Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/155

 

 

 

 

 

                                                                                        2025/ШЦТ/155

 

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж

Улсын яллагч: Ж.У

              Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Б

              Шүүгдэгч: С.Ж

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овгийн Сын Жд холбогдох эрүүгийн 2512.... дугаар хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр А аймгийн Т суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт А аймгийн Т сумын М багийн С гэх газар оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, .......овгийн Сын Ж (ИБД:.......)

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Эрүүгийн 2512.......... дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            Хохирогч  П.Аын “...Би 2025 оны 03 дугаар сарын 09-ний өглөө гэртээ байж байтал 10 цагийн үед Ж ганцаараа манайд золгуутаар ирээд манайд бид хоёр 0,5-тай нэг шил архи хувааж уугаад Ж М багийн төв орж хүнтэй уулзах ажилтай цуг яваад ирье гээд машинд нь суугаад явж байгаад М багийн урд талд гүүр гараад Ж машинаа зогсоогоод машин дотроосоо “талын хар” нэртэй архи гаргаж ирээд бид хоёр машинаасаа буугаад газар сууж байгаад архийг хувааж ууж дуусгаад архи ууж байсан газраа тасарсан. Ж бид хоёр тухайн үед хоёулаа их согтож тасарсан учир юу болсон талаар санахгүй байна. С.Ж бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Тухайн үед С.Ж бид хоёр л байсан өөр хүн байгаагүй учир С.Ж миний биед гэмтэл учруулсан. Тухайн үед миний зүүн талын хөмсөг язарсан, зүүн талын нүд хавдсан, баруун талын чихний ар хэсэгт шалбарсан, нуруунд хоёр далны хооронд хөхөрсөн байсан. С.Ж нь миний эмчилгээнд гарсан зардал болох 2.000.000 төгрөг өгсөн. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/,

 

Хохирогч  П.Аын дахин “...Би Жд зодуулсны улмаас миний биед үүссэн гэмтлийн эмчилгээний зардалд Жаас бэлнээр 2.000.000 төгрөгийг авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шинжилгээ хийлгэхгүй. Миний сэтгэцэд гэм хор учраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 92 хуу/,

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бийн “...миний бие А аймгийн Т сумын М багийн Т гэх газар нөхөр хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг юм. Манайх насаараа хөдөө мал дээр байгаа малчин өрх бөгөөд манай нөхрийг П овогтой А гэдэг. 2025 оны 03 сарын 09-ний өглөө 09 цаг өнгөрч байхад нутгийн иргэн Ж гэх залуу манай гэрт ирсэн бөгөөд Аыг гэрээс авч гараад машиндаа суулгасан. А эргэж гэртээ оролгүй Жтай хамт яваад өгсөн. Тэгээд орой нь 21 цагийн үед Ж манай нөхрийг нүүр хавдар ихтэй, чихний арыг урсан, хөмсөг задарсан, биеийн ил хэсэгт энд тэндгүй хөхөрч халцарсан байдалтай гэрт авчирч өгсөн бөгөөд тухайн үед би Аын бие хаа яачихсан юм гэж асуутал “нэг харсан чинь А ах ийм аймаар болчихсон байхаар нь гэрт нь хүргэж өгье” гэж бодоод аваад ирлээ гэхээр нь би “хүн зүгээр байхад нь гэрээс ирж авч явчихаад ийм аймаар болгож авчрахдаа яадаг юм” гэж хэлсэн. Тэгээд би Жыг гэртээ хариад 2 хүүхдээ харж бай эхнэрийгээ 2 хүүхэдтэй нь явуулчих сумын төв орж эмчид үзүүлье гээд шөнө сумын төв явдаг зам дээрх давааг давж чадахгүй байсан тул маргааш өглөө эрт сумын төв дээр авчирч эмнэлэгт үзүүлсэн. Сумын эмч Аын хөмсгийг нь оёж, явж нарийн шинжилгээ өгч үзүүлээрэй гэхээр нь тэр өдрөө Улаанбаатар хот руу явсан. 2025 оны 03 сарын 11-ний өдөр гэмтлийн эмнэлэгт үзүүлтэл нүдний ухархайны яс цөмрөлттэй гэсэн онош хэлсэн ба эм тариа, эмчилгээ бичиж өгсөн, маргааш нь 03 сарын 12-ны өдөр Аыг цэргийн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. Тэгээд 03 сарын 17-ны өдөр 2 нүдэндээ ухархайны имплант хийлгэх хагалгаанд орж, саяхан эмнэлгээсээ гарсан. Би Улаанбаатар руу явах замдаа нөхрөөсөө юу болсон талаар лавлатал “намайг машинд орж хуучлая гэж хэлээд М багийн төв рүү авч яваад баз Ч гэрт Жтай архи хувааж уусан нэг мэдэхэд тасарчихсан байсан өөр ямар нэгэн зүйл санахгүй байна” гэж хэлсэн. А өөрөө хаана хэзээ хэрхэн яаж хэнд зодуулснаа санахгүй байна гэсэн. Одоо манай нөхрийн бие харьцангуй гайгүй тогтворжиж шарх нь эдгэж байгаа. Би нөхөр Аыг нутгийн иргэн Ж авч явж хамт архи ууж гэрт авчирч өгсөн тул Жыг манай нөхрийг зодсон гэж бодож байна. А хагалгаанд орох үеэр Ж хотод эмнэлэг дээр ирсэн ба уулзаж амжаагүй. Саяхан Ж эхнэртэйгээ манай гэрт ирж "А ахын бие гайгүй юу” гэж асуусан өөрөөр ахиж уулзаагүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/,  

 

Гэрч Л.Ч “...2025 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 10 цаг өнгөрч байх

үед А, Ж нар манай гэрт согтуу ачааны машинтай ирсэн. Жын машинаар ирсэн байсан. Манайд орж ирэхдээ өөрсдөө 2 шил архи бариад орж ирэхээр нь би нэгийг нь буцааж машиных нь ар руу хийж өгсөн. Би тэр хоёрт бууз жигнэж өгөөд 1 шил архи задлаад тойруулсан. Тэр хоёр хоёулаа нэлээн согтолттой байсан ба Ж муудаад манай баруун орон дээр унтах гээд хэвтээд өгөхөөр нь би эхнэртэйгээ хамт хот айл байдаг ахынх руугаа орж золгох гээд тэр хоёрыг гэрт орхиод гарсан. Тэгээд нэг их удаагүй ахынхаас гараад гэртээ орж ирсэн чинь тэр хоёр явчихсан байсан. Тэгэхээр нь би ашгүй тэр хоёр гайгүй яваад өгөх шиг боллоо гэж бодсон. Маргааш нь 12 цагийн үед Аын хүүхэд Б над руу утсаар залгаад танайд аав Ж хоёр очсон уу, Ж аавыг зодчихсон байна, танайд байхдаа хоорондоо зодолдсон уу, танд мэдэх зүйл байна уу гэж асуухаар нь манайд өглөө 10 гэж ирээд 12 өнгөрөөгөөд явсан, манайд байхдаа зодолдсон зүйл байхгүй гэж хэлсэн. Саяхан би хотод байхдаа Атай юу болсон талаар асуухад “юу болсныг санахгүй байна, тасарчихсан байхдаа зодсон юм шиг байна лээ” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22 хуу/,

 

            Иргэний нэхэмжлэгч Ч.М “...П.А нь 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хооронд гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2.967.000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн .............. тоот дансанд төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 хуу/

 

            С.Жын яллагдагчаар өгсөн “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Хүлээн зөвшөөрч байна. Би Аыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч Аын эмчилгээний зардалд ноолуурын үеэр бэлнээр 2.000.000 төгрөгийг төлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 хуу/,

 

             А аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.О 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн АРХ0725/.... дугаартай “...П.Аын биед баруун нүдний ухархайн дотор ханын хугаралд имплант тавьж нөхөн сэргээх мэс засал эмчилгээний дараах байдал, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 хуу/,  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 Шүүгдэгч С.Ж нь П.Аыг зодож эрүүл мэндэд баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. 

 

А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Жыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцсон байх бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч С.Жыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

 

Хохирогч П.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө хохирол төлөгдсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогчид төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.   

 

Харин хохирогч П.А нь 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд авсан эмнэлгийн тусламж үйлчилгээнд 2,967,000 (хоёр сая есөн зуун жаран долоон мянга) төгрөгийн төлбөр гарсан бөгөөд дээрх төлбөрийг гэм хор учруулснаас төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхийн хүрээнд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд  олгохоор шийдвэрлэв.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд  анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдалд тооцож,  шүүгдэгч С.Ж нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч С.Жд прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг баталж шийдвэрлэх нь зүйтэй.  

 

Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, тэрээр энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                                                            ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Х овгийн Сын Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж нь шүүхээс оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 5. Хохирогч П.А нь эрүүл мэндэд учирсан хохирол төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй гэснийг хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлээгүй болохыг шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

 

  6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж с 2,967,000 (хоёр сая есөн зуун жаран долоон мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.  

 

  7. Шүүгдэгч С.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.     

 

  8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАЙГАЛМАА