинь үнэн юм уу, баталгаатай юу" гэж асуухад надад эгч нь зөндөө хүн ажилд оруулсан асуудалгүй өнөөдрийн дотор эхлээд 3 сая төгрөг өгчих ажилд ороод үлдсэн 2 сая төгрөгөө өг" гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд өөрийн хадгалж байсан мөнгөн дээрээ аавын тэтгэврийн зээлийг нь аваад өгчихсөн. * эгч хэлэхдээ нэг хүн ажлаас халагдах юм аа. Тэр хүний оронд ажилд оруулж өгнө. Өнөөдрийн дотор мөнгө өг * дугаарын данс руу мөнгө хийгээрэй энэ хүн нь нэг дарга байгаа утган дээр нь "Түлшний үнэ" гэж бичээрэй гэж хэлсэн. Тэгээд би хэлсэн ёсоор 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хаан банкны *дугаарын данс руу өөрийн Хаан банкны * тоот данснаас 3.000 000 төгрөг "түлшний үнэ" гэсэн утгаар шилжүүлсэн * эгч мөнгө авахдаа харуул хийдэг * гэдэг залуу халагдах гэж байгаа энэ хүний оронд ажилд оруулж өгнө гэсэн боловч нөгөө хүн нь ажлаас халагдаагүй. Тэгээд энэ талаар * эгчид хэлээд ажилд оруулах юу болсон гэж асуухад нөгөө хүн халагдаагүй сануулга авсан байна. 2023 оны 04 дүгээр сард "*" гэх хүн тэтгэвэрт гарах юм байна тэр хүний оронд оруулж өгье хүлээж бай гэхээр нь хамаатан садан хүмүүс тул ирэх он хүртэл хүлээсэн. Тэгээд 2023 оны 04 дүгээр сар болоод * эгчээс ажилд оруулах юу болсон гэхэд эгч нь андуурсан байна 08 дугаар сард юм байна гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 08 дугаар сар болоход * гэх хүн тэтгэвэрт гарсан боловч оронд нь өөр хүн ажилд орчихсон. Тэгэхээр нь эгчид хэлтэл харуулын ажил нь бүтэхгүй юм байна. Угаасаа камер энэ тэртэй болж байгаа одоо ажиллаж байгаа хүмүүс нь бүгд халагдаад нэг л хүн үлдэх юм шиг байна. Оронд нь тор засагчаар оруулаад өгье гэхээр нь би эгчид үгүй одоо больё мөнгө авъя гэхэд * эгч мөнгийг чинь буцаагаад өгье гэж хэлсэн боловч мөнгө өгөөгүй тэгээд 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр * эгчид таныг цагдаад өглөө гэж хэлж байгаад 1.000.000 төгрөг буцааж авсан үлдэгдэл мөнгө удаахгүй гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй одоо мөнгө авъя гэхээр хэл амаар доромжлоод байгаа тул цагдаагийн байгууллагад гомдол гаргах болсон. Надад хэлэхдээ чамаас авсан мөнгийг дээрээ байдаг хоёр даргад хувааж өгөөд ажилд оруулж өгөх хүн нь өөрөө 1 сая төгрөг авсан гэж хэлсэн. Тэгээд мөнгө асуухаар нөгөө хүн нь мөнгө өгөхгүй утсаа авахгүй байна гэж ярьсан,
Хохирогч * 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр манай ээж * нь * эгчтэй утсаар ярьхад төмөр замын вохорчин буюу гүүрны харуулаар хүн ажилд оруулж өгч чадна гэж ээжид ярьсан байсан. Тэгээд ээж надад * эгч чинь төмөр замд хүн ажилд оруулж өгч чадна гэж байна. Хахууль өгч ажилд оруулдаг гэж байна гэж ярихаар нь нөхрөө ажилд оруулах санаатай * эгч рүү 09 цагийн орчимд залгаад ээжээс ажилд хүн оруулж өгч чадна гэснийг чинь сонслоо хэдэн төгрөг яаж өгөх юм бэ ямар бичиг баримт бүрлүүлэх вэ хэзээ ажилдаа орох юм бэ гэж асуусан чинь 5 сая төгрөгийн хахуултай эхний ээлжид 3 сая ажилдаа орохдоо 2 сая төгрөг өгчих бичиг баримтын хувьд цэргийн алба хаасан байхад болно гэсэн. Тэгээд мөнгөө яаралтай өгөө * гэдэг хүн архи уугаад ажлаасаа халагдах гэж байгаа тэрний оронд яаралтай орох хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд хүнээс мөнгө төгрөг зээлээд аавынхаа тэтгэврийн зээлийг авхуулаад 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр * эгчтэй ярьж байгаад *гэж *ад байдаг төмөр замын дарга манай ангийн хүүхэд байгаа юм даргын данс болохоор гүйлгээний утга хэсэг дээр түлшний үнэ гэж бичээрэй гэсэн тэгээд би 3 сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд ажилд орохоор хүлээж байгаад 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гэнэт залгаад танай нөхөр чинь ямар ч мэргэжилгүй см байна ш дээ яадаж төмөр замчны үнэмлэх авах шаардлагатай байна өнөөдөр өгвөл 2,500,000 төгрөгийн үнэтэй үнэмлэхийг 1,500,000 төгрөгөөр гаргаж өгий гэсэн энэ үнэмлэхийг авахгүй бол ажилд орж чадахгүй өөрөө мэд би үнэмлэх гаргаж өгдөх хүнтэй хамт юм яриад сууж байна гэсэн тэгээд би тэр өдөр ноолуурын ченжээс 1500000 төгрөг * гэх хүний өөрийн данс руу шилжүүлсэн. Тэгээд 2023 оны 08 дугаар сард тэтгэвэрт гарах хүн нь тэтгэвэртээ гарахад оронд нь манай нөхөр биш өөр хүн ажилд орсон. Тэгээд би 2023.08 дугар сард * эгчийн гэрт нь нөхөртэйгөө очиход энэ ажилд оруулж эгч чадсангүй жоохон хүлээж бай хүлээж чадахгүй бол төмөр замын торчингоор ажилд оруулж өгий гэсэн тэгхээр нь бид 2 уурлаад тэгвэл мөнгөө буцаагаад авчихая гэсэн чинь би нөгөө * гэж даргатайгаа яриад хариу өгье гэж хэлсэн Тэгээд маргааш нь над руу залгаад мөнгийг чинь буцаагаад өгий гэж байна гэж гэж хэлээд одоог хүртэл өгөөгүй байгаа 2023 оны 12 сард та мөнгөө өгөхгүй бол цагдаад өгнө гэсэн чинь надад ээжээр дамжуулж 1 сая төгрөг өгсөн тэрнээс хойш ямар ч мөнгө төгрөг өгөөгүй нөгөө дарга чинь гадаад явчхаж аялалд явсан байна гээд хойшлуулаад байхаар нь 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өргөдөл гомдол гаргасан. Өргөдөл гаргаснаас хойш манай ээж рүү галзуу солиотой охиндоо өргөдлөө буцааж ав гэж хэлээч гэж удаа дараа дарамталсан,
Хохирогч *ын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “....Манай нөхөр * гэх хүний утсыг өгчих би ярья гэсний төлөө Хотон яс үндсээр доромжилсон, * гэх дарга өртөөнд байдаггүй гэх” мэдээллийг би *т гүүрний харуул хийдэг * гэх ахаас авсан юмаа. * гэх ах гүүрний харуул тул тухайн гүүрээр гардаг тул таньдаг юмаа. Тэгээд би * эгч худлаа хэлээд зугтаад байсан тул нээрээ асууж узье гэж бодоод асуутал тийм хүн манайд даргаар ажилладаггүй. Мөн манайх *эд харьяалагддаг шүү дээ гэж хэлсэн. * гэх хүн одоо тухайн *т ажилладаг эсэхийг нь мэдэхгүй байна. Би гүүрээр гараагүй удаж байна. * гэх хүнийг байдаг эсэхийг ч мэдэхгүй. Надтай огт холбогдоогүй. Сүүлдээ би байдаг эсэхэд нь эргэлзсэн. * эгч л надад ийм дарга байгаа. Манай ангийн хүүхэд гэж хэлээд, данс руу нь түлшний мөнгө гэсэн утгатай мөнгө шилжүүлж байсан. Мөнгөө авъя гэхээр чи намайг найзын маань өмнө ичгэвтэр байдалд оруулж байна, амралтын өдөр утсаа авдаггүй юм гэх мэт зүйл яриад байхаар нь би ийм хүн байдаг л юм байна гэж бодож байсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11, 14, 16-р хуудас/
2. Гэрч *гийн өгсөн “...2022 оны 09 дүгээр сард би * эгчийг * Төмөр замд худалдагч хийдэг болохоор мэдэж байж магадгүй гэж бодоод охин *аа их сургууль төгсчихсөн болохоор ажилтай болгочих юмсан, хүргэн мал дээр байдаг болохоор гэр нь 91-н гүүртэй ойрхон юм чинь гүүрэнд ажилд оруулчих юмсан гээд яриа асуухад * эгч надад * гээд таньдаг хүн байгаа 5 сая төгрөг өгчих 3 сая төгрөгийг эхлээд ажилд оруулсны дараа үлдсэн 2 сая төгрөгийг өгчих гэж хэлсэн. Тэгээд би охин *даа * эгч ажилд оруулж өгөх боломжтой гэж байна гэж хэлээд холбуулсан. Тэгээд л тэр 2 хоорондоо яриад охин мөнгө шилжүүлсэн байсан... гэх мэдүүлэг..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,
3. Хохирогч *ын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 3-р хуудас/,
4. 2024 оны 11 дүгээр сарын 29-ний * аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” 2433000590139 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 53-56-р хуудас/,
5. 2024 оны 12 дугаар сарын 01-ны өдөр яллагдагч *гээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 60-р хуудас/,
6. 2024 оны 08 дугаар сарын 24-ны өдөр Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70-р хуудас/,
7. 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хаан банкны дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 85-87, 88-89-р хуудас/,
8. Яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 64-69-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж, зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул шүүх дээрх баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэрэгт хамааралтай гэж үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Прокурорын газраас шүүгдэгч *г зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдыг залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэж уг гэмт хэргийн үйлдлийн шинжүүдийг тодорхойлсон бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн * аймгийн * сумын *ний харуулаар ажилд оруулж өгнө гэж 3,000,000 төгрөгийг, 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр *ын нөхөрт төмөр замчны үнэмлэх авч өгнө гэж итгүүлэн 1.500.000 төгрөгийг бусдын дансаар дамжуулан авсан гэх үйл баримт нь тогтоогдож байгаа бөгөөд зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэх үйлдлийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч * нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй.
Шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэгслээр хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч * нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоогдсон эсэхийг хянаж, шүүгдэгч *д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
* аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас яллагдагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн болох нь Прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, эрүүгийн хариуцлагын талаарх” саналаар нотлогдож байна. /хавтаст хэргийн 183-184-р хуудас/,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зааснаас үзвэл шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага нь хуульд заасан төрөл, хэмжээний дотор байх тул хуульд нийцсэн гэж дүгнэлээ.
Энэ хэргийн улмаас хохирогч * нь хохирлоо бүрэн төлүүлж авсан гэх тайлбарыг гаргасан шүүгдэгч * нь эрүүгийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй. /хавтаст хэргийн 168-р хуудас/,
Иймд шүүгдэгч *д прокурортой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон хэмжээгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.
“Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан байх ба шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэг, тогтсон цалин орлоготой болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тогтоогдсон тул шүүгдэгчид торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт дагалдаж ирсэн СД бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж үлдээж шийдвэрлэв.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.
Хохирогч нь шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *ийн *г зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Шүүгдэгч * оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт дагалдаж ирсэн СД бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН