Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2021/ДШМ/374

 

 

 

 

  2021             4              13                                        2021/ДШМ/374          

 

Э.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ууганбаатар,

шүүгдэгч Э.Б-гийн өмгөөлөгч Г.Ганбаяр,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/79 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б- болон түүний өмгөөлөгч Г.Ганбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Э.Б-д холбогдох эрүүгийн 2011000000866 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Өргөн цээж овгийн Эрдэнэсонингийн Б-, 19..... оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймагт төрсөн, ............ настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МУИС-ийн ..................сурдаг гэх, ам бүл ............. хамт Баянзүрх дүүргийн .......................суух бүртгэлтэй, /РД: ......................./;

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 850 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн.

Э.Б- нь 2020 оны 7 дугаар сарын эхээр Чингэлтэй дүүргийн 1  дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монтел” худалдааны төвд гар утасны худалдаа эрхэлдэг Н.Х-гаас “Redmi note8” маркийн гар утсыг “төлбөрийг Голомт банкны дансаар шилжүүлчихлээ. Валютын дансаар шилжүүлсэн учир Монгол банкаар дамжиж маргааш дансанд чинь орно” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч, 430.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Теди” төвд гар утас зардаг Б.Ө-аас түүний танил дүү гэж итгүүлэн “Iphone pro max 11” маркийн гар утсыг “миний данс валютын данс удахгүй орно” гэж хуурч аван, улмаар 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 516 дугаар байрны гадна Б.Батбаярт зарж бусдад 3.425.000 төгрөг учруулж залилсан,

2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн орчим хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг С.Н-гийн машинаар Хан-Уул дүүргээс Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, багшийн дээдийн автобусны буудал хүргүүлж буухдаа таксины жолооч С.Н-гаас “... та надад бэлнээр 20.000 төгрөг өгчих, харин би таны данс руу интернет банкаар таксины төлбөр 5.000 төгрөг дээр чинь нэмээд нийт 25.000 төгрөг шилжүүлчихлээ. 10-15 минутын дараа дансанд чинь орно...” гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 20.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугар хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “БСБ Компьютерс” ХХК-ийн “Мега молл” худалдааны төвийн 3 давхарын компьютерийн тасгаас “Iphone pro max” загварын гар утсыг худалдаж авъя, төлбөрийг дансаар шилжүүлнэ гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, гар утсыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилан, “БСБ Компьютерс” ХХК-нд 4.059.900 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 5 дугаар сарын 6, 15-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын Их дэлгүүрт үйл ажиллагаа явуулдаг “Номин Трейд” ХХК-иас 2.999.900 төгрөгийн үнэ бүхий “Iphone Xs max” загварын гар утас, 4.399.990 төгрөгийн үнэ бүхий “Macbook pro 13 inch 128gb” зөөврийн компьютер зэргийг зээлээр худалдан авахаар “Номин Юнайтед” ББСБ-аас зээл хүссэн өргөдлийг гаргахдаа зээл хүссэн өргөдлийн хамт 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 5/42 дугаартай “Түрээсийн гэрээ” гэсэн баримт, “Дүнжингарав” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 435 дугаартай “Тодорхойлолт гаргах нь” гэх албан бичиг, 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн “Голомт” банкны 3645106816 дугаарын дансны хуулга зэргийг хавсарган өгч, уг баримтуудыг хуурамчаар үйлдсэн болохыг мэдсээр байж ашиглаж, залилахыг завдсан,

2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” дэлгүүрийн 8 дугаар давхарт байрлах “Интер чарм” гоо сайхны эмнэлэгт гоо сайханы “V line botox”-ийн үйлчилгээ аваад төлбөрийг “Голомт” банкны вальютын дансаар шилжүүлсэн учир Монгол банкаар дамжин маргааш дансанд чинь орно гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 350.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Теди худалдааны төвийн 29-6 тоот лангууны худалдагч иргэн А.А-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж А.А-ээс “Iphone 11 pro max” гар утсыг шилжүүлэн авч 3.360.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

2020 оны 7 дугаар сарын 31-ний ө дөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Smart deal” ХХК-иас тус компанийн борлуулалтын ажилтан Ц.М-ийг “утасны төлбөрийг танай компанийн данс руу шилжүүлсэн, 2 цагийн дараа орно” гэж хуурч, “Iphone 11 pro” загварын гар утсыг залилан 3.599.000 төгрөгийн буюу нийт 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад 15.243.900 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Э.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Б-г үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан, хуурамч бичиг баримт ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д 8 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Э.Б-д оногдуулсан 8 сар хорих ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 200 цагийг 25 хоногийн хорих ялд шилжүүлэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 8  сар 25 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Э.Б-д шүүхээс оногдуулсан 8 сар 25 хоногийн хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэрэгт нь үлдээж, хичээлийн дэвтэр 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Б-гаас нийт 7.009.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Цэнгэлд 4.059.900 төгрөг, хохирогч А.А-т 2.650.000 төгрөг, хохирогч Э.Туяад 300.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Э.Б-д урьд авсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг тухайн өдрөөс тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Б- гаргасан давж заалдах гомдолдоо: “... Би гэм буруугаа ухаарч, маш их гэмшиж байна. Цаашид буруу зүйл, бодлогогүй алхам хийхгүй бөгөөд хохирогч нараасаа уучлалт гуймаар байна. Завсарлагааны хугацаанд хохирлын тодорхой хэмжээг төлж, төлөхөө илэрхийлж ирсэн. Би тэтгэвэрт гарсан хөгшин эхийн хамт амьдардаг. Ажил хийж тодорхой хэмжээгээр гэр бүлдээ тусалдаг байсан. Би өмнө нь 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлж байсан бөгөөд дуудсан цаг хугацаанд очдог байсан. Үлдсэн цаг нь 136 цаг байсан бөгөөд тооцоог нь зөв гаргаж өгнө үү. Дээрхи байдлуудыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Э.Б-гийн өмгөөлөгч Г.Ганбаяр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухайд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь... гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх... гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд... учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”, 6.5 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж хохирол мөнгийг төлсөн болон үлдсэн хохирол мөнгөө төлөхөө илэрхийлж байгааг ойлгоно”. Шүүгдэгч Э.Б- нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн үед гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлсээр ирсэн. Мөн хохирогч нарт учирсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагаанд байхад биет байдлаар нь буцаан өгсөн. Шүүхэд хэрэг хянагдаж байх хугацаанд болон хохирол төлөх завсарлагын хугацаанд тодорхой хэмжээнд барагдуулж хохирогч нарыг гомдол саналгүй болгож байсан. Шүүгдэгчид оноосон 8 сар 25 хоногийн хорих ял нь дээрхи хуулийн заалт, эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэхгүй байна. Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр бусад төрлийн ялын төрлөөс сонгож хэрэглэснээр хохирогч нарын хохирлыг түргэн хугацаанд барагдуулах, хохирол нөхөн төлөх боломжтой юм. Эрүүгийн хариуцлагын зорилгын бас нэг гол ухагдахуун бол гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших юм. Хорих ял нь нийгэмшүүлэх бус харин ч нийгмийн харилцаанаас тусгаарлаж байгаа юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл 3 жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах” гэж заасан. Хэрэгт авагдсан баримтуудад бусдад учруулсан хохирлоо биет байдлаар буцаан өгсөн болон үлдэгдэл хохирол мөнгийг төлж барагдуулахаа илэрхийлж хохирогч нартай тохиролцоонд хүрсэн. Энэ нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг заавал оноох шаардлагагүй юм. Гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг ял оногдуулахдаа харгалзан үздэг. Шүүгдэгчийн хувьд тодорхой ажил эрхэлдэг болон МУИС-ийн оюутан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Тэтгэвэрт гарсан хөгшин эхийн хамт амьдардаг ба шүүгдэгчээс өөр асран халамжлах хүнгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд мэдүүлэг авах, 25.2 дугаар зүйлд мэдүүлэг авах хугацааны талаар тусгасан байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс гэрч, сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа эдгээр зүйл, заалтад заасан журмыг зөрчиж авсан байна. Эдгээр зөрчил нь дараахь байдлаар нотлогдож байна. Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 33-35, 102-104, 131-133, 2хх 113-114/ өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэж хэлсэн байхад нь мэдүүлгийг үргэлжлүүлэн авч асуулт тавьж, хариулт авсан нь өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг зөрчиж байна. 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 79-81/, мэдүүлгийг хэдэн цагт эхлүүлсэн хугацаа болон хэдэн цагт дууссан хугацаа тодорхойгүй байгаа бөгөөд мэдүүлэг авах хугацааны журам зөрчигдсөн байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 850 дугаартай шийтгэх тогтоолоор Э.Б-г 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх шийтгэсэн. Прокурор Г.Ууганбаатар нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан юм. 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс хойш 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр буюу гэм буруугийн шүүх хурлын өдөр хүртэл нийтэд тустай ажил хийсэн. Хэрэв энэ өдрөөр нийтэд тустай ажил хийх цагийг тооцож байгаа бол энэ өдрөөс хойш нийтэд тустай ажил хийхийг нь түдгэлзүүлэх ёстой байсан. Энэ талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчид мэдээлэл хүргүүлээгүй байсан. Иймд хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан бусад эрүүгийн хариуцлагаар сольж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоон үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Э.Б- 7 удаагийн төгссөн, 1 удаагийн завдсан үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлох хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Энэ хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа буюу нотолбол зохих ажиллагаа хангалттай тогтоогдсон. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан хязгаарласан хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн гэх зүйл тогтоогдоогүй. Э.Б-гийн үйлдсэн хэргийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааы үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Э.Б- нь 2020 оны 7 дугаар сарын эхэнд үед Чингэлтэй дүүргийн 1  дүгээр хороо, “Монтел” худалдааны төвд Н.Х-гаас “Redmi note-8” маркийн гар утсыг “төлбөрийг Голомт банкны дансаар шилжүүлчихлээ. Валютын дансаар шилжүүлсэн учир Монгол банкаар дамжиж маргааш дансанд чинь орно” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан тухайн гар утасны үнийг шилжүүлэлгүйгээр гар утсыг нь залилан авч 430.000 төгрөгийн, 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Теди” төвд Б.Ө-аас түүний танил дүү гэж итгүүлэн “Iphone pro max-11” маркийн гар утсыг “миний данс валютын данс учраас данс руу чинь удахгүй орно” гэж хуурч, гар утсыг нь төлбөр төлөлгүй залилан авч, 3.425.000 төгрөгийн, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн үед хувиараа такси үйлчилгээ эрхэлж байсан С.Н-гийн автомашинаар Хан-Уул дүүргээс Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Багшийн дээд сургуулийн автобусны буудал хүргүүлж, буухдаа “... та надад бэлнээр 20.000 төгрөг өгчих, харин би таны данс руу интернет банкаар таксины төлбөр 5.000 төгрөг дээр чинь нэмээд нийт 25.000 төгрөг шилжүүлчихлээ. 10-15 минутын дараа дансанд чинь орно...” гэж хуурч, 20.000 төгрөгийн, 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “БСБ Компьютерс” ХХК-ийн “Мега молл” худалдааны төвийн компьютер худалдаалах тасгаас “Iphone pro max” маркийн гар утсыг худалдаж авъя, төлбөрийг дансаар шилжүүлнэ” гэж хуурч, залилан авч, 4.059.900 төгрөгийн, 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Гранд плаза” дэлгүүрийн 8 дугаар давхарт байрлах “Интер чарм” гоо сайхны эмнэлэгт “V line botox” гэх гоо сайхны үйлчилгээ аваад төлбөрийг “Голомт” банкны вальютын дансаар шилжүүлсэн учир Монгол банкаар дамжин маргааш дансанд чинь орно” гэж хуурч, 350.000 төгрөгийн, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Теди төвийн 29-6 тоот лангууны худалдагч А.А-ээс “Iphone 11 pro max” гар утсыг худалдан авна гэж хуурч, 3.360.000 төгрөгийн, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Smart deal” ХХК-ийн борлуулалтын ажилтан Ц.М-ийг “утасны төлбөрийг танай компанийн данс руу шилжүүлсэн, 2 цагийн дараа орно” гэж хуурч, “Iphone pro-11” маркийн гар утсыг залилан авч, 3.599.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

мөн 2020 оны 5 дугаар сарын 6, 15-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрт үйл ажиллагаа явуулдаг “Номин Трейд” ХХК-иас 2.999.900 төгрөгийн үнэ бүхий “Iphone Xs max” маркийн гар утас, 4.399.990 төгрөгийн үнэ бүхий “Macbook pro” /13 inch 128gb/-ийн зөөврийн компьютерийг тус тус зээлээр худалдан авахаар “Номин Юнайтед” ББСБ-аас зээл хүссэн өргөдлийн хавсралтад “2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 5/42 дугаартай “Түрээсийн гэрээ”, “Дүнжингарав” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 435 дугаартай “Тодорхойлолт гаргах тухай” албан бичиг, 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн “Голомт” банкны 3645106816 дугаарын дансны хуулга зэргийг хуурамч баримтуудыг өгч, уг баримтуудыг хуурамчаар үйлдсэн болохыг мэдсээр байж ашиглаж, залилахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Х-гийн “...2020 оны 7 дугаар сарын эхээр шиг санаж байна, намайг лангуун дээрээ сууж байхад тайрмал бор өнгийн үстэй, 160-165 см өндөртэй, цайвар шаргал царайтай эмэгтэй орж ирээд “хамгийн гайгүй гар утсаа үзүүлээч” гэхээр нь 64 gb багтаамжтай redmi note-8 гар утсыг үзүүлсэн. Тэгээд тэр эмэгтэй “за энэ утсыг авъя, 480.000 төгрөгийг интернэт банкаар шилжүүлнэ” гээд миний банкны дансыг авч, “за мөнгийг нь хийчихлээ, 20 орчим минутын дараа орно, минийх валютын данс болохоор жаахан удна” гэж хэлсэн. Тэгснээ “валют учраас Монгол банкаар дамжина, одоо хаачихсан учраас маргааш орно” гээд 95966763 гэсэн дугаар үлдээгээд явсан” /1 хх 18/ гэсэн мэдүүлэг, уг үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн Э.Б-гийн яллагдагчийн мэдүүлэг /1 хх 35/, эд зүйлд үнэлгээ тогтоосон Дамно ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын ЧД1-20-542 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 26/, хохирлын 480.000 төгрөгийг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 22-23/,

Хохирогч Б.Ө-ын “...манай нэг найз “манай дүү утас сонирхож байгаа, чам руу явуулна гэсэн. 2-3 хоногийн дараа би ажил дээрээ иртэл манай худалдагч Адъяахүү айфоне про макс 11 гар утас аваад явсан шүү гэхээр нь манай найзын дүү нь авсан юм байх гэж бодсон. Мөнгө нь орж ирэхгүй болохоор найзаасаа асуутал өөр утас авсан гэсэн. ...95966763 дугаар утас залгатал “өө ахаа асуудалгүй мөнгөө өгнө, миний данс валютын данс байгаа юм, 2, 3 хоног болох гээд байна” гэхээр нь би аргадсаар байгаад уулзахаар болоод уулзтал Батбаяр гэх хүнд өгсөн гэхээр нь Батбаяртай нь уулзахад миний утас мөн байсан. Тэгэхээр нь би Б-гийн цуглуулсан 1.3 сая төгрөгийг Батбаярт өгөөд өөрийнхөө гар утсыг аваад Б-г Батбаярт өгөөд явуулсан” /1 хх 78/, хохирогч Б.Батбаярын “...намайг Скайтелийн лангуун дээр суудаг байхад утас авч байсан Б- залгаад Америкаас ирсэн про макс байна, 3 сая төгрөгөөр авах уу” гэхээр нь Хангай хотхоны 516 дугаар байрны зогсоол дээр уулзаж авсан. ...миний дугаар руу Өсөхөө гэж хүн залгаад “Теди”-гийн гадаа хүрээд ир гэхээр нь очтол Б-, Өсөхөө нар байсан. Өсөхөө нь “манай лангуунаас энэ эмэгтэй наад гар утсыг чинь худлаа яриад авсан байна, би гар утсаа авъя, надад энэ эмэгтэйгийн 1.3 сая төгрөг байна, үлдсэн мөнгийг нь энэ эмэгтэйгээс авч учраа ол” гэсэн. Тэгээд Б- нь дагуулаад хотод нааш цааш яваад байсан болохоор нь сүүлдээ аргаа бараад Сүхбаатар дүүргийн цагдаа дээр авчирч өгсөн” /1 хх 72/, Дамна ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын СБ2-20-1227 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 83/, яллагдагч Э.Б-гийн “яллагдагчаар татсаныг зөвшөөрөхгүй байна, хүмүүсийн хоорондын мөнгөний асуудал байсан. Хэрвээ цагдаад хандаагүй бол ингээд мөнгөө өгөөд болчих байсан” гэсэн мэдүүлэг /1 хх 93/,

хохирогч С.Н-гийн “...намайг такси үйлчилгээнд явж байхад 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 10 цагийн үед Хан-Уул дүүргийн Таванбогд ХХК-ийн орчмоос нэг хүүхэн гар өргөөд суусан. Ингээд Багшийн дээдийн автобусны буудал дээр буухаар болоод төлбөр 5.000 төгрөг болсон ба тэр хүүхэд “би тань руу 20.000 төгрөг нэмээд 25.000 төгрөг шилжүүлье, та надад 20.000 төгрөг өгчих” гэхээр нь өгсөн. Тэгээд 20 минутын дараа орчих байх гээд буусан” 1 хх 115/, уг үйлдлээ хүлээн мэдүүлсэн яллагдагч Э.Б-гийн мэдүүлэг /1 хх 123/,

хохирогч “БСБ компьютэрс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэнгэлийн “...2020 оны 7 дугаар сарын 29-ний 18 цаг 19 минутын үед манай дэлгүүрийн 3 давхарт компьютер гар утасны тасгаас Зулаа гэж өөрийгөө танилцуулсан эмэгтэй 4.059.900 төгрөгөөр худалдаалагдаж байсан   I phone 11 pro max гар утсыг дансаар төлбөрийг нь хийе гэж авсан. Тэгэхдээ “банк хооронд гүйлгээ хийж байгаа учраас маргааш орно” гэсэн. Би маргааш нь ажил дээрээ ирээд шалгахад уг мөнгө ороогүй байсан. Тэгээд луйвардуулснаа мэдээд камерийн бичлэг шүүж цагдаад хандсан” /1 хх 165, 161/ гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Болор-Эрдэнийн “би 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Теди төвийн 2 давхарын 8 тоот павилоноос Содоо гэх хүнээс Iphone pro max маркийн 64 gb багтаамжтай цагаан өнгийн гар утсыг 3.4 сая төгрөгөөр худалдан авсан. Тэгээд 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр цагдаагаас дуудаж гэмт хэргийн замаар олж авсан утас гээд хураан авсан” /1 хх 164/, гэрч Б.Баярсайханы “Би 2010 оноос хойш Теди төвийн гадаа улирлын чанартай гар утасны ченж хийж байгаа. 2020 оны 7 дугаар сарын 29-ний орой 19 цагийн үед үл таних эмэгтэй Iphone pro max авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би 3.0 сая төгрөгөөр авч байгаа гээд Теди төвд лангуу ажиллуулдаг Содоо гэх залуутай уулзуулсан” /1 хх 170/, гэрч Ж.Содбилэгийн “...би ажлаа тараад гадаа тамхи татаад сууж байтал Баяраа ах дуудсан. Очиход нэг эмэгтэй Iphone pro max зарна гэж байна гэсэн. Тэгээд би 1.0 сая төгрөгийг бэлнээр, 2.0 сая төгрөгийг дансаар шилжүүлж утсыг нь авсан” /1 хх 176/, тухайн гар утсыг 4.059.900 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын ХУ1-20-472 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 181/, “яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа” тухай Э.Б-гийн мэдүүлэг /1 хх 191/, эд мөрийн баримтаар БСБ компьютерс ХХК-ийн гаднах камерийн бичлэг бүхий СД /1 хх 157/,

хохирогч А.Туяагийн “Манай Ноён оргилын хишиг ХХК-ийн гоо сайхны салонд ажлаа хийж байтал 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр утсаар “ви лайн ботокс хийлгэх цаг авъя гээд Баянаа гээд үйлчилгээ авсан. 40 ботокс хийлгэж нийт 350.000 төгрөг болж, “Голомт банкны валютын данснаас шилжүүлчихлээ, өнөөдөр бүтэн сайн учраас маргааш орно” гэхээр нь би итгээд явуулсан” /2 хх 165/ гэсэн мэдүүлэг, “би яллагдагчаар татсан тогтоолыг зөвшөөрөхгүй байна, би хэргээ нэгтгүүлээд өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө” гэх яллагдагч Э.Баянаагийн мэдүүлэг /2 хх 175/,

хохирогч А.А-ийн “2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр намайг Теди төвийн 4 давхрын 29-6 дугаар лангуун дээрээ байж байтал тайрмал үстэй шар туранхай биетэй хар шилтэй эмэгтэй ирээд Iphone 11 pro max асуусан. Гаргаж үзүүлтэл “авъя, дансаа өгчих” гээд гар утсаа оролдож байгаад “хийчихлээ” гэхээр нь би шалгахад ороогүй байсан. Тэгээд би “ороогүй байна” гэхэд “би сая валютын данснаасаа шилжүүлсэн Монгол банкнаас нэг хоног хугацаатай хийдэг юм” гэсэн. Би утсаа өгөөд явуулсан” /2 хх 199/, яллагдагчийн мэдүүлэг /2 хх 202/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 209-212/ зэрэг бусад нотлох баримтууд,

хохирогч Смарт дийл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ийн “... Өнөөдөр буюу 2020 оны 7 дугаар сарын 31-ний 12 цаг 40 минутын үед намайг ажил дээрээ байж байхад хар өнгийн футболктой, жинсэн өмдтэй, бараан өнгийн гуталтай, тайрмал үстэй шар цайвар царайтай намхан биетэй, хар маск зүүсэн эмэгтэй орж ирээд Iphone 11 pro асуусан. Ингээд gold өнгийн 64 gb багтаамжтай 3.599.000 төгрөгийн үнэтэй утсыг авахаар болсон. Тэгээд дансаар төлөхөөр болж утсаа оролдож байгаад “шилжүүлчихлээ” гэхээр нь нягтлангаасаа “мөнгө орж уу” гэж лавлатал ороогүй байсан. Гэтэл тэр эмэгтэй “валютын дансаар шилжүүлсэн” гээд Голомт банкны лавлах руу залгаж чанга яригч дээр нь тавиад асуутал цаад хүн нь “2 цагийн дараа орно” гэхээр нь би итгээд утсаа өгөөд явуулсан” /3 хх 13/ гэсэн мэдүүлэг, уг мэдүүлгийн баталж гэрчилсэн О.Амарсанаа, Л.Алтансүх нарын гэрчийн мэдүүлэг /3 хх 16, 18/, “худалдагчаас утсыг  нь аваад Голомт банкны вонны данснаасаа шилжүүлсэн гэж худал хэлсэн” тухай мэдүүлсэн яллагдагч Э.Б-гийн мэдүүлэг /3 хх 25/, эд зүйл /тухайн гар утас/-ийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3 хх 26/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх 27-29/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хх 37/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Э.Б-гийн дээрх 7 удаагийн үйлдлүүд нь үргэлжилсэн бөгөөд төгссөн үйлдэл бол 2020 оны 5 дугаар сарын 6, 15-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрт үйл ажиллагаа явуулдаг “Номин Трейд” ХХК-иас 2.999.900 төгрөгийн үнэ бүхий “I phone Xs max” маркийн гар утас, 4.399.990 төгрөгийн үнэ бүхий “Macbook pro” /13 inch 128gb/-ийн зөөврийн компьютерийг тус тус зээлээр худалдан авахаар “Номин Юнайтед” ББСБ-аас зээл хүссэн өргөдлийн хавсралтад “2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 5/42 дугаартай “Түрээсийн гэрээ”, “Дүнжингарав” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 435 дугаартай “Тодорхойлолт гаргах тухaй” албан бичиг, 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн “Голомт” банкны 3645106816 дугаарын дансны хуулга зэргийг хуурамч баримтуудыг өгч, уг баримтуудыг хуурамчаар үйлдсэн болохыг мэдсээр байж ашиглаж залилахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Номин Юнион ХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжингийн “...Э.Б- гэх эмэгтэй өмнө нь буюу 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр манай харъяа Номин трейд ХХК-иас Iphone XS max маркийн 2.999.990 төгрөгийн үнэтэй гар утсыг зээлээр авахаар Голомт банкны дансны хуулга, Дүнжингарав ХХК-ийн тодорхойлолт зэргийг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй байдалтай авчрахаар нь “зээл хүлээгдэнэ, өнөөдөртөө гарах боломжгүй” гээд материалынх нь зургийг дараад буцааж өгсөн. Үүний дараа буюу өнөөдөр 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 542 тоот орон сууц түрээслэх гэрээ, Дүнжингарав ХХК-ийн лангууны 2 түрээсийн гэрээг авчирч ирээд Macbook pro маркийн 13 инч 128 багтаамжтай зөөврийн компьютерийг зээлээр авахаар дахин хүсэлт ирүүлсэн. Тэгэхээр нь түрээсийн гэрээний нотариатчийнх нь утас руу залгаж асуухад “би өөрөө очиж харъя” гээд ирж үзээд “ийм гэрээ гэрчлээгүй, миний гарын үсэг биш байна, тамга тэмдгийг хуурамчаар үйлдсэн байна” гэсэн. Энэ Э.Б- гэх эмэгтэй манайхаас хоёр удаа хуурамч баримтаар зээл авахаар оролдсон” гэсэн мэдүүлэг /1 хх 228/, тухайн нотариатч Ц.Цэцэгмаагийн гэрчийн мэдүүлэг /1 хх 230/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хураан авсан тэмдэглэл болон тухайн баримтууд /1 хх 232-2 хх 66/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 3894 дугаар дүгнэлт /2 хх 82-107/, яллагдагчийн “хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /2 хх 114/ зэргээр тогтоогдож байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Б-г үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлсэн авсан, хуурамч бичиг баримт ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлсэн авч залилахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Харин, түүний үйлдлүүдийг нийтэд нь буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь ойлгомжгүй болжээ.

Учир нь, прокурор шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн байхад анхан шатны шүүх “7 удаагийн төгссөн, 1 удаагийн завдсан гэмт үйлдлүүдийг нэгтгэн зүйлчлэх” гэж зөв дүгнэсэн атлаа прокуророос зүйлчилсэн хоёр зүйл хэсгийг нэгтгэх байдлаар өөрчлөөгүй, мөн түүнчлэн төгссөн үйлдлүүдийг завдсан мэтээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг бүхэлд нь журамласан нь буруу юм.

Иймд энэ талаарх өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж зөвтгөх нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Б- “гэм буруугаа ухаарч, гэмшиж байгаа, хохирогч нараас уучлалт гуйж, хохирлын тодорхой хувийг төлсөн, үлдэхийг төлөхөө илэрхийлсэн, тэтгэврийн эхийн хамт амьдардаг байдлыг болон өмнөх ялаас заримыг эдэлсэн байхад дутуу тооцсон зэргийг харгалзаж, хорихоос өөр төрлийн ял шийтгэнэ үү”,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбаяр “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар заавал хорих ял оноох шаардлагагүй, мөрдөн шалгах явцал Э.Б-гийн өмгөөлөгч авах эрхийг зөрчсөн, ялыг нэмж нэгтгэхдээ дутуу тооцож, эрх зүйн байдлыг нь дордуулсан тул өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэх бөгөөд уг зүйлийг хэрэглээгүй анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон байна. Учир нь, шүүгдэгч Э.Б- нь үргэлжилсэн 8 удаагийн үйлдлээр бусдыг залилж, 19.643.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байгаагаас гадна урьд нь энэ удаагийн гэмт хэрэг үйлдсэн аргаар “төлбөрийг нь мобайл банкаар шилжүүлчихлээ” гэж хуурч, бусдад хохирол учруулсан үйлдэлдээ нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, уг ялаа эдэлж байхдаа дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” бол хүндрүүлэн зүйлчилж, таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан боловч мөрдөн шалгах явцад энэ хэргийг талаар шалгаагүй, прокурор ингэж хүндрүүлэн зүйлчлээгүй, анхан шатны шүүх шүүгдэгч Э.Б-гийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр прокурорт буцаалгүй шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх буруутгах шаардлагагүй гэж үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.    

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдолд хавсаргасан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 3/1773 дугаар албан бичгээр “ялтан Э.Б- нь 2021 оны 1 дүгээр сарын 20-ны байдлаар 500 цагийн ялаас 364 цагийн ялыг эдэлж, 136 цагийн үлдэгдэлтэй байна” гэснийг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол дахь ял нэмж нэгтгэсэн хэсэгт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/79 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б-д 8 /найм/ сар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч Э.Б-д 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтын “... эдлээгүй үлдсэн 200 /хоёр зуун/ цагийг 25 /хорин тав/ хоногийн хорих ялд шилжүүлэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 8 /найм/ сар 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар тогтоосугай” гэснийг “...эдлээгүй үлдсэн 136 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын нэг хоногийг найман цагаар тооцон 17 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 8 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай” гэж, 

4 дэх заалтын “...25 /хорин тав/ хоногийн ...” гэснийг “... 17 хоногийн” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Г.Ганбаяр нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэр /магадлал/-ийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.АРИУНХИШИГ

 

 

ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ