Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/339

 

 

 

 

 

 

  2021             4              1                                          2021/ДШМ/339

 

 

Б.М- холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнгөнсүх,

шүүгдэгч Б.М-,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2005033230058 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Бухныхан овгийн Баттулгын М-, 1988 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 50 дугаар гудамжны 8 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: УС88112341/;

Б.М- нь 2020 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төвийн гадна комиссын бараа зардаг лангууны хажууд “зээлсэн мөнгөө өг” гэж иргэн Ш.О-тай маргалдан зүй бус авирлах явцдаа “мөнгө төгрөгийн асуудлаа цагдаа, шүүхээр шийдүүл” гэж хэллээ гэх шалтгаанаар Ж.Э-ийн араас үсийг нь зулгаан унагаж, чирэх зэргээр эрүүл мэндэд нь “тархи доргилт, хүзүүний булчингийн чангарал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцрал, баруун гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-ыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-аас 623.458 төгрөг гаргуулж хохирогч Ж.Э-т олгож, хохирогч нь хохирол хор уршгийн талаархи баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, шүүгдэгч Б.М- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... энэ хэрэг цагдаад шалгагдаж шүүхээр шийдэгдсэн ба хөл хорио үүсэж байгаатай холбогдуулан 4 сарын хугацаа өнгөрч байж шийдэгдсэн боловч шүүхийн шийдвэр бодит байдалтай нийцээгүй, хэргийг ул үндсээр нь шийдвэрлэж чадаагүйд гомдолтой байна. Ш.О-гаас зээлсэн мөнгөө авах гэхэд “чадахгүй, цагдаадаа хэлнэ биз” гэж хэлсэн. Баянгол дүүргийн цагдаад шалгагдаж байхад байцаагч нь Шүүхийн шийдвэрт Ш.О-гийн төлөх зээлийг хэлж төлүүлдэг юм гэж байсан учир Иргэний хэргийн шүүхэд хандалгүй, Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг хүлээж байсан ба шүүхийн шийдвэрт хэрэг үүсэх гол шалтгааныг олж шийдвэрлэхгүй учир дутагдалтай байна. Ж.Э- нь надтай хүүний төлбөр 80.000 төгрөг, гоо сайхны бараа авсны 16.000 төгрөгийн өртэй бөгөөд үүнийг төлөхгүй гэсний улмаас маргалдаж, намайг хэл амаар доромжилсон. Над шиг хүнд итгэж мөнгө зээлдүүлсэн итгэмтгий тусч хүмүүс эргээд мөнгөө нэхэх эрхгүй, мөнгөө нэхээд маргалдаад буруутан болж ял шийтгүүлж байгаа нь шударга бус байна. Хэргийг дахин шалгаж, шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх байр суурьтай байсан боловч өнөөдрийн шүүх хуралдааны нөхцөл байдлаас улбаатайгаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцэхгүй, ял шийтгэл оногдуулсан байдалд эргэлзээ төрж байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.М-аас “хохирол төлбөр төлөх чадваргүй, өмгөөлөгч авах төлбөр байхгүй, нэн ядуу” гэдэг. Тэгэхээр заавал торгох ял оногдуулах байсан уу, үгүй юу. Мөн анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.М- гэм буруугаа хүлээсэн боловч өнөөдрийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээж байгаа эсэх нь эргэлзээтэй байдал тогтоогдож байна. Иймд ял шийтгэл хөнгөдсөн гэж харж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг сонгох санкцтай, нэн ядуу гээд байхад торгох ял оногдуулсан нь эргэлзээтэй байна. Иймд анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

            Шүүгдэгч Б.М- нь 2020 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин захын гадна талбайд урьд зээлдүүлсэн мөнгөө нэхэж иргэн Ш.О-тай маргалдах явцад “мөнгө төгрөгийн асудлаа цагдаа, шүүхээр шийдүүл” гэж хэллээ гэх шалтгаанаар хохирогч Ж.Э-ийн үснээс нь зулгаан унагаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, хүзүүний булчингийн чангарал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцрал, баруун гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            “...тонгойход М- миний араас үснээс доошоо дарж намайг Батцэцэгийн лангуу руу чирч орохоор нь би хажууд байсан Батцэцэг, Одонтуяа хоёрт хандаж салгаад өгөөч гэж орилоход М- миний үснээс зулгаасан хэвээр байсан ба Батцэцэг, Одонтуяа нар намайг М-аас салгах гээд дийлэхгүй байхаар Одонтуяа М-ын гарыг нь өчөөд тавиулсан. Тэгээд би Одонтуяагийн лангуу руу ороод суугаад үсээ янзлаад харахад миний толгойны үсний дээд хэсэгт хэсэг газар зулгараад ямар ч үсгүй болсон байсан” тухайгаа мэдүүлсэн хохирогч Ж.Э-ийн мэдүүлэг /хх 22/,

            “...Э- ирээд та нар юу болоод байгаа юм бэ, чи яагаад хүний бараа авч шидээд байгаа юм бэ, эв зүйгээр учраа олж болдоггүй юм уу, болохгүй бол цагдаагаараа явцгаа гэхэд М- Э-ийн араас бариад үсдээд Батцэцэгийн лангуу руу чирч оруулсан. Тэгээд Э- үснээс тавь л даа гээд М-д хэлэхэд тавихгүй байхаар нь би очоод ... баруун гарын хурууг нь арагш дарж хөшиж М-ыг тавиулсан” гэсэн гэрч Ш.О-гийн мэдүүлэг /хх 42/,

            “...тэгээд Э-, Одонтуяа хоёр М-ын буулгасан лангуу болон газар байсан хувцаснуудыг нь хурааж байхад Э- М-д “чи яаж байгаа юм, ам хэлээрээ хэлж болдоггүй юм уу, наад асуудлаа шүүх, цагдаагаараа шийдүүл” гэж хэлэхэд гэнэт М- Э-ийн араас нь үсдэж чирээд миний лангуу руу оруулсан. Тэгэхэд Э-, М- хоёр дээр доороо ороод ноцолдоод байсан ба би айгаад холоос хараад байсан” гэсэн гэрч Б.Батцэцэгийн мэдүүлэг /хх 40/,

“Ж.Э-ийн биед тархи доргилт, хүзүүний булчингийн чангарал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцрал, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 11435 дугаар дүгнэлт /хх 49-50/ зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Уг гэмт хэргийг шүүгдэгч Б.М- нь хохирогч Ж.Э-ийн үснээс нь зулгаан унагаж, чирэх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” бол гэмт хэрэгт тооцож, зохих эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байх ба шүүгдэгч Б.М-ын үйлдлийг тухайн зүйл хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Улмаар, шүүгдэгч Б.М- тухайн зүйл хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Б.М- “...над шиг хүнд итгэж мөнгө зээлдүүлсэн итгэмтгий тусч хүмүүс эргээд мөнгөө нэхэх эрхгүй, мөнгөө нэхээд маргалдаад буруутан болж ял шийтгүүлж байгаа нь шударга бус байна. Хэргийг дахин шалгаж шийдвэрлэж өгнө үү” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлийг мөрдөн шалгах явцад бүрэн тогтоосон, шүүгдэгч Б.М-ын буруутай үйлдлийн талаар эргэлзээ бүхий нотлох баримт байхгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шаардлагатай нотлох баримтуудыг шинжлэн судалж, тухайн баримтуудад түшиглэн хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул дахин шалгуулахаар хэргийг прокурорт буцаах боломжгүй юм.

Монгол Улсын Үндсэн хуулиар хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг баталгаажуулж, үүнийг Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар хамгаалж, зөрчигдсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, ийнхүү халдахдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтоосон.

Шүүгдэгч Б.М-ын хувьд хохирогч Ж.Э-ийн биед халдсан болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тусгай мэдлэг бүхий шинжээч эмчийн гаргасан дүгнэлтээр тус тус тогтоогдсон ба хохирогч Ж.Э-ийн мэдүүлэг нь тухайн дүгнэлттэй тохирч байгаагаас гадна шүүгдэгч Б.М- “...Э-ийг үснээс нь зулгаагаад өөр рүүгээ татаж хамтдаа газар унасан” гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд шүүгдэгч Б.М-ыг гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.М-ын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв. 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.М- оногдуулсан 500.000 төгрөгийн торгуулийн ялыг 90 хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосныг түүний ажил хөдөлмөр эрхэлдэг байдал болон орлогыг нь харгалзаж, уг хугацааг сунгаж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр давж заалдах шатны шүүх өөрчлөн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...90 хоногийн хугацаанд ...” гэснийг “...6 сарын хугацаанд ...” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэр /магадлал/-ийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                                        Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ