Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/133

 

 

 

 

 

 2025        05           13                                    2025/ШЦТ/133

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,

Улсын яллагч Б.Т,   

Шүүгдэгч Д.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Дгийн Сумъяад холбогдох эрүүгийн 25........... тоот хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн .... оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, .. настай, ....., бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн Ц сумын Ц баг Ш гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н овогт Д-гийн С /РД:А........./

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.С нь 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр А аймгийн Ц сумын Ц багийн Ш гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд шинэс төрлийн 13 ширхэг босоо модыг огтлон 80 ширхэгт хувааж мод бэлтгэж ойн санд нийт 2,6211 метр куб буюу 287,691 төгрөгийн хохирол учруулсан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэг. А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.С  хууль бусаар мод бэлтгэсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Б.Т яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч Д.С Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...шинэс төрлийн мод хууль бусаар бэлтгэсэн...” гэх тэмдэглэл, /хх-ийн 2 хуудас/,
  • 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн “...Үзлэгийг А аймгийн Ц сумын Ц багийн Ш гэх газар хийхээр тогтов. Уг газарт очиход Ц сумын төвөөс 80 км зайд оршин 47.03379*14 101,66470*Е солбицол байх ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш тогтоосон уулын хоолойн урагч харсан уулын эм гэх газар байв. Үзлэгт холбогдогч Д.С оролцуулан хууль бусаар мод бэлтгэсэн гэх талбайг заалгахад шинээр тайрч унагасан гэх шинэс төрлийн модны 13 ширхэг хожуулыг зааж өгч уг 13 ширхэг хожуулын тойргийн диаметр газраас тойрсон тойргийн өндрийг хэмжихэд 1 -р босоо модны хожуул нь газраас 76 см тойрогтой тойргийн диаметр нь 22 см, 2-р босоо модны хожуул нь газраас 76 см тойрогтой тойргийн диаметр нь 22 см, 3-р босоо модны хожуул нь газраас 70 см тойрогтой тойргийн диаметр нь 53 см, 4-р босоо модны хожуул нь газраас 15 см тойрогтой тойргийн диаметр нь 45 см, 5-р босоо модны хожуул нь газраас 18 см тойрогтой тойргийн диаметр нь 18 см, 6-р босоо модны хожуул нь газраас 60 см тойрогтой тойргийн диаметр нь 20 см, 7-р босоо модны хожуул нь газраас 84 см тойрогтой тойргийн диаметр нь 25 см, 8-р босоо модны хожуул нь газраас 80 см тойрогтой тойргийн диаметр нь 28 см, 9-р босоо модны хожуул нь газраас 83 см тойрогтой тойргийн диаметр нь 33 см, 10-р босоо модны хожуул нь газраас 70 см тойрогтой тойргийн диаметр нь 20 см, 11-р босоо модны хожуул нь газраас 62 см тойрогтой тойргийн диаметр нь 26 см, 12-р босоо модны хожуул нь газраас 90 см тойрогтой тойргийн диаметр нь 32 см, 13-р босоо модны хожуул нь газраас 96 см тойрогтой тойргийн диаметр нь 20 см, ба үзлэгийн явцыг өөрийн эзэмшлийн Айфоне  12 маркийн гар утсаар 30 кадр гэрэл зураг авч бэхжүүлэн хэргийн газрын үзлэг хийсэн гэх газар нь хөдөө хээр алслагдсан газар байсан тул хөндлөнгийн гэрч оролцуулах боломжгүй байсан тул холбогдогч Д.С-д хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг уншиж танилцуулав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 8-13 хуудас/,
  • 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 80 ширхэг шинэс төрлийн модонд үзлэг хийсэн “Холбогдогч Д.С-ийн хууль бусаар бэлтгэсэн гэж шинэс төрлийн 80 ширхэг модонд үзлэг хийхээр Д.С оролцуулан тус моднуудыг хар өнгийн моднуудаар 1-80 хүртэл дугаарлан дараах байдлаар хэмжихэд 1-р модны урт нь 1,50 см тойргийн диаметр нь 10 см, 2-р модны урт нь 1,55 см тойргийн диаметр нь 12 см, 3-р модны урт нь 1,56 см тойргийн диаметр нь 16 см, 4-р модны урт нь 1,58 см тойргийн диаметр нь 18 см, 5-р модны урт нь 1,58 см тойргийн диаметр нь 16 см 77-р модны урт нь 1,60 см тойргийн диаметр нь 20 см, 78-р модны урт нь 1,56 см тойргийн диаметр нь 8 см, 79-р модны урт нь 1,60 см тойргийн диаметр нь 12 см, 80-р модны урт нь 1,58 см тойргийн диаметр нь 20 см тус тус хэмжигдэх ба үзлэгийн явцад өөрийн эзэмшлийн Айяфон-12 маркийн гар утсаар 90 кадр гэрэл зураг бэхжүүлэн авч үзлэгийн тэмдэглэлийг оролцогч Д.С-д уншиж танилцуулсан...” гэх тэмдэглэл, /хх-ийн 14-22 хуудас/,
  • 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хөрөөнд үзлэг хийсэн “Иргэн Д.С-ийн хууль бусаар мод бэлтгэхдээ ашигласан гэх хөрөөнд үзлэг хийхээр тогтов. Уг хөрөө нь Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн цагаан Ц өнгийн их биетэй асаадаг татуурга бүхий манел хөх өнгийн мод хөрөөдөх зориулалт бүхий гинжит ир шугам төмөр бүхий цахилгаан хөрөө байв. Үзлэгийн явц байдлыг 1РНопе-12 маркийн гар утсаар 2 кадр гэрэл зураг авч үзлэгийн авч Үзлэгийг 17 цаг 445 минутад дуусгав. Уг хөрөөнд үзлэг хийж дуусган эд мөрийн баримт хадгалах өрөөнд хийв.” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-36 хуудас/,
  • Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 31 дугаартай албан бичиг, /хх-ийн 30 хуудас/,
  • А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээний 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн .......... дугаартай “1. “Монгол орны мод сөөг” гарын авлагатай харьцуулахад Pinaceae Lindl- Нарсны овгийн Larix sibirica Сибирь шинэс байна. Шинжлэгдэж буй моднуудыг хуурай, нойтон аль нь болохыг тогтооход 15,4% чийгтэй байгаа нь хуурай мод гэж үзэх үндэслэл болно. 2. Мөрдөгчийн гэрэл зургийн үзүүлэлтээс үзэхэд уг моднууд нь босоо модноос бэлдсэн байна. 3. Шинжлэгдэж буй модыг шинж байдлаар нь хэзээ бэлтгэсэн эсэхийг тогтоох боломжгүй. 4. Шинжлэгдэж буй модны 2,6211 м3 байх ба экологи эдийн засгийн үнэлгээ 287,691 төгрөг байна.” гэх дүгнэлт, /хх-ийн 39-42 хуудас/,

-    Иргэний нэхэмжлэгч Н.И-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Иргэн Д.С нь хууль бусаар мод бэлтгэж ойн санд хэдэн төгрөгийн хохирол учруулсан байна тэр төлбөрийг барагдуулчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 54-55 хуудас/,

- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ..... дугаартай “...мод хууль бусаар 1,1581 куб метр 115,810 төгрөг, хөрөө хуучин цагаан Ц өнгийн цахилгаан 1 ширхэг 132,000 төгрөг нийт үнэлгээ 247,810 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-67 хуудас/,

- Яллагдагч Д.С-ийн “...2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр А аймгийн Ц сумын Ц баг Ш гэх өөрийн гэртээ галын түлээ бэлдэх зорилгоор мод бэлтгэсэн уг модоо уулнаас тайрч цагаалаад отрын гэрийн урд бөөгнүүлсэн байсан. Тэгсэн сумын төвөөс цагдаа ирээд намайг мод хийсэн байна гээд уг модыг сумын төвд авч ирж буулгасан. ...Би уг модыг хийхдээ ганцаараа бэлдсэн манай эхнэр байхгүй аймгийн төвд байсан би хөдөө малаа хараад ганцаараа байхдаа цагаан сарын түлш гэж бэлдсэн юм. ...Мод бэлтгэхдээ зөвшөөрөл аваагүй байсан....Би уг модыг хийхдээ тайраад биеэрээ өнхрүүлээд нам дор оруулж тэгш газар хураасан байсан.” гэх мэдүүлэг/хх-ийн 90-91 хуудас/

- цахилгаан хөрөө зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

Шүүгдэгч Д.С нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

  Хоёр. Шүүхээс тогтоосон үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

  Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

Д.С нь ганцаараа, 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр А аймгийн Ц сумын Ц багийн Ш гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд шинэс төрлийн 13 ширхэг босоо модыг огтлон 80 ширхэгт хувааж мод бэлтгэж ойн санд нийт 2,6211 метр куб буюу 287,691 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.С  үйлдсэн гэм буруутай болох нь

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...шинэс төрлийн мод хууль бусаар бэлтгэсэн...” гэх тэмдэглэл,

2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 80 ширхэг шинэс төрлийн модонд үзлэг хийсэн тэмдэглэл,

                 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

                 Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 31 дугаартай албан бичиг,

     А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээний 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ....... дугаартай “1. “Монгол орны мод сөөг” гарын авлагатай харьцуулахад Pinaceae Lindl- Нарсны овгийн Larix sibirica Сибирь шинэс байна. Шинжлэгдэж буй моднуудыг хуурай, нойтон аль нь болохыг тогтооход 15,4% чийгтэй байгаа нь хуурай мод гэж үзэх үндэслэл болно. 2. Мөрдөгчийн гэрэл зургийн үзүүлэлтээс үзэхэд уг моднууд нь босоо модноос бэлдсэн байна. 3. Шинжлэгдэж буй модыг шинж байдлаар нь хэзээ бэлтгэсэн эсэхийг тогтоох боломжгүй. 4. Шинжлэгдэж буй модны 2,6211 м3 байх ба экологи эдийн засгийн үнэлгээ 287,691 төгрөг байна.” гэх дүгнэлт,

     Иргэний нэхэмжлэгч Н.И-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Иргэн Д.С нь хууль бусаар мод бэлтгэж ойн санд хэдэн төгрөгийн хохирол учруулсан байна тэр төлбөрийг барагдуулчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

 Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ....... дугаартай “...мод хууль бусаар 1,1581 куб метр 115,810 төгрөг, хөрөө хуучин цагаан Ц өнгийн цахилгаан 1 ширхэг 132,000 төгрөг нийт үнэлгээ 247,810 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Ойн тухай хуулийн

35.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэрээ зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн,

35.4.2 зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн,

35.4.3 засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн бол зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэсэн буюу “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчлан заасан байна.

 

Хууль бусаар мод бэлтгэсэн гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас мод бэлтгэх зөвшөөрлийг аваагүй, олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ойн санд халдаж, хүрээлэн буй орчноос салган авч мод бэлтгэж ойн санг бүрдүүлэгч хүчин зүйлийн даац чадавхад хохирол учруулсан төлөв байдлыг доройтуулсан хувь хүний хийсэн аливаа сөрөг үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.С нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй, хууль бусаар ойгоос шинэс төрлийн 13 ширхэг босоо модыг огтлон тайрч бэлтгэсэн нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.С-ийн үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хууль бусаар мод бэлтгэсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон, иймд шүүгдэгч Д.С хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.С гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо түүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр хууль сануулж авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж үнэлээгүй ба шүүгдэгчээс хууль сануулж гэрчээр мэдүүлэг авсан нь шүүгдэгчийн мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх зэрэг эрхүүдийг зөрчсөн ноцтой зөрчил гаргасныг дурдах нь зүйтэй. 

 

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна  гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн шунахай зан, хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал нөлөөлжээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д ...” Иргэн аж ахуйн нэгж, байгууллага нь  байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол  учруулсан бол нөхөн төлбөр төлнө “ гэж, хуульчлан заасан байна.

Иймд шүүгдэгч Д.С нь байгаль орчинд учруулсан хохирол, хор уршгийг хариуцан арилгах үүрэгтэй.

Шүүгдэгч Д.С-ийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 287,691 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсоноор  /287,691*3=863,073 /найман зуун жаран гурван мянга далан гурав/ төгрөг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 863,073 /найман зуун жаран гурван мянга далан гурав/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь хохирол төлөхөөр шүүх хуралдаанаас завсарлага аваагүй тул түүнээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Б.Т “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ар гэрийн байдал, гэм буруу дээр маргаагүй, хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжээр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сар хэсэгчлэн төлүүлэх гэсэн,

Шүүгдэгч Д.С “...хэлэх зүйлгүй...” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Д.С гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн,

шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Д.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжээр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийвэрлэлээ.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.С-д шүүхээс оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,  шүүгдэгч Д.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж тус тус үзэв.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...”-ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна.

А аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 14 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч 115,810 /нэг зуун арван таван мянга найман зуун арав/ төгрөгийн үнэлгээ бүхий 2,6211м3 шинэс төрлийн хурай мод, эд мөрийн баримтаар хураан авсан Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн 132,000 /нэг зуун гучин хоёр мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг цахилгаан хөрөө зэргийг хурааж  Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэсэн 863,073 /найман зуун жаран гурван мянга далан гурав/ төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулахаар тус тус шийдвэрлэв.

 

 Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Н овогт Д-ийн Сумъяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Шүүгдэгч Д.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.С шүүхээс оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,  шүүгдэгч Д.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

 

4. Иргэний хуулийн 497 дугаар 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Д.С-аас 863,073 /найман зуун жаран гурван мянга далан гурав/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 14 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, 115,810 /нэг зуун арван таван мянга найман зуун арав/ төгрөгийн үнэлгээ бүхий 2,6211м3 шинэс төрлийн хурай мод, эд мөрийн баримтаар хураан авсан Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн 132,000 /нэг зуун гучин хоёр мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг цахилгаан хөрөө зэргийг хурааж  Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэсэн 863,073 /найман зуун жаран гурван мянга далан гурав/ төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулсугай.

 

6. Шүүгдэгч Д.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОРХОНТАМИР