Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/338

 

 

 

 

 

 

  2021             4              1                                          2021/ДШМ/338

 

 

Б.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Анхцэцэг,

шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн,

хохирогч Б.Э-ын өмгөөлөгч Б.Энхболд,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/147 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Э-ын өмгөөлөгч Б.Энхболдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.А-д холбогдох эрүүгийн 2008022821474 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шарынхан овгийн Батсуурийн Б.А-, 19....... оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймагт төрсөн, ............ настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй “..................” ХХК-д ээлжийн ахлагч ажилтай, ам бүл ...........хамт Сонгинохайрхан дүүргийн ................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ..................../;

Б.А- нь 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Товчооны зам 84-2 тоот “..........................” ХХК-ийн хашаанд Б.Э-тай маргалдаж нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын шуунд цус хуралт, хамрын үзүүрт зулгаралт, баруун дээд 1 дүгээр шүдний ёзоорын түвшин дэх хугарал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.А-гаас хохирогч Б.Э-д 1.409.000 төгрөг төлсөн болохыг дурьдаж, хохирогч Б.Э- нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.А-гаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Э-ын өмгөөлөгч Б.Энхболд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй байна. Үүнд: 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эм Эм Жи Капитал” ХХК-ийн иргэн Б.Э-ын биед Б.А-, Б.Отгонтөгс, Н.Батсуурь нар нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Гэтэл мөрдөн байцаалтын явцад зөвхөн Б.А-г яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй байх ба эрүүгийн хэрэгт Б.Отгонтөгс, Н.Батсуурь нарыг яллагдагчаар татаж шалгах шаардлагатай байна. Учир нь, эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди дээрхи бичлэг болон хохирогч Б.Э-, гэрч Э.Оюунтуяа, О.Отгонжаргал, Т.Батболд нарын мэдүүлэг дээр нэр дурьдсан хүмүүс хохирогч Б.Э-ын биед халдсан нь тодорхой байгаа юм. Хохирогч Б.Э- нь өнөөдрийг хүртэл өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бүрэн эмчлүүлж дуусаагүй байгаа бөгөөд эрүү, шүдэнд имплант яс суулгах мэс засал хийлгэх шаардлагатай байгаа. Гэтэл анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан гэж дүгнэн түүнийг торгосон нь үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч Ч.Даваасүрэнгээс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөрдөн байцаалтын шатанд хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс энэ талаар гомдол, хүсэлт гаргаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Х.Алтанцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт авагдсан баримтаар Отгонтөгс, Батсуурь нар нь Б.А-тай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдсэн нь тогтоогддоггүй. Хэрэг гарах үед байсан гэрч нарт хууль сануулж мэдүүлэг авсан. Хэрэгт камерын бичлэг авагдсан. Уг бичлэгээр Б.А- 2-3 удаагийн идэвхтэй үйлдлээр Б.Э-ын биед хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдсон. Анхан шатны шүүх хуралдааны үеэр хохирогчид шүүх хуралдаан тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна гэж танилцуулсан. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогч өнөөдөр хагалгаанд орж байгаа учраас ирээдүйд гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн байр суурьтай байсан. Эрүү, шүдэнд имплант хийлгэсэн гэх баримт байхгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдохгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар 1.409.000 төгрөгийн хохирол тогтоогдсон уг баримтыг шүүгдэгч төлж барагдуулсан. Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн учраас 500 нэгжээр торгох ялын санал гаргасан. Анхан шатны шүүхээс 450 нэгжээр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

            Шүүгдэгч Б.А- нь 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохйрхан дүүргийн 20 дугаар хороо, Товчооны зам 84-2 тоотод оршин байрлаж үйл ажиллагаа явуулдаг “Эм эм жи капитал” ХХК-ийн хашаанд Б.Э-тай маргалдаж, улмаар нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын шуунд цус хуралт, хамрын үзүүрт зулгаралт, баруун дээд 1 дүгээр шүдний ёзоорын түвшин дэх хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            “...тэгсэн ноолуур нь чийгтэй гараад байхаар нь манай эхнэр Оюунтуяа нь Б.А- гэх хүнд “ноолуур чийгтэй гараад байна, сайн хатааж гарга” гэхэд Б.А- нь цааш явж байхдаа “хэл амтай пязда вээ” гээд яваад өгсөн. ...Би Б.А- гэх хүүхэнд “би ноолуураа ямар гарч байгааг хянаж байна” гэхэд “чи юу мэддэг юм бэ, чи цаашаа зайл” гэсэн. ...Б.А- намайг өшиглөөд миний баруун шанаа хэсэгт алгадаад авсан. ...Тэгсэн чинь Б.А- гэх хүүхэн миний цамцны малгайнаас зулгаагаад баруун гуя хэсэгт өшиглөсөн” тухайгаа мэдүүлсэн хохирогч Б.Э-ын мэдүүлэг /хх 49-54/,

            “...миний харж байснаар Б.А- нь Э- гэх залуугийн нүүр хэсэгт нь гараараа нэг удаа алгадаад нэг удаа нүүр хэсэгт нь цохьсон” тухай мэдүүлсэн гэрч Б.Отгонтөгсийн мэдүүлэг /хх 61, 64/,

            “...Тэгсэн Б.А-, Э- гэх залуугийн нүүр хэсэгт гараараа цохиод авсан. Гаднаас Марал, Баяр нар орж ирээд “юу болоод байна” гээд салгасан. Б.А- цааш яваад хатаах машины эвдрэлийг шалгаад явж байтал Э- гэх залуу Б.А-гийн толгой хэсэгт цохиод авсан. Б.А- эргэж хараад нүүр хэсэгт нь гараараа цохиод авсан” тухай мэдүүлсэн гэрч Т.Долгорын мэдүүлэг /хх 73/,

            “...Би очоод Э- ахыг салгаад Б.А- гэх эмэгтэйг “цаашаа бай, одоо боль” гэж хэлсэн чинь Отгонтөгс ирээд “чи яагаад манай эгчийг цохьдог юм” гээд хоорондоо маргалдаад Э- Отгонтөгс хоёр нэг нэг рүүгээ ноолуур шидээд байсан чинь Б.А- хажуу талаас нь орж ирээд Э- ахыг гараараа нүүр хэсэгт нь цохиод авсан. Миний мэдэж байгаагаар Б.А- гэх эмэгтэй Э-ын нүүр хэсэгт нь гараараа хоёр удаа алгадаад цохьсон” тухай мэдүүлсэн гэрч Т.Батболдын мэдүүлэг /хх 91/,

            “Б.Э-ын зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын шуунд цус хуралт, хамрын үзүүрт зулгаралт, баруун дээд 1 дүгээр шүдний ёзоорын түвшин дэх хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна” гэсэн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 7365 дугаар дүгнэлт /хх 103-104/,

“...Б.Э-ын зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын шуунд цус хуралт, хамрын үзүүрт зулгаралт, баруун дээд 1 дүгээр шүдний ёзоорын түвшин дэх хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна” гэсэн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 1104 дүгээр дүгнэлт /хх 112-115/, шинжээч эмчийн мэдүүлэг /хх 119/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 33-43/ зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” бол гэмт хэрэгт тооцож, зохих эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байх ба шүүгдэгч Б.А-гийн үйлдлийг тухайн зүйл хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.А-г хохирогч Б.Э-ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдалтай тохирсон гэж үзэв.

Хохирогч Б.Э-ын өмгөөлөгч Б.Энхболд “...шүүгдэгч Б.А- хамт Б.Отгонтөгс, Н.Батсуурь нарыг яллагдагчаар татаж шалгаагүй орхигдуулсан, хохирогч Б.Э-д учирсан эрүүл мэндийн хохирол бүрэн арилаагүй, цаашид эрүү шүдний эмчилгээ хийлгэх шаардлагатай байхад анхан шатны шүүх хохирол арилгасан гэж торгох ял шийтгэсэн нь тохироогүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлийг мөрдөн шалгах явцад бүрэн шалгаж тогтоосон. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.А-гийн хохирогч Б.Э-ын эсрэг ганцаараа үйлдсэн буруутай үйлдлийг нотлон тогтоосон, түүнтэй хамт өөр этгээд хамтран оролцсон гэж үзэх үндэслэлгүй байхгүйгээс гадна шүүгдэгчийн үйлдэлд тохирсон, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан, хохирогч Б.Э-ын хэрэгт гаргаж өгсөн хохирлын талаарх баримтын дагуу 1.409.000 төгрөгийг нөхөн төлсөн, анхан шатны шүүх шийдвэртээ хохирогч нь цаашид гарах зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэсэн байна.  

Иймд хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/147 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Э-ын өмгөөлөгч Б.Энхболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                                        Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ