2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1042

 

  2025           04           15                                    2025/ШЦТ/1042

     

                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,

улсын яллагч Г.Мөнхтүвшин,

шүүгдэгч Л.******* (өөрийгөө өмгөөлөн) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.*******д холбогдох эрүүгийн 2508008910260 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,,, тоотод түр оршин суух гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт гийн ******* (Регистрийн дугаар: ).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Л.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 16 дугаар гудамж нийтийн байрны 210 тоотод Б.тэй “нөхөртэйгөө хардлаа” гэх шалтгаанаар маргалдаж үснээс нь зулгааж газарт унаган толгой, нүүр хэсэг рүү гараараа цохиж, хацарт хазаж зүүн нүдний доод зовхи, хацарт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2025 оны 01 дүгээр сарын 31-ний 21 цагийн үед Баянзүрх дүүргийн эмнэлгийн хажууд Зулаа гэх найзын хамт 2 лааз пиво уусан. Зулаа явсан бөгөөд ******* өдөр нь намайг хүрээд ир гэж байсан учраас *******тэй холбогдоход намайг такси бариад хүрээд ир гэсэн. Тэгээд такси бариад Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *******гийн амьдардаг нийтийн байранд очсон. Тэгээд ******* намайг өрөө цэвэрлэчихье гэхээр нь би зөвшөөрч цэвэрлэх гэтэл ******* утсаа оролдоод байсан. Ингээд би *******г “өрөөгөө цэвэрлэчихье” гэхэд “чамаар цэвэрлүүлэх гэж дуудсан юм гичий минь” гэж хэлэхээр нь би түүнд хандаж “чи яаж харьцаад байгаа юм бэ?” гэхэд над руу дайраад үснээс зулгаахад нь би зөрүүлээд үснээс нь зулгаасан. Тэгтэл миний толгой руу 2-3 удаа цохиход би газар унахад миний зүүн хацраас хазсан. Тэр үед тэнд байсан эгч нь арайхийж салгасан. Дахиад над руу дайраад байхаар нь би хогийн сав авч шидсэн. Тэгээд би тэдний гэрээс гараад цагдаа дуудсан. Тухайн үед миний хацар хавдаж, нүд хөхөрч, өвдөг мөн цус хурсан байсан. Миний биед учирсан гэмтлийг ******* ганцаараа учруулсан. Би сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоос татгалзаж байна, гомдолтой, хуулийн дагуу шийдүүлмээр байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас),

Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчийн ЕГ0725/2889 дугаартай: “...Б.ийн биед зүүн нүдний доод зовхи, хацарт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас),

Шүүгдэгч Л.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед байр түрээслэхээр болж манай гэрт хувцсаа түр тавьж хэд хоног амьдарсан. Тэгээд тэр өдрийн орой 22 цагийн үед гаднаас архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай орж ирээд бид хоёр гадаа найзынхаа машинд нэг хүний 2 лааз пиво уусан. Тэгээд дуусаад гэр лүү ороод сууж байтал намайг нөхөртэйгөө хардаад явалддаг гээд хараалын үгээр доромжилсон. Миний бие ийн нөхрийг 1 удаа харж байсан. Өмнө нь ерөөсөө уулзаж байгаагүй. Тэгээд намайг нөхөртэйгөө хардаж бид хоёр маргалдаж миний үснээс татахаар нь би түлхэж унагасан. Миний үснээс татаад байхаар нь би зүүн талын хацраас нь хазсан. Тухайн үед Солонго эгч бид хоёрыг болиулаад байж байтал хогийн савны тагаар миний нүүр лүү хэд хэдэн удаа цохисон. Тэгээд бид хоёр эвлэрээд байж байтал нь хувцсаа авч манайхаас гараад удалгүй цагдаа дагуулж орж ирсэн. ...Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35, 65-67 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дугаар хуудас), Хаан банкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 39-50 дугаар хуудас), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 58 дугаар хуудас) зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч Л.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Л.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 16 дугаар гудамжны 51 тоотод байрлах нийтийн байрны 210 тоотод хохирогч Б.тэй “нөхөртэйгөө хардлаа” гэх шалтгаанаар маргалдан, улмаар үснээс нь зулгааж газарт унаган толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиж, хацрыг нь хазаж эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхи, хацарт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч Б.ийн мэдүүлэг, Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчийн ЕГ0725/2889 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Л.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-д заасан хөнгөн зэргийн хохирлыг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” тохиолдолд хохирлын хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч Б.ийн эрүүл мэндэд учирсан зүүн нүдний доод зовхи, хацарт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн ЕГ0725/2889 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.

Хохирогч Б.ийн эрүүл мэндэд учирсан, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Л.*******гийн хууль бус үйлдэл болох үснээс нь зулгаах, газарт унаган толгой, нүүр лүү нь цохиж, хацрыг нь хазсанаас үүссэн шалтгаант холбоо тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь бусдын бие махбодод халдвал хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн үснээс зулгааж, газарт унаган толгой, нүүр хэсэг рүү нь гараараа цохиж, хацрыг нь хазсан үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Л.*******гийн бусдын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Б.ийн шүүгдэгч Л.*******гийн эрүүл мэндэд халдсан байж болзошгүй үйлдлийг Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй эсэхийг шалгуулахаар хавтаст хэргээс холбогдох материалыг хуулбарлан эрх бүхий байгууллагад шилжүүлсэн талаарх албан бичиг хэрэгт авагдсан байгааг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоос татгалзаж байна, миний бие 50-60 мянган төгрөгийн үнэтэй сорвины тос авсан” гэж мэдүүлсэн боловч энэ талаарх баримтаа гаргаж өгөөгүй байх ба хохирогч Б. нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Л.*******гээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Л.******* “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Л.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох саналтай байна” гэсэн, шүүгдэгч “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт тус тус гаргав.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Л.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн болон ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч Л.*******гийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Л.******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******г 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Шүүгдэгч Л.******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б. нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Л.*******гээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Л.******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.НЯМДАВАА