| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 197/2025/0475/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/429 |
| Огноо | 2025-06-09 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | П.Отгонбаатар |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/429
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэндсүрэн,
улсын яллагч П.Отгонбаатар,
хохирогчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн,
шүүгдэгч М.Б /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 11 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц овгийн М.Бд холбогдох эрүүгийн “2509000000685” дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Ц овгийн М.Б, 1990 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Х аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, “С” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 2, Баянгол дүүргийн *** тоотод оршин суух /Иргэний үнэмлэхийн хаяг: Баянзүрх дүүрэг *** тоот/, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ***.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Б нь С-ны нутаг байрлах “М” оффисын 207 тоотод үйл ажиллагаа явуулдаг нь “С' ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан. итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох тус компанийн Капитрон банк дахь 3*** тоот данс руу захирал Г.Ц-гийн зээл төлөх зорилгоор шилжүүлсэн 120,000,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 21-ний өдрийн хооронд 3 удаагийн гүйлгээгээр өөрийн эзэмшлийн Хаан банкны 50*** тоот дансаар шилжүүлэн авч хувьдаа ашиглаж их хэмжээний хохирол учруулж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна.
Үүнд: Хохирогч Г.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай байгууллагад 2013 оноос хойш нягтлан бодогчоор ажиллаж байгаа М.Б гэх эмэгтэй нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгууллагын Капитрон банкны данснаас өөрийн Хаан банкны данс руу 3 удаагийн гүйлгээгээр 120.000.000 төгрөгийн шилжүүлэн авсан байсан. Энэ талаараа надад хэлж мэдэгдээгүй байсан бөгөөд 03 дугаар сарын 10-ны үеэр над руу миний зээл авсан байсан банк бус санхүүгийн байгууллагаас танайх нэг 120.000.000 төгрөгийн зээлийг хэзээ төлөх гэж байна гэж асуусан тэгэхээр нь би зээлээ төлөх гээд 120.000.000 төгрөгийг нягтландаа зээл хаагаарай гээд өгсөн боловч нягтлан бодогч М.Б нь зээлийг хаалгүй өөрөө шилжүүлэн авсан гэдгийг нь мэдсэн. Тэгээд би М.Бтэй холбогдоод болсон асуудлын талаар хэлтэл надад байгууллагын данснаас мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Өнөөдрийн байдлаар 45.000.000 төгрөгийг өгсөн байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,
“С” ХХК-ийн Капитрон банк дахь 3** тоот харилцах дансны хуулга /хавтаст хэргийн 6 дахь тал/,
М.Бын эзэмшлийн Хаан банкны 5** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 19-21 дэх тал/,
Гэрч М.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний охин М.Б нь “Р” ХХК (одоо нэр С ХХК)-д нягтлангаар 2013 оны 05 дугаар сараас хойш ажиллаж байгаа. Би тэр талаар Ст ХХК-н захирлаас мэдсэн. Миний охин М.Б нь тухайн байгууллагынхаа хөрөнгөөс 120.000.000 авчихсан юм билээ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-21 дэх тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамаараалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан” үйлдлийг хөрөнгө завших гэмт хэрэг тооцохоор заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан завших гэмт хэргийн тухайд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээний үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгодог.
Тус хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа ба энэ талаарх улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Г.Ц-д 120.000.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үед 45.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул үлдэх 75.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах хохирогчид олгуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлав.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овгийн М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч М.Б нь хохирогчид 45.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, үлдэх 75.000.000 /далан таван сая/ төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Баас гаргуулан хохирогч Хан-Уул дүүргийн ** тоотод оршин суух Б овогт Г.Ц /РД: **/-д олгосугай.
5. Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЛИУН