Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/147

 

                       

 

 

 

                                 2025/ШЦТ/147

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж

Улсын яллагч: Т.А  

Хохирогч: Д.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П

Шүүгдэгч: П.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овгийн Пгийн Б д холбогдох эрүүгийн 2412........ тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр А аймгийн Ө суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Ө сумын Б багийн Т гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ц овгийн Пгийн Б /ИБД:............../    

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

 Шүүгдэгч П.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө А аймгийн Ө сумын Б багийн Т гэх газраас Д.Мын эзэмшлийн 1 тооны хонийг хулгайлан авч нядалсан үйлдлийн улмаас хохирогчид 180,000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                Шүүх хуралдаанд:

 

                Хохирогч Д.Мын “...би эхэндээ гэрт нь тохиролцъё гэж бодсон ч тохиролцож чадаагүй тул нэг хониныхоо арьсыг аваад цагдаад хандсан...гэжээ.

 

           * Эрүүгийн 2412......... тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

            Хохирогч Д.Мын өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр А аймгийн Ө сумын төв дээр байх гэрээс Д гэх айл руу айл хэсэх санаатай орсон. Тэгэхэд тухайн байшингийн үүдний хэсэгт хүү ороод бүдэрч унасан. Би тэнд байсан шуудайтай зүйл дээр унасан. Тэгээд шуудайн дотор зөөлөн юм юу билээ гэж бодтол тухайн шуудайн дотроос ноосыг нь хөөдчихсөн хонины арьс гараад ирсэн. Тэгэхээр нь би юу билээ гэж бодоод бүтэн гаргаж дэлгээд хартал тухайн хонины арьс манай улаан толгойтой хонины арьс байж таарсан. Манай тэр хавиар хониныхоо арьсыг хөөддөг айл манайхаас өөр байхгүй манайх хониныхоо сэрвээ хэсэг дээр нь нэг, хондлой хэсэг дээр нь 1 буюу нийт 2 газар хөөгөөр хөөддөг. Тухайн үед Д гэх айл руу яваад ороход 4 дүгээр ангийн эрэгтэй хүүхэд ангийнхаа 2 хүүхэдтэй гурвуулаа байж байсан. Тэгээд би эмээг нь асуухад "эмээ хөдөө гараад явсан, орой ирнэ" гэж байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө арьсыг үзчихээд сумын төвийн банк орсон. Дараагаар нь буцаад Дын гэрт яваад очтол Д гэртээ ирсэн байсан бөгөөд би тухайн арьсны талаар асуухад би энэ талаар мэдэхгүй гээд байсан. Тэгэхээр би хүүхдүүд нь болох А, Б нарыг нь дуудуулсан. Тэгтэл нэг их удалгүй хүүхдүүд нь буцаад ирсэн ба ээжийгээ сумын төв рүү дөхүүлж өгөөд буцаж байсан юм байна лээ. Тэгээд би “манай хонины арьс танай ээжийн гэрийн үүдэнд яагаад байгаа” талаар асуухад ах А нь чи юу яриад хуцаад байгаа юм. Ирэхээсээ өмнө надтай утсаар ярихдаа "манай ээжийн гэрийн үүдэнд яахаараа чиний хонины арьс байдаг юм" гээд хашхираад байсан. Харин Б нь бол юу ч дуугарахгүй сонин болчихоод утасны цаанаас ч дуугарахгүй байсан. Би Дын гэр болон сумын төвд банк орчхоод буцаад ирэх үед нуучихсан байсан ба үүдээр ороод дээр нь унадаг хэсэгт биш бүр цааш нь хаалганы цаагуур далд хийсэн байсан. Тэгэхээр нь би дахиж гаргаж ирээд яахын арга байхгүй энэ арьс манай хонины арьс байна. Энэ арьсны им тамгатай толгой нь хаана байна гэхээр "гадаа үүдэн дээр байж байхад нохой аваад явсан" гээд байсан ба ах нь болох А нь “танай хонийг авсан ч яадаг юм, үлдсэн хонийг чинь би бүгдийг нь дуусгана” гээд над руу дайраад заналхийлээд байсан. Би “энэ хонь манай хонь байна, яагаад манай хонийг хулгайлсан юм” гэсэн чинь дүү нь болон Б нь огт юм дуугарахгүй муухай царайлаад зогсоод байсан. Уг нь тухайн хүмүүс манай нас барсан нөхрийн хамаатан учраас би цагдаад хэлэхгүй байя гэж бодоод “за та нар миний хулгайд алдсан хонийг төлж өгөөрэй" гэж хэлээд явсан. Манайх 2024 оны 09 дүгээр сараас хойш тэнгэр муухайраад л, эсвэл бороо шороо орох болоод эхлэх болохоор л Б нь Улаанбаатар хот руу машин тэрэгтэй мах ачаад л явчихдаг. Хаанаас мал гаргаж авч яваад байна гээд сурахаар өөрсдийнхөө малаас гаргаагүй мал нь бүрэн л харагдаад байдаг. Манайхан хонь малаа хээр орхиод сумын төв явдаг ч юм уу, эсхүл малаа хээр хонуулах л юм бол маргааш нь заавал 1, 2-оос буухгүй алга болоод байдаг. Харин манай гэрээс энэ Б, А нарын гэр хамгийн ойрхон айл. Манайхтай айл саахалт л байдаг. Хонь мал нийлэх тохиолдол бол байнгын гардаг ба манай гэрт хүн байгаа юу, байхгүй юу бүгдийг нь энэ ах дүү 2 буюу А, Б нар сайн мэднэ. Манай малаас алга боллоо л бол дүү Б нь хот хүрээ явчихсан байж таардаг. Тэгж явсаар байгаад 20 хонь, 10 ямаа хулгайд алдаад хамгийн сүүлд би улаан толгойтой хониныхоо толгойг олж авсан нь тэр. Хөдөө манай дүү мал малладаг. Би сумын төв дээр хүүхэд хараад байдаг болохоор яг хонь ямаагаа сайн харж чаддаггүй. Нотлох гэрчлэх зүйл олж авч чадалгүй явж байгаад л өөрийнхөө улаан толгойтой хониныхоо арьсыг ээжийнх нь гэрийн үүднээс олоод авсан хэрэг. Тэгтэл маргааш нь манай гэрт А, Б нар орж ирээд “М эгчээ та бид хоёрыг уучлаач, уурын мунхагтаа буруу зүйл хэлчихлээ. Тэгээд надад мөнгө өгье” гээд ээж нь болох Д нь миний Төрийн банкны ............... гэсэн данс руу 1,000,000 төгрөг шилжүүлж хийсэн. Тэгээд дээр нь идэшний шүдлэн үхэр өгье гэсэн. Тухайн үед ээж нь дуудаад би Дын гэрт очтол манай хоёр хүүхдийг минь уучлаач, төлбөр төлөөсийг нь би өгье гээд гуйгаад байсан. Тэгээд би чамд идэшний үхэр өгье, би 2 хүүхдээ дахиж тийм зүйл хийлгэхгүй гээд гуйгаад байсан. Харин надад мөнгөө өгсөн хэр нь идэшний үхрийг маань өгөхгүй, яасан юу болж байна гээд асуухаар би хүүхдүүдтэйгээ уулзаагүй байна л гээд байдаг. Би яг тийм хонь, тийм ямаа алдлаа гэж бол эм зүсээр нь ялгаагүй. Харин бүгдийг нь тоолоод тоогоор нь тулгах үед 20 хонь 10 ямаа дутсан байсан. Манай хонинд 17 тооны хурга байгаа. Одоо тухайн 17 тооны хурга тоо ёсоороо байгаа. Манай хонинд төлөг огт байхгүй, ихэнхдээ эр хонь, эм хонь л байгаа. Харин Б болон тэдний гэрийнхэн хэлэхдээ танай хониноос хурга л хулгайлсан гээд байгаа юм. Манай хонинд байх ёстой хурга тоо ёсоороо байгаа, манай хонь нэг ч төлөггүй. Тэгээд ч тухайн улаан толгойтой хонь нь эм хонь байсан ба тэр үед би өөрийн хониныхоо арьсыг авчихсан. Арьс шир нь байгаад байхад л хурга гээд дайраад байгаа. Бусад 20 тооны хонь, 10 тооны ямааг нь хэзээ, хааш нь авч явсныг огт мэдэхгүй байна. Учир нь малаа өөр хүнээр маллуулаад өөрөө сумын төв ороод ирсэн болохоор ямар цаг хугацаанд нь ямар мал нь алга болж байгаагаар нь огт мэдэхгүй байгаад байна. Би өөрөө мал дээрээ байсан бол байнгын бүртгээд мэдчихсэн байгаа. Надад баригдсан ганц үйлдэл нь л энэ улаан толгойтой эм хонь байгаа юм. Манай хонинууд зөв талын чихэндээ сам имтэй, буруу талын чих нь хөндлөн имтэй. Манай хонинд манай дүүгийн хонь, хүргэний хонь аль аль нь байдаг ба тус бүртээ өөр өөр имтэй. Манай хонь, ямаа яг адил имтэй, дээрээс нь хонио хоёр хэсэг газар хөөддөг. Ямаагаа харин 2 эврийг нь улаан будгаар буддаг. Би өөрийн хонь ямаагаа тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр үнэлж байна. Тухайн үед өөрсдөө болон ээж нь хүртэл ирж гуйгаад байсан ба одоо болохоор ерөөсөө тэр талаар огт дурсахгүй, миний хохирлыг бүрэн барагдуулахгүй байгаад байгаа болохоор л би одоо гомдол гаргаж байна. Тухайн үед үнэхээр л миний хохирол мөнгийг төлөөд өгчих байх гэж итгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14 хуу/

 

           Хохирогч Д.Мын дахин өгсөн: “...Би хулгайд алдсан малынхаа зүс эм тамгыг нь сайн мэдэхгүй байна. Мөн хэдэн сарын хэдэнд алдсан талаар ч сайн мэдэхгүй байна. Би 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тоолж үзэх үед бүрэн байсан ба түүнээс хойш буюу 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны хооронд 20 тооны хонь, 10 тооны ямаа алдсан. Би яг хэзээ хэдэн хонь алдсан талаар сайн мэдэхгүй байна. Хонио тоолоогүй байж байгаад л манай хонийг хулгай хийсэн өдрөөс хойш тоолох үед 20 тооны хонь 10 тооны ямаа дутсан байсан. Тухайн хонь ямааг хэзээ нь хэн нь хулгай хийсэн, айлын малд нийлээд алга болсон уу, эсхүл хээр гадаа үхсэн үү талаар огт мэдэхгүй байна. Манай хонийг хулгай хийснийг нь мэдсэн үеэс хойш л тоолж үзээд дутуу байхаар нь би А болон Б нарыг тухайн хонь ямааг хулгай хийсэн байх гэж л хардаад байгаа юм. Тэрнээс биш яг хулгай хийж байх үеийг нь, эсхүл хулгай хийсэн барьсан талаар нь би мэдээгүй. Өөрснөө надад хэлэхдээ үлдсэн хонь ямааг нь хулгай хийгээгүй л гээд байгаа. Харин Б бол манай хонийг хулгай хийсэн. Тэрийгээ ч дараа нь надад хэлж уучлалт гуйгаад байсан. Би тухайн үед манай хонийг хулгай хийсэн болохоор уурласандаа бусдыг нь ч гэсэн хулгай хийсэн байх гэж бодоод байсан юм. Би бодохдоо П.Быг ийш тийш явах үедээ л манай хонь малаас аваад байдаг байсан байж магадгүй л гэж хардаад байсан хэрэг. Тэрнээс яг хэзээ хаашаа явсан талаар нь ч сайн мэдэхгүй л байна. Яг хот явдаг юм уу, аймаг явдаг ч юм уу сайн хэлж мэдэхгүй байна. Яг өдөр хоногийг нь сайн санахгүй байгаа ч алга болчихдог. Хаашаа явсан талаар нь сурахаар хотод байгаа л сураг гардаг. Хэзээ нь ч явсан юм бүү мэд алга болчихсон л байдаг. Одоо тэгээд харж үзээгүй байж хүнийг хулгайлсан гэж хэлэх ч хэцүү юм. Би үлдсэн 20 тооны хонь, 10 тооны ямаагаа алдсан тал дээр ямар нэгэн гомдол санал байхгүй. Хэн хэзээ хулгайлсан, эсхүл өөрсдөө айлын малд нийлсэн, чоно нохой идсэн үгүй нь тодорхойгүй, эсхүл бүр үхэж үрэгдсэнийг нь ч мэдэхгүй байж хүнийг авсан гэж зүтгээд яах вэ дээ. Харин улаан толгойтой хонийг маань хулгай хийсэн нь үнэн юм чинь тэр тал дээр бол гомдолтой байгаа. Өөр надад гомдол санал байхгүй. Үзсэн харснаар нь улаан толгойтой хонийг маань хулгай хийж авч яваад гаргасан байсан үйлдэл дээр нь арга хэмжээ аваасай л гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 хуу/

 

                 Хохирогч Д.М н дахин өгсөн: “...би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 133-134 хуу/

 

Гэрч  П.А ын өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр сумын төв рүү юм авах гэж орж ирсэн юм. Уг нь би хөдөө гэртээ байсан. Сумын төв орж дэлгүүр хоршооноос юм авах хэрэг гараад л сумын төв ороод ирсэн хэрэг. Тэгээд би сумын төв дээр байх ээжийнхээ гэрт яваад очих үед манай төрсөн дүү Б, манай ээж Д, М эгч нар хамт байж байсан. Тэгсэн тухайн үед манай дүү Б ыг хонь хулгайлсан байна гээд хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд би тухайн үед утгыг нь нэг их сайн ойлгоогүй байж байгаад дүүгээ өмөөрөөд М эгчтэй хэрэлдчихсэн юм. Тэгээд хэрэлдэх үедээ таны хонийг хулгайлсан ч яадаг юм, үлдээснийг чинь би дуусгана гэж хэлсэн. Тэр үед би уурандаа буруу зөрүү юм хэлчихсэн байна лээ. Би тухайн үед хонины арьсыг нь бол хараагүй. Харин тэр үед М эгч нэг улаан толгойтой хонины арьс гээд яриад байсан. Тэр арьсаа ч өөрөө аваад явсан. Тухайн арьсыг нь би дэлгэж барьж хараагүй...” гэх  мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/

 

Гэрч  П.А ын дахин өгсөн: “...Би тухайн цаг хугацаанд хөдөө гэртээ байсан ба тухайн цаг хугацаанд бол сумын төв, сумын төвөөс гэр гэсэн зам маршруттай л байсан. Өөр сум болон аймгийн төв, Улаанбаатар хот зэрэг рүү нэг ч удаа зорчоогүй. Ихэвчлэн гэртээ л байсан. Бага насны 2 хүүхэдтэй болохоор гэрээсээ холддоггүй юм...” гэх  мэдүүлэг /хх-ийн 93-94 хуу/

 

Гэрч Ц.Б ы өгсөн: “... надаас А ямар нэгэн гарал үүслийн бичиг аваагүй. Харин Б нь 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 15-ны өдрийг хүртэлх хүчинтэй хугацаатай гарал үүслийн бичиг авсан. Тухайн гарал үүслийн бичиг дээр 4 тооны эм хонины гарал үүслийн бичиг авсан байгаа. Харин дараа нь буюу 2024 оны 12 дугаар сарын 10, 20-ны өдөр мөн гарал үүслийн бичиг авсан. Тухайн гарал үүслийн бичиг дээр 6 тооны эр ямаан дээр гарал үүслийн бичиг авсан байна. Тухайн гарал үүслийн бичиг авах үедээ надад толгойнуудынх нь зургийг үзүүлсэн ба би тэр зургуудыг нь хавсаргаад гарал үүслийн бичиг хийж өгсөн. Би Б ын хонь ямааг ямар им тамгатай, содон шинж тэмдэгтэй талаар нарын сайн мэдэхгүй. Тухайн үедээ авч ирсэн зураг, мах зэргийг нь харж, толгой арьс зэргийг нь харж байж л гарал үүслийн бичиг бичиж өгдөг...гэх  мэдүүлэг /хх-ийн 103-105 хуу/

 

Гэрч А.М гийн өгсөн: “....Б авч ирсэн хонио надад эргүү хурга байсан гэж хэлсэн. Би уг хонийг ямар имтэй хэний хонь байсныг мэдэхгүй. Би дээрх хургыг огт хараагүй. Манай нөхөр 300 гаруй толгой хонь ямаа нийлсэн бод малтай. Манайх 4 үнээ, 3 гүүтэй. Ээж болон Анхаа ахынхтай нийлээд 1 азаргатай буюу 20 гаруй адуутай. Би уг айлын бэр болохоор 2020 онд ирэхэд мотоцикль байдаг байсан. Тухайн мотоцикль миний нөхөр Б ын мотоцикль байгаа юм. Манай нөхөр хониндоо ихэвчлэн мориор явдаг...” гэх  мэдүүлэг /хх-ийн 137-139 хуу/

 

Гэрч Б.Д ын өгсөн: “...миний хүү Б нь 1998 онд А аймгийн Ө суманд төрсөн. Багаасаа эрх өссөн. Ө сумын Ерөнхий боловсролын сургуулийг төгсөөд аав П нь элэгний хорт хавдраар нас бараад мал маллахаар хөдөө гарсан. Ааш зан сайтай хүүхэд байгаа юм...” гэх  мэдүүлэг /хх-ийн 142  хуу/

 

Гэрч Г.У ын  өгсөн: “...Б, М нар нь А аймгийн Ө сумын Б багийн Т өвөр гэх газраар нутагладаг саахалт айлууд хоорондоо намаржаа, зуслангаараа ойролцоогоор 1 км-1,5 км зайтай, өвөлжөөндөө буухаар 700-800 метр зайтай байдаг. Б, М аль аль малтай айлууд Бын бог мал буюу хонь, ямаа нь мориор зөв чих нь “онь” буруу чих нь "урдаасаа ганзага" байдаг шиг санагдаж байна мөн дотроо ах дүүсээрээ өөр өөр эм хийдэг байх энэ жилийн хувьд ямар будагтай байсан талаар мэдэхгүй байна. М ын бог мал буюу хонь, ямаа нь мориор бол зөв чих нь “сам” буруу чих нь “араасаа догол” эмтэй байдаг санагдаж байна мөн ах дүүсийн мал нь өөр өөр эмтэй байдаг би тэр бүгдийг бол мэдэхгүй байна. Хонио хондлой дээр нь хар будгаар будсан байсан санагдаж байна. Манайх Ө сумын Б багийн Х гэх газар хаваржаатай тэр хавиараа ойр зусаж Д ард намаржиж Ц гэх газар өвөлждөг. Тухайн газрууд нь хоорондоо 2,5км-ээс Зкм орчим тойрдог. Би малдаа явахдаа Б тай таардаг. М Б нарын хонь хоорондоо ойр болохоор нийлдэг. Манай малтай аль аль нь нийлдэггүй. Б ыг би морьтой малаа хариулж явахад нь мөн мотоциклтой малаа хариулж явахад нь таарч байсан. Ер нь бол аль алинаар нь малаа хариулдаг. Би яг хэдэн сарын хэдний өдөр байсан талаар сайн мэдэхгүй байна. Өнгөрсөн намар буюу 2024 оны 10 дугаар сарын сүүлээр байна уу 11 дүгээр сарын эхээр санагдаж байна. Би П.Б нь хүрэн зүсмийн морьтой 1 ширхэг хонь дүүрсэн явж байхад нь таарч байсан. Би тухайн үед Б ыг ямар зүстэй болон ямар настай хэний хонийг авч явж байсан талаар анзаарч хараагүй...гэх  мэдүүлэг /хх-ийн 145-147 хуу/

 

Яллагдагч П.Б ын өгсөн: “...би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Өөрийн мэдүүлгийг бичгээр гаргаж өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 124-125 хуу/

 

Яллагдагч П.Б ын: “...би өөрийн бусдын нэг тооны хонийг авсан буруу үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна. Харин хонийг авахдаа мотоцикльтой яваагүй. Өөрийн хонинд унадаг хүрэн үрээтэйгээ явсан. Ингээд гэрт өдөр нь уг хонийг дүүрч аваачиж хашиж байгаад орой нь сумын төв явах үедээ  мотоциклиор авч явсан юм. Намайг морьтойгоо хонь хариулаад явж байтал малын захад эргүү маягтай хурга байсан. Тэгэхээр нь уг хургыг авч морин дээрээ дүүрээд гэртээ ирсэн. Намайг хурга дүүрч ирж малын хашаанд хашсан талаар манай эхнэр М мэднэ. Мөн саахалт айлд байдаг У гэж хүн мэдэх байх. Би тэр хүнтэй уг хонийг дүүрсэн явж байх үедээ таарсан юм...” гэх бичгээр гаргаж өгсөн мэдүүлэг /хх-ийн 127 хуу/

 

             “Д” үнэлгээ ХХК-ийн АЦ-24-... дугаартай 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дүгнэлтэд “2024 оны 11 дүгээр сарын 1 тооны хонины зах зээлийн үнэлгээ нийт 180.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт /хх-ийн 66-70 хуу/

            Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35-41 хуу, 85-90 хуу/

            Хонины арьсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 42-52 хуу/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 хуу/

            Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 160 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч П.Б холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

    1. Гэм буруугийн талаар:

               1.1 Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө А аймгийн Ө сумын Б багийн Т гэх газраас иргэн Д.М нь нэг тооны хонио хулгайд алдаж, түүнд 180,000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

           1.2 Шүүгдэгч П.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө А аймгийн Ө сумын Б багийн Т гэх газраас хохирогч Д.М ын эзэмшлийн нэг тооны хонийг хулгайлсан нь хохирогч Д.М ын өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр А аймгийн Ө сумын төв дээр байх гэрээс Д гэх айл руу айл хэсэх санаатай орсон. Тэгэхэд тухайн байшингийн үүдний хэсэгт хүү ороод бүдэрч унасан. Би тэнд байсан шуудайтай зүйл нь дээр унасан. Тэгээд шуудайн дотор зөөлөн юм юу билээ гэж бодтол тухайн шуудайн дотроос ноосыг нь хөөдчихсөн хонины арьс гараад ирсэн. Тэгэхээр нь би бүтэн гаргаж дэлгээд хартал тухайн хонины арьс манай улаан толгойтой хонины арьс байж таарсан. Манай тэр хавиар хониныхоо арьсыг хөөддөг айл манайхаас өөр байхгүй манайх хониныхоо сэрвээ болон хондлой хэсэг дээр нь нийт 2 газар хөөгөөр хөөддөг. Д аас тухайн арьсны талаар асуухад би энэ талаар мэдэхгүй гээд байсан. Тэгэхээр нь би хүүхдүүд нь болох А, Б нарыг нь дуудуулсан. Тэгээд би манай хонины арьс танай ээжийн гэрийн үүдэнд яагаад байгаа талаар асуухад ах А нь чи юу яриад хуцаад байгаа юм. Ирэхээсээ өмнө надтай утсаар ярихдаа "манай ээжийн гэрийн үүдэнд яахаараа чиний хонины арьс байдаг юм" гээд хашхираад байсан. Харин Б нь бол юу ч дуугарахгүй сонин болчихоод утасны цаанаас ч дуугарахгүй байсан...тэгтэл маргааш нь манай гэрт А, Б нар орж ирээд М эгчээ та бид хоёрыг уучлаач, уурын мунхагтаа буруу зүйл хэлчихлээ. Тэгээд надад мөнгө өгье гээд ээж нь болох Д нь миний Төрийн банкны .............. гэсэн данс руу 1,000,000 төгрөг шилжүүлж хийсэн. Тэгээд дээр нь идэшний шүдлэн үхэр өгье гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14 хуу/, гэрч  П.Аын өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр сумын төв рүү юм авах гэж орж ирсэн юм. Уг нь би хөдөө гэртээ байсан. Сумын төв орж дэлгүүр хоршооноос юм авах хэрэг гараад л сумын төв ороод ирсэн хэрэг. Тэгээд би сумын төв дээр байх ээжийнхээ гэрт яваад очих үед манай төрсөн дүү Б, манай ээж Д, М эгч нар хамт байж байсан. Тэгсэн тухайн үед манай дүү Б ыг хонь хулгайлсан байна гээд хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд би тухайн үед утгыг нь нэг их сайн ойлгоогүй байж байгаад дүүгээ өмөөрөөд М эгчтэй хэрэлдчихсэн юм...” гэх  мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/, гэрч Ц.Б өгсөн: “...надаас А ямар нэгэн гарал үүслийн бичиг аваагүй. Харин Б нь 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 15-ны өдрийг хүртэлх хүчинтэй хугацаатай гарал үүслийн бичиг авсан. Тухайн гарал үүслийн бичиг дээр 4 тооны эм хонины гарал үүслийн бичиг авсан байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 103-105 хуу/, гэрч А.М ийн өгсөн: “....Б ын авч ирсэн хонио надад эргүү хурга байсан гэж хэлсэн. Би уг хонийг ямар имтэй хэний хонь байсныг мэдэхгүй...” гэх  мэдүүлэг /хх-ийн 137-139 хуу/, гэрч Г.У ын  өгсөн: “...өнгөрсөн намар буюу 2024 оны 10 дугаар сарын сүүлээр байна уу 11 дүгээр сарын эхээр санагдаж байна. Би П.Б нь хүрэн зүсмийн морьтой 1 ширхэг хонь дүүрсэн явж байхад нь таарч байсан. Би тухайн үед Б ыг ямар зүстэй болон ямар настай хэний хонийг авч явж байсан талаар анзаарч хараагүй...гэх  мэдүүлэг /хх-ийн 145-147 хуу/, яллагдагч П.Б ын: “...би өөрийн бусдын нэг тооны хонийг авсан буруу үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна. Харин хонийг авахдаа мотоцикльтой яваагүй. Өөрийн хонинд унадаг хүрэн үрээтэйгээ явсан. Ингээд гэрт өдөр нь уг хонийг дүүрч аваачиж хашиж байгаад орой нь сумын төв явах үедээ  мотоциклиор авч явсан юм. Намайг морьтойгоо хонь хариулаад явж байтал малын захад эргүү маягтай хурга байсан. Тэгэхээр нь уг хургыг авч морин дээрээ дүүрээд гэртээ ирсэн...” гэх бичгээр гаргаж өгсөн мэдүүлэг /хх-ийн 127 хуу/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35-41 хуу, 85-90 хуу/, хонины арьсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 42-52 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.   

 

             1.3. Шүүгдэгч П.Б нь хээр байсан нэг тооны хонийг бусдын эзэмшил өмчлөлийн мал болохыг мэдсээр байж зохих байгууллагад мэдэгдэлгүй захиран зарцуулж байгаа үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгчийн үйлдэлд мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж тогтоогдоогүй болно.  

 

            1.4 А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Б д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

           1.5 Иймд шүүхээс шүүгдэгч П.Б ыг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

 2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

             2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Д.Мт 180,000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно.

 

    1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл

мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

 

            2.3. Шүүгдэгч П.Б нь хохирогч Д.Мт учруулсан хохирлыг мөнгөн хэлбэрээр төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох харилцах дансны харилцагчийн хуулга /хх-ийн 04-05 хуу/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Мын “...би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэл тогтоолгохгүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 133-134 хуу/, шүүхийн хэлэлцүүлгийн үед “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч П.Быг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. 

 

            2.4. Шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хохирогчид 2,000,000 төгрөгийн хохирол төлсөн бөгөөд илүү төлсөн хохирлыг буцаан нэхэмжилнэ гэж мэдүүлсэн. Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илүү төлсөн хохирлоо буцаан шаардахаар иргэний нэхэмжлэгчээр тогтоолгоогүй тул илүү төлсөн хохирлыг буцаан төлүүлэх асуудлыг энэ тогтоолоор шийдвэрлэхгүй, харин шүүгдэгч энэ талаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

 

  1. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

            3.1 Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

             3.2. Шүүгдэгч П.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөн байдлыг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн асрамжинд бага насны хүүхдүүд байдаг зэрэг байдлыг харгалзаж түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, түүнд тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч П.Бад хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

4. Бусад асуудлын талаар:

 

4.1 Шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, түүнд тэнсэх ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Ц овгийн П ийн Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

              2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бад хорих ял оногдуулахгүйгээр 10 /арав/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

  1. Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  7.3  дугаар  зүйлийн  2 дахь хэсгийн 2.5-т зааснаар

шүүгдэгч П.Б нь тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

              4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.1  дүгээр  зүйлийн  4, 5  дахь  хэсэгт  зааснаар шүүгдэгч П.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай. 

 

             5. Шүүгдэгч П.Б д хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

             6. Шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, шүүгдэгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар илүү төлсөн хохирлоо буцаан нэхэмжлэх эрх нээлттэйг болохыг тус тус дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

           8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Бад авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАЙГАЛМАА