Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/261

 

 

 

 

 

 

 

2025       06         03                                          2025/ШЦТ/261

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, шүүгч Ц.Отгонжаргал, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,

Улсын яллагч Б.Лувсанцэрэн,

Иргэдийн төлөөлөгч Д.Алтанцэцэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, Б.Батбаяр,

Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал, Р.Ууганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Сад холбогдох эрүүгийн 2434000000415 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймаг, Эрдэнэсант суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, , ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймаг, Эрдэнэсант сум, Буянт 3 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан саруул, хэрэг хариуцах чадвартай гэх Б.С /РД:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С нь Төв аймаг, Эрдэнэсант сум, Төвийн цагаан худаг гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 20 цагийн үед амь хохирогч Б.Итай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний хэвлий хэсэг рүү нэг удаа хутгалж амь насыг нь хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.С нь: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б нь: “н.Б.С гэдэг залуу Б.С дээр дагуулж очоод ийм хэрэг гарсан юм байна лээ. Би хотод байсан. Сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.С нь Төв аймаг, Эрдэнэсант сум, Төвийн цагаан худаг гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 20 цагийн үед амь хохирогч Б.Итай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний хэвлий хэсэг рүү нэг удаа хутгалж, хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 2 тал/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 3-6 тал/,

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 7-9 тал/,

-Хувцсан үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 10-12 тал/,

-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 13 тал/,

-Шүүгдэгч Б.Сын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 15-18 тал/,

-Амь хохирогч Б.Иын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 19-23 тал/,

-Амь хохирогч Б.И, сэжигтэн Б.С нартай уулзаж хийсэн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 24-27 тал/,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 28-30 тал/,

-2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 79 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоол /1-р хх-ийн 34-35 тал/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бийн “...Би 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумаас охиноо эмнэлэгээр дагуулж явж үзүүлэхээр Улаанбаатар хот яваад байж байхад 2024 оны 10 дугаар сарын 17-ны орой 20 цаг 30 минутын орчим манай дотуур байранд байдаг хүүхэд над руу утсаар яриад Б.И ах хүнд хутгалуулаад Эрдэнэсант сумын эмнэлэг дээр байна гэнээ гэхээр нь би мэдээд Улаанбаатар хотоос шууд гараад явсаар байгаад 2024 оны 10-р сарын 18-ны шөнийн 02 цагийн орчим Эрдэнэсант сумын эмнэлэг дээр ирээд хүүтэйгээ уулзах гэсэн боловч манай хүү Б.И ухаангүй эмч нар зүрх нь зогслоо гэж хэлж байсан тэгээд уулзаж чадаагүй юм. Амь хохирогч Б.И нь 1999 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын эмнэлэгт төрсөн, Төв аймгийн Эрдэнэсант суманд цэцэрлэг, сургуульд сурч байсан ба 10 дугаар анги хүртлээ сураад оройгоор 12-р анги төгссөн, улмаар тогтсон ажил төрөл хийж байгаагүй хөдөө эхнэр бид хоёртой малаа хараад байж байдаг байсан, манай том хүү байгаа юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44 тал/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бийн дахин өгсөн “...Би оршуулгын зардалд зарцуулсан 7.156.223 төгрөгийн хохирлын баримтыг гаргаж өгч хэрэгт хавсаргуулсан ба цаашид гарах зардал болон баримтгүй зарцуулсан мөнгөний баримтыг шүүх хурал дээр гаргаж өгөх болно...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47 тал/,

-Гэрч Д.Сын “...Намайг Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд гэртээ засвар хийгээд байж байхад 2024 оны 10 дугаар сарын 17-ны орой 19 цаг 40 минутад Б.И гэж хуурай ах утсаар залгаад ах нь Эрдэнэсант сумын төвд байна архи уучихсан байна хүний машин барьж яваад намайг хөдөө хүргэж өгөөд энэ машиныг нь буцаагаад авч ирээд өгчих гэхээр нь за тэгье гэхэд дараахан нь Б.И ах н.Баяраа гэж ахтай хамт цэнхэр өнгийн Бонго маркийн ачааны машинтай манай гадаа хүрээд ирэхээр нь гарч уулзахад ахыгаа хөдөө хүргээд өгчих гэхээр нь за би шавартай хувцсаа солиод гараад ирье гээд гэрт орж хувцсаа солиод гараад ирэхэд н.Баяраа гэж ах яваад өгсөн Б.И ах ганцаараа зогсож байсан. Тэгсэн Загаа гэж хүний Соната-6 маркийн машиныг бариад ахыгаа хүргээд өгчих очоод машиныг нь авья гээд тэгээд бид 2 дунд лагер гэх газар луу алхаад Загаа ахын гудмаар ороход Загаа ах өөдөөс улсын дугаарыг нь хараагүй, мөнгөлөг саарал өнгийн Соната-6 маркийн машинтай хүрээд ирсэн ба ирээд машинаа өгчихөөд хойд суудал дээр байгаа юмнуудыг багажинд хийчхээрэй гээд хурдан ирээрэй гэж хэлээд гэрлүүгээ явсан. Би тэгээд хойд суудал дээр байсан дээл, тэгш ус гэх мэт барилгын материалын юмнуудыг нь хойд багажинд зөөж хийж байхад Б.И ах жолооны ард суусан байсан ба намайг юм зөөж багажинд хийж байхад танихгүй буюу 80627236 дугаарын утас залгахаар нь аваад чанга яригч дээр нь тавихад тэр залгасан хүн чи пизда минь хаана байгаа юм, чаддаг юм бол яваад ир, карттай цагаан худгийн энд хүрээд ир, алнаа чамайг гээд яриад байхаар нь би хэн бэ утас андуураад байгаа юм биш үү гэж хэлсэн ба чанга яригч дээрээ байсан тул Б.И ах сонсоод дүү бага дээрэлхээрээ гээд орилоод байсан. Тэгээд би юм бодолгүй утсаа таслаад утсаа машины хойд суудал дээр үлдээгээд 1 гагнуурын аппарат байхаар нь тэрийг аваад хойд багажинд хийгээд багажийг нь хаах гэсэн хаагдахгүй байхаар нь 2-3 удаа дарахад хаагдсан. Тэгээд дуусаад машины урд суудал дээр орж суухад түрүүний залгасан хүн миний утас руу дахиад залгасан бололтой Б.И ах миний утсаар нөгөө хүнтэй утсаар ярьж байсан ба би Б.И байна чи намайг таньж байна уу гэхэд нөгөө хүн нь би Б.С байна чаддаг юм бол цагаан худгийн энд хүрээд ир гэхээр нь болио гээд утсаа аваад таслаад та архи уусан байж машин барьж яах гээд байгаа юм би барья гэхэд Б.И ах одоо зүгээрээ сумын төвөөс гарахдаа жолоод гээд өөрөө машинаа барьж хөдлөөд шууд цагаан худаг дээр явж очоод зүүн талд нь очиж зогсоод цэнхэр өнгийн бонго машинтай хамт ирээд үлдээгээд явсан. н.Баяраа гэж ахын машинд 2.5 литрийн 2 сав пиво байх ёстой тэрийг авья цаадах чинь хаашаа явчихав гээд утсаар ярих гэсэн Б.И ахын утас нь цэнэггүй болоод унтарчихсан тул н.Баяраа ахын утасны дугаарыг олоод миний утсаар ярих гээд Бумбаяр гэж Улаанбаатар хотод байдаг Б.И ахын найз ах руу би залгаад н.Баяраа ахын утасны дугаарыг өгөөч гэхэд за ах нь явуулчихья гээд дугаарыг нь над руу явуулахаар нь н.Баяраа гэж ахын утас руу нь залгаад авахгүй байсан. Тэгээд за за явъя урагшаа гараад хүлээж байя гээд хөдлөөд худгийн хойд талаар нь тойроод баруун зүг рүү явахад 1 жоохон суудаг хувил байсан тэрнийг гарах гээд удааширсан чинь цагаан худгийн баруун талд 1 эрэгтэй хүн утсаар яриад зогсож байхыг Б.И ах хараад тэр суудгыг гарч зогсоод нөгөө утсаар яриад зогсож байсан хүнийг хаалгаа онгойлгоод юм асууя гэл үү зам асууя гээд дуудахад нөгөө хүн нь хэн бэ гээд хүрээд ирсэн. Тэгсэн Б.И ах нөгөө хүнээс Б.С гэж айл хаана байдаг вэ гэхэд нөгөө хүн нь Б.С гэж би байна гэснээ намайг харснаа н.Сэргэлэн үү гэхээр нь би юм дуугараагүй. Тэгтэл Б.И ах нөгөө хүнийг чи яасан том болсон юм гээд буух гэхээр нь Б.И ахын өмсөж явсан цэнхэр өнгийн монгол цамцны нуруунаас нь татахад надад дийлдэхгүй машинаас буухаар нь би машинаас буух гээд хаалганы дотор бариулаас татах гэхэд Б.И ах намайг хутгалчихлаа гэхээр нь Б.С гэж ах руу харахад баруун талын гартаа шар өнгийн модон иштэй хутга барьсан зогсож байсан. Тэгэхээр нь би машинаас буугаад очиход Б.С гэдэг хүн ингэж саагдаггүй юм аа гэсэн юм яриад зогсож байсан. Б.И ах ухраад машины жолооны ард суусан байхаар нь би цамцыг нь сөхөөд харахад хэвлийн зүүн хэсэгт хутгалагдсан цус болсон байхаар нь н.Б.И ахыг машины хойд суудал дээр суулгахад Б.С гэж хүн хойд талын суудалд цаад талаас нь ороод суусан байхаар нь тэндээсээ шууд Эрдэнэсант сумын эмнэлэг рүү явсан ба замдаа Улаанбаатар хотод байсан н.Бумбаяр ах руу яриад эмчийн дугаарыг өгөөч гээд дараа нь цагдаагийн дугаарыг өгөөч гээд утасны дугаарыг нь авсан. Тэгээд эмнэлэг дээр очоод Б.Сын ахын хамт Б.И ахыг эмнэлэг рүү өргөж оруулчхаад би цагдаад мэдэгдсэн юм. Б.С нь машинд явахдаа ингэж саагдаггүй юм аа, ганц хутгалуулчхаад үхлээ юу гэсэн юм яриад яваад байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-58 тал/,

-Гэрч Н.Э “...Б.И бид 2 Эрдэнэсант сумын төв рүү яваад дэлгүүрээс 2.5 литрийн Сэнгүр нэртэй 4 сав пиво Б.И худалдаж аваад тэгээд бид 2 Эрдэнэсант сумын төвөөс урагшаа гарч зогсоод уг пивоо уусан би бол машин барьж явсан тул пиво уугаагүй Б.И ганцаараа 1 сав пивийг ууж 17 цаг хүргээд буцаад Эрдэнэсант сумын төв рүү орж ирээд Б.Иыг Б.С гэж залуугийн гэрийн гадаа буулгаж үлдээгээд би айлд очихоор яваад айлдаа очоод байж байтал орой 20 цаг 15 минутын орчим манай найз Бумбаяр над руу залгаад Б.С гэж залуу Б.Иыг хүнд хутгалуулсан гээд байх юм чи залгаад асуудаа гэхээр нь Б.С луу залгаад юу болсон талаар асуухад Б.И ах хүнд хутгалуулчихлаа эмнэлэг дээр хүрээд ир гэж хэлэхээр эмнэлэг дээр ирээд Б.Итай уулзсан ба эмчилгээ хийлгэж байсан, юм асуухаар буцаж хариулах чадваргүй байсан тул юу болсон талаар асуугаагүй тэнд Б.Иыг хутгалсан гэх танихгүй залуу мөн байж байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-62 тал/

-Гэрч Ц.О “...өөрийнх нь утасны дэлгэц нь хагарсан байсан тул миний утсыг аваад 1 хүнтэй утсаар ярьж байгаад гараад явсан тэгээд гэртээ ирэхгүй байсан чинь орой 23 цагийн орчим Б.Сын ээжийнх нь төрсөн эгч над руу залгаад танай Б.С чинь юу хийгээд яваад байгааг мэдэж байна уу гэхээр нь би гэрээс гарахгүй юм чинь яаж мэдэхэвдээ гэхэд за за чи хүүхдүүдээ хараад гэртээ байж бай би эмнэлэг дээр байна гээд утсаа тасалсан тэгэхээр нь би шууд сумын хэсгийн төлөөлөгчийн албан өрөөнд ирэхэд манай нөхөр Б.С хүн хутгалсан гээд баригдаад ирсэн байж байсан тэгээд намайг гэртээ очоод хүүхдээ хараад байж бай гээд явуулсан юм....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-64 тал/

-Гэрч Э.Х “...Төв аймгийн Эрдэнэсант суманд арьс нэхий, ноолуур зэрэг түүхий эд авч газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг "" ХХК-нд ажилладаг хүмүүс 2024 оны 10 дугаар сарын 17-ны өглөө 08 цаг гээд ажил дээрээ цуглаад хашаагаа цэвэрлээд техникүүдээ угааж цэвэрлэж цааш нь хийж янзалж байгаад орой нь хашааны манаачийн монгол гэрийг барьж өгөхөд гэрийг нь барилцсан Б.С болон манай ажлын хүмүүст 1 шил 0.5 граммын хараа архи, 2.5 литрийн Боргио нэртээ пиво гаргаж өгч задлаад тэрийг бөөнөөрөө хувааж уусан. Тэгээд тэндээс гараад Б.С, Д бид 3 манай гэр лүү явахад С дэлгүүрээс ногоон шилтэй Элекс нэртэй 0.75 граммын архи аваад манай гэрт очиж 3-лаа хувааж уугаад гадаа харанхуй болсон байхад цагийг нь санахгүй байна Б.С, С.Д нар гэр гэр лүүгээ явцгаасан ба дахиж уулзалдаагүй юм. Надад тэр талаар мэдэх зүйл байхгүй байна танихгүй байх. Б.С болон бид нар уусан архиндаа нилээ их согтсон байсан..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-68 тал/

-Гэрч С.Ды “...Төв аймгийн Эрдэнэсант суманд арьс нэхий, ноолуур зэрэг түүхий эд авч газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг "Дөлгөөн батхаан" ХХК-нд ажилладаг хүмүүс 2024 оны 10 дугаар сарын 17-ны өглөө 08 цаг гээд ажил дээрээ цуглаад хашаагаа цэвэрлээд техникүүдээ угааж цэвэрлэж цааш нь гражид хийж янзалж байгаад орой нь хашааны манаачийн монгол гэрийг барьж өгөхөд гэрийг нь барилцсан Б.С болон манай ажлын хүмүүст манаачаар ажилладаг хүн 1 шил 0.5 граммын хараа архи, 2.5 литрийн Боргио нэртээ пиво гаргаж өгч задлаад тэрийг бөөнөөрөө хувааж уусан тэгээд тэндээс гараад Б.С, Хүдэрбат бид 3 Хүдэрбатын гэр лүү явахад Б.С дэлгүүрээс ногоон шилтэй Элекс нэртэй 0.75 граммын архи аваад 3-лаа хувааж уугаад гадаа харанхуй болсон байхад цагийг нь санахгүй байна 18 цаг болж байсан байх Б.С бид 2 гэр гэр лүүгээ явцгаасан ба дахиж уулзалдаагүй юм. Бид 3 ууж байсан архиа дуусгаад тэгээд гэр гэр лүүгээ явцгаасан ба Б.С гэр лүүгээ явлаа гээд явсан би мөн гэр лүүгээ очоод амарсан. Би дээрх хүмүүсийг танихгүй. Надад тэр талаар мэдэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-71 тал/

-Гэрч Б.Дын “...Би 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд хөдөө айл нүүлгээд орой ирээд гэртээ дүүтэйгээ хоёулаа байсан тул урагшаа яваад ах Б.Сын гэрт очиход эхнэр, хүүхэд нь байсан ба дүү бид хоёрыг байж байхад Б.С ах орой 19 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуу орж ирээд дүү бид хоёрыг хичээл нь сайн уу юу байна гэж ойр зуурын юм асуугаад байж байснаа хүнтэй утсаар яриад маргалдаад гэрээс гараад явсан тэгээд буцаж орж ирээгүй ба 6 настай Сүрэнхорол бид 2 гэрт нь байж байгаад орой 22 цаг өнгөрч байхад гараад гэр лүүгээ явах замдаа ахыг хараад гадуур харагдаагүй юм тэгээд гэртээ очиж амарч байхад шөнө 01 цагийн орчим манай бэр эгч Отгонцэцэг над руу утсаар залгаад та 2 манай гэрт хурдан хүрээд ир ах чинь хүн хутгалсан байна нөгөө хүн нь цус алдаад муудаад байна гэхээр нь гэрт нь очиж 3 хүүхдийг нь харж гэрт нь байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-75 тал/,

-Гэрч Д.Б “...Тус өдөр Б.Итай яриад салгасны 1 цаг орчмын дараа Б.С над руу залгаад "Итгээ ахыг хутгалчихлаа, яах вэ" гэхээр нь би эмнэлэг рүү аваад яв гэж хэлсэн. Яг тэр үед утасны цаана нь "ингэж саагдаггүй юм хөөе, заа юу" гэж дахин дахин орилоод байсан. Тэгээд Б.С надаас цагдаагийн дугаар асуухаар нь би сумынхаа А гэдэг цагдаагийн дугаарыг олж өгч Б.Ст өгсөн. Би тэгээд шөнө 23 цаг өнгөрөөд биеийн байдал нь муудлаа гэдгийг сонсоод Улаанбаатар хотоос гараад Эрдэнэсант суманд очсон. Би сүүлд хүмүүсээс сонсоход Б.С гэдэг залуу С ална гээд утас руу нь залгаад байхад нь амь хохирогч С хамт байсан болж таарсан. Би өөр зүйл сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-78 тал/

-Гэрч Ю.А “...Надад болсон хэргийн талаар мэдэх зүйл байхгүй ба би Б.Саас юу болсон юм яасан юм гэж асуухаар дүү Даваажаргалыг зодсон гэх залуутай уулзаад учрыг нь асууя гээд дуудсан чинь амь хохирогч Б.И гэж залуу хамт ирээд маргалдаад тэгээд 1 удаа хутгалсан талаар хэлж байсан ба яг юу болсон талаар нарийн зүйлээ ярихгүй байсан, би бөөрний дутагдал гээд эмнэлэгт хэвтэж байгаад гараад удаагүй байгаа бие сайн дээрдэхгүй байгаа тул надад бас нарийн зүйл ярихгүй байгаа байх...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-81 тал/

-Гэрч Ү.Т “...Надад болсон хэргийн талаар мэдэх зүйл байхгүй байна. Ер нь бол Д гэж манай найз Элсэн тасархай дээр байхдаа С гэж манай найзад цохиулсан талаараа ах Б.Сдаа хэлээд тэгээд ах Б.С нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны орой Б.Стай утсаар яриад уулзъя гэж дуудаад уулзах үед нь Б.И гэж ах Б.Стай хамт очиж Б.С, Б.И нар хоорондоо маргалдаж улмаар Б.С гэж хүн Б.И гэж хүнийг 1 удаа хутгалж амь насыг нь хохироосон гэж сонссон юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-85 тал/

-Гэрч Э.Э “...2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би Улаанбаатар хотод байсан бөгөөд манай найз Б.С над руу фэйсбүүкийн чатаар 20 цагийн орчимд залгаад манай арван жилийн нэг ангийн С гэх хүний утасны дугаарыг олоод өг гэхээр нь надад дугаар нь хадгалаатай байсан тул С утасны дугаарыг Б.Сад өгсөн. Тэгтэл маргааш өглөө нь буюу 2024 оны 10 дугаар сарын 18-ны өглөө Эрдэнэсант суманд амьдардаг манай хамаатан над руу залгаад манай найз Б.Сыг хүний аминд хүрчихжээ гэж хэлсэн. Зүгээр уулзах хэрэг байна гэж надад хэлсэн. Өөр зүйл яриагүй. Юу болсон талаар сүүлд хүмүүсээс сонсоход С гэх залуутай Б.С маргалдаад хажуунаас нь уг хохирогч нь гарч ирж биед нь халдаад уг үйл явдал болсон гэж сонссон. Юунаас болж маргалдсан талаар нь мэдээгүй....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87-88 тал/

Гэрч Ч.З “...Тухайн өдөр 18 цагийн үед Б.И нь над руу яриад "ахаа би хөдөөнөөс ороод ирлээ" гэсэн. Тэгэхээр би "Ах нь ажилтай байна орой тараад уулзъя гэж" хэлээд утсаа тасалсан. Тэгээд 19 цаг 20 минутын үед би ажлаасaa буугаад гэртээ харих гээд явж байтал Б.И, Сэ хоёр надтай манай гэрийн гудманд таарсан. Тэгээд "Ахаа би жоохон гадуур явж байгаад ирье" гээд миний машиныг аваад явсан. Тэр үед Б.И жоохон халамцуу пиво уусан байсан. Тэгээд би чи согтуу байж машин барьж болох юм уу? Гэсэн чинь Ср нь би эрүүл юм чинь би бариад явна гэж хэлээд аваад явсан. Тэгээд тухайн өдрийн орой 21 цагийн үед манай ээж Оюун над руу залгаад "Б.И эмнэлэгт хутгалуулсан ухаангүй байна чи хурдан яваад оч" гэхээр яваад очиход завиныхаа хавьд оёдол тавиулсан байдалтай тариа хийлгээд байж байсан. Тэгээд би тухайн үед юу болсон гэсэн талаар асуухад Б. Б.И нь надад "Ахаа би хүнд хутгалуулчихлаа, дүүгээ уучлаарай гэж хэлж байсан." Өөр юм яриагүй. Тэгээд би тухайн орой өөд болтол хажууд нь байсан. Шөнө 03 цаг 12 минутын үед өөд болсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91-93 тал/

-Гэрч Ц.У гэрчээр өгсөн “...Намайг эмнэлэг дээр дуудлага аваад ирэхэд Б. Б.И нь эмнэлгийн ор нь дээр эвхрээд хэвтсэн байдалтай өвдөөд байна гэж хэлж байсан. Биеийн байдал нь маш хүнд байсан. Артерын даралт үзэгдэхгүй. Пүлсс тэмтрэгдэхгүй, салстууд хухай цайсан, дөрвөн мөч хүйтэн байсан. Б.Иыг эмнэлэгт Сэргэлэн, Б.С хоёр авчирсан байсан. Үүдэнд нь зогсож байсан. Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Эмнэлэгт авчирсан хүмүүстэй би уулзаагүй. Б.Иын биеийн байдал муу байсан болохоор архи уусан талаар мэдээгүй. Эмчилгээнд эзэлхүүний шокын төлвөөс гаргах зорилгоор шингэн сэлбэх, оёдол тавих, цус тогтоох, өвчин намдаах, өвчтөнийг сэхээн амьдруулах зорилгоор амь тариа хийсэн. Дээрх эмчилгээнүүдийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч сэхээн эмчээс зөвлөгөө авч хийсэн. Хохирогчийн биеийн байдал маш хүнд байсан болохоор амь насыг нь аврах боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96-97 тал/

-Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №209 дугаартай “...Амь хохирогч Б.Иын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хэвлийн хөндийрүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн бөөрний их бие, венийн судас, шээлүүрийн бүрэн бус тасрал, бөөр, нойр булчирхайн орчны эд, хэвлийд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Амь хохирогчийн биед үүссэн дээрх гэмтэл нь нас барахаас өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Амь хохирогч Б.И нь хэвлийн хөндийрүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн бөөрний их бие, венийн судас, шээлүүрийн бүрэн бус тасрал, бөөр, нойр булчирхайн орчны эд, хэвлийд цус хуралт бүхий гэмтлийн улмаас цочмог цус алдан цус алдалтын шокод орж нас баржээ. Амь хохирогч Б.Иын цусанд 0.9 промили, ходоодны 1.6 промили спиртийн агууламж илэрсэн нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байсан болно...” шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 100-110 тал/

-Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №596 дугаартай “...Б.Сын биед зүүн чамархайд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлыг зэрэг тогтоогдохгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 113-114 тал/,

-Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №113 дугаартай “..Амь хохирогч /НФ99101612/ регистртэй Банзрагчийн Б.Иын гарын дардас нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж буй уг гарын хээний дардас нь нь гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн гарын мөрүүд болон дардаснуудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэх шинжээчийн дүгнэлт дүгнэлт /1-р хх-ийн 118-119 тал/

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №3187 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хутга шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хутга дээрээс гарын мөр илрээгүй....” гэх шинжээчийн  дүгнэлт /1-р хх-ийн 124-127 тал/

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №5940 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн хутга шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр цусны ул мөр илэрсэн. Уг цусны ул мөр нь хүний цус байна. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр илэрсэн цусны ул мөр нь шинжилгээнд тэнцэхгүй байна.....” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 129-131 тал/

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3186 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн монгол цамцанд үүссэн 20мм, 20мм хэмжээстэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлтүүд байна. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн монгол цамцанд үүссэн зүсэгдэлтүүд ир, үзүүрийн мөртэй байгаа нь тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн....” гэх дүгнэлт /1-р хх-ийн 134-137 тал/

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5939 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Б. Б.Иын өмсөж байсан гэх саарал өнгийн цамц дээр цус илэрсэн, уг цус нь хүний цус байна. Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Б. Б.Иын өмсөж байсан гэх саарал өнгийн цамц дээр илэрсэн цус нь В(III) бүлгийн харьяалалтай байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 139-141 тал/

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №3185 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн өмд шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн өмдөнд үүссэн 50мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт, 45мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт, 9х4мм хэмжээтэй гэмтэл нь гогдогдон татах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин гогодолт байна. Шинжилгээ хийх явцад нэмэлтээр хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал илрээгүй болно....” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 144-147 тал/

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №5938 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн сэжигтэн Б.Сын өмсөж байсан гэх саарал өнгийн өмд дээр цус илэрсэн, уг цус нь хүний цус байна. Шинжилгээнд ирүүлсэн сэжигтэн Б.Сын өмсөж байсан гэх саарал өнгийн өмд дээр илэрсэн цус нь В(III) бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 149-151 тал/,

-Шүүгдэгч Б.Сын сэжигтнээр өгсөн “...Цагаан худгийн баруун урд талд уг тээврийн хэрэгсэл урд зүгт хараад зогсох үед нь би зүүн талаас нь явж очиход Б.И гэж залуу надаас Б.С гэж залуу хаана вэ гэхээр нь би Б.С байна гээд очиход цаад талд нь н.Б.С сууж байсан бөгөөд зөв талдаа рультэй машин бол Б.И машин барьж Б.С нь хажууд нь сууж явсан юм байна. Би тухайн үед Б.Иыг хутгалчхаад сандарсандаа тухайн хутгаа өмднийхөө баруун талын карманд хийчихсэн байж байгаад дараа нь эмнэлэг дээр ирсэн байхдаа цагдаад гаргаж өгч хураалгасан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 156-157 тал/

-Шүүгдэгч Б.Сын яллагдагчаар өгсөн“...Би 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр орой 19 цагийн орчимд ажлаасаа тараад Төв аймгийн Эрдэнэсант сумын төв дээр байрлах гэртээ ирэхэд манай төрсөн дүү Даваажаргалыг хэдэн хүн Сансар сум руу дагуулж яваад зодсон гэдгийг дүүгээсээ сонсоод юу болсон талаар нь асуухад Б.С гэдэг залуу Түмэнбаяр гэдэг найзыг нь зодохоор нь манай дүү голоор нь ороод салгахад манай дүүг хэд хэд цохисон гэж хэлсэн. Тэгэхээр нь би найзаасаа Б.С гэдэг залуугийн утасны дугаарыг нь авч яриад Картны цагаан худаг гэдэг газар уулзъя гэж дуудаад худаг дээр очоод нилээн хүлээгээд ирэхгүй юм байна даа гээд явах гэж байтал жижиг тэрэг ирж зогсоод Б.С гэдэг залуугийн гэр хаана байдаг вэ гээд асуухаар нь би өөрөө байна гээд машины зүүн талаас нь яваад очтол хоёр хүн байж байсан. Тэгээд машин дотроо байхад нь би Б.Ст хандаж "яасан гэж хүүхэд дарамталж, яасан гэж хүүхэд цохиж байгаа юм" гэтэл Б.С "би цохиж дарамтлаагүй шдээ" гэхээр нь би "чи манай дүүгийн найз Түмэнбаяр хоёрыг нүүр амыг нь цохисон байна лээ" гээд хэлсэн. Тэр үед машины зүүн талын хаалга онгорхой Б.И гэдэг залуу сууж байсан бөгөөд намайг яг яриад дуусахад өөдөөс Б.И босож ирээд миний зүүн шанаа руу баруун гараараа цохиод би зөрүүлээд гараа явуулсан чинь цаанаас Б.С гэдэг залуу "та хүн хутгалчихлаа" гээд хэлэхээр нь гараа хартал баруун талын гарт хутга байсан. Тэгээд Б.С гэдэг залуугаар машин бариулаад би Б.Иыг арын суудал дээр авч суугаад эмнэлэгт очсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 173-174 тал/

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №663 дугаартай “...Амь хохирогч Б.Иын хууль ёсны төлөөлөгч Мандалсүрэнгийн Банзрагч /РД:НФ67080417/-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн хямралын шинжүүд хүндэвтэр түвшин илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 116-118 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б.С нь Төв аймаг, Эрдэнэсант сум, Төвийн цагаан худаг гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 20 цагийн үед амь хохирогч Б.Итай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний хэвлий хэсэг рүү нэг удаа хутгалж амь насыг нь хохироож, хүнийг алах гэмт хэрэгт холбогдсон.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Сыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд “Хүнийг алах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

 

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг, гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаардах бөгөөд шүүгдэгч Б.С нь Төв аймаг, Эрдэнэсант сум, Төвийн цагаан худаг гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 20 цагийн үед амь хохирогч Б.Итай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний хэвлий хэсэг рүү нэг удаа хутгалсны улмаас “хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн бөөрний их бие, венийн судас, шээлгүүрийн бүрэн бус тасрал, бөөр, нойр булчирхайн орчны эд, хэвлийд цус хуралт бүхий гэмтэл” учруулсны улмаас нас барсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт сэжигтэн, яллагдагчаар өгсөн шүүгдэгч Б.Сын мэдүүлэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд нь шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.С нь амь хохирогч Б.Итай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, маргаанаа эв зүйгээр шийдвэрлэж чадалгүй, өөрийн идэвхтэй үйлдлээр амь хохирогчийн биед халдаж амь насыг нь хохироосон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Иймд шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн  дүгнэсэн.

 

Түүнчлэн, шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон Д.Алтанцэцэг шүүгдэгч Б.Сыг “гэм буруутай гэж үзэж байна гэсэн дүгнэлт нь шүүх бүрэлдэхүүний хууль зүйн дүгнэлттэй нийцэж байгаа тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосонг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, “...хохирогчийн зүй бус үйлдлүүд байсан...” гэж мэтгэлцэж байгаа хэдий ч гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль эрх зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлон согтуурсан байдал нөлөөлж, ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж, хүний амь насыг хохироосон байх ба хохирогчийн зүй бус үйлдлүүд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Б.Лувсанцэрэн нь: “Шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул 12 жилийн хорих ял оногдуулах, нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон. Түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна. Хэрэгт хураагдсан 1 ширхэг сд-ийг хэрэгт хавсаргуулж, бусад эд мөрийн баримтыг устгуулах саналтай байна” гэх ялын дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам нь: “Би Б.Батбаяр өмгөөлөгчтэй санал нэг байна” гэх дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батбаяр нь: “Улсын яллагчийн ялын саналыг сонслоо. Нэмж хэлэх зүйл алга. Хохиролтой холбоотойгоор оршуулгын зардлыг нөхөн төлсөн. Сэтгэцийн хохирлыг нөхөн төлөөгүй. Хохирол нөхөн төлөгдсөн, төлөхөө илэрхийлээгүй байна гэж ойлгож байна” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал нь: “Шүүхээс шүүгдэгч Б.Сыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, боломжоороо хохирлоо төлсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Хохирогчийн зүй бус үйлдлүүд байгаа гэж үзэж байна. Б.С үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа. Түүний хувьд бага насны 3 хүүхэдтэй, эхнэр нь тогтсон ажилгүй, шүүгдэгчийн ээж хүнд өвчтэй, эмчилгээгүй гэсэн оноштой зэрэг эдгээр нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бага ял оногдуулж өгнө үү. Дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ууганцэцэг нь: “Н.Энхжаргал өмгөөлөгчтэй санал нэг байна. Хүүхдийн нөхцөл байдлыг харгалзан хөнгөлж өгнө үү. Хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа учраас хамгийн доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгч Б.С хохирогч талаас уучлалт гуйдаг. Түүний ар гэр боломжоороо хохирол төлсөн. Цаашдаа ч төлөхөө илэрхийлж байгаа” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Б.Сад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1- д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сын цагдан хоригдсон 128 /нэг зуун хорин найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг эдлүүлэхдээ шүүгдэгч Б.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнг, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан хорих ялын доод хэмжээ буюу 8 жилийн хорих ял оногдуулж өгнө үү хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь шүүгдэгч Б.Сын гэм буруутай үйлдлийн улмаас эрдэнэт хүний амь нас хохирч, нөхөж баршгүй хүнд хор уршиг учирсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн санал хүсэлт, гэмт хэрэг гарах болсон шалтгаан сэдэлт санаа зорилго, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, шүүгдэгч Б.С гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн. Сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

 

Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

Шүүгдэгч өөрийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэйг холбогдох хууль тогтоомжоор хуульчилсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорыг хуульд зааснаар шаардах эрхтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Баттулгын амь нас хохирсон бөгөөд гэм хорын хохиролд 9.155.629 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүгдэгч Б.С нь 7.000.000 төгрөг төлсөн байх тул үлдэх 2.155.629 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бид олгохоор ,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй”, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж,  

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.5-д “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана” гэж тус тус заасны дагуу хохирлын хэмжээг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасныг баримтлан тооцоолоход амь хохирогч Х.Баттулга нь гэмт хэрэг болох үед 25 настай, Монголын үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр Монгол улсын хүн амын дундаж наслалт эрэгтэй 67 байх ба үүний зөрүү /42/-г хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр буюу өнөөдрийн хурлаар тогтоосон/-г 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх /660.000x42=27.720.000/ хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэхэд /27.600.000x5=138.600.000/ төгрөг байх тул шүүгдэгч Б.Саас сэтгэцэд учирсан хохирол 138.600.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бид олгож шийдвэрлэсэнг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар” шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлт гаргаж мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулж завсарлагын хугацаа дуусаж, шүүх хуралдааныг эхлүүлэхэд шүүгдэгч Б.С нь хохиролд 2.155.629 төгрөгийг төлсөн, шүүгдэгч Б.С сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул 138.600.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бид олгох зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн 2234000000576 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсгийн урт 12 сантиметр, бариул хэсгийн урт 11.5 сантиметр урт шар өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, саарал өнгийн монгол цамц 1 ширхэг, саарал өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 1 ширхэг “CD”-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алахгэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сын цагдан хоригдсон нийт 128 /нэг зуун хорин найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсгийн урт 12 сантиметр, бариул хэсгийн урт 11.5 сантиметр урт шар өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, саарал өнгийн монгол цамц 1 ширхэг, саарал өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 1 ширхэг “CD”-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн 2234000000576 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Саас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.С нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бид 9.155.629 төгрөгийн хохирол төлсөнг дурдаж, шүүгдэгч Б.Саас хохиролд сэтгэл санааны хохирол 138.600.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бид олгосугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Сад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Сад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ю.ЭНХМАА

 

                          ШҮҮГЧИД                                      Ц.ОТГОНЖАРГАЛ

 

                                                                                      Ж.ДЭЛГЭРМӨРӨН