Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
Хэргийн индекс | 181/2022/00010/И |
Дугаар | 181/ШШ2022/01390 |
Огноо | 2022-06-13 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 181/ШШ2022/01390
2022 06 13 | 181/ШШ2022/01390
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Т
Хариуцагч: Ч.Б нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 20,546,105 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Ч,
Хариуцагч, хариуцагч Ч.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т банк ХХК нь хариуцагч Н.Т, Ч.Б нарт холбогдуулан гэрээний үүрэгт 20,546,105 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Зээлдэгч Н.Т, хамтран зээлдэгч Ч.Б нар нь Т банк ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр тоот Зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн, сарын 2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлж авсан.
Зээлдэгч Н.Т, хамтран зээлдэгч Ч.Б нар нь Т банк ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр тоот Барьцааны гэрээг байгуулан итгэмжлэлээр барьцаалсан.
2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан дугаар тоот барьцааны гэрээнд:
1.Сүхбаатар дүүрэг, хороо, гудамж, тоот байршилтай 65,89 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Ү-2, Г, Г овогтой Д өмчлөл;
2.Сүхбаатар дүүрэг, хороо, гудамж тоот, нэгж талбарын дугаартай, 177 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар /Г-2, Г№0/, Гу овогтой Д өмчлөл;
Банк нь Зээлийн гэрээ-ний дагуу зээлдэгч Н.Т-ийн Т банк дахь тоот харилцах дансанд 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 30,000,000 төгрөгийг шилжүүлэн олгосон.
Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш үндсэн зээлээс 9,799,671.95 төгрөг, хүүнээс 11,755,027.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,039.73 төгрөг, нийт 21,568,739.42 төгрөг төлсөн.
Зээлдэгч Н.Т нь 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн тоот Зээлийн гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан тул банкнаас 2020.06.11-ны өдөр, 2021.08.16-ны өдөр, 2021.11.18-ны өдөр тус тус зээлийн гэрээний үүргээ биелүүлэх, нэмэлт хугацаа олгох мэдэгдэл-ийг зээлдэгчид удаа дараа хүргүүлсэн боловч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул энэ нь тухайн зээлийг нэг талын санаачлагаар цуцлах бүрэн үндэслэл болж байна.
Зээлдэгч Н.Т, хамтран зээлдэгч Ч.Б нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 20,200,328.05 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 331,517.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 14,260.15 төгрөг, нийт 20,546,105.82 төгрөг хуримтлагдаж банкийг хохироож байна.
Иймд Т банк нь дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
1.2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн тоот зээлийн гэрээний 6.2.1 дэх заалтыг үндэслэн зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20,200,328.05 төгрөг, үндсэн хүү 331,517.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,260.15 төгрөг, нотариатын зардал 24,400.00 төгрөг, нийт 20,570,505.82 төгрөгийг зээлдэгч Н овогтой Ту, хамтран зээлдэгч Ч овогтой Б нараас гаргуулж Т банкинд олгуулах.
2.Зээлдэгч, хамтран зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, хороо, гудамж, тоот хаягт орших 65,89 м.кв талбайтай Ү-2 дугаартай хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сүхбаатар дүүрэг, хороо, гудамж, тоот, нэгж талбарын дугаартай, 177 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй /Г-22, Г№0/ газрын хамт албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч Ч.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Н.Т-ийн зүгээс нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Н.Т миний бие 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Т банктай тоот Зээлийн гэрээг байгуулан 30.000.000 төгрөгийг жилийн 24 хувийн, сарын 2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлж авсан билээ.
Миний бие дээрх зээлийг бизнесийн зориулалтаар авсан бөгөөд зээлийн гэрээний үүргээ шударгаар биелүүлж, хуваарийн дагуу хугацаандаа төлж явсан. Гэтэл ковид-19 вирус Монгол Улсад бүртгэгдэж 2020 оны хавраас эхлэн хөл хорио эхэлж улмаар 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс бүх нийтийн хатуу хөл хорио тавигдсан бөгөөд 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 7 удаа хөл хорио тавигдсан байдаг. Одоогийн байдлаар миний бие зээл авсан 2018 оны 10 дугаар сараас эхлэн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хатуу хөл хорио тавигдах хүртэл 22 сарын хугацаанд cap бүр хуваарийн дагуу зээлээ бүрэн төлж байсан билээ.
Цар тахлын улмаас бүх нийтийн хөл хорио тавьж хүнсний салбараас бусад олон бизнес дампуурч, алдагдал хүлээж банкны өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй, зээлдэгчийн хүсэл зоригоос үл хамаарах давагдашгүй хүчин зүйл тохиолдсоныг банк мэдсээр байж ийнхүү тасалдсан хугацааны төлөлтийг хийгээгүй үндэслэлээр гэрээг цуцалж байгаад гомдолтой байна.
Н.Т миний бие Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруун баян уул тоотод байдаг ажлын байрыг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай гэрээ хийж, цахим тоглоомын газрыг ажиллуулах болсон бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хорооноос тоот гэрчилгээ авсан. Гэтэл анхны хөл хорионы үеэс эхлэн Улсын онцгой комисс, Засаг даргын тамгын газрын захирамж, Цагдаагийн байгууллага ковидын хуулийн дагуу мөрдөж цахим тоглоомын газрыг огт ажиллуулаагүй. Иймд орлого олох ямар ч боломжгүй болж цаашдаа банкны зээлээ төлөхийн тулд компьютеруудаа зарж төлж эхэлсэн ба үндсэндээ үйл ажиллагаа дампуурсан.
Миний бие цар тахлын хуультай холбогдуулан 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 7 дугаар cap хүртэлх 8 сарын хугацаанд зээлээ төлж чадаагүй тул төлөлтийг хойшлуулж өгөхийг хүссэн хүсэлтийг банкиндаа өгсөн. Банк миний гаргасан хүсэлтэд татгалзсан хариуг одоо болтол өгөөгүй учраас миний бие хүсэлтийг зөвшөөрсөн гэж ойлгож 2021 оны 7 дугаар сараас хойшхи төлөлтийг одоог болтол cap бүр төлсөөр байгаа юм.
Бүх нийтийн хөл хорионы улмаас төлж чадаагүй 8 сарын хугацааны төлбөл зохих төлбөр нь 7,936,000 төгрөг байна. Дээрх төлбөрийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас үүргээ гүйцэтгэж чадаагүй учир банкны гэрээг цуцалж үлдэгдэл төлбөрөө шаардаж байгааг хулээн зөвшөөрөхгүй байна.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь заалтад хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гуйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх заалтад Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан байна.
Харин Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх заалтад Дараах тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй гээд 225.4.1 дэх заалтад үүргийг ялимгүй зөрчсөн", мөн 225.4.2 дахь заалтад энэ хуулийн 186 дугаар зүйлийн 186.2 дахь заалтад заасан шаардлагыг зөрчсөн боловч үүрэг гүйцэтгүүлэгч гэрээг хүчин төгөлдөр байлгахыг шаардах эрхтэй байвал гэж тус тус заажээ.
Миний бие Т банктай 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ шинэчлэн байгуулсан бөгөөд цар тахлын хатуу хөл хорио тавихаас өмнө болон хөл хорионы дараа өнөөдрийг хүртэл төлөх үүргээ гүйцэтгэж байгаа болно. Харин 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх 8 сарын нийт 7,934,448 төгрөгийг төлж чадаагүй.
Нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2,984,000 төгрөг төлсөн. Цаашид ч мөн өөрийн тэтгэвэр дээр нөхрийн тэтгэврийг нэмээд сар бүр төлөөд явах хүсэлтэй байна гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотариатын зардал 24,400 төгрөг төлсөн баримт, улсын тэмдэгтийн хураамж 260,680.52+70,200 төгрөг төлсөн баримт, Т банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Итгэмжлэл, Зээлдэгчийн анкет, Хамтран зээлдэгчийн анкет, Н.Т, Ч.Б нарын иргэний үнэмлэхний хуулбар, Баянгол тооцооны төвийн зээлийн хорооны хурлын шийдвэр, Зээлийн ерөнхий хорооны хурлын шийдвэр, Үнэлгээний хуудас, 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1 дугаар Зээлийн гэрээний хуулбар, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1 дугаар Барьцааны гэрээ, Барьцаалбар, 0 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 0 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г.Д-ны өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг /хх,24-25/, №2, №2 дугаар мемориалын баримт, Мэдэгдэл /хх,28-30/, Хүү тооцооллын хүснэгт, Харилцах дансны харилцагчийн хуулга, Зээлийн дансны харилцагчийн хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Хариуцагч нараас шүүхэд Н.Тийн иргэний үнэмлэхний хуулбар, Ч.Б-ийн иргэний үнэмлэхний хуулбар, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, №20, №202, №202, №202, №202, №202, №202, №202 дугаартай мемориалын баримтууд, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн орлогын баримт, MN4 дугаартай зээлийн дансны төлбөрийн хуваарь, Зээлийн дансны харилцагчийн хуулга, Харилцаа холбооны зохицуулах хорооны дугаар бүртгэлийн гэрчилгээ, Ажлын байрны түрээсийн гэрээ /хх,61-63/, Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, Түрээсийн төлбөрийн баримт, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, Ч.Б-өөс Н.Т-т олгосон итгэмжлэл, Г.Д-аас Н.Т-т олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг нотлох баримтаар өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Т банк ХХК болон Н.Т, Ч.Б нарын хооронд хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн тул банкны зүгээс гэрээг цуцалж, гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн төлбөр 20,200,328.05 төгрөг, зээлийн хүү 331,517.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,260.15 төгрөг, нотариатын зардал 24,400 төгрөг, нийт 20,570,505.82 төгрөгийг төлөх үүрэгтэй, барьцааны гэрээ хүчин төгөлдөр учир хариуцагч нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.
3. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 17,216,328.05 төгрөг, зээлийн хүү 331,517.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,260.15 төгрөг, нотариатын зардал 24,400 төгрөг, нийт 17,586,505.82 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг эс зөвшөөрч хэрэгсэхгүй болгуулахаар маргасан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Зохигчдын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр №10 тоот Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Т банк ХХК нь 30,000,000 төгрөгийг сарын 2 хувийн, жилийн 24 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг сар бүр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ./хх14-16/
Мөн өдөр Т банк ХХК нь Н.Т, Ч.Б нартай №10 тоот Барьцааны гэрээ-г байгуулж, 10 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Г.Дэлгэрсайханы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, хороо, гудамж, тоот хаягт байрлах 65,89 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Г.Д-ны өмчлөлийн, нэгж талбарын дугаар гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг, хороо, гудамж, тоот хаягт байрлах 177 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./хх19-26/
Улмаар талууд харилцан тохиролцож, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-ээр гэрээний хугацааг 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сунгаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчилжээ. /хх17-18/
4.2. Нэхэмжлэгч Т банк ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 30,000,000 төгрөгийг зээлдэгч Н.Т-т олгосон болох нь зохигчдын маргаагүй тайлбар, харилцах дансны харилцагчийн хуулга, зээлийн дансны харилцагчийн хуулга, №2 тоот мемориалын баримт зэргээр тогтоогдож байна./хх27, 32-33/
4.3. Хариуцагч Н.Т, Ч.Б нар нь дээрх гэрээний үүрэгт үндсэн зээлд 9,799,671.95 төгрөг, зээлийн хүүд 11,755,027.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 14,039.73 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын маргаагүй тайлбар, хэрэгт авагдсан хүү тооцооллын хүснэгт, Н.Т-ийн дансны хуулга, мемориалын баримтууд, Т банк ХХК-ийн орлогын мэдүүлэг, зээлийн дансны харилцагчийн хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх31,49-59/
4.4. Нэхэмжлэгч Т банк ХХК нь хариуцагч Н.Т-т 2020 оны 6 дугаар сарын 11, 2021 оны 8 дугаар сарын 16, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрүүдэд тус тус Мэдэгдэл хүргүүлж, үүргээ биелүүлэхгүй бол гэрээг цуцлах тухай мэдэгдсэн боловч үр дүн гараагүй гэж нэхэмжлэгч 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 992,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 992,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна. /хх28-30/
4.5. Хариуцагч Н.Т-ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 2,984,000 төгрөгийг нэхэмжлэгч үндсэн зээлийн үлдэгдлээс хасч, хариуцагч нар 104500923083 дугаар зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 17,216,328.05 төгрөг, зээлийн хүү 331,517.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,260.15 төгрөг, нийт 17,549,271.82 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь зохигчдын маргаагүй тайлбар, зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хх31,59/
4.6. Зохигчдын хооронд байгуулсан Барьцааны гэрээний барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүд нь Г.Д-ны өмчлөлийн хөрөнгө болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00, 00 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдож байна./хх22-23/
5. Зохигчид зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хариуцагч нар хүлээн авсан, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг сунгасан үйл баримт болон хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 12,783,674.95 төгрөг, зээлийн хүүд 11,755,027.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 14,039.73 төгрөгийг төлсөн, одоо үндсэн зээлийн үлдэгдэл 17,216,328.05 төгрөг, зээлийн хүү 331,517.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,260.15 төгрөг, нийт 17,549,271.82 төгрөгийн үлдэгдэлтэй талаар маргаагүй.
Харин нэхэмжлэгч зээлийн гэрээг зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө цуцалж, зээл, зээлийн хүүг шаардсан нь үндэслэлтэй эсэх, үүргийн гүйцэтгэлийг Г.Дэлгэрсайханы өмчлөлийн барьцаа хөрөнгөөр хангуулах эсэх нь маргааны зүйл байна.
6. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан бичгээр хийх хуулийн шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаагүй тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагч нарт зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн болох нь тогтоогдсон тул хариуцагч нар зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасны дагуу буцаан төлөх үүрэгтэй.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Хариуцагч Н.Т, Ч.Б нар нь дээрх гэрээнд заасны дагуу зээл, түүний хүүг сар бүр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зээлдэгч Н.Тт хүргүүлж байсан Мэдэгдэл, хүү тооцооллын хүснэгт зэргээр тогтоогдсон.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаанаас өмнө гэрээг цуцалж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.
Хариуцагч нарын зүгээс зээлийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй., мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх заалтад үүргийг ялимгүй зөрчсөн", мөн 225.4.2 дахь заалтад энэ хуулийн 186 дугаар зүйлийн 186.2 дахь заалтад заасан шаардлагыг зөрчсөн боловч үүрэг гүйцэтгүүлэгч гэрээг хүчин төгөлдөр байлгахыг шаардах эрхтэй байвал гэж Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх заалтад зааснаар талууд гэрээнээс татгалзаж болохгүй гэх үндэслэлээр татгалзсан.
Хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч Н.Т, Ч.Б нар нь сар бүрийн 25-ны өдөр зээлийн 991,806.42 төгрөгийг төлөх үүрэгтэй боловч 2020 оны 06 дугаар сараас эхлэн үүргийн зөрчил гаргаж, нэхэмжлэгчээс хариуцагч нарт мэдэгдэл хүргүүлж байсан байна. Мөн талууд Зээлийн гэрээний 2.2.1-т Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг төлөөгүй бол зээл хугацаандөө төлөгдөөгүйд тооцогдох ба Гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж харилцан тохиролцсон байх тул хариуцагч Н.Тийн ялимгүй зөрчилд хамаарах тул гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх 8 сарын нийт 7,934,448 төгрөгийг хойшлуулах талаар банкинд цахимаар хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Иймд хэрэгт авагдсан баримтаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөл байдал тогтоогдсонгүй.
6.1. Хариуцагч нар үндсэн зээлийн үлдэгдэл 17,216,328.05 төгрөг, зээлийн хүү 331,517.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,260.15 төгрөг, нийт 17,549,271.82 төгрөгийн үлдэгдэлтэй талаар маргаагүй, төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч Н.Т, Ч.Б нараас 17,549,271.82 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т банк ХХК-д олгох нь зүйтэй.
6.2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж тус тус заажээ.
Хариуцагч нар зээлийн гэрээний үүрэг зөрчсөний улмаас нэхэмжлэгч нотариатын үйлчилгээний хөлсөнд 24,400 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтаар тогтоогдож байх тул энэхүү зардлыг хохиролд тооцож хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй.
Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 17,216,328.05 төгрөг, зээлийн хүү 331,517.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,260.15 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлсөнд төлсөн 24,400 төгрөг, нийт 17,586,505.82 төгрөгийг хариуцагч Н.Т, Ч.Б нараас гаргуулж, нэхэмжлэгч Т банк ХХК-д олгохоор шийдвэрлэв.
7. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж, 41.2-т Энэ хуулийн 41.1-т заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэж, мөн Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-т Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй. гэж, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж тус тус заасан.
Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт зааснаар барьцаа хөрөнгө нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох боловч түүний зөвшөөрөл шаардлагатай.
Хэрэгт авагдсан баримтаар зохигчдын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан Барьцааны гэрээ-ний барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, хороо, гудамж, тоот хаягт байрлах 65,89 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 28 дугаартай, Г-2 дугаар гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг, хороо, гудамж, тоот хаягт байрлах 177 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Г.Дболох нь тогтоогдсон.
Иймд нэхэмжлэгч Т банк ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын хариуцагч нь уг Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тухайн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Г.Д-ыг хамтран хариуцагчаар татан оролцуулах тухай хүсэлтийг гаргаагүй тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Дээрх үндэслэлээр, хариуцагч Н.Т, Ч.Б нараас 17,586,505.82 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,959,600 төгрөгт холбогдох хэсэг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 245,882.52 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Т, Ч.Б нараас 17,586,505.82 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,959,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Г.Дэлгэрсайханы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, хороо, гудамж, тоот хаягт байрлах 65,89 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Г.Д-ны өмчлөлийн, нэгж талбарын 18 дугаартай, Г-22 дугаар гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг, хороо, гудамж, тоот хаягт байрлах 177 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 245,882.52 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ