Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 00072

 

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч П.Шижиртуяа,
хохирогч Ж.*******,
шүүгдэгч П.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн *******ийн *******од холбогдох эрүүгийн 201706000128 дугаартай, 132/2017/0066/Э индекстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны малчдын 8-4 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******ийн ******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч П.******* нь 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.*******ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолоор/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч П.*******ын өгсөн: 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ******* бид 2 дэлгүүрйин гадаа байсан. Тэгтэл ******* мотоцикльтой ирээд *******той маргалдаад би салгасан. Тэгээд *******ийг яв гэхэд явахгүй архи нэхээд байхар нь юу яриад байгаан явалдаа гэсэн чинь ганц шил архи аваад өгчихөж чадахгүй байж чи одоо юу вэ гэсэн. Тэгэхээр нь би маргалдаад тэгээд 2, 3 удаа цохиод аваад барьцалдаад байж байхад байтал дэлгүүрээс хүмүүс гарж ирээд салгасан. Тэгээд бид 2 явсан гэх мэдүүлэг,
201706000128 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Шүүгдэгч П.*******ын сэжигтнээр өгсөн: Би 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр найз *******ын хамт 1 шил архи хувааж уучихаад дэлгүүр ороод гадаа нь зогсож байтал ******* нэг залуутай маргалдаад байсан. Би тэр залууг яв гээд 2-3 удаа цохьсон. Тэгтэл дэлгүүрээс хүмүүс гарч ирээд салгасан гэх мэдүүлэг /хх 22-23 тал/,
Хохирогч Ж.*******ийн өгсөн: Би 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дүү Бямбасүрэнгийн хамт Хялганат руу орж ирээд дэлгүүрийн гадаа очиж зогсоход ******* над руу ирээд намайг дайрчихнуу гэхээр нь хаанаас даа үгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* ирээд чи хаана байдаг вэ гэхээр нь би Хайлантайд байдаг гэхэд ******* хажуунаас нь наадах чинь Хайлантайд байдаг өвгөний яргачин банди байна гэж хэлээд зүүн чих рүү цохихоор нь тонгойтол ******* зүүн нүд рүү 2 удаа цохьсон. Тэгэхээр нь би мотоциклоосоо буугаад доошоо тонгойтол ******* урдаас өшиглөсөн. Тэр үед Дорлиг ах, дүү Бямбасүрэн нар ирж салгасан гэх мэдүүлэг /хх 12 тал/,
Гэрч П.*******ын өгсөн: Би 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр найз *******ын хамт хорооллын дэлгүүр орчихоод гарч иртэл мотоциклтой 2 залуу ирж зогссон. Би чи согтуу хүн дайрч аллаа шүү дээ гэхэд хуц, чамд ямар хамаатай юм гэсэн. Тэгээд бид 2 муудалцахад найз ******* Ж.*******ийг нэг удаа цохьсон. Нэг мэдэхэд хүмүүс ирж салгасан гэх мэдүүлэг /хх 13 тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 144 тоот:
1. Ж.*******ийн биед зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
4. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх 15 тал/,
эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 05 тал/, хялганат тосгоны эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх 16 тал/, СТ оношилгооны баримт /хх 17 тал/, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол /хх 24 тал/, ял шийтгэл шалгасан хуудас /хх 28 тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээс татгалзсан хүсэлт /хх 32 тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ердийн журмаар байцаан шийтгэх ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол /хх 33 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд Шүүгдэгч П.******* нь 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.*******ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хохирлын талаар шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч
Ж.*******ийн өгсөн: “******* хажуунаас нь наадах чинь Хайлантайд байдаг өвгөний яргачин банди байна гэж хэлээд зүүн чих рүү цохихоор нь тонгойтол ******* зүүн нүд рүү 2 удаа цохьсон. Тэгэхээр нь би мотоциклоосоо буугаад доошоо тонгойтол ******* урдаас өшиглөсөн” гэх мэдүүлэг, гэрч П.*******ын өгсөн “..Тэгээд бид 2 муудалцахад найз ******* Ж.*******ийг нэг удаа цохьсон. Нэг мэдэхэд хүмүүс ирж салгасан” гэх өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн шинжээчийн 144 тоот дүгнэлт, шүүгдэгч П.*******ын холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч П.*******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Ж.******* нь сайн дураар эвлэрч байгаагаа илэрхийлсэн хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх ба шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хор арилсан байх тул хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ийн *******ыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн П.*******од холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч П.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.*******од авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д заасныг баримтлан давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ