Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 927

 

 

Э.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/00680 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Монгол дахь Америкийн Нэгдсэн Улсын Энхтайваны корпус, Б.З нарт холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт      78 078 695 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э,

Хариуцагч Б.Замилангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Э  миний бие Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны харьяа Монгол дахь Энхтайвны корпуст эмнэлгийн туслах ажилтнаар 2014 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс ажиллаж эхэлсэн. Гэтэл ажил олгогчоос 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч байгаа, гэрээг цаашид сунгахгүй байхаар шийдвэрлэсэн гэсэн мэдэгдлийг нэхэмжлэгч зөвшөөрөхгүйгээр зөвхөн хүлээн авсан гэж гарын үсэг зурсан.

Мэдэгдлийг өгснөөс хойш ажил олгогч Э.Э-г дуудаагүй, байж байгаад Энхтайвны корпусын орон хариуцсан захирлын 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 0826/01 дугаартай хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас халсан тушаал өгсөн. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халсан нь дараах үндэслэлээр хууль бус байгаа болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.1-т зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага нь хөдөлмөрийн харилцаанд тус хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан эмнэлгийн туслах ажилтны ажлын байр нь байгууллагаас байр, ажиллах орчин нөхцөлөөр хангагдаж, ажлын байрны тодорхойлолтын дагуу эрүүл мэндийн хэлтэст эмнэлгийн үйлчилгээ болон захиргааны чиг үүргийг ажлын өдрүүдэд гүйцэтгэн, баталсан цалинг тогтмол авч ажилладаг Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.15 дахь хэсэгт заасан байнгын ажлын байр юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1 дэх хэсэгт зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна. Тус хуулийн дагуу байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болох тохиолдлыг хязгаарлалтайгаар тодорхой зохицуулсан байдаг. Ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болно. Энэ нөхцөлд тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байвал зохино.

Ажил олгогчоос нэхэмжлэгчтэй анх 2014 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа гэрээний нийт хугацаа 5 жил байх талаар мэдэгдсэн бөгөөд ямар үндэслэл шаардлагаар энэ хугацааг тогтоож байгаа нь тодорхойгүй байсан. 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэрээ дүгнэхдээ гэрээний хугацааг 6 cap гэж ажил олгогчоос тогтоож, 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хугацаа дуусахаар гэрээний өөрчлөлтөд тусгасан байсан. Гэрээний хугацааг 6 cap болгож богиносгож тогтоохдоо ч мөн тодорхой үндэслэл, шалтгаангүйгээр ажил олгогч үзэмжээрээ хандсан.

Хөдөлмөрийн гэрээ, хугацааг богиносгон тогтоосон нэмэлт гэрээг аль алиныг нь ажил олгогчоос санаачилсан загвар бөгөөд ажилтны хувьд зөвшилцөх, хүсэл зоригоо тусгуулах бололцоо байгаагүй. Ажил олгогчоос ингэж дур зоргоороо хугацаа тогтоох нь ажилтан хэдийд ч халагдаж болзошгүй гэсэн айдас, дарамт үүсгэж, цаашлаад хөдөлмөр эрхлэлт, цалин орлогын тогтвортой байдлыг баталгаагүй болгож байгаа юм. Үүнээс шалтгаалж ажилтны орлого, санхүү, зээлийн харилцаа мөн баталгаажих боломжгүй болдог.

Ийнхүү ажиллах хугацааг ажил олгогч үзэмжээрээ тогтоосон нь нэхэмжлэгчийн зүгээс Олон Улсын Энхтайвны корпусын Иргэний эрх болон Олон янз байдлын газарт хандаж Монгол Улс дахь салбар нь ажилтнуудыг ялгаварлан үздэг, зарим удирдах ажилтнууд мэргэжлийн ёс зүйгүй харилцдаг, ажлын сөрөг үнэлгээг үндэслэлгүйгээр өгсөн зэрэг асуудлаар гаргасан гомдолтой холбоотой гэж үзэхээр байна.

Э.Э-г гомдол санал гаргасны улмаас байгууллагаас хөдөлмөрийн гэрээний хугацааг үзэмжээрээ 6 сараар тогтоосон гэж үзэж байна. Гэрээний хугацааг 6 сараар тогтоосон өөр ажилтан байгаагүй. Ингээд хариуцагч байгууллагаас 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч байгаа талаар мэдэгдэл өгч 8 дугаар сарын 29-ний өдрөөр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. Ийнхүү байнгын ажлын байранд тодорхой үндэслэл, шаардлага үүсээгүй байхад хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний хугацаа дууссан гэж ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1, 23.2.2 дахь заалтыг зөрчсөн.

Ажил олгогчийн ажлаас халах тушаал гаргахдаа үндэслэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу байгуулагдсан хугацаатай хөдөлмөрийн гэрээнд хамааралтай болно. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтуудыг зөрчиж хугацаа тогтоосон тул гэрээний хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халсан нь хууль бус болно. Энэ асуудлаар нэхэмжлэгч Олон Улсын Энхтайвны корпусын захиралд 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гомдол гаргахад түүний өмнөөс Бүс нутаг хариуцсан захирал Кристин Берш /Kristin Besch/ 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр е-мэйлээр хариу ирүүлсэн. Түүний е-мэйлд Би энэ асуудлыг хянаж үзэхэд таны хөдөлмөрийн гэрээ цаашид сунгагдахгүй болсон нь гэрээний зохицуулалт болон танай улсын Хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн байна гэсэн байсан.

Э.Э  нь Монгол Улс дахь Энхтайвны корпус нь ажилтнуудыг үндэс угсаа, иргэний харьяалал, нас, хүйс зэргээр нь ялгаварлах, хавчин гадуурхах явдал байгаа тухай 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Олон Улсын Энхтайвны корпусын Иргэний эрх болон Олон янз байдлын газарт хандаж гомдол гаргаж байсан. Гомдлын дагуу тус газраас 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр, 3 дугаар сарын 25-ны өдөр тус тус хариу ирүүлж тухайн асуудлыг хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар мэдэгдсэн ч хариу ирээгүй байна.

Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж ажлаас халсан нь ялгаварлан гадуурхсанаас үүдэлтэйгээр ажил олгогчийн үзэмжээр шийдвэрлэсэн болох нь эмнэлгийн туслах ажилтан авах тухай зарыг https://www.peacecorps.gov сайт болон Өдрийн сонины 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №199(5464) дугаарын 3 дугаар нүүрэнд гаргасан байгаагаас харж болно. Эмнэлгийн туслах ажилтны орон тоо хэвээр байсан бөгөөд тухайн ажлын байранд богино хугацаа тогтоож ажиллуулах үндэслэлгүй байсан нь ч нотлогдоно. Алагчлахгүй байх тухай Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенцийн 1 дүгээр зүйлийн 1а, 1б дэх хэсгүүдэд Алагчлах гэсэн нэр томьёо нь дараах утгыг агуулна: (а) арьс үндэс, арьсны өнгө, хүйс, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, үндэс угсаа, нийгмийн гаралд үндэслэн ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн салбарт тэгш боломж, хандлагыг үгүйсгэх буюу зөрчихөд хүргэж байгаа аливаа ялгаварлах, хавчин гадуурхах, эсхүл давуу байдал олгох үйлдэл (б) ...гишүүн улсад тогтоосон ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн салбарт тэгш боломж, хандлагыг үгүйсгэх буюу зөрчихөд хүргэж байгаа аливаа ялгаварлах, үгүйсгэн гадуурхах, эсхүл давуу байдал олгох бусад үйлдэл гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглодог. Ийнхүү нэхэмжлэгчийн хувьд өөрийн эрх ашгаа хамгаалахаар санал, шаардлага гаргаснаас болж ялгаварлан гадуурхагдаад байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд ажил олгогчийн энэ үйлдэл нь Алагчлахгүй байх (Ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенц болон Хөдөлмөрийн тухай хуулийн 7.2 дахь хэсэгт нийцэхгүй.

Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 78 078 695 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.Э  өөр ажилд орсон тул одоо ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 78 078 695 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч Б.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.З миний бие 2005 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Энхтайваны корпустай Үйлчилгээ үзүүлэх тухай хугацаат гэрээ байгуулж, өнөөдрийн байдлаар Санхүү болон менежментийн аналистаар ажиллаж байна. 2014 оны 3 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Э.Э тэй байгуулсан үйлчилгээний ажилтны гэрээнд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийнхээ хүрээнд гарын үсэг зурсан болно.

Б.З нь Энх тайваны корпусын гэрээт ажилтан бөгөөд ЭТК-ыг төлөөлөх эрх бүхий этгээд биш, Э.Э тэй л нэг адил ажилтан бөгөөд Э.Э-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариуцагч биш, шүүхээс гарах аливаа шийдвэрийн биелэлтийг гүйцэтгэх боломжгүй юм. Хэргийн материалд нотлох баримтаар авагдсан Б.Замилангийн гарын үсэг зурсан үйлчилгээний гэрээг харвал нэг тал нь АНУ хэмээн тодорхой тусгасан байна.

Энх тайваны корпус нь Америкийн Нэгдсэн Улсын хуулийн эмхэтгэлийн 22-ын 2501-1/2017/-д буй нэмэлт өөрчлөлт оруулсан Нийтийн эрх зүйн 87-293 буюу Энхтайваны корпусын тухай хуульд зааснаар Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газрын агентлаг болно.

1990 оны 8 дугаар сарын 02-нд байгуулсан Америкийн Нэгдсэн Улсын Энхтайваны корпусын шугамаар хамтран ажиллах тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол улсын нутаг дэвсгэрт салангид хуулийн этгээд болж чадахгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.-т заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрөө сонгох эрхтэй боловч Б.З нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол хохирол учруулсан аливаа шийдвэр, үйлдэл гаргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний харилцаа буюу маргаан бүхий харилцааны оролцогч биш этгээдийг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Монгол дахь Америкийн нэгдсэн улсын Энхтайвны Корпусаас Гадаад харилцааны яамаар дамжуулан шүүхэд ирүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 312 дугаар ноот бичигтээ: Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Монгол Улсын Гадаад харилцааны яаманд хүндэтгэлээ илэрхийлэхийн ялдамд энд хавсаргасан 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн албан бичгийг дурдах завшаан тохиолдов.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Монгол хэл дээр ирүүлсэн уг албан бичгийг Гадаад харилцааны яамны 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/17-2363 тоот ноот бичгээр уламжилсныг Элчин сайдын яам 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авсан. Уг албан бичигт хатагтай Э.Э-ийн нэхэмжлэлийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлэхийг Энхтайваны корпусаас хүссэн байна.

Элчин сайдын яамны 2017 оны 01 дүгээр сарын 13-ны 013, 2017 оны 9 дүгээр сарын 26-ны 240, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны 280 тоот ноот бичгүүдээс Америкийн Нэгдсэн Улсын хуулийн эмхтгэлийн 22-ын 2501-1 (2017)-д буй нэмэлт өөрчлөлт оруулсан Нийтийн эрх зүйн 87-293 буюу Энхтайваны корпусын тухай хуульд зааснаар Энхтайваны корпус нь Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газрын агентлаг болох тухай Гадаад харилцааны яам мэдэж байгаа.

Мөн Энхтайваны корпус нь1990 оны 8 дугаар сарын 02-нд Улаанбаатар хотод байгуулсан Энхтайваны корпусаар дамжуулан Бүгд Найрамдах Монгол Ард Улсад хамтран ажиллах тухай гэрээний дагуу Монголд үйл ажиллагаа явуулж байгааг ч Яам мэднэ. Мөн эдгээр ноот бичгээс Энхтайваны корпус нь Монгол Улсын нутаг дэвсгэрт Америкийн Нэгдсэн Улсаас салангид хуулийн этгээд болж чадахгүйг Яам мэдэж байгаа. Элчин сайдын яамнаас өмнө нь мэдэгдсээр байтал Энхтайваны корпусыг энэ хэргийн хариуцагч хэмээн зүй бусаар нэрлэсээр байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д шүүх иргэний хэргийг 60 хоногийн дотор хянан шийдвэрлэхээр заасан тул Элчин сайдын яамны 280 тоот ноот бичигт заасан хугацааг (60 хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлэх) хэрэглэх боломжгүй гэж уг шүүхийн албан бичигт тэмдэглэжээ.

Нэхэмжлэлд хариу өгөх, эсвэл шүүх бүрэлдэхүүний өмнө хүрэлцэн ирэх ёстой өдрөөс доод тал нь жар (60) хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлэх тухай шаардлага нь олон улсын хууль тогтоомжоор нэгэнт тогтсон ойлголт болохыг Элчин сайдын яам тэмдэглэж байна. Америкийн Нэгдсэн Улсын хуулийн эмхтгэлийн 28-ын 1608 (d) (1976)-д буй 1976 оны Гадаадын иргэдийн дархан эрхийн тухай хуульд зааснаар аливаа гадаад улсыг Америкийн Нэгдсэн Улсын шүүхийн өмнө дуудахдаа 60 хоногийн өмнө мэдэгдэл өгөх ёстой байдаг. Хэрвээ Монгол Улс ямар нэгэн хэргийн тухайд Америкийн Нэгдсэн Улсын шүүхийн өмнө очих бол 60 хоногийн өмнө мэдэгдэл авсан байх ёстой. Гадаадын иргэдийн дархан эрхийн тухай хууль нь бусад олон орны Улсын дархан эрхийн тухай хуулийн нэгэн адилаар олон улсын хэвшмэл хуульд нийцсэн байдаг. ИБУИНВУ (1978 оны Улс орны дархан эрхийн тухай хууль, Бүлэг 12), Австрали (1985 оны Гадаад орнуудын дархан эрхийн тухай хууль, Бүлэг 24, 28) , Сингапур (1979 оны Улс орны дархан эрхийн тухай хууль, Бүлэг 14), Өмнөд Африк (1981 оны Гадаад иргэдийн дархан эрхийн тухай хууль, Бүлэг 13), Пакистан (1981 оны Улс орнуудын дархан эрхийн тухай хууль, Бүлэг 13) зэрэг улсуудын дотоодын хууль тогтоомжид зааснаар гадаадын иргэнд дор хаяж 2 сарын өмнө мэдэгдэл хүргүүлдэг. Үүний нэгэн адилаар Канадын хууль тогтоомжид ч (1985 оны Улс орнуудын дархан эрхийн тухай хууль, Бүлэг 9) зохих ёсны мэдэгдлийг анхлан хүргүүлсэн өдрөөс хойш дор хаяж 60 хоног өнгөртөл шүүхийн аливаа үйл ажиллагаа явуулж болохгүйг заасан байдаг. Мөн Улс орнуудын дархан эрхийн тухай Европын конвенцын 16 дугаар зүйлд зааснаар тохиролцогч талуудад зохих ёсны мэдэгдэл хүргүүлснээс хойш хариу арга хэмжээ авах хүртэл 2 сараас багагүй хугацааг өгдөг. (Улс орнуудын дархан эрхийн тухай Европын конвенц, 1972 оны 5-р сарын 16, Зүйл XVI, 516 U.N.T.S. 205 (1972)).

Зарим бусад хууль тогтоомжоор гадаадын хариуцагч нарт мэдэгдэл хүргүүлэх хугацааг олон улсын хэвшмэл хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлэн тогтоосон байдаг. Бельги улс 80 (Шүүхийн тухай хууль, Зүйл 55), Итали улс гадаадад зохих ёсны мэдэгдлээ хүргүүлсэн бол 120 хоногийн (Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зүйл 163) хугацааг гадаадын хариуцагч нарт хариу арга хэмжээ авахад нь зориулан өгдөг байна. Грекийн хилээс гадна оршин суугаа хариуцагч Грекийн шүүхийн өмнө очиход дор хаяж 60 хоногийн өмнө (Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зүйл 228 ба 503) мэдэгдэл хүргүүлдэг. Олон улсын хэвшмэл хууль тогтоомжийн энэхүү журам янз бүрийн улс орны олон тооны шүүхийн шийдвэрт тусгалаа олсон байдаг.

Дээр дурдсан ишлэлүүдээс харахад олон улсын хэвшмэл хууль тогтоомжоор гадаадын иргэнд шүүхийн өмнө хүрэлцэн ирэх болон хариу тайлбар хийхээс өмнө дор хаяж 60 хоногийн өмнө зохих ёсны мэдэгдэл хүргүүлсэн байх ёстой нь харагдаж байна. Тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлэх хугацааг 14 хоногоор тогтоож өгсөн нь мөн л зохих ёсны мэдэгдэл хүргүүлэх журмыг дутуу дулимаг хэрэгжүүлсэн зүйл болжээ. Ийм учир шалтгааны улмаас Америкийн Нэгдсэн Улс нь энэ хэргийн аль нэг тал болж, хариулт тайлбар өгөхгүй бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын эсрэг буюу ямар нэг байдлаар Америкийн Нэгдсэн Улсын ашиг сонирхлыг хөндсөн аливаа шийдвэрийг хүчин төгөлдөр гэж хүлээн зөвшөөрөхгүй болно.

Бүх баримт бичгийг монгол хэлээр үйлдсэн байдлаар ирүүлснийг Элчин сайдын яам тэмдэглэж байна. Америкийн Нэгдсэн Улсын хууль тогтоомжийн дагуу Америкийн Нэгдсэн Улсын шүүхэд Монгол Улсын эсрэг аливаа маргааныг үүсгэхдээ монгол хэл рүү орчуулсан баримт бичигт үндэслэдэг учир энэхүү маргаантай холбоотой баримт бичгийг хүргүүлэхдээ англи хэл рүү орчуулсан хувийг дагалдуулах нь хүндэтгэлтэй хандаж буйн илрэл болно хэмээн Америкийн Нэгдсэн Улс үзэж байна. Энд хавсаргасан шүүхийн албан бичгийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаан хүргүүлж, энэ тухай уг шүүхэд мэдэгдэхийг Гадаад харилцааны яамнаас хичээнгүйлэн хүсч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 9 дүгээр зүйлийн 9.2.-т заасныг тус тус баримтлан Монгол дахь Америкийн Нэгдсэн Улсын Энхтайвны корпус, Б.З нарт холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 78.078.695 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Э.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Э  нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч Э.Э-ийн нэхэмжлэлийн энэхүү шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх “Монгол дахь Америкийн Нэгдсэн Улсын Энхтайваны корпус нь бие даасан хуулийн этгээд түүний салбар, төлөөлөгчийн газар биш болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон'' гэжээ. Хариуцагч тал шүүхэд бопон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа Америкийн Нэгдсэн Улсын хуулийн эмхтгэлийн 22-ын 2501-1 (2017)-д буй нэмэлт өөрчлөлт оруулсан Нийтийн эрх зүйн 87-293 бугоу Энхтайваны корпусын тухай хуульд зааснаар Энх тайвны корпус нь Америкийн Нэгдсэн Улсын агентлаг болох тухай тайлбарласан байдаг. Монгол Улс дахь Энхтайваны корпус нь 1990 оны 8 дугаар сарын 02 ны өдөр байгуулсан хоёр улсын Хамтран ажиллах хэлэлцээрийн үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Уг хэлэлцээрийн 7 дугаар зүйлд "Энхтайваны корпусын төлөөлөгч, төлөөлөгчийн газрын ажилтнууд, гэрээгээр ажиллагсад болон сайн дурынхан нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нутаг дэвсгэр дээр тус улсын хууль тогтоомжийг хүндэтгэн сахих үүрэг хүлээнэ" гэж тодорхой дурдсан байдаг. Гэтэл тус Энхтайваны корпус нь нэхэмжлэгч Э.Э тэй 2014 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа байнгын ажлын байранд хугацаатай ба хугацаагүй гэрээ байгуулж болох боловч үүнийг тодорхой заагаагүй, ажил олгогч нь ажилтантай харилцан тохиролцсон шаардлага, шалтгаан нөхцөл, талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд тодорхой тусгалгүй зөвхөн ажил олгогчийн эрх ашгийг хамгаалсан буюу нэг талыг барьсан гэрээг тулгаж хийснээс Хөдөлмөрийн тухай хууль зөрчигдөж Э.Э  нь үндэслэлгүйгээр ажлаас халагдаж, түүний эрх ашиг ноцтой хохирсон. Ажил олгогчоос ажиллах хугацааг үзэмжээрээ тогтоосон нь нэхэмжлэгчийн зүгээс Энхтайваны корпусын Иргэний эрх болон Олон янз байдлын газарт хандаж Монгол улс дахь салбар нь ажилтнуудыг ялгаварлан үздэг, зарим удирдах ажилтнууд мэргэжлийн ёс зүйгүй харьцдаг, ажлын сөрөг үнэлгээг үндэслэлгүйгээр өгсөн зэрэг асуудлаар гаргасан гомдолтой холбоотой гэж үзэхээр байна.

Э.Э  нь Монгол Улс дахь Энхтайваны корпус нь ажилтнуудыг үндэс угсаа, иргэний харьяалал, нас хүйс зэргээр нь ялгаварлах, хавчин гадуурхах явдал байгаа тухай 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Энхтайваны корпусын Иргэний эрх болон Олон янз байдлын газарт хандаж гомдол гаргаж байсан. Гомдлын дагуу тус газраас 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр, 3 дугаар сарын 25-ны өдөр тус тус хариу ирүүлж тухайн асуудлыг хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар мэдэгдсэн ч хариу ирээгүй байна. Э.Э-г гомдол, санал гаргасны улмаас байгууллагаас хөдөлмөрийн гэрээний хугацааг өөрийн үзэмжээрээ 6 сараар тогтоосон гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээний хугацааг 6 сараар тогтоолгосон өөр ажилтан тус Энхтайваны корпуст ажиллаж буй 40 орчим ажилтан дотор байхгүй болно.

Ийнхүү нэхэмжлэгчийн хувьд өөрийн эрх ашгаа хамгаалах, санал, шаардлага гаргаснаас болж ялгаварлан гадуурхагдаад байгаа бөгөөд ажил олгогчийн энэ үйлдэл нь Алагчлахгүй байх (Ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенц, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын (1946 он) 7, 8 дугаар зүйл, 23 дугаар зүйлийн 1, 2 заалт болон Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Э.Э  нь хариуцагч Монгол дахь Америкийн Нэгдсэн Улсын Энхтайваны корпус, Б.З нарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 78 078 695 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр шаардсанаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 78 078 695 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Америкийн Нэгдсэн Улсын Энхтайваны корпусын орон хариуцсан захирлын 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 0826/01 тоот тушаалаар Э.Э тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөр дуусгавар болгож түүнийг ажлаас нь чөлөөлсөн байна.                                                                                                               /1 дүгээр хавтасны 68 дах тал/

 

            Нэхэмжлэгч Э.Э  нь хариуцагчаар ажил олгогч Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газрын агентлаг болох Монгол дахь Америкийн Нэгдсэн Улсын Энхтайваны корпус, Монгол Улсын иргэн Б.З нарт холбогдуулан хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаантай холбоотой нэхэмжлэл гаргасан бөгөөд уг маргаантай холбоотойгоор нэхэмжлэгчийн тодорхойлсон хариуцагч нь Монгол Улсад хариуцагч болох эсэх талаар талууд маргасан.

 

Монгол Улс нь Дипломат харилцааны тухай Венийн конвенцэд нэгдэн орсон тул уг конвенцийг дагаж мөрдөх үүрэгтэй ба Дипломат харилцааны тухай Венийн конвенцийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Дипломат төлөөлөгч хүлээн авагч улсын эрүүгийн хэргийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрх эдэлнэ. Мөн дор дурдсанаас бусад тохиолдолд иргэний болон захиргааны хэргийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрхийг эдэлнэ” гэж заажээ.

 

Энхтайваны корпуст Америкийн Нэгдсэн Улсын төлөөлөгчийн газрын төлөөлөгч нар Дипломат харилцааны тухай Венийн конвенцийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар дархан эрх эдлэх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл тус иргэний хэргийн шүүхийн харьяалалд хамаарахгүй байна.

 

Түүнчлэн, 1990 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын Энхтайвны корпусын шугамаар хамтран ажиллах тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсан байх бөгөөд дээрх хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газрын агентлаг болох Энхтайваны корпус, түүний төлөөлөгчийн газар Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг тул энэхүү иргэний хэргийн шууд хариуцагч болохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Монгол Улсын иргэн Б.З нь 2005 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Энхтайваны корпустай үйлчилгээ үзүүлэх тухай хугацаатай гэрээ байгуулж Монгол дахь Америкийн Нэгдсэн Улсын Энхтайваны корпуст Санхүү болон менежментийн аналистаар ажиллаж байгаа ажилтан байх бөгөөд тэрээр түүнд олгосон итгэмжлэлийг үндэслэн хөдөлмөрийн гэрээнд ажил олгогчийг төлөөлж гарын үсэг зурсан нь иргэний хэргийн хариуцагч болох үндэслэл болохгүй юм.

 

            Иймд анхан шатны шүүх Монгол дахь Америкийн Нэгдсэн Улсын Энхтайваны корпус болон ажилтан Б.З нарт холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 78 078 695 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Э.Э-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Дипломат харилцааны тухай Венийн конвенцийн 31 дүгээр зүйлийн 31.1, Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт заасантай нийцжээ.

 

            Нэхэмжлэгч Э.Э  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Э  нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/00680 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Дипломат харилцааны тухай Венийн конвенцийн 31 дүгээр зүйлийн 31.1” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

 

                             ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ