| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/0053/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/58 |
| Огноо | 2025-06-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Солонго |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/58
2025 06 03 2025/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,
Улсын яллагч Т.Солонго,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *,
Шүүгдэгч *,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, *гийн *т холбогдох эрүүгийн * дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, * оны* дүгээр сарын *-ний өдөр * аймгийн * суманд төрсөн, * настай, э*эгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “*” ХХК-д трактор-комбайнч ажилтай, ам бүл * хамт амьдардаг. * аймгийн* сумын * дугаар хэсэгт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, ял шийтгэлгүй, *гийн * /РД:*/.
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч * нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч * нь 2025 оны 03 дугаар сарын 10-ны шөнө 01 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн 2-р хэсэг 4-р гудамжинд хамтран амьдрагч *гийн толгой хэсэг рүү чулуу шидэж духанд шарх гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутай болох нь:
Хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:
1. Хохирогч *гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 09-ний орой 18 цагийн орчим нөхрийн найз *ын гэрт орж Мартын баяр тэмдэглэж сууцгаасан. Тэнд би, *, түүний эхнэр *, * нар байсан. Бид хэд бууз хийж идэх зуураа 0,75 литр хэмжээтэй зэс өнгөтэй Стандарт нэртэй архи хувааж ууцгаасан. Нэг их удалгүй 23 цагийн орчимд би гарч яваад харих замд Анхбат гэх залуугийн цэнхэр эрээн Монгол гэрийн гадуур явж байтал дотор нь нөхрийн дуу гарах шиг болохоор нь шагайтал манай нөхөр *, *, түүний эхнэр * хүүхэдтэйгээ байсан. Нөхөр "хаашаа яваад ирж байгаа юм" гээд хардсан байдалтай муухай хараад байхаар нь "чи өөрөө хамт явна гэчихээд яваагүй биз дээ" гэтэл "би чамайг эрт ир гэсэн яасан" гэхээр нь "би эрт ирлээ шүү дээ" гэтэл урдаас уурлаад "муу янхан янхандаж яваад ирлээ" гэж хэл үгээр доромжлоод байхаар нь ганцаараа гэр лүүгээ алхаж байтал нөхөр араас гарч ирэх шиг болохоор нь хойшоо харах зуур гэнэт толгой дээр тас гээл буучихсан. Би тухайн газар хэсэг манарч суусан. Толгойны дух хэсэгт маш их өвдөж, цус гоожоод байсан. Тэгээд гэрт ороод солих хувцас аваад Даланбаяр гээд ахын гэрт очтол юу болсон юм бэ, эмнэлэг дуудах уу гэхээр нь яах юм бэ та ажил дээр хүргээд өгчих гээд сургууль руу хүргүүлсэн Сургууль дээр * жижүүртэй байсан. Юу болоо вэ, эмнэлэг дуудъя гэхээр нь яах юм бэ гээд нүүр гараа угаагаад хувцсаа сольсон. Тэгээд ажил дээр унтаад өгсөн. Маргааш нь толгой өвдөөд цус гоожоод байхаар нь эмнэлэг дээр очтол Шижирсайхан эмч үзээд шууд Дархан руу явж үзүүлсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 18-19-р хуудас)
2. Гэрч *ы мөрдөн байцаалтад өгсөн “... 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 09.10 цагт эмнэлгийнх хүлээн авах дээр * нь үзүүлэхээр орж ирсэн. Юу болсон талаар асуухад хүнтэй маргалдаад цохиулсан. Өөрөө санахгүй байна. Би архи уусан байсан гэж хэлсэн. Духны баруун хэсэгт наалт байхаар нь сөхөж хартал 7-8 см орчим зүсэгдсэн шарх байсан. Тухайн шарх нь нэлээн гүн байсан бөгөөд манайд оёдол тавих боломжгүй байсан учраас Дархан луу тээвэрлэх гэж байтал өөрөө машин олчихлоо гээд явсан. Тэгээд би сумын цагдаа Мандахбаярт * духандаа зүсэгдсэн шархтай орж ирлээ, өөрөө Дархан луу явчихлаа гэж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-р хуудас)
3. Гэрч *ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2025.03.09-ний өдөр би 24 цагаар жижүүрт гарч байсан. Тухайн өдөр амралтын өдөр байсан тул хүн байгаагүй. Шөнө 01 цаг 40 минут орчмын үед хүн хаалга нүдээд байхаар нь гартал * эгч байсан. Тэгээд оруултал духнаас цус гоожчихлоо угаачихъя гэж орж ирсэн. Сургуулийн 00- ийн өрөө рүү ороод нүүр гараа угаачхаад гарч ирэхээр нь "яав та юу болов" гэхэд юмаар цохичихлоо гэхээр нь хэн цохисон юм гэтэл надад хэлээгүй. Би эмнэлэг дуудах уу, дуудлага өгөх үү гэтэл яах юм бэ, зүгээр гэж хэлээд байгаад байхаар нь та ядаж ээж дээрээ очихгүй юм уу гэтэл яах юм бэ, ээжийн санаа зовно гээд байхаар нь за унт гээд унтуулсан. Тэгээд өглөө 09 цагийн орчимд эмнэлэг явлаа гээд яваад өгсөн... гэх мэдүүлэг (хх-ийн 23-р хуудас)
4. Гэрч *ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай гэрийнхэн 23 цагт орондоо орцгоосон. Хүүхдүүд болон аав минь унтчихсан байхад гаднаас * /Улаанаа/ орж ирсэн. Цагаан сарын үлдэгдэл байсан 1 шил 0.75 литр хэмжээтэй архи гаргаж өгсөн юм. Тэгээд би унтаад өгсөн. Шөнө нэг сэртэл эхнэр ирчхээд явлаа гэж байсан. Тэгээд тэр 1 шил архиа уучхаад Улаанаа манай нөхөр Анхбат нар юм ярьж байгаад Улаанаа гэртээ харилаа гээд яваад өгсөн. Тухайн үед цаг хэд болж байсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-р хуудас)
5. Гэрч *ын мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн өдөр орой 23 цагийн үед гэрийнхэн унтаж байхад Улаанаа /*/ орж ирсэн Тэгээд эхнэр авдраас 1 шил архи гаргаж өгсөн. Тэрийг задлаад удаач үгүй байтал гаднаас хүн хаалга татах шиг болохоор нь би хаалгаа нээтэл хүн байгаагүй. Гэрийн араар хүн тойроод алхах чимээ сонсогдтол Улаана араас нь гарахаар нь би хамт гарсан Гэрийн үүдэнд хараад байж байтал Улаанаа газраас нэг юм авч шидчихээд эргэж над руу хараад эхнэр зугтчихлаа гээд буцаад манайх руу орсон... гэх мэдүүлэг (хх-ийн 27-р хуудас),
6. Иргэний нэхэмжлэгч *ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн хэрэгт эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тодорхойлолтод иргэн *гийн биед эмчилгээ хийсэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын сангаас 93,000 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ хийгдсэнийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 32-р хуудас)
7. Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 243 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- *гийн биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо.
- Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
- Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
- Учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд, чулуугаар цохиулах үед үүсэх боломжтой... гэх шинжээчийн дүгнэлт. (хх-ийн 9-10-р хуудас)
8. 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,
9. 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хэргийн газарын үзлэг хийсэн тэмдэглэл тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6-р хуудас/,
10. 2025 оны 04 дүгээр сарын 30-ны Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” * дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 35-38-р хуудас/,
11. 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр сэжигтэн *аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 29-р хуудас/,
12. 2025 оны 05 дугаар сарын 01-ны өдөр яллагдагч *аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 41-р хуудас/,
13. 2025 оны 03 дугаар сарын 24-ны өдөр Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-54-р хуудас/,
14. Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан тухай баримт /хх-ийн 59-60-р хуудас/,
15. Эрүүл мэндийн даатгалын санд төлбөр тушаасан тухай Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 63-р хуудас/,
16. 2025 оны 05 дугаар сарын 13-ны Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай” 16 дугаартай прокурорын тогтоол, яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээний тухай прокурорын санал /хх-ийн 71-74-р хуудас/,
17. Яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 45-52-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж, зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул шүүх дээрх баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэрэгт хамааралтай гэж үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Прокурорын газраас шүүгдэгч *ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч *гийн биед духанд шарх гэмтэл тогтоогдсон бөгөөд шүүгдэгч * нь *гийн араас чулуу шидсэний улмаас хохирогчийн духанд шарх гэмтэл учирсан байх ба *ын үйлдэл, хохирогчид учирсан гэмтэл хоёр нь шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч * нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэмт хэргийг санаатай хэлбэрээр үйлджээ. Өөрөөр хэлбэл өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч * нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй.
Шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэгслээр хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокурор дээрх хүсэлтийг хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоогдсон эсэхийг хянаж, шүүгдэгч *т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас яллагдагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн болох нь Прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, эрүүгийн хариуцлагын талаарх” саналаар нотлогдож байна. /хавтаст хэргийн 73-74-р хуудас/,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж зааснаас үзвэл шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага нь хуульд заасан төрөл, хэмжээний дотор байх тул хуульд нийцсэн гэж дүгнэлээ.
Энэ хэргийн улмаас хохирогч * нь “...Миний бие * нь нөхөр *тай эвлэрсэн нөхөр маань надаас уучлалт гуйсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтээр шүүгдэгч * нь бусдад төлөх төлбөргүй байна. /хавтаст хэргийн 67-р хуудас/,
Шүүгдэгч * нь Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 93,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь 2025 оны 05 дугаар сарын 07-ний өдөр төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шижлүүлгийн баримтаар нотлогдож байна. /хх-ийн 63 хуудас/
Иймд шүүгдэгч *т прокурортой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон хэмжээгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.
Хохирогч нь шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *гийн * /РД:*/-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч *ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэглэн төлүүлэхээр тогтоосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *т мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5х6 хэмжээтэй чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй ба шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 93,000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН