Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/153

 

 

                                                                                 

 

 

 

2025        05         30                                           2025/ШЦТ/153  

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,

Улсын яллагч Ж.У,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А,

Шүүгдэгч Э.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б ургийн овогт Э-ын Э-т холбогдох эрүүгийн 24......... тоот хэргийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

       Монгол Улсын иргэн; 19.... оны .... дүгээр сарын ....-ны өдөр А аймгийн И... суманд төрсөн, .... настай, э..., бага боловсролтой, мэргэжилгүй, одоо хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн И... сумын Х багийн Х... гэх газар оршин суух, урьд нь А аймаг дахь сум дундын шүүхийн 20... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн .... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б ургийн овогт Э-ын Э (РД:А....),

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Шүүгдэгч Э.Э нь 2023 оны 06 дугаар сарын 10-дын үеэр А аймгийн Э... сумын 7 дугаар багийн Т... хорооллын ..... тоот буюу иргэн Л.Д-ийн хашаанд байсан хохирогч Д.Н-ийн 1 тооны морийг хулгайлж, хохирогч Д.Н-т 1.000.000 төгрөгийн хохирол учруулан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                 Нэг. А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Э бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

    

                 Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Ж.У.. “яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэсэн байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А... “...гэм буруу зүйлчлэл дээр маргахгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, прокурорын саналын хүрээнд шийдэж өгнө үү....” гэсэн,

Шүүгдэгч Э.Э“...хүлээн зөвшөөрч байна...” гэсэн байр сууринаас оролцов.

Хохирогч Д.Н-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн ба “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй” гэсэн тайлбарыг ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хэлэлцэв.

 

Хоёр. Гэм буруугийн талаар: 

Иргэн Д.Н нь 2023 оны 06 дугаар сарын 10-дын үеэр А аймгийн Э... сумын 7 дугаар багийн Т.... хорооллын ..... тоотоос өөрийн 1 тооны морийг хулгайд алдаж түүнд 1,000,000 төгрөгийг хохирол учирсан, Э.Э нь уг 1 тооны морийг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж хулгайлсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Э.Э үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Миний алдсан гэх морь нь шар хээр зүстэй, зөв талын гуян дээр дун тамгатай, ямар нэгэн им байхгүй, сойлготой морь байсан. Манай унаган адуу бөгөөд манай адуу 2023 оны 06 дугаар сарын 10-ны үеэр Ц сумын нутгаас Б. сумын М гол руу орж ирсэн байсан. Энэ үед би Б.. гэж дууддаг М.., А... гэж дууддаг Э гэх залуусын хамт Могойн голоос морио бэлчээрт байхад нь М-ын эзэмшлийн цэнхэр өнгийн портерт ачиж аймгийн төв рүү аавынхаа хашаанд буулгасан. Тэгээд морио аавын хашаанд буулгасны маргааш нь Э надтай уулзаад шар хээр морийг чинь би авъя надад зарчих гэсэн. Тэгэхээр нь би зарна чи авбал 1.700.000 төгрөгөөр бэлэн ав гэж хэлсэн. Тэгтэл үүнээс хойш 2 хоногийн дараа миний шар хээр зүсмийн морь аавын хашаанаас алга болсон байсан. Тэгэхээр нь би Э руу залгаад чи миний шар хээр зүсмийн морийг хулгайлсан уу алга болсон байна гэхэд тиймээ би авсан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би мөнгө төгрөгөө өгөөд хэлээд бэлэн авч чадахгүй хулгай хийж аваад байхдаа яадаг юм хулгайлж авсан бол мөнгийг нь өг гэхэд тэгж байгаад шар хээр морины чинь мөнгийг өгье одоо морь чинь надад байгаа гэж хэлсэн. Тэгээд би Э-ыг миний морины мөнгийг өгөх байх гэж хүлээсэн боловч өгөөгүй бөгөөд 2024 оны 07 дугаар сард Их тамир сумын Хан-Өндөр багт байх Э-ын гэрт өөрийн найз Гантуулын хамт очоод морины мөнгө өгч чадахгүй бол морио авъя гэтэл морь чинь байхгүй би жуулчинд өгөөд явуулсан гэж хэлээд одоог хүртэл утсаа авахгүй сураггүй болсон...” гэх мэдүүлэг

            - Гэрч Л.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн“...2023 оны 06 дугаар сарын 10-ны үеэр манай хүү Н цэнхэр портертой 2 хүнтэй Б сумын М голоос өөрийн өмчлөлийн шар хээр морийг ачиж авч ирэн манай хашаанд буулгасан. Тэгээд морио буулгаснаас хойш 2-3 хоногийн дараа шөнө хашаанд юм түчигнэж дуугараад байсан. Би айгаад гарч чадаагүй. Тэгээд маргааш өглөө нь босоод бие засах гээд гартал цоожтой байсан хашааны хаалга онгорхой хүүгийн ...морь алга болсон байсан. ...энэ талаар хүүд хэлэхэд надаас морийг минь зарчих гэж асуугаад байсан Э гэх залуу л хулгайлсан байх морь ачиж ирэхэд надтай хамт явсан юм гээд Э гэх залуу руу хүү Н миний дэргэд залгаж утсаар ярьсан. Тэгтэл Э гэх залуу би морийг чинь үүрээр аавын чинь хашаа руу орж аваад Ихтамирын Хан-Өндөр багт байх гэр рүүгээ унаж ирсэн гэж хэлсэн. Тэгж байгаад мөнгийг нь өгье гэж хэлсэн боловч одоог хүртэл ямар нэгэн байдлаар морины мөнгө гэж манай хүүд өгөөгүй. ...Би им тамга, содон шинж тэмдгийг нь бол мэдэхгүй байна. Ямартай ч манай хүүгийн унаган шар хээр зүсмийн морь байсан...” гэх мэдүүлэг,

            - Гэрч О.Мөнхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...бид 3 Могойн голоос Н эзэмшлийн ...морийг ачаад ирсэн. ...би морийг чинь худалдаж авъя гээд яриад байсан..." гэх мэдүүлэг,

       -    Гэрч С.Гантуулын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "... 2024 оны 07 дугаар сарын сүүлээр Д.Нийн унаанд дайгдаж аймгийн төв рүү хамт явсан. Аймгийн төв рүү явах замдаа айлаар хамт орсон. ...нэг адууны талаар яриад Д.Н тэр аягаа гэх залууг чи миний морийг хулгайлсан гээд муудалцаад байсан...” гэх мэдүүлэг

            - Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

       -    Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн АЦ-24-170 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нологдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

      Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

       Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. 

       Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

 

       Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

         Бусдын өмчлөх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, гэж Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилжээ.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч байгаа үйлдэл, үйлдлийн арга халдлагын зүйлээс  хамааран зүйлчлэгдэх бөгөөд “хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаар төгсдөг ба “мал хулгайлах”  гэмт хэргийн тухайд халдлагын зүйл нь “мал” буюу “хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ” байдгаараа бусад эд хөрөнгө хулгайлах гэмт хэргээс ялгагдана.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлснээр эсхүл захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч Э.Э нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгчийн үйлдэлд мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж тогтоогдоогүй болно.  

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд шүүгдэгч Э.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Д.Н гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Эт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байна гэж шүүхээс үзлээ.

 

               Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Э.Э нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

               1. Шүүгдэгч Б овогт Э-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

               2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Э.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

                3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Э-т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

               4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

              

               5. Шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

               6. Шүүгдэгч Э.Э энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн баримт бичиг ирээгүй, түүнд хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

               7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

               8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Э- т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ОРХОНТАМИР