| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/0063/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/82 |
| Огноо | 2025-05-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч П.Шижиртуяа,
хохирогч Б.Ч*******,
шүүгдэгч Г.Г******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г*******т холбогдох эрүүгийн 2415003100015 дугаартай, 304/2025/0063/Э индекстэй хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х******* овогт Г*******ийн Г*******, Архангай аймгийн Цэцэрлэг суманд 1998 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол 110-112 тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, 26 настай, эрэгтэй, /РД: *******/.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Г******* нь Г.Г******* нь хохирогч Б.Ч*******ад “банз худалдан авч зараад ашгаас нь өгье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Б.Ч*******аас 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Булган сумын 1-р баг 901 тоот хашааны гадаа машин дотор 18,000,000 /арван найман сая/ төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Булган сумын 1-р багийн нутаг ******* тоот хашааны гадна 2,000,000 /хоёр сая/ төгрөг, нийт 20,000,000 /хорин сая/ төгрөгийг 2 удаагийн үйлдлээр шилжүүлэн авч залилсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2415003100015 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал б*******с нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Г.Г******* нь Г.Г******* нь хохирогч Б.Ч*******ад “банз худалдан авч зараад ашгаас нь өгье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Б.Ч*******аас 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Булган сумын 1-р баг 901 тоот хашааны гадаа машин дотор 18,000,000 /арван найман сая/ төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Булган сумын 1-р багийн нутаг ******* тоот хашааны гадна 2,000,000 /хоёр сая/ төгрөг, нийт 20,000,000 /хорин сая/ төгрөгийг 2 удаагийн үйлдлээр шилжүүлэн авч залилсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1.Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Г******* өгсөн: Хэргийн үйл баримтын талаар мөрдөн шалгах ажиллагаанд тодорхой, үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Дахин ийм алдаа зөрчил гаргахгүй. Хохирогчийнхоо хохирол төлбөр болох 20,00,000 төгрөгийг саяхан төлж барагдуулсан байгаа гэв.
2. Шүүх хуралдаанд хохирогч Б.Ч*******ын өгсөн: 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Г.Г******* нь ахаа хоёулаа бизнес эрхэлье гэж хэлсэн. Ямар бизнес яаж ашиг олох юм гэж нягталж асуухад Хутаг-Өндөр сумаас палк аваад Улаанбаатар хот руу оруулж үнэ нэмж зараад хоёулаа ашиг хүртэе гэж хэлсэн. Тэгээд би гэрийнх нь үүдэнд очиж байгаад дахин сайн нягталж асуугаад чи хулхидаад алга болчихвоо, наад мөнгө чинь ахынх нь аж амьдрал явж байгаа шүү, наад ажил чинь үнэхээр баттай юм уу? гэж асуухад тийм зүйл огт байхгүй ахаа, баттай гэж хэлсэн. Тэгээд би эхний удаа 18 сая төгрөгөө өгсөн. Ингээд 2-3 хоногоо дараа тохиролцсон ёсоор мөнгөө авахаар утсаар ярихад ахаа таны мөнгө одоо дансанд байгаа гээд дансны хуулга скрийн шот хийгээд над руу явуулсан. Тэгээд ахаа таны мөнгийг шилжүүлчихсэн. Голомт банкаар дамжуулж явдаг болохоор 1-2 хоног болдог гэж хэлсэн. Удалгүй ахаа би хүнээс дахиад 700-800 ш палк авахаар тохиролцоод мөнгийг нь шилжүүлчихлээ, харин та одоо надад 6 сая төгрөг гаргаж өгөөч гэж хэлсэн. Тэгэхэд нь би надад тийм их мөнгө байхгүй гэж хэлээд эхнэрээс 2 сая төгрөг аваад Г******* рүү утсаар яриад нэмж 2 сая төгрөг л боломжтой байна гэж хэлээд шилжүүлсэн. Ингээд нийтдээ 20 сая төгрөгийг Г******* рүү шилжүүлсэн. Тэгээд ийм л зүйл болчихлоо. Би 20 сая төгрөгөө шүүх хуралдааны өмнө авсан. Би энэ залуу хүүхдийн ирээдүйг бодолцож үзээд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэлье. Цаашид энэ байдал дээрээ дүгнэлт хийнэ биз дээ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан:
1. Хохирогч Б.Ч*******ын өгсөн: “...Би Булган аймгийн Булган сумын төвд олон нийтийн цагдаа хийж байсан Г******* гэх залуутай 2024 оны 07 сарын сүүлээр танилцсан. Түүнээс хойш мэнд устай нэг нэгнийгээ таньж мэддэг болсон бөгөөд надаас 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр уулзаад ахаа мөнгө байвал өгөөч би Хөвсгөл аймгаас палк худалдаж аваад Улаанбаатар хот руу оруулж зарах гэсэн юм. Танаас авсан мөнгөө 2-3 хоноод эргүүлээд өгнө. Эргүүлж өгөхдөө би танд 2,300,000 төгрөгийн ашиг өгье гэж хэлэхээр нь би зөвшөөрч Г*******ийн Хаан банкны данс руу өөрийн данснаас 18,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш би 3 билүү 4 хоноод юу? болж байгаа талаар асуухад Г******* нь би нөгөө ажлаа бүтээгээд ашгаа аваад өөр зүйлд дахиад бүх мөнгөө оруулчихлаа удахгүй мөнгө маань ороод ирэх байх тэгэхээр мөнгийг чинь явуулъя гэж хэлсэн. Улмаар би 2024 оны 09 сарын 07-ны өдөр мөнгө яаваа гээд утсаар асуухад ахаа дахиад 6 сая төгрөг зээлдээч ажил бүтэхгүй мөнгө дутчихаад байна. Би танд эргүүлээд нийт 30,000,000 төгрөг болгочхоод өгье модны бизнес их ашигтай юм байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би данс руу нь надад байгаа нь энэ байна гээд 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би мөнгө зээлдэж өгөхөөсөө өмнө Г******* гэх залууг 50-60 орчим сая төгрөгөөр хашаа байшин бариулсан юм чинь буцаад авч болох байлгүйдээ гэтэл надаас мөнгө аваад удалгүй хашаа байшингаа зарчихсан байсан.Тэгээд мөнгөө авъя гэж нэхтэл хашаа байшингийн маань мөнгө орж ирээгүй байна. Ирэхээр нь өгье гэж хэлсээр өнөөдрийг хүрчхээд байна. Мөн эхнэртэй нь утсаар ярьж мөнгөө авах талаар хэлэхэд би Г*******өөс салчихсан одоо тусдаа амьдарч байгаа Г******* нь өөр бусад өчнөөн хүмүүст мөнгөний өртэй юм байна лээ гэж хэлж байсан. Түүнээс хойш удаа дараа мөнгөө нэхэхэд удахгүй өгнө. Голомт банкаар шилжүүлчихлээ ажлын хэд хоног болоод таны данс руу орох байх гэх мэтээр худлаа яриад байгаа юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
2. Гэрч О.Уын өгсөн: “…Би Г*******ийн бусдаас зээлж авсан мөнгөнүүдийг
өөрөө зээл хийж байгаад төлж өгсөн. Би нийт ойролцоогоор 4-5 сая төгрөгөөр Г*******ийн зээлийг дарсан бөгөөд харин Г******* нь тухайн мөнгийг надад бага багаар төлж байхаар ярилцаж тохирсон учир миний данс руу боломжтой болохоороо мөнгө хийж байсан. Мөн 100,000 төгрөгөөс доош гүйлгээтэй мөнгийг болохоор Г******* нь надаас салаад байшиндаа ганцаараа байх үед нь би эргэж тойрч очиход намайг дэлгүүр явуулах гэж над руу бага хэмжээгээр мөнгө шилжүүлж өгдөг байсан Г******* нь надад хэлэхдээ рамнаас банз, палк авчихсан Улаанбаатар хот руу зөөвөрлөж ашиг олно гэх мэт байдлаар хэлдэг байсан. Харин би болхоор сүүлд нь ямар нэгэн байдлаар бана, палканд мөнгө өгөлгүй харин цахим мөрийтэй тоглоом буюу 1x bet гэх зүйлд дандаа бооцоо тавьж мөнгө алдаж байсан талаар сүүлд мэдсэн. Гар утас нь дээр нь тухайн цахим тоглоомын аплейкшин байдаг байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,
3. Гэрч А.Бгийн өгсөн: “...Би тухайн 100.000 төгрөгийг зээлдэн авч байсан юм. Дараа нь би Г*******т зээлсэн 100.000 төгрөгөө авах уу? гэж асуухад зүгээр ахаа яахын та өөрөө ав гэж хэлээд надаас тухайн мөнгөө эргүүлж аваагүй юм. Би хамт үүрэг гүйцэтгэдэг байсан бөгөөд цахим мөрийтэй тоглоом буюу 1х Ье1 гэх зүйлд мөрий тавьж байгаа харагддаг байсан. Тухайн цахим мөрийтой тоглоомд яг хэдэн төгрөг алдсан хэдийг хожсон талаар би мэдэхгүй байна.Хамт байхад бол тухайн цахим тоглоомыг тоглож байгаа харагддаг байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/,
4. Булган аймгийн Цагдаагийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Лхагвадорж дансны хуулганд үзлэг хийсэн: “... Г******* овогтой Г*******ийн Хаан банкны дугаарын харилцах дансанд үзлэгийг хийв.Уг харилцах дансанд 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дугаартай данснаас /хохирогч Ч*******/ 18 сая төгрөгийг “ ” гэсэн утгаар орлого оруулсан байв. 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дугаартай хохирогч Ч*******ын данснаас 2 сая төгрөгийн орлого орж ирэв...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 20 дахь тал,
5. Яллагдагч Г.Г*******ийн өгсөн: “... Би Ч******* ахаас зээлж авсан 20,000,000 төгрөгийг ихэвчлэн цахим бооцоо тавихад зарцуулж дууссан. Бага зэрэг мөнгийг өөрийн салсан эхнэртээ өртэй байсан учир өрөө дарах гээд шилжүүлсэн. Мөн Очир-Ундраа банк бус санхүүгийн газраас 2024 оны 07 дугаар сард Lexus hs 250 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалдан зээлдэж авах гэрээгээр худалдаж авсан бөгөөд тухайн үед би нэг удаа Ч******* ахын мөнгөнөөс төлөлт хийсэн санагдаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг бодит байдлыг сэргээн тогтооход,
Шүүгдэгч Г.Г******* нь хохирогч Б.Ч*******ад “банз худалдан авч зараад ашгаас нь өгье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Б.Ч*******аас 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Булган сумын 1-р баг 901 тоот хашааны гадаа машин дотор 18,000,000 /арван найман сая/ төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Булган сумын 1-р багийн нутаг ******* тоот хашааны гадна 2,000,000 /хоёр сая/ төгрөг, нийт 20,000,000 /хорин сая/ төгрөгийг 2 удаагийн үйлдлээр шилжүүлэн авч залилсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон тогтоогдсон байна.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Ч*******ын “...2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр уулзаад ахаа мөнгө байвал өгөөч би Хөвсгөл аймгаас палк худалдаж аваад Улаанбаатар хот руу оруулж зарах гэсэн юм. Танаас авсан мөнгөө 2-3 хоноод эргүүлээд өгнө. Эргүүлж өгөхдөө би танд 2,300,000 төгрөгийн ашиг өгье гэж хэлэхээр нь би зөвшөөрч Г*******ийн Хаан банкны данс руу өөрийн данснаас 18,000,000 төгрөгийг шилжүүлсэн, Би танд эргүүлээд нийт 30,000,000 төгрөг болгочхоод өгье модны бизнес их ашигтай юм байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би данс руу нь надад байгаа нь энэ байна гээд 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэх мэдүүлэг, гэрч О.Уын”... Г******* нь надад хэлэхдээ рамнаас банз, палк авчихсан Улаанбаатар хот руу зөөвөрлөж ашиг олно гэх мэт байдлаар хэлдэг байсан. Харин би болхоор сүүлд нь ямар нэгэн байдлаар бана, палканд мөнгө өгөлгүй харин цахим мөрийтэй тоглоом буюу 1x bet гэх зүйлд дандаа бооцоо тавьж мөнгө алдаж байсан талаар сүүлд мэдсэн. Гар утас нь дээр нь тухайн цахим тоглоомын аплейкшин байдаг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35, 39 дэх тал),
Булган аймгийн Цагдаагийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Лхагвадорж дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 20 дахь тал),
яллагдагч Г.Г*******ийн “Би Ч******* ахаас зээлж авсан 20,000,000 төгрөгийг ихэвчлэн цахим бооцоо тавихад зарцуулж дууссан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал),
Хохирогч Б.Ч******* нь шүүгдэгч Г.Г*******ийг 20,000,000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр шилжүүлэн авч залилсан гэж мэдүүлгийн эх сурвалжаа заан мэдүүлснийг давхар гэрч О.Уа гэрчилж мэдүүлдэг бөгөөд тэдний мэдүүлгийг няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Булган аймгийн Цагдаагийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Лхагвадорж дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлд “...Г******* овогтой Г*******ийн Хаан банкны дугаарын харилцах дансанд үзлэгийг хийв.Уг харилцах дансанд 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дугаартай данснаас /хохирогч Ч*******/ 18 сая төгрөгийг “ ” гэсэн утгаар орлого оруулсан байв. 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дугаартай хохирогч Ч*******ын данснаас 2 сая төгрөгийн орлого орж ирэв гэсэн тэмдэглэл,
Дээрхээс дүгнэвэл, шүүгдэгч Г.Г*******ийн “Залилах” гэмт хэргийг хуурч мэхлэх, ...зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын төөрөгдөлд оруулах, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг арга хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг өрийн эрх мэдэлд шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Тухайн гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж, бусдын эд хөрөнгөд хохирол учруулдаг.
Хохирогч Б.Ч*******ад учруулсан 20,000,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нь төлж барагдулсан болох нь хэрэгт авагдсан ХААН банкны шилжүүлгийн баримт болон хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Г.Г*******өөс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч П.Шижиртуяагаас:
“шүүгдэгч Г.Г*******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, хохирлыг төлж барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай байна. Миний хувьд торгох ялыг оногдуулах боломжгүй гэж үзэж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Г******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол 110-112 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй талаар ял шалгах хуудас /1-хх 67 тал/ баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа ухамсарлаж байгаа байдал, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн төлж барагдуулсан,
Мөн шүүхээс тогтоосон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгон,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г*******т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар Г.Г*******ийн тэнсэнгийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнсэнгийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж,
Шүүгдэгч Г.Г*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнссэн, тэнсэнгийн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.3, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х******* овогт Г*******ийн Г*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Г*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар Г.Г******* тэнсэнгийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг,
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнсэнгийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус сануулсугай.
4. Шүүгдэгч Г.Г*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын жилийн хугацаагаар тэнссэн, тэнсэнгийн хугацаанд мөн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Г*******т мэдэгдсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.Г*******ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Г.Г*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
8. Шүүгдэгч Г.Г******* цагдан хоригдсон 3 /гурав/ хоногтой болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ