Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2021/ДШМ/375

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

 

 

 

 

 2021              4             13                                         2020/ДШМ/375                                                                                                 

 

М.Ч-, Л.С- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Галав,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЗ/536 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Л.Галавын бичсэн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцлийг үндэслэн М.Ч-, Л.С- нарт холбогдох эрүүгийн 2006029512221 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

1. Боржигон овгийн Лхагвын С-, 19....... оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, .......... настай, эмэгтэй, дээд боловсролтой, ............. мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......... хамт ................... гудамжны 3-16 тоотод оршин суух бүртгэлтэй боловч ............. дүүргийн ........... дугаар хороо, ........... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:..................../;

2. Боржигон овгийн Мөнхнарангийн Ч-, 20......... оны ...... дугаар сарын 24-ний өдөр............. аймагт төрсөн, ........... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ........... хамт Хэнтий аймгийн .............гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ......... хороо, ............... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .................;

Л.С- нь 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 16 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулах “Итгэлт” худалдааны төвийн 2 дугаар давхараас иргэн Б.О-гийн “Samsung S20” маркийн гар утас, бэлнээр 100.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 2.538.700 төгрөгийн хохирол учруулсан,

            М.Ч- нь 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 16 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Итгэлт” худалдааны төвийн 2 дугаар давхараас иргэн Б.О-гийн алдагдсан “Samsung S20” маркийн гар утсыг хулгайн гэмт хэргийн улмаас олсон гар утас гэдгийг мэдсээр байж 2020 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулах “IT Service” компьютер засварын газраар ашиглах боломжтой болгож авсан, эзэмшсэн ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Л.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч М.Ч-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.           

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж, харьцуулан шинжилж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар үнэлж дүгнэхэд шүүгдэгч Л.С- нь хохирогчийн гар утсыг хулгайлан авч улмаар буцаан өгөлгүйгээр АТМ дээр тавьж үлдээгээд явсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр оролцсон П.Эрдэнэчимэг нь уг гар утсыг АТМ дээрээс олж авчээ. Үүнийгээ гэрч Л.Ариун-Эрдэнэд хэлж, Л.Ариун-Эрдэнэ, М.Ч- хоёр авч яван гар утас засдаг хүнээр кодыг нь гаргуулсан байх бөгөөд М.Ч- өөрийн сим картыг гар утсанд хийж ашигласан үйлдэл тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан... бол” гэж тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлон хуульчилсан байна. Шүүгдэгч М.Ч-ийг холбогдуулсан хэргийн хувьд гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байхыг шаарддаг. Тодруулбал, эд хөрөнгийг авч ашигласан байгаа этгээд болох М.Ч- нь тухайн хөрөнгө, эд зүйлийг өөр хэн нэгэн гэмт этгээд болох М.Ч- нь тухайн хөрөнгө, эд зүйлийг өөр хэн нэгэн гэмт этгээд гэмт хэрэг үйлдэх замаар олж авсныг лавтай сайн мэдсэн байх ёстой. Гэтэл хэрэгт авагдсан гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр шүүгдэгч Л.С-, М.Ч- нар нь хэн хэнийгээ таньдаггүй байх бөгөөд М.Ч- нь П.Эрдэнэчимэгийн олсон гар утсыг авч кодыг гаргуулж өөрийн сим картыг хийж ашигласан болохоос бус шүүгдэгч Л.С-ийн гэмт хэрэг үйлдэн хулгайлж авсан гар утас гэдгийг ерөөсөө мэдээгүй болох нь тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол...” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлж хуульчилжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэрч П.Эрдэнэчимэг нь шүүгдэгч Л.С-ийн хулгайлах гэмт хэрэг үйлдэн авч, АТМ дээр үлдээсэн гар утсыг олж авсан нь тогтоогдож байна. Тэрээр тухайн гар утсыг өөрийнх нь эзэмшлийнх бус бусдынх гэдгийг сайтар мэдэж байсан ч холбогдох жинхэнэ эзэмшигчийг нь олж буцаан өгөх болон цагдаагийн байгууллагад мэдэгдэх ажиллагаа хийлгүйгээр өөртөө ашигтай байдал бий болгохоор авсан гэж үзэхээр байна. Дээрхи нотлох баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзэхэд гэрч П.Эрдэнэчимэг, шүүгдэгч М.Ч- нар нь тухайн гар утсыг шүүгдэгч Л.С-ийн хулгайн гэмт хэрэг үйлдэж авсан гэж огт мэдээгүй байх ба мэдэх боломжгүй байсан байна. Үүнтэй холбоотойгоор дээрх нэр бүхий хүмүүсийн үйлдлийг шалгаж, хууль зүйн үндэслэл бүхий бодит байдалд нийцсэн дүгнэлт хийж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж хэргийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа албан тушаалтан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны болон гэм буруугийн зарчмын утга агуулгыг алдагдуулахгүй байх нь түүний бодит агуулгад нийцнэ. Иймд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай 2021 оны 2 дугаар сарын 22 дугаартай прокурорын тогтоол болон 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 179 дугаартай яллах дүгнэлт нь хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй байна. Хэргийн зүйлчлэлийг өөрчилж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах, улмаар яллах дүгнэлт үйлдэх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөвхөн прокурор явуулах хуулийн зохицуулалттай, мөн дээрхи ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

            Прокурор Л.Галав бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд 1430 дугаартай магадлалаар прокурорт буцаан шийдвэрлэсэн. Үндэслэл нь: хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.Ч- нь Л.С-ийн хулгайн гэмт хэргийн улмаас олсон гар утсыг авч, түүний кодыг гар утас засварын газрын ажилтнаар солиулж ашиглах боломжтой болгосон үйлдэл нь нотлогдон тогтоогдсон ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэхээр байхад “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь буруу байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчлөхөөр заасан бөгөөд зүйлчлэлийг зөвтгөн дахин яллагдагчаар татах ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад хийдэг тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэх. Прокурор хэргийг хүлээн авч, Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 1430 дугаартай магадлалд заагдсан ажиллагааг бүрэн гүйцэт хийж гүйцэтгэн Л.С-т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, М.Ч-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Л.С-, М.Ч- нарт холбогдох гэм буруугийн асуудлыг хавтас хэргийн хүрээнд шүүхээр хэлэлцэх нь хэргийн бодит байдлыг тогтооход болон тухайн хэргийн оролцогч нарын эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрээс үзэхэд анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болно”, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэх заалтыг тус тус хэрэгжүүлээгүй байна гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Л.С-ийг 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 16 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулах “Итгэлт” худалдааны төвийн 2 дугаар давхараас иргэн Б.О-гийн “Samsung S20” маркийн гар утас, бэлнээр 100.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 2.538.700 төгрөгийн хохирол учруулсан, М.Ч-ийг 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 16 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Итгэлт” худалдааны төвийн 2 дугаар давхараас иргэн Б.О-гийн алдагдсан “Samsung S20” маркийн гар утсыг хулгайн гэмт хэргийн улмаас олсон гар утас гэдгийг мэдсээр байж 2020 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулах “IT Service” компьютер засварын газраар ашиглах боломжтой болгож авсан, эзэмшсэн ашигласан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

 Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны тов тогтоосон захирамж гаргаж, 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хэлэлцээд, “шүүгдэгч М.Ч-д прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохироогүй, нэр бүхий хүмүүсийн үйлдлийг шалгаж бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж зохих ажиллагаа хийж хэргийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй” гэж үзэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн дээрх шүүгчийн захирамжид “...эд хөрөнгийг авч ашиглаж байгаа этгээд болох М.Ч- нь тухайн хөрөнгө, эд зүйлийг өөр хэн нэгэн гэмт этгээд гэмт хэрэг үйлдэх замаар олж авсныг лавтай сайн мэдсэн байх ёстой. М.Ч- нь П.Эрдэнэчимэгийн олсон гар утсыг авч кодыг нь гаргуулж өөрийн сим картыг хийж ашигласан болохоос бус шүүгдэгч Л.С-ийн гэмт хэрэг үйлдэн хулгайлж авсан гар утас гэдгийг ердөөсөө мэдээгүй болох нь тогтоогдож байна. ...гэрч П.Эрдэнэчимэг нь шүүгдэгч Л.С-ийн хулгайлах гэмт хэрэг үйлдэн авч, АТМ дээр үлдээсэн гар устыг олж авсан нь тогтоогдож байна. Тэрээр тухайн гар утсыг өөрийнх нь эзэмшлийнх бус бусдынх гэдгийг сайтар мэдэж байсан ч холбогдох жинхэнэ эзэмшигчийг нь олж буцааж өгөх болон цагдаагийн байгууллагад мэдэгдэх ажиллагаа хийлгүйгээр өөртөө ашигтай байдал бий болгохоор авсан гэж үзэхээр байна. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд гэрч П.Эрдэнэчимэг, шүүгдэгч М.Ч- нар нь тухайн гар утсыг шүүгдэгч Л.С-ийн хулгайн гэмт хэрэг үйлдэж авсан гэж огт мэдээгүй байх ба мэдэх боломжгүй байсан байна” гэжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг зөрчсөнөөс гадна шүүгдэгч М.Ч-ий үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан “мөнгө угаах” гэмт хэргээр зүйлчилсэн нь буруу гэсэн утга агуулга бүхий дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.

Учир нь, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 2020/ДШМ/1430 дугаар магадлалаар “М.Ч-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэхээр байхад “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь буруу байна” гэж тодорхой заасан байна.

Түүнчлэн, хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн шинжийг “төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” бол  гэмт хэрэгт тооцохоор заасан ба анхан шатны шүүхийн шийдвэрт дурьдсанаар “хулгайн гэмт хэрэг”-ийн улмаас олсон гар утас гэдгийг шүүгдэгч М.Ч- “огт”, “ерөөсөө” мэдээгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, мөнгө угаах гэмт хэрэг нь зөвхөн хулгайн гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгийн хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан байхыг шаардаагүй Эрүүгийн хуульд заасан бүхий л төрлийн гэмт хэргийг урьдчилан үйлдсэн байхыг ойлгох учиртай.

Иймд прокурорын бичсэн “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх” эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч М.Ч-, Л.С- нарт холбогдох хэргийг шүүхийн хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЗ/536 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Л.С-, М.Ч- нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. . Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэр /магадлал/-ийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ