| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2018/03825/И |
| Дугаар | 183/ШШ2019/00457 |
| Огноо | 2019-02-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 183/ШШ2019/00457
| 2019 оны 02 сарын 25 өдөр | Дугаар 183/ШШ2019/00457 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин байрлах, ******* СӨХ /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух, 1983 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, /РД:/-д холбогдох,
СӨХ-ийн төлбөрт 262 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баяр-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..., ******* хотхон,,******* тоотод оршин суух,******* нь 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарыг дуустал нийт 15 сарын орон сууц ашиглалт, цэвэрлэгээ, харуул хамгаалалт, цахилгаан халаалтын төлбөрийг төлөөгүй байх тул хариуцагч*******өөс дээрх зардалд 262 500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хотхонд 6 жилийн турш амьдарч байгаа бөгөөд нэхэмжлэлд дурдсан хугацаанд СӨХ-ны төлбөрөө төлөөгүй. Учир нь гадна тохижилт, гэрэлтүүлэг муудсан, цэвэрлэгээ үйлчилгээ зохих түвшинд хийгдэхээ больж оршин суугчдаас маш их гомдол гарах болсон. Мөн дулаан алдагдаж, маш их хэмжээний зэвтэй ус гарах болсон. Энэ талаар удаа дараа гомдол гаргаж байсан боловч шийдэж өгдөггүй байсан. Анх манай байрыг барьсан компани байрны засвар үйлчилгээг 3 жилийн хугацаанд хариуцах ёстой байдаг талаар хотхоны СӨХ-д мэдэгдсэн боловч ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсараа 3 жилийн хугацаа өнгөрсөн. Хэрэв дээрх зөрчлүүдийг *******-1 СӨХ-өөс арилгасан тохиолдолд төлбөрөө төлөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө тухайн хотхонд оршин суудаггүй учраас мэдэхгүй байна. Аяганд ус хийгээд тодорхой хугацааны харахад элс хийсэн юм шиг доор нь шороо тунасан байдаг. Үүнийг надаас бусад оршин суугчид бүгд хэлдэг эсэхийг мэдэхгүй байна. Мөн оршин суугчдынхаа шаардлагыг биелүүлээгүй атлаа оршин суугчдаа шүүхэд өгч байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч*******д холбогдуулан ******* хотхоны М4 дүгээр байрны******* тоот орон сууцны 2017 оны 7 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг сард 17 500 төгрөгөөр тооцож, нийт 262 500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрчээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулна” гэж заасан.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна” гэж заасан байх бөгөөд ******* СӨХ-ийн Удирдах зөвлөлийн даргын 2013 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр тушаалаар Ц.Отгонцогтыг захиралаар томилсон болох нь нотлогдож байх тул тус СӨХ-ийг төлөөлөх эрхийг*******т олгох эрхтэй байх ба Хан-Уул дүүргийн Засаг даргаас тус холбоог Хан-Уул дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гэрчилгээ олгосон байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ******* СӨХ нь 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 13/01 тоот тогтоолоор дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбоотой зардлыг нэг айлаас 17 500 төгрөг байхаар тогтоожээ.
Хариуцагч******* 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэй танилцан түүнд гарын үсгээ зурсан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэйгээс гадна хариуцагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...гадна тохижилт, гэрэлтүүлэг муудсан, цэвэрлэгээ үйлчилгээ зохих түвшинд хийгдэхээ больсон. Мөн дулаан алдагдаж, маш их хэмжээний зэвтэй ус гарах болсон. Анх манай байрыг барьсан компани байрны засвар үйлчилгээг 3 жилийн хугацаанд хариуцах ёстой байдаг талаар хотхоны СӨХ-д мэдэгдсэн боловч ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсараа 3 жилийн хугацаа өнгөрсөн. Аяганд ус хийгээд тодорхой хугацааны харахад элс хийсэн юм шиг доор нь шороо тунасан байдаг” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ...”, 38 дугаар зүйлийн 38.1-д “...зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар нотлоогүй байна.
Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу*******өөс ******* хотхоны М4 дүгээр байрны******* тоот орон сууцны 2017 оны 7 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг сард 17 500 төгрөгөөр тооцож, нийт 262 500 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8615 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 20 054 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 13.2.4-д тус тус заасныг баримтлан хариуцагч*******өөс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 262 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХ-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8615 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8615 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ