| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/0122/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/129 |
| Огноо | 2025-05-09 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Т.А |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж
Улсын яллагч: Т.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Б
Шүүгдэгч: О.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О-ийн Н-д холбогдох эрүүгийн 2......... тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн И суманд төрсөн, .. настай, ...., дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт А аймгийн Э сумын .. дүгээр баг, Ц хорооллын .... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт О-ийн Н /РД:А........./
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 25........ тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
* Гэрч Б.Б-ын "... Би 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр А аймгийн Цагдаагийн газрын даргын баталсан жижүүрийн томилгооны дагуу үүрэг гүйцэтгэж 23 цагийн үед А аймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж байх үед Нутгийн захиргааны ордны хойд талын магистрал зам дагуу 12 дугаар дэлгүүрийн замын уулзвар дээр ....... улсын дугаартай цагаан өнгийн ахио королла маркийн тээврийн хэрэгслийг түр зогсоож тээврийн хэрэгслийн бичиг баримтыг шалгахад тухайн тээврийн хэрэгслээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Тэгээд жолооч О.Н-ыг тээврийн хэрэгслээс буулган согтуурал шалгах драгер багажаар үлээлгэхэд 2.11% зааж байсан. Үүний дараа тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийсэн. Согтуурлыг шалгахад шаардлага эсэргүүцсэн зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 12-13 дугаар тал/,
*Гэрч Б.М-ын "... 2025 оны 03 дугаар сарын 28-ны орой 18 цаг өнгөрч байхад манай найз Н над руу утсаар залгаад найз нь ажлаасаа 18 цагийн үед бууна чи ирээд авах боломж байна уу? хоёулаа өнөө орой хамт жаахан сууя гэж хэлсэн. Би хариуд нь зөвшөөрөөд 19 цаг өнгөрч байхад Хан-Оюут худалдааны төвийн гаднаас Н-ыг аваад бид хоёр А аймгийн Э сумын .. дүгээр баг Б хорооллын ..... тоотод байх манай гэрт очсон. Манай гэрт орох үедээ гэрийн наад талын дэлгүүрээс 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр нэртэй пивоноос хоёр ширхгийг аваад орсон юм. Манайд орж хоол идээд нөгөө хоёр савтай пиво ууж дуусгаад хоёулаа нэлээн халамцаад байж байтал Н-ыг нэг найз нь хүрээд ир гээд дуудаад байна. Найзууд дээрээ очих хэрэгтэй боллоо, хоёулаа аймгийн төв рүү оръё ажлын гадаах зогсоол дээр миний машин байгаа гээд байхаар нь би гэрийн гадаа такси дуудаад бид хоёр ..дугаар дэлгүүрийн гудамжинд буюу Ц зочид буудлын нэг давхарт байх CU дэлгүүрээр орж утсаа цэнэглэж байгаад Н-ы ажлын гадаах Хан-Оюут худалдааны төвийн зогсоол дээр ирж Н машинаа асаагаад хөдөлж бид хоёр Нутгийн захиргааны ордны арын замаар гарч урагшаа эргэх хөдөлгөөн хийх үед замын цагдаа зогсоож таараад Н-ы бичиг баримт согтуурал зэргийг шалгасан. Н-ыг согтуурал шалгах драгер багаж үлээлгэхэд чанга дуу гаргаад согтуу байна гэдэг дохио өгөх шиг болсон. Тэгээд замын цагдаа Н-ы зургийг дараад машиныг нь журмын хашаанд хийсэн. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 16-18 дугаар тал/,
*Иргэний нэхэмжлэгч Б.Д-ийн "... ....... улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг, миний эзэмшлийн машин байгаа юм. Худалдаж аваад 2 жил болж байна. Манай эхнэр бид хоёр хоёулаа хэрэгцээндээ унаж хэрэглэдэг юм. Миний эзэмшлийн машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл үүсээгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 54-55 дугаар тал/,
*Өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч О.Н-ы өгсөн: “... Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар тал/
*А аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн /цагдаа/ зохицуулагч цагдаагийн дэд ахлагч Б.Б-ын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл” /хх-ийн 2-3 дугаар тал/,
*Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...2.11% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл /хх-ийн 4, 21 дүгээр тал/,
*Жолоочийн жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 23 дугаар тал/,
*Шүүгдэгч О.Н-ы хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 26-31 дүгээр тал/
*Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24 дүгээр тал/,
*А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ........ дугаартай шийтгэвэр /хх-ийн 36-37 дугаар тал/
*Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 58 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн байхаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч О.Н нь Цагдаагийн эрх бүхий албан тушаалтны шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Н-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүгдэгч О.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцсон, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч О.Н-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч О.Н нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Н-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ авсан тул түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор, шүүгдэгчид хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт О-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт
заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар
шүүгдэгч О.Н-д тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч О.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН