Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/138

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж

Улсын яллагч: М.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.А

Шүүгдэгч: Г.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Хажидсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Г-ийн А-д холбогдох 25....... дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, .. настай, ..., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ам бүл 2, эхнэрийн хамт А аймгийн Х сумын Н  баг, Д хорооллын .... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, М овогт Г-ийн А /РД:А....../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2025 оны 03 дугаар сарын 18-ээс 19-нд шилжих шөнө А аймгийн Э сумын .. дугаар баг Н хороололд оршин суух Б.О-ын гэрт хохирогч Д.Б-тай “замын зардлын мөнгөө өгөөгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар ууж байсан 0.5 литрийн хэмжээтэй Экс нэртэй архины шилийг хохирогч Д.Б луу шидсэний улмаас  түүний биед баруун нүдний бүрэн хараагүйдэл буюу баруун нүдний алим авах, шарх цэгцлэх, имплант суулгах мэс заслын дараах байдал, баруун хөмсөгт шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.    

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Шүүгдэгч Г.А нь 2025 оны 03 дугаар сарын 18-ээс 19-нд шилжих шөнө А аймгийн Э сумын ... дугаар баг Н хороололд оршин суух Б.О-ын гэрт хохирогч Д.Б-тай “замын зардлын мөнгөө өгөөгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар ууж байсан 0.5 литрийн хэмжээтэй Экс нэртэй архины шилийг хохирогч Д.Б луу шидсэний улмаас  түүний биед баруун нүдний бүрэн хараагүйдэл буюу баруун нүдний алим авах, шарх цэгцлэх, имплант суулгах мэс заслын дараах байдал, баруун хөмсөгт шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

               *Хохирогч Д.Б-ийн мэдүүлсэн “...Би 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр А-ийн хамт найзынд нь очиж архи уусан юм. 14 цагийн үед А аймгийн Э сумын 5 дугаар баг Н хороололд оршин суух Б.О-ынд намайг очих үед нэг шил архи уугаад сууж байсан ба би тухайн үед тэднийд бид хоёр оройны 17 цаг хүртэл хууч хөөрч архи уусан юм. Тэднийхээс гараад найз А-ийн хамт ач хүүхдийг нь цэцэрлэгээс авч гэрт нь хүргэж өгөөд буцаж гараад дэлгүүрээс нэг шил архи авч А-ийн цэрэгт цуг явсан гэх найзынд орж нэг шил архи уусан. Тухайн найзынхаас гарч Баттөр гэх Х сумын иргэн буюу найз дээрээ очиж байтал тэднийх нэг шил архи гаргаж өгсөн ба тэр архийг нь ууж дуусахад шөнийн 23 цаг өнгөрч байсан байх. Тэгээд найз Б.О-ынд буцаж А болон хоёр найзынхан хамт очиж А-ийн авсан 0.5 литрийн хэмжээтэй архийг задалж ууцгаасан...” “... Би А-ийн хамт цэрэгт явсан талаараа ярьж байтал манай найз А ууж байсан архины шилийг над руу шидсэн ба уг шил нь миний баруун нүдийг онож цохисон юм..., “...би нүдээ авхуулж 65 хувиар хараагаа алдсан. Улаанбаатар хот Улсын нэгдүгээр эмнэлэгт очиж нүдний хагалгаанд орсон. ...Багцаагаар 10 гаран сая төгрөг орсон гэж бодож байна. ...Анх Улаанбаатар хот руу хагалгаанд орохоор явах гэж байх үед 900,000 төгрөг дансаар шилжүүлсэн. Мөн дахин Улаанбаатар хот руу эмчилгээнд явахад 1,000,000 төгрөг араас нь дахиад 500,000 төгрөг миний данс руу шилжүүлсэн юм. Өөр хохирол төлбөр гэж мөнгө өгөөгүй. ...Г.А-ээс би эмчилгээнд өөрөөс гарсан зардлаа нэхэмжилж байна. А нь надад 20,000,000 төгрөг өгнө гэж хэлсэн байгаа үүнийг авчихвал надад өөр ямар нэг гомдол санал хүсэлт байхгүй. ... Би өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох хүсэлт гаргахгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 5-8, 67-68-р хуу/,

               *Гэрч Б.О-ын мэдүүлсэн “...Манай найз А 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манайд өглөө 09 цагийн үед манайд аккумляторын уяагч хийх гэж орж ирээд тэрийг нь цуг хийсэн ба 14 цагийн үед Б нь А рүү утсаар холбогдож өөрийгөө Нэгдсэн эмнэлгээс ирээд аваадах гэж хэлэхээр нь би өөрийн тээврийн хэрэгсэлтэй очиж авчирсан юм. Харин А манайд цэнэглэгч хийж үлдсэн юм. Тэгээд би Б-ыг өөрийн гэртээ авч ирж хоол хийж өгөөд байж байтал оройны 17 цаг болсон ба тэр хоёр харихаар надаар аймгийн төвийн төв гандангийн тэр хавьд айлд хүргүүлсэн юм. Тэгээд би гэртээ харьсан ба тэр орой 23 цагийн үед би унтахаар орондоо ороод хэвтэж байтал манайд таван хүн орж ирсэн. Жолоочоосоо бусад нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Манайд орж ирэх үедээ А болон Б нар нь хоорондоо маргалдаж орж ирсэн. Миний ойлгосноор А аймгийн Х сумаас А Б-ы машинтай цуг орж ирсэн тэгээд Б нь замын зардал авахгүй гэж тухайн үед ярьж тохирсон байсан ба архи уусан үедээ Б нь замын зардал өгсөнгүй гэж маргаж байсан. Манайд тэд хэд орж ирээд байж байтал Б нь нэг бүтэн 0.5 литрийн хэмжээтэй “Экс” гэсэн нэртэй архи гаргаж ирж ууцгааж байх үед А-ийг Б нь “чиний цэрэгт жа байсан гэж юу байхав чи гоожуур байсан тураал минь” гэж хэлтэл А ууж байсан шилтэй архиа авч Б руу шидсэн ба уг архины шил нүдийг нь онож цохисон ба нүднээс нь цус их гарсан ба би цусыг нь цэвэрлэж бинтээр боож тэр хэдийг Нэгдсэн эмнэлэг рүү явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуу/,

*Гэрч И.Б-ийн мэдүүлсэн “...2025 оны 03 дугаар сарын 18-ны орой А нь намайг гэртээ амарч байх үед гар утсаар холбогдож айлд хүргээд өг гэж гуйсан тэгэхээр нь би зөвшөөрч аймгийн гандангийн хойд талд засмал зам дээр Б-ы хамт зогсож байсан тэгээд тэр хоёрыг машиндаа суулгаад хаа хүрэх талаар асуутал Доной гэх газар байх О-ынд хүргээд өг гэхээр нь тэр хоёрыг хүргэж өгөхөөр явж байтал над руу Б нь гар утсаар надтай холбогдож би айлд очих гэсэн юм хүргээд өг гэхээр нь ойрхон явна гараад ир гэтэл удалгүй зам дээр таарч тэр хэдийг - гэх айлынд хүргэж өгөхөөр хөдөлсөн юм. Тэр хэд нэг сумын таньдаг хүмүүс байсан учир таньдаг нэг айлдаа нийлж очсон юм. Б нь нэг шил архи авчихсан байсан ба Б, А нар нь их согтуу байсан. Тэгээд бид хэд орой 23 цагийн үед О-ынд орж авсан байсан нэг шил архиа хувааж уух үед А, Б нар нь хоорондоо маргалдаж эхэлсэн. Миний ойлгосноор А нь Б-ы автомашинд дайгдаж Х сумаас ирсэн гэсэн ба Б нь зардлын мөнгө өгсөнгүй гэж хэлж маргасан юм. Тэр үед тэр хоёр гадна гарч ярилцахаар гэрийн гадна гарч хэсэг маргалдаж байгаад буцаж орж ирээд сууцгаасан. А гэрт байсан ширээний ертөнцийн зүгээр баруун буланд суусан Б гэрт ертөнцийн зүгээр зүүн талын орон дээр миний доод талд сууж байтал А нь ногоон өнгийн “Экс” гэх нэртэй архийг авч шидсэн. Уг архитай шил нь Б-ийн хөмсөг хэсэг рүү нь нэг удаа л архины шил очиж цохисон тэгтэл цус гарч хөмсөг нь сэтэрч язарсан байсан би цусыг нь тогтоохоор бинтээр боож цусыг нь тогтоож өгөөд Нэгдсэн эмнэлэг рүү би өөрийн машинтайгаа хүргэж өгөөд өөрийн гэр лүүгээ харьсан. Өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 20-21-р хуу/,

*Гэрч Ч.Бийн мэдүүлсэн “...Би 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 20 цагийн үед О-ын гэрийн ойролцоо хүүхдэдээ хашаа барьж дуусаад өөрийн гэр лүүгээ явж байх үедээ А рүү би өөрөө гар утсаар холбогдож хаана байгаа талаар асуутал надад хандаж би А аймагт ирсэн байна. Төрөөгийн хамт О-ынд очихоор явж байна гэж хэлсэн. Би тэр үед О-ынхаас холдоогүй явж байсан ба тэр хоёртой уулзахаар болж 5 дугаар баг Н хорооллын гудамжинд уулзах үед Б гэх хүн цуг явж байсан. А, Т , Б гэх хүмүүс надтай уулзах үед архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан. Тэгээд тэр хэдтэй О-ынд очихоор болоод би тэр хавьд байсан нэг дэлгүүрээс нэг шил “Ногоон экс” нэртэй архи авч тэр айлд орж бөөндөө ууцгаасан юм. Тухайн үед А болон Б нар нь замын зардлын мөнгөнөөс болж маргалдаж байсан. Миний ойлгосноор А нь Б-ы машинд цуг ирсэн тэгээд замын зардлаа өгөөгүй учир хоорондоо маргалдсан юм байна лээ. Тэр үед тэр хоёрыг гэрийн баруун зүүн талд орон дээр суулгаад холдуултал хэрүүл хийгээд дуугай байхгүй байж байтал А нь Б луу ууж байсан архины шилээ шидсэн байсан. Би яг архины шил шидсэн эсэхийг хараагүй. Юмаар цохичихлоо гэж Б хэлэхээр нь очиж хартал нүднээс нь цус гараад тогтохгүй байсан тэгтэл архины шилээр цохичихсон байсан. Цус их гарч байсан болохоор Нэгдсэн эмнэлэг рүү авч явсан юм. Өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг/хх- ийн 24-25-р хуу/,

*А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.О-ын гаргасан 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ... дугаартай “...1. Д.Б-ы биед баруун нүдний алим авах, шарх цэгцлэх, имплант суулгах мэс заслын дараах байдал, баруун хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ. 4. Баруун нүдний бүрэн хараагүйдэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтыг тогтоох хүснэгтийн 2.21.1 -д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувь тогтонги алдагдуулах хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38-р хуу/,

*Иргэний нэхэмжлэгч Ч.М-ийн “...Би А аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэрийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Учир нь Д.Б нь 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2,337,484 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн ....... тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 хуу/,

*Хохирогч Д.Б-ы ХААН банк дахь ...... дугаарын дансны хуулга /хх-ийн 77 хуу/,

*Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 хуу/,

*Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай “... эмчилгээний зардал болон бусад зарлагын 4 хуудас, 54 ширхэг баримтыг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч тэмдэглэл үйлдэв” гэх мөрдөгчийн тэмдэглэл, баримтууд /хх-ийн 78-83 хуу/,

*А аймгийн Х сумын Н  багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Тус багийн иргэн Г овогтой А нь Д  овогтой Б-д 20 сая төгрөг олгосон нь үнэн болно” гэсэн 7/69 тоот тодорхойлолт,

*Г.А-ээс Д.Б-ы ........ тоот дансанд 7,600,000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.А нь хохирогч Д.Б-ы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бөгөөд өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ. 

 

А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.А-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хэрэгт авагдсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Г.А-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол учирсан байна.

 

Хохирогч Д.Б нь мөрдөн байцаалтын шатанд “...гомдол санал байхгүй...сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэсэн бөгөөд шүүгдэгч нь хохирогч Д.Б-д 20,000,000 төгрөгийн хохирол төлсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогчид төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв. 

 

Мөн хохирогч Д.Б-ийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2,337,484 төгрөгийг шүүгдэгч Г.А нь иргэний нэхэмжлэгч Б  овогт Ч-ы М  /РД:А......../-д буюу Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь ....... тоот дансанд төлж барагдуулсан байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Г.А нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч Г.А нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,100,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын санал нь хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Г.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,100,000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.

 

Мөн шүүгдэгч Г.А-д оногдуулсан торгох ялыг түүний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь 10100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,100,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Г.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Б-д 20,000,000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч буюу Эрүүл мэндийн даатгалын санд 2,337,484 төгрөгийг төлсөн тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М  овогт Г-ийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10100 /арван мянга нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,100,000 /арван сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д оногдуулсан 10100 /арван мянга нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,100,000 /арван сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 24 сарын хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д оногдуулсан 10100 /арван мянга нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,100,000 /арван сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.А-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч Г.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.ЖАРГАЛАН