| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/0094/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/113 |
| Огноо | 2025-05-01 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ж.У |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж,
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгч: Ч.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ч-ын Б-д холбогдох эрүүгийн 25........ тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .. сарын ...-ний өдөр А аймгийн Б суманд төрсөн, ... настай,....., бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Б сумын З багийн Ц гэх газар оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Х овогт Ч-ын Б /РД.А......../
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
* Шүүгдэгч Ч.Б-ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“…Би үйлдсэн гэмт хэрэгтээ харамсаж байна. Эрхийн бичиггүй явсан нь миний буруу. Машины үнэлгээ жаахан өндөр байна. Би хүнээс худалдаж авч байсан. Би өр зээл ихтэй, төлөх чадвар хэцүү. Машины үнэлгээ дээр тийм байна...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 25.......... тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Иргэний нэхэмжлэгч Н.Б-н өгсөн:
“...Байгаль орчинд учирсан хохирлыг хуульд заасан орон нутгийн дансанд тушааж хохирол барагдуулчихвал ямар нэгэн санал хүсэлт байхгүй ...” гэх мэдүүлэг/хх-ийн 55-56 дугаар тал/
*Гэрч Г.Г-ийн өгсөн:
“...Би 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Б сумын.. багийн нутгаар эргүүл хяналт шалгалт хийж явах үед ...... улсын дугаартай Мазда маркийн тээврийн хэрэгсэл мод тээвэрлэн явж байхаар нь зогсоож шалгахад тус сумын ... багийн Т..... гэх газраас тус сумын иргэн Ч.Б гэх хүн мод бэлтгэх эрхийн бичиггүй хууль бусаар галын түлээний мод бэлтгэж, тээвэрлэн явж байсан тул түр саатуулсан. ... эрхийн бичиг байхгүй байсан, ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-20 дугаар тал/
*Гэрч С.Ц-ийн өгсөн:
“...Б сумын иргэн Ч.Б нь надаас эрхийн бичиг бичүүлж аваагүй. 2025 онд Б сумын .. багт А..., Т......гэх газруудад галын түлээний мод бэлтгэх талбай тусгаарлалт хийсэн. .. багийн Т гэх газарт тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-24 дүгээр тал/
*Яллагдагч Ч.Б-ийн өгсөн:
“...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэл тохирч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 91-92 дугаар тал/
*А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Б-ийн 2025 оны 02 сарын 04-ний өдрийн .......дугаартай: “...Монгол орны мод сөөг гарын авлагатай харьцуулахад Pineaceae Lindl-Нарсны овгийн Latrix sibrica-Сибирь шинэс байна. Шинжлэгдэж буй мод нь 7,8 хувь чийгтэй хуурай мод байна. 2. Шинжлэгдэж буй модыг шинж байдлаар нь хэзээ бэлтгэсэн эсэхийг тогтоох боломжгүй. 3. Шинжлэгдэж буй модны 1, 2, 3, 4, 6, 8, 9, 11, 13, 14, 15, 17, 18, 24, 33, 35, 38, 40, 41, 42 гэж дугаарласан нь босоо модноос бэлтгэсэн гэх 20 ширхэг мод нь 1,0636 м3 байх ба экологи эдийн засгийн үнэлгээ 116,740 төгрөг байна. 4. Шинжлэгдэж буй модны 5, 7, 10, 12, 16, 19-23, 25-32, 34, 36, 37, 39 гэж дугаарласан унанги модноос бэлтгэсэн гэх 22 ширхэг мод нь 1,2195 м3 байх ба экологи эдийн засгийн үнэлгээ 133.852 төгрөг байна...” гэх дүгнэлт /хх-н 40-43 дугаар тал/
*Хөрөнгийн үнэлгээний М ХХК-ийн үнэлгээчин А.Б-ын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаартай:
“...1995 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол улсад орж ирсэн Мазда маркийн тээврийн хэрэгслийг 2025 оны 01 сарын байдлаар зах зээлийн үнэлгээгээр 6,200,000 /зургаан сая хоёр зуун мянга/ төгрөгөөр, Хятад улсад үйлдвэрлэгдсэн хөрөөний үнэ 60,000 /жаран мянга/ төгрөгөөр, 1,6522 метр куб хэмжээтэй шинэс төрлийн хуурай модны үнэ 195,600 /нэг зуун ерэн таван мянга зургаан зуу/ төгрөгөөр тус тус үнэлсэн...” дүгнэлт /хх-ийн 61-69 дүгээр тал/
*Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...А аймгийн Б сумын .. багийн Т гэх газарт хууль бусаар мод бэлтгэсэн байна...” гэх тэмдэглэл /хх-н 2 дугаар тал/,
*Тээврийн хэрэгсэл, модонд үзлэг хийсэн “...Ч.Б-ийн эзэмшлийн ..... улсын дугаартай Мазда маркийн тээврийн хэрэгслийн тэвшинд ачаатай байх модонд үзлэг хийхээр тогтов. Үзлэгээр хууль бусаар мод тээвэрлэхэд ашигласан гэх портер маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд уг тээврийн хэрэгсэл нь 1997 онд үйлдвэрлэгдсэн, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсад орж ирсэн. Цагаан өнгийн Мазда маркийн тээврийн хэрэгсэл байх ба уг тээврийн хэрэгсэл нь 1789 хөдөлгүүрийн багтаамжтай, баруун талдаа жолооны хүрд бүхий SE88M700222 арлын дугаартай ердийн тэвштэй, тэвшний урт 2.30 метр, өргөн нь 1.40 метр харагдах байдал нь хуучивтар тээврийн хэрэгсэл байв. Уг тээврийн хэрэгслийн урд талын баруун зүүн талын дохио нь хагарч унасан урд куперийг баруун талд нь уяагаар уясан байв. Хойд талын зүүн талын дохио нь дунд хэсгээрээ хагарсан байв. ... Тэвшинд ачаатай байх модыг хар өнгийн маркераар 1-41 хүртэл дугаарлан нарийн талын үзүүрийн тойргийн диаметр болон бүдүүн талын үзүүрийн тойргийн диаметрыг хэмжив...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 6-16 дугаар тал/,
* Хэргийн газрын үзлэг хийсэн “...Үзлэгийг А аймгийн Б сумын .. багийн Т гэх газарт хэргийн газрын үзлэгийг тогтов. Уг газарт очиход Б сумын төвөөс 16 км зайтай байх ертөнцийн зүгээр хойд зүгт байв. Холбогдогч Ч.Б-ээс мод тайрч бэлтгэсэн гэх хожуул болон унанги модыг заалгахад мод ихээр бэлтгэж байсан гэмээр модны хуучин хожуул, унанги мод, модны хөг, мөчир ихтэй урьд өмнө нь ой хээрийн түймэрт өртөж байсан гэмээр харласан модны хожуул ихтэй газар...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 30-35 дугаар тал/,
* А аймгийн Б сумын З багийн Т гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй талаарх албан бичиг /хх-н 48-49 дүгээр тал/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Ч.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр А аймгийн Б сумын .. багийн Т гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй буюу зөвшөөрөлгүйгээр 1.40 метрийн урттай 20 ширхэг, 1.0636 м3 хэмжээтэй, шинэс төрлийн хуурай босоо модыг, мөн 1.40 метрийн урттай 22 ширхэг, 1.2195 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай унанги модыг тус тус бэлтгэж, өөрийн эзэмшлийн ...... улсын дугаартай Мазда бонго трак маркийн автомашинаар мөн газраас тус аймгийн Б сумын төв хүртэл тээвэрлэн, ойн санд 250,592 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ч.Б үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Н.Б-н “...Байгаль орчинд учирсан хохирлыг хуульд заасан орон нутгийн дансанд тушааж хохирол барагдуулчихвал ямар нэгэн санал хүсэлт байхгүй ...” гэх мэдүүлэг, гэрч Г.Гантөгсийн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Б сумын ..багийн нутгаар эргүүл хяналт шалгалт хийж явах үед ....... улсын дугаартай Мазда маркийн тээврийн хэрэгсэл мод тээвэрлэн явж байхаар нь зогсоож шалгахад тус сумын .. багийн Т гэх газраас тус сумын иргэн Ч.Б гэх хүн мод бэлтгэх эрхийн бичиггүй хууль бусаар галын түлээний мод бэлтгэж, тээвэрлэн явж байсан тул түр саатуулсан. ... эрхийн бичиг байхгүй байсан, ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Ц-ийн “...Б сумын иргэн Ч.Б нь надаас эрхийн бичиг бичүүлж аваагүй. 2025 онд Б сумын .. багт А, Т гэх газруудад галын түлээний мод бэлтгэх талбай тусгаарлалт хийсэн. .. багийн гэх газарт тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 250,592 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Б-ийн 2025 оны 02 сарын 04-ний өдрийн ..... дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ч.Б-ийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
А аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Б-ийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Ч.Б-г зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 250,592 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан, /250,592*3=751,776/долоон зуун тавин нэгэн мянга долоон зуун далан зургаа/ төгрөг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс /250,592*3=751,776 /долоон зуун тавин нэгэн мянга долоон зуун далан зургаа/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч Ч.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Ч.Б-ийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна. Шүүгдэгч Ч.Б-ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 6,200,000 /зургаан сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий ..... улсын дугаартай Мазда маркийн автомашиныг хураан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 751,776 /долоон зуун тавин нэгэн мянга долоон зуун далан зургаа/ төгрөгийг төлүүлэн, үлдэх 5,448,224 /таван сая дөрвөн зуун дөчин найман мянга хоёр зуун хорин дөрөв/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 1.4 метрийн урттай 22 ширхэг 1.2195 метр куб шинэс төрлийн хуурай унанги мод, 1.40 метрийн урттай 20 ширхэг 1.0636 метр куб шинэс төрлийн хуурай босоо мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 60,000 /жаран мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ч-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 49.2.1, 49.4.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч Ч.Б-ээс байгаль экологид учруулсан хохирол 751,776 /долоон зуун тавин нэгэн мянга долоон зуун далан зургаа/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 02 сарын 11-ний өдрийн 30 дугаартай эд мөрийн баримт хураан авах тухай, 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 09 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Б-ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 6,200,000/зургаан сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий .... улсын дугаартай Мазда маркийн автомашиныг хураан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 751,776 /долоон зуун тавин нэгэн мянга долоон зуун далан зургаа/ төгрөгийг төлүүлэн, үлдэх 5,448,224 төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 1.4 метрийн урттай 22 ширхэг 1.2195 метр куб шинэс төрлийн хуурай унанги мод, 1.40 метрийн урттай 20 ширхэг 1.0636 метр куб шинэс төрлийн хуурай босоо мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 60,000 /жаран мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө зэргийг тус тус улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН