| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 105/2024/1271/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1467 |
| Огноо | 2025-05-30 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Билгүүн |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1467
2025 05 30 2025/ШЦТ/1467
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
Улсын яллагч Г.Билгүүн,
Шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Н.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2402006230*** дүгээр хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** өдөр *** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт **** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Б /РД:**** /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр **** тоот гэртээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, хар өнгийн гялгар ууттай, нийт 11.8 грамм цэвэр жин бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь “2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр **** тоот гэртээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, хар өнгийн гялгар ууттай, нийт 11.8 грамм цэвэр жин бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгал” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Талдуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дахь тал/,
2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11 дэх тал/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14 дэх тал/,
Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2*** дугаартай Прокурорын тогтоол /хх-ийн 5-6 дахь тал/,
Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-23 дахь тал/,
2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “...№1 гэж дугаарласан зиплок ууттай ургамал мэт зүйл 2.4 грамм, №2 гэж дугаарласан зиплок ууттай ургамал мэт зүйл 9.4 грамм, №3 гэж дугаарласан зиплок уутанд хуванцар гуурс мэт зүйлтэй шилэн сав мэт зүйл 1 ширхэг, хуванцар гуурс мэт зүйл 1 ширхэг, шилэн сав мэт зүйл 2 ширхэг”-ийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 26 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 5211 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-33 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5210 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-39 дэх тал/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 859 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 42-43 дахь тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дахь тал/,
Шүүгдэгч Б.Б н хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 59-69 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж шийдвэрлэлээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Тухайн хэргийн тухайд шүүгдэгч Б.Б нь **** тоот гэртээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” нэгдсэн конвенцийн II дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, хар өнгийн гялгар ууттай, нийт 11.8 грамм цэвэр жин бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх тул улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч Б.Б г “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй.
Нөгөө талаар сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанарын хувьд хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах зэргээр хортой үр дагавар үүсгэдгээр хүн амын эрүүл мэнд аюулгүй байдалд хохирол, хор уршиг учруулдаг онцлогтой.
Иймд шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Б г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух, газар ажил сургуулиа өөрчилсөн тохиолдолд энэ талаар хяналт тавих эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж байна.
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй “№1 гэж дугаарласан зиплок ууттай ургамал мэт зүйл 2.4 грамм, №2 гэж дугаарласан зиплок ууттай ургамал мэт зүйл 9.4 грамм, №3 гэж дугаарласан зиплок уутанд хуванцар гуурс мэт зүйл 1 ширхэг, шилэн сав мэт зүйл 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б н иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Б г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчилсөн тохиолдолд энэ талаар хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэхийг үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй “№1 гэж дугаарласан зиплок ууттай ургамал мэт зүйл 2.4 грамм, №2 гэж дугаарласан зиплок ууттай ургамал мэт зүйл 9.4 грамм, №3 гэж дугаарласан зиплок уутанд хуванцар гуурс мэт зүйл 1 ширхэг, шилэн сав мэт зүйл 2 ширхэг зэргийг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС