Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвын Энхтайван |
Хэргийн индекс | 148/2017/00087/И |
Дугаар | 148/ШШ2017/00119 |
Огноо | 2017-01-31 |
Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 148/ШШ2017/00119
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Боржигон овогт Колягийн ******* /РД:МЕ73081208/-ын нэхэмжлэлтэй Т.Цэнд-Аюуштай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч К.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Гангын 1 дүгээр баг, 13-308 тоотод оршин суух, ам бүл 3 хоёр хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн, Боржигон овогт Колягийн ******* РД:/МЕ73081208/- аас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа ... Би Коля овогтой ******* 1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Төмөр овогтой Цэнд-Аюуштай №36 тоот гэрлэлтийн баталгааг иргэний ангилалаар бүртгүүлсэн. Бид хамтдаа 22 жил амьдарч 4 хүүхэд төрүүлж өгсөн байна. Нөхөр Т.Цэнд-Аюуш нь 2016 оны 11 дүгээр сарын 27-нд зуурдаар нас барсан тул Ц.******* тэжээгчээ алдсан тотоолгох болсон тул бид 2 гэрлэлтийн баталгаа улсын архивт бүртгэгдээгүй байгаа тул 1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрлэлтийн баталгаа олгогдсон болохыг баримтуудаас үндэслэж тогтоож өгнө үү гэх
...Би Т.Цэнд-Аюуштай 1994 оны 11 сарын 25-нд гэр бүл болохдоо гэрлэлтээ батлуулж байсан. Тухайн үед гэрлэлтийн байдлын талаар улаан пасспорт дээрээ даруулж авч байсан. Ингээд тэр үед гэрлэлтийн баталгаа гээд улаан дэвтэр өгч байсан боловч түүнийгээ би гээсэн юм. Миний нөхөр Т.Цэнд-Аюуш нь 2016 онд нас барсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гэрлэлтийн лавлагаа авах гэтэл бидний гэрлэлт бүртгэгдээгүй байна гэсэн. Тус шүүхэд хандаж Т.Цэнд-Аюуштай хамтын амьдралтай байсныг тогтоолгох болсон учир нь бага охин Цэнд-Аюушийн *******д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсонтой холбоотой юм. Миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн гол шаардлага нь Т.Цэнд-Аюуштай хамтын амьдралтай байсныг тогтоолгох юм гэх.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1994 онд Т.Цэнд-Аюуштай танилцаж гэр бүл болсон. Нөхөр маань 2016 оны 11 дүгээр сарын 27-нд зуурдаар нас барсан. Бид хоёр гэрлэлтээ бүртгүүлсэн боловч Сэлэнгэ аймгийн архиваас шүүлгэхэд гарч ирээгүй. Одоо хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох шаардлагатай болсон. Иймд бид хоёрыг хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К.*******ын шүүхэд гаргасан ... Т.Цэнд-Аюуштай хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: К.******* нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ...Т.Цэнд-Аюуштай гэрлэлтийн баталгаатай болохыг тогтоолгохыг хүссэн боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн Т.Цэнд-Аюуштай хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэргийн 4-13, 18-21 дүгээр талд авагдсан Т.Цэнд-Аюушийн нас барсны гэрчилгээний хуулбар, цахим иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэлтийн баталгааг тэмдэглэсэн ...1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Төмөрийн Цэнд-Аюуштай гэр бүл болсныг батлан олгосон №36 гэрлэлтийн гэрчилгээний дугаар бүхий тэмдэглэл, Улсын бүртгэлийн тодорхойлолт болон Засаг даргын тодорхойлолт, гэрч нарын тодорхойлолт, мэдүүлэг, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтууудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээвэл зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Колягийн *******ыг Цагаантуг овогт Төмөрийн Цэнд-Аюуш нарыг хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-д заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН