Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 00070

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч П.Шижиртуяа,
улсын ахлах өмгөөлөгч М.Найдан
хохирогч Д.Эрдэнэбилэг,
шүүгдэгч Э.Батбилэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрдэнэчулууны Батбилэгт холбогдох 201706000051 дугаартай, 132/2017/0063/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын харьяат, 1988 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар баг, 3 дугаар хороонд оршин суух, Боо овогт Эрдэнэчулууны Батбилэг /РД:ГМ88070732/,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.Батбилэг нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр согтуугаар хохирогч Д.Эрдэнэбилэгийг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын соёлын төвд урлагийн тоглолт бэлтгэж байх үеэр бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлан хохирогч Д.Эрдэнэбилэгийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Э.Батбилэгийн өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Эрдэнэбилэгийн өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 19-ний орой манай сумын багуудын хооронд уламжлал болгон зохион байгуулдаг “Нэг өдөр” урлагын тоглолтондоо бэлдээд байж байтал Батбилэг гаднаас согтуу орж ирээд Ганзоригтой муудалцаад байхаар нь би больцгоо гэж хэлсэн. Тэгээд хөтөлбөрөө бичээд сууж байсан чинь хөгжмийн багш тэнд юм хум эвдчихлээ чи очоод салгаач гэхээр нь очиж салгачихаад эргэж ирээд юмаа бичээд сууж байтал Батбилэг ирээд намайг цохиод авсан. Тэгэхээр нь яаж байгаа юм, ингэж болохгүй, хүн шаардлага тавьж байхад гээд зууралдаад байж байтал гаднаас Төрөө, Энхбаатар 2 орж ирээд салгасан. Салаад байж байтал дахиж над руу дайрч би хойшоо ухарж явж байгаад хөшиг тогтоодог турбанд тээглээд унасан. Тэгээд өшиглөхөөр нь доошоо харж нүүрээ дарж хэвтсэн. Толгой гуяндаа өшиглүүлсэн. Би багийн Засаг дарга учир Батбилэгийг өнчин, орон гэр гээд байх юм байхгүй, ажил төрөлгүй учраас гомдол санал байхгүй. Багийн Засаг дарга хүний хувьд залуу хүнийг цааш нь гэхэсээ илүү нааш нь татаж ажил амьдралтай нь залгуулах бодолтой ирсэн гэх мэдүүлэг,
201706000051 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд: Шүүгдэгч Э.Батбилэгийн сэжигтнээр өгсөн: “.. 2017 оны 01 дгээр сарын 19-ний өдөр найз Энхбаатар, Энхтөр нарын хамт дэлгүүрээс 2 шил 0.75 литрийн ерөөл архи авч хувааж уусан. 17-18 цагийн үед архиа ууж дуусгаад урд хороонд айлд очих гэж явж байхад соёлын төв гэрэлтэй байхаар нь би орсон. Ороход 5 дугаар багийн иргэд тоглолт бэлдэж байсан. Тэгтэл Ганзориг гэх залуу юу хийж яваа юм гэхээр нь зүгээр гэсэн чинь гар гээд босоод ирсэн. Тэгэхээр нь би цээж рүү нь түлхээд садалруу унагаатал багийн дарга Эрдэнэбилэг ирээд гар зайл гэсэн. Тэгэхээр нь би түүний дух руу нь гараараа цохьсон. Энэ үед Энхбаатар, Энхтөр хоёр орж ирээд биднийг салгасан. Удалгүй бид гарахад цагдаа ирчихсэн байсан гэх мэдүүлэг /хх 41 тал/,
Хохирогч Д.Эрдэнэбилэгийн өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 19-ний орой манай сумын багуудын хооронд уламжлал болгон зохион байгуулдаг “Нэг өдөр” урлагын тоглолтондоо бэлдээд байж байтал Батбилэг гаднаас согтуу орж ирээд Ганзоригтой муудалцаад байхаар нь би больцгоо гэж хэлсэн. Тэгээд хөтөлбөрөө бичээд сууж байсан чинь хөгжмийн багш тэнд юм хум эвдчихлээ чи очоод салгаач гэхээр нь очиж салгачихаад эргэж ирээд юмаа бичээд сууж байтал Батбилэг ирээд намайг цохиод авсан. Тэгэхээр нь яаж байгаа юм, ингэж болохгүй, хүн шаардлага тавьж байхад гээд зууралдаад байж байтал гаднаас Төрөө, Энхбаатар 2 орж ирээд салгасан. Салаад байж байтал дахиж над руу дайрч би хойшоо ухарж явж байгаад хөшиг тогтоодог турбанд тээглээд унасан. Тэгээд өшиглөхөөр нь доошоо харж нүүрээ дарж хэвтсэн. Толгой гуяндаа өшиглүүлсэн. Би багийн Засаг дарга учир Батбилэгийг өнчин, орон гэр гээд байх юм байхгүй, ажил төрөлгүй учраас гомдол санал байхгүй. Багийн Засаг дарга хүний хувьд залуу хүнийг цааш нь гэхэсээ илүү нааш нь татаж ажил амьдралтай нь залгуулах бодолтой ирсэн гэх мэдүүлэг /хх 16 тал/, Гэрч Д.Баттулгын өгсөн: “..18-19 цагийн үед байх Батбилэг, Энхбаатар, Энхтөр гурав Соёлын төвд орж ирээд Батбилэг Ганзоригийг шууд цохиод авсан. Тэгээд тэр хоёр барьцалдаад авахад багийн дарга Эрдэнэбилэг очиж салгачихаад буцаад сандал дээрээ суутал Батбилэг ирээд шууд цохиод авсан” гэх мэдүүлэг /хх 17 тал/, Гэрч Б.Хашзаяагийн өгсөн: “.. Эрдэнэбилэг ах чи болиочээ олон нийтийн газар танхайраад гээд салгасан чинь чамд ямар хамаатай юм пизда минь гэж хэлээд Эрдэнэбилэг ах руу очоод нүүр лүү нь цохьсон” гэх мэдүүлэг /хх 21 тал/, Гэрч Б.Ганзоригийн өгсөн: “.. Батбилэг орж ирээд миний нүүр лүү шууд цохиод авсан. Эрдэнэбилэг дарга больцгоо гээд шаардлага тавиад суутал Батбилэг очоод Эрдэнэбилэг даргыг цохиод авсан” гэх мэдүүлэг /хх 22-23 тал/, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 49 дугаартай дүгнэлт 1. Д.Эрдэнэбилэгийн биед тархи доргилт, зүүн зовхи, гуянд цус хуралт, баруун доод шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулах тогтоол /хх 01 тал/, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 02 тал/, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх 12-14 тал/, шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх 33 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 57 тал/, согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх 58-60тал/, нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх 79, 80 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 82-84 тал/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э.Батбилэг нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр согтуугаар хохирогч Д.Эрдэнэбилэгийг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын соёлын төвд урлагийн тоглолт бэлтгэж байх үеэр бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчижхохирогч Д.Эрдэнэбилэгийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан хууль зүйн факт, үйл баримт болжээ. Энэ үйл баримт нь шүүгдэгч Э.Батбилэгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ үнэн зөвөөр хүлээн мэдүүлсэн “..Эрдэнэбилэгийн дух хэсэг рүү нь баруун гараараа нэг удаа цохьсон, яг шалтгаан гээд байх зүйл байхгүй гэх мэдүүлэг, хохирогч Д.Эрдэнэбилэгийн “..намайг жороо пизда минь гэж хашгирч ирээд зүүн талын шанаа руу цохиод авсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Баттулгын “багийн дарга Д.Эрдэнбилэг салгачихаад буцаад сандал дээрээ очоод суутал Батбилэг ирээд шууд цохиод авсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Хашзаяагийн “..Эрдэнбилэг ах чи болиоч олон нийтийн газар танхайраад гээд салгасан чинь чамд ямар хамаатай юм пизда минь гэж хээл цохиод авсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Ганзоригийн “..Эрдэнбилэг дарга больцгоо гээд суутал Батбилэг очоод Эрдэнбилэг даргыг цохиод авсан” гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 49 дугаартай дүгнэлт, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, шинжээчийг байцаасан тэмдэглэл, согтуурал шалгасан тэмдэглэл, нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдаж, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт, шалтгааны талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн дээрхи хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэг нотлох баримтуудаар батлагдсан байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ. Иймд хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотловол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Э.Батбилэгийг олон нийтийн газар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Э.Батбилэгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Эрдэнэбилэгт учирсан гэм хорын хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь тэдгээрийн мэдүүлэгээр нотлогдож байх тул хохирол төлөгдсөн гэж үзэж , мөрдөн байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн шүүгдэгчийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай хамтын өмчлөлийн дугаар-000006119-тай 900 м2 газрыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв. Шүүгдэгч Э.Батбилэгт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураар нөхөн төлж гэм хорыг арилгасан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Э.Батбилэг нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг дурьдвал зохино.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боо овогт Эрдэнэчулууны Батбилэгийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч Э.Батбилэгийг 3 /гурав/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг баримтлан шүүгдэгч Э.Батбилэгт Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил, 2 /хоёр/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Э.Батбилэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай хамтын өмчлөлийн 000006119 дугаартай, 900м2 газрыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Э.Батбилэгт оногдуулсан 3 /гурав/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Батбилэгт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний харицагч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ