Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 926

 

У ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 104/ШШ2019/00086 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч У ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Д, Э.У нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 3 196 377 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,

Хариуцагч Б.Д,

Хариуцагч Э.У-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У ХХК нь Нийслэлийн өмчийн харилцааны газартай 2013 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээнд 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэмэлт оруулахдаа зээлийг хөнгөлөлттэй нөхцлөөр олгохоор тохирсон. У ХХК нь дээрх хамтран ажиллах гэрээний дагуу хариуцагч Б.Д, Э.У нартай 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ЦЗГ0001/160307 дугаартай цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж, 6000 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй зээлдүүлсэн.

Гэтэл Б.Д 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн тул зээлийн гэрээний 1.5.-д зээлдэгч нь ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд Ажил олгогч байгууллагатай байгуулсан Хамтран ажиллах гэрээ-нд заасан цалингийн зээлийн нөхцлийг ажлаас чөлөөлөгдсөн тушаал гарсан өдрөөс эхлэн тухайн үед мөрдөж буй банкны үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд заасан зээлийн хүүгийн хэмжээгээр нэмэгдүүлж тооцно гэж заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн сарын хүүг 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/195 дугаар тушаалд заасан 2.3 хувиар тооцож эхэлсэн.

Анх байгуулсан гэрээнд хүү өөрчлөгдөх талаар заасан тул нэмж гэрээ байгуулаагүй. Хариуцагч Б.Д өөрчилсөн хүүг хүлээн зөвшөөрсөн учир зээл, зээлийн хүүг 2.3 хувиар бодож төлж байсан. Өөрөөр хэлбэл, хоёр сар төлөлгүй байж байгаад дараагийн сар нь төлсөн учир хэвийн ангилал руу оруулж явсан. 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1 600 000 төгрөг хариуцагч Б.Д-н харилцах дансанд орж ирсэн тул түүнээс зээлийн үүргийн хасалт хийж байсан. Хариуцагч Б.Д 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр, 2018 оны 02 дугаар сарын 01, 15-ны өдрүүдэд хүү, үндсэн зээлээ төлсөн учир мөн адил хэвийн ангилал руу шилжүүлсэн. Харин хариуцагч Б.Д, Э.У нар 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 111 000 төгрөг төлснөөс хойш зээлээ огт төлөөгүй. Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийг шаардсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зээлийн гэрээний хугацаа дууссан учир уг шаардлагаас татгалзаж байна. Одоо хариуцагч Б.Д, Э.У нараас үндсэн зээл 2 549 504,83 төгрөг, хүү 597 228,44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49 643,91 төгрөг нийт 3 196 377,17 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагч нар гэрээний үүргээс нийт 5 228 736,2 төгрөг төлсөн тал дээр маргах зүйлгүй гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид У ХХК-иас хэрэглээний зориулалтаар 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ЦЗГ0001/160307 дугаартай гэрээ байгуулан, цалингаа барьцаалан 6 000 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй авсан. Тухайн үед Б.Д Сүхбаатар дүүргийн Өмч, харилцааны албаны газар зохион байгуулагчийн ажилтай, хамтран зээлдэгч Э.У НБМҮТПаркад ахлах нягтлан бодогчийн ажил эрхэлдэг байсан. Б.Д 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын Б/202 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

Э.У 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрж, үүнээс хойш хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад, 2018 оны 10 дугаар сард ажилдаа эргэн орсон. Б.Д ажлаас чөлөөлөгдсөн хэдий ч зээлээ төлж байсан. Гэхдээ хүүг нэмэгдүүлсэн талаар мэдээгүй. Энэ талаар хэн ч хэлээгүй. Зөвхөн утсанд зээлээ төл гэсэн мессежний дүнгээр төлж байсан. Харин 2017 оны 10 дугаарсард банкны ажилтан дуудаж зээлийн сарын хүүг 2.3 хувь болгосон гээд гэрээ хийхийг тулгасан. Би ажлаасаа халагдаагүйчөлөөлөгдсөн.

Хариуцагч Э.У ажиллаж байгаа учир гэрээгээ нэг талын санаачилгаар өөрчлөх саналыг хүлээн зөвшөөрөөгүй.Бидний хувьд зээлээ 2018 оны 3 дугаар сар хүртэл төлсөн. Гэхдээ хүүг анх тохирсон хувиар тооцон авч байна гэж ойлгосон. Гэтэл банк 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн хүүг сарын 2.3 хувиар тооцон авч бидний эрх ашгийг зөрчсөн.

Иймд бид банкинд зээлийн хүүг 19.6 хувиар төлье гэсэн өргөдөл хүртэл гаргаж байсан боловч хүлээж аваагүй. Мөн бидэнтэй хүү өөрчилж гэрээ байгуулаагүй. Зээл төлөлтийн хуваарийн дагуу 7 930 258,56 төгрөг төлж дуусгах ёстой байснаас 5 228736,2 төгрөг төлсөн мөнгөө хасч үзэхэд нийт 2 701 522,36 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Улаанбаатар хотын банк ХХК-д 2 701522,36 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин гэрээгүйгээр хүү нэмж тооцож байгааг зөвшөөрөхгүй тул үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1.-т заасныг баримтлан хариуцагч М.Д,  Э.У нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 2 751 166,58 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У ХХК-д олгож,нэхэмжлэлээс зээлийн гэрээг цуцлах, 455 210,59 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч У ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66093 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Д, Э.У нараас 58 969 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1.5 дах хэсэгт заасан нөхцлийг талууд харилцан зөвшөөрч, хариуцагч нар зээлийн гэрээтэй танилцаж гарын үсэг зурсан. Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан нөхцлөөр харилцан тохиролцсон тохиролцоог үндэслэлгүй, нэмэгдүүлсэн хүүн дээр гэрээ байгуулаагүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Зээлийн хүүг тухайн үед мөрдөгдөж буй банкны хүү, шимтгэлийн нөхцлийн дагуу нэмэгдүүлэх нөхцөлд дахин шинээр гэрээ хийх, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй байна. Учир нь хариуцагч нар зээлийн гэрээтэй танилцаж, нөхцлийг тохиролцож гэрээнд гарын үсэг зурсан нь талууд гэрээний нөхцлийг бүрэн хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байхад анхан шатны шүүх гэрээний заалтыг үндэслэлгүй тайлбарласан.

Банк нь зээлийн гэрээний 1.5 дах хэсэгт заасан нөхцөл бий болсон учраас зээлийн хүүг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 27.6 хувь болгон өөрчилж нэмэгдүүлж тооцсон бөгөөд хариуцагч нар нь 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нэмэгдүүлсэн хүүний дагуу зээлийн төлбөрийг төлж байсан нь зээлийн гэрээгээр тохиролцсон нөхцлийг анхнаасаа мэдэж байсан, бүрэн хүлээн зөвшөөрч төлж байсан зэрэг нөхцөл байдлыг анхан шатны шүүх харгалзаж үзээгүй.

Мөн банкнаас хариуцагч нарт зээлийн гэрээгээр нэгэнт тохиролцсон нөхцлийг дахин сануулах үүрэг хүлээгээгүй учир зээлийн гэрээнд заасан нөхцлийн дагуу хүүг нэмэгдүүлсэн. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч Б.Д, Э.У нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 196 377 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 6 000 000 төгрөгийг сарын хүү 1.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайзээлдүүлэхээр тохиролцож цалингийн зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дах хэсэгт заасан хэлцэлд тавих хуулиар тогтоосон шаардлагыг хангасан, гэрээ хуулийн хүчин төгөлдөр байна.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгч У ХХК нь Нийслэлийн өмчийн харилцааны газартай 2013 оны 02 дугаар сарын 13-ны өдөр БГ-13/03 тоот хамтран ажиллах гэрээг байгуулж, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр БГ-13/03 тоот хамтран ажиллах гэрээний нэмэлт гэрээг байгуулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1.5 дах хэсэгт Зээлдэгч нь ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд ажил олгогч байгууллагатай байгуулсан хамтран ажиллах гэрээнд заасан цалингийн зээлийн нөхцөлийг ажлаас чөлөөлөгдсөн тушаал гарсан өдрөөс эхлэн тухайн үед мөрдөгдөж буй банкны үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд заасан зээлийн хүүгийн хэмжээгээр нэмэгдүүлж тооцно гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу хариуцагч нарт 6 000 000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нар гэрээний дагуу зээлийн төлбөрт 5 228 736 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй, харин хариуцагч Б.Д ажлаасаа чөлөөлөгдсөн тул зээлийн гэрээний 1.5 дах хэсэгт заасны дагуу сарын хүүг 2,3 хувиар тооцсон эсэх талаар маргасан байна.

 

Хариуцагч Б.Д нь Сүхбаатар дүүргийн Өмч, харилцааны албаны газрын зохион байгуулагчийн ажлаас 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр чөлөөлөгдөж, зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1.5 дах хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн хэдий ч У ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/195 тоот тушаалын хавсралтаар батлагдсан сар хүүг талуудын харилцан тохиролцож тогтоосон хүү гэж үзэх боломжгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нарт зээлийн сарын хүүг 1,8 хувиар бус 2,3 хувиар тогтоосон талаар мэдэгдээгүй, талууд харилцан тохиролцож гэрээг байгуулаагүй атлаа 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн сарын хүүг 2,3 хувиар тооцон өөрт давуу эрх үүсгэн гэрээний талуудын тэгш эрхийн зарчмыг алдагдуулсан тул хариуцагч нар нь гэрээгээр тохиролцоогүй хүүг төлөх үүрэггүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасны дагуу хариуцагч нар нь зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн, энэ нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөл болох тул нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, үүргийг шаардах эрхтэй.

 

Иймд хариуцагч Б.Д, Э.У нараас үндсэн зээл 6 000 000 төгрөг, хүү 1 930 258.87 төгрөг, нэмэдүүлсэн хүү 49 643.91 төгрөг, нийт 7 979 902.78 төгрөгөөс хариуцагч нарын төлсөн 5 228 736.2 төгрөгийг хасч үлдэгдэл 2 751 166.58 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 455 210.59 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 104/ШШ2019/00086 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийндавж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 14 306 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ