Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/403

 

 

 

 

2021               4              21                                        2021/ДШМ/403                                  

 

 

П.Б-т холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор И.Ариунсанаа,

шүүгдэгч П.Б-ын өмгөөлөгч Б.Энхтүвшин, О.Баярбаясгалан,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 2021/ШЦТ/101 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Б-ын өмгөөлөгч Б.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн П.Б-т холбогдох эрүүгийн 1908027130980 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Өндөр овгийн Пүрэвийн Б-, 19....... оны 5 дугаар сарын 23-ны Улаанбаатар хотод төрсөн, ................ настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зураг зүй, техникч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ .......................ажиллаж байсан, одоо тэтгэвэрт гарсан, ам бүл 2, эхнэрийн хамт .................хороо, ..................тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ................/;

Өвөрхангай аймгийн Арвайхээр дэх Сум дундын 1 дүгээр шүүхийн 1990 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 1/126 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.

П.Б- нь ................ажиллаж байхдаа тус шүүхээс торгох ял шийтгүүлсэн нэр бүхий хүмүүсийг “... Торгуулийн мөнгөө дансанд шилжүүлчих, дахин ирэх шаардлагагүй...” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Б.С-с 450.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дөрвөн шонхор захад байрлах АТМ-аас шилжүүлэн авсан ба Э.Л-с 460.000 төгрөг, Д.Б-с 450.000 төгрөг, Н.Ц-с 450.000 төгрөг, Ц.П-с 450.000 төгрөг, Ж.А-с 500.000 төгрөг, Г.Г-с 450.000 төгрөг, Г.Б-с 450.000 төгрөг, А.Б-с 500.000 төгрөгийг интернэт банк мобайл банкаар шилжүүлснийг өөрийн 5019804733 дугаартай дансаар авч, бусдад нийт 4.160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: П.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдад нийт 4.160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч П.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Б-аас 2.800.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.С-т 450.000 төгрөг, Н.Ц-т 450.000 төгрөг, Ц.П-т 450.000 төгрөг, Ж.А-т 500.000 төгрөг, Г.Б-т 450.000 төгрөг, А.Б-д 500.000 төгрөгийг тус тус олгож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч П.Б- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч П.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч П.Б-ын өмгөөлөгч Б.Энхтүвшин гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүгдэгч нь үйлдсэн гэм хэрэгтээ дүгнэлт хийж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүхийн шатан хохирлын тодорхой хэсгийг нөхөн төлсөн байна. Үлдэгдэл хохирол болох 2.800.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Шүүгдэгч нь эрүүл мэндийн хувьд хөлөнд нь яс ургасан, зүрх муу зэрэг өвчтэй юм. Анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хувийн байдлын хувьд 62 настай, улсад олон жил ажилласан ба хуулийн байгууллагад 14 жил ажилласан байна. Дээрхи зүйлсийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч П.Б-ын өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч Б.Энхтүвшинтэй санал нэг байна. Давж заалдах шатны шүүхэд нийт 5 хохирогч нарын хохиролыг төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн зорилго нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар “нийгэмшүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээхэд” оршдог. Мөн Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тухайн хүний хувийн байдал гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл хор уршиг бусад байдлыг нь харгалзан үзэх ёстой. Эдгээр байдлыг харгалзан үзэх Шүүгдэгч П.Б-т оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

            Прокурор И.Ариунсанаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хурал дээр улсын яллагчийн зүгээс П.Б-т 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан. П.Б-ын биеийн байдлыг нь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан. Хохирогч нарын хохирлыг барагдуулаагүй байсан тул торгуулийн ял оногдуулах боломжгүй гэж үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй учир нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар П.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

П.Б- нь .................ажиллаж байхдаа тус шүүхээс торгох ял шийтгүүлсэн нэр бүхий хүмүүсийг “торгуулийн мөнгөө дансанд шилжүүлчих, дахин ирэх шаардлагагүй” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Б.С-с 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дөрвөн шонхор захад байрлах АТМ-ээс өөрийн Хаан банкны 5019804733 тоот данс руу шилжүүлэн авсан, мөн дээрх аргаар хохирогч Э.Л-с ........... өдөр 460.000 төгрөгийг, хохирогч Д.Б-с ....өдөр 450.000 төгрөгийг, хохирогч Н.Ц-с ...өдөр 450.000 төгрөгийг, хохирогч Ц.П-с...... өдөр 450.000 төгрөгийг, хохирогч Ж.А-с .... өдөр 450.000 төгрөгийг, хохирогч Г.Г-с ... өдөр 450.000 төгрөгийг, хохирогч Г.Б-с ... өдөр 450.000 төгрөгийг, хохирогч А.Б-с ... өдөр 500.000 төгрөгийг интернэт болон мобайл банкаар өөрийн Хаан банкны 501980473 тоот дансанд шилжүүлэн авч, нийт 4.160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.С-н “...Тэгээд би шүүхээр орж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлээр ял шийтгүүлж 450.000 төгрөгөөр торгууль оногдуулж, уг төгрөгийг П.Б- гэх хүн өгчих гэхээр нь түүний Хаан банкны дансанд 450.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Дэнжийн 1000-ын орчим байрлах Хаан банкны АТМ-ээс шилжүүлсэн. Гэвч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт очиход миний торгуулийг хаагаагүй байсан /хх 10/, гэрч С.И-н “...манай нөхөр 2018 оны 8 дугаар сарын 16-нд торгуулийн мөнгийг бүрэн бүтэн шилжүүлж өгсөн, харин П.Б- нь торгуулийн мөнгийг нь шүүхийн шийдвэрт өгөөгүй 2 сар болсон байсан” /хх 16/,

хохирогч Э.Лхамсүрэнгийн “...2018 оны 6 дугаар сарын 24-ний хавьцаа шүүхээр орж 455.000 төгрөгөөр торгуулж байсан. Б- гэх хүн энэ данс руу торгуулийн мөнгөө хийчих гээд надад данс өгсөн, би тэр данс руу нь мобайл банкаар 460.000 төгрөгийг шилжүүлсэн. Шүүхээс надад оногдуулсан торгуулийг төлсөн гэж бодоод яваад байсан чинь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр цагдаагаас дуудаад төлөгдөөгүй болохыг мэдсэн” /хх 170/,

хохирогч Д.Батнямын “...Би тухайн үед Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлсэн байсан. Шүүхийн шийдвэр дээр явж байгаад нэг настайвтар эрэгтэй хүнтэй уулзсан чинь нэг данс өгч байсан. Торгуулийн 450.000 төгрөгийг өөрийнхөө данснаас шилжүүлж байсан, тэгээд намайг дахиж ирэх шаардлагагүй гэж хэлсэн. Саяхан цагдаагаас торгуулийн мөнгө төлөгдөөгүй байгаа талаар сонсож мэдлээ” /хх 176/,

хохирогч Н.Ц-н “...би шүүхээр 450.000 төгрөгийн торгуулийн ялд шийтгэгдсэн юм. Тэгээд шүүхэд ажилладаг, архив руу материал хүргэж өгдөг Б- гэх хүн миний эзэмшлийн 5019804733 дугаар данс руу торгуулийн 450.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь шилжүүлсэн” /хх 182/,

хохирогч Ц.П-н “...би шүүхээр орж 450.000 төгрөгийн торгуулийн ял авч байсан. Тэгээд тухайн үед Сонгинохайрхан дүүргийн шүүх дээр явж байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэгч гээд нэг залуу ирчихсэн байсан, тэр залуу Хаан банкны данс бичиж өгөхөөр нь би захирал руугаа залгаж шилжүүлээд өгөөч гээд шилжүүлсэн. Намайг орой залгаад асуугаарай гэхээр нь би орой асуухад “төлөгдсөн” гэж байсан. П.Б- гэх хүний иргэний үнэмлэхийн зурагтай лавлагааг харлаа, уг хүн нь надад торгуулийн дансны дугаар өгсөн хүн мөн байна” /хх 187/,

хохирогч Ж.А-н “...Би Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгэгдсэн. Шүүх дээр байхад тэнд ажилладаг болтой 50 орчим насны эрэгтэй хүн намайг торгуулиа төлөөрэй гэж хэлсэн. Би тухайн үед банкны төлбөрийн картгүй явж байсан болохоор ахынхаа дансаар тэр хүний өгсөн данс руу шилжүүлсэн” /хх 195/,

хохирогч Г.Г-н “...Би Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 450.000 төгрөгөөр торгуулсан. Шийтгэх тогтоолын дагуу төлбөрийг төлөхөөр болоход тухайн үед шүүгчийн туслах нь манай шүүхийн зарлагаар ажилладаг гэх 40 гаран насны эрэгтэй хүнд торгуулийн мөнгө өгчихөж болно гэж хэлэхээр нь өөрийнхөө данснаас тухайн эрэгтэйн данс руу шилжүүлсэн” /хх 199/,

хохирогч Г.Б-н “...450.000 төгрөгийн торгуулийн ял авсан юм. Нарны гүүрний зүүн хойд талд байх Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албан дээр очиж 40 гаран насны дунд зэрэг махлагдуу биетэй эрэгтэй хүн гарч ирээд нэг дансны дугаар өгөөд энэ данс руу тушаа гэж хэлсэн. Манай эгч Ролзо нь найз Сувдаагийн данснаас тухайн торгуулийн мөнгийг шилжүүлж байсан” /хх 204/,

хохирогч А.Б-н “...Би 3 сар болоод торгуулиа төлөх гээд тэр шүүхийн туслах дээр очсон. Тэр хүн намайг гадаа хамт гаръя гээд нэг дансны дугаар өгсөн. Тэгээд би шууд ажил дээрээ очоод даргатайгаа уулзаад “500.000 төгрөг торгуульд төлөх ёстой юмаа, цалингаас хасаад энэ данс руу шилжүүлж өгөөч” гэсэн. Тэгсэн чинь 10 гаран хоногийн дараа цагдаагаас залгаад таны торгуулийн ял биелэгдээгүй байна, ирж уулзах шаардлагатай гэж хэлсэн” /хх 206/,

  гэрч Д.Н-н “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн гүйцэтгэх хуудсыг шүүхийн бичиг хүргэгчээр дамжуулан хүргэгддэг. ...мөнгөө тушаагаагүй холбогдогч нарыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу материал болон хүний хамт хүргүүлдэг байсан болохоор л би П.Б-т хүлээлгэн өгсөн” /хх 215/ гэсэн мэдүүлгүүд болон дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх 26/, шүүхийн шийтгэх тогтоолуудын хуулбарууд, П.Б-ын хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн яллагдагчийн мэдүүлэг /хх 218/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

П.Б- нь шүүхийн Тамгын газрын бичиг хүргэгчийн ажил эрхэлж байсан атлаа торгуулийн ялыг төрийн санд оруулж байгаа мэтээр торгуулийн ял шийтгүүлсэн нэр бүхий 9 хохирогчид итгүүлж, өөрийн хувийн дансны дугаарыг өгч, торгуулийн мөнгийг энэ данс руу шилжүүлээд дахиж ирэх шаардлагагүй” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр нийт 4.160.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх ба анхан шатны шүүх тухайн зүйл хэсэгт зааснаар түүнийг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон буюу Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанартай тохирсон гэж үзэхээр байна.

Шүүгдэгч П.Б-ын өмгөөлөгч Б.Энхтүвшингээс “шүүгдэгчийг үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирлын тодорхой хувийг төлсөн, 62 настай хувийн байдлыг нь харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулалгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

П.Б-ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах хугацаанд анхан шатны шүүхийн тогтоолд шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт олгохоор заасан 2.800.000 төгрөгөөс хохирогч Ц.Пүрэвийн 450.000 төгрөгөөс бусдыг нөхөн төлсөнг болон түүний хувийн байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан ялын төрлийг хөнгөрүүлэн торгох ял сонгон хэрэглэхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/101 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ыг 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-т оногдуулсан торгох ялыг хуульд зааснаар 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ын цагдан хоригдсон 79 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон түүнд оногдуулсан 2.000.000 төгрөгийн торгох ялаас 1.185.000 төгрөгийг хасч, эдлэх ялыг 815.000 / найман зуун арван таван мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож, түүнийг нэн даруй сулласугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэр /магадлал/-ийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.ОЧМАНДАХ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ