| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Данжаадын Уранчимэг |
| Хэргийн индекс | 104/2017/00173/И |
| Дугаар | 104/ШШ2017/00133 |
| Огноо | 2017-04-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 104/ШШ2017/00133
| 2017 оны 04 сарын 13 өдөр | Дугаар 104/ШШ2017/00133 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух, /РД:*******/ ******* овогт ******* *******гийн
хариуцагч: тоотод оршин суух, /РД:/ овогт ******* *******т холбогдох
гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн нөхөр болох Э.*******тэй 2006 оны 11 дүгээр сард анх танилцсан. Бид 2007 оны 9 дүгээр сараас хамтдаа амьдарсан. Гэрлэлтээ батлуулж 2 хүүхдийн эцэг эх болцгоосон. 2010 оноос бидний хооронд үл ойлголцол бий болж таарч тохирохоо больсон. Одоо тусдаа амьдраад 5 жил болж байгаа тул гэрлэлтээ цуцлуулаад, хүүхдүүдээ өөрийн асрамжинд авч тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Ер нь бол Э.******* анхнаасаа архи ууж биднийг гэр бүлийн хүчирхийлэлд байлгадаг байсан. Гэхдээ Э.******* хоёр охиноо авна гэж байгаа бол би татгалзахгүй. Яагаад гэвэл би хүүхдүүдтэйгээ хамт байя гэхээр Булганд ажил олддоггүй, тэгээд Налайх дүүрэгт амьдрах гэхээр гэр оронгүй, би одоо эгчийнхээ найзынд амьдарч байна. Одоо Э.******* өөрөө хүүхдүүдээ харж, халамжилна гэж байгаа бол татгалзах зүйлгүй хүүхдүүдийн маань төрсөн эцэг нь шүү дээ. Гэрлэлтээ цуцлуулна. Эвлэрэх боломжгүй гэв.
Хариуцагч Э.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие эхнэр Б.*******тай 2007 онд гэр бүл болж, хоёр хүүхдийн эцэг эх болсон. 2011 онд эхнэр Б.******* найзуудтайгаа гараад ирье гэж гараад 6 хоног алга болсон. Би 4 дэх хоногийн өглөө 2 охиноо аав ээжийнд хүргэж өгөөд нүүрс ачихаар уурхай явах замдаа өөрийн хүргэн болох иргэн Батаагийнд очиход эхнэр Б.******* Батаатай 1 оронд шалдан хэвтэж байхыг харсан. Түүнээс хойш бид хоёр тусдаа амьдрах болсон. Хүүхдүүд маань Булган аймагт 4 болон 2 дугаар ангид сурдаг. Ямар ч хараа хяналтгүй шөнө орой хичээлээ тараад хоёулахнаа 3 км алхаж байж, заримдаа такси барьж явж байгаа гэсэн. Эхнэр Б.******* энэ тусдаа байх хугацаандаа 2 охин дээрээ очиж байсан удаа цөөхөн. Б.*******гийн ээж Дэлгэрмаа өөрийн гэсэн гэр оронгүй, мөн Б.******* өөрийн гэсэн гэр орон тогтсон хаяггүй, өдийг хүртэл амьдарч байна. Би энэ хүмүүст өөрийн хүүхдүүдийг үлдээн итгэж халамжлуулах хүсэлгүй байна. Хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид байлгамаар байна. Одоо хүүхдүүд маань үнэхээр хүнд байгаа. Би өөрөө л авахгүй бол Б.******* асарч халамжилдаггүй. Ээжийнхээ хамаатныд Булган аймагт аваачсан, өөрийнх нь ээж Завханд байгаа нэртэй. Би амьдрах хугацаанд 2 охиноо өөрөө л харж асардаг байсан. Б.******* надаас зугтаалгаад хаа хамаагүй хөдөө янз бүрийн газарлуу явуулчихдаг. Одоо эхнэр Б.******* симба хочит Оогий гэгч залуутай хамтран амьдарч байгаа. Б.******* 2 охинтой минь хамт амьдардаггүй. Энд тэнд хаячихаад энд өөр залуутай хамтран амьдарч байна. Булганд 2 охиныг минь Б.*******гийн ээжийнх нь ээжийн дүү өсгөлцөж байгаад нас барсан. Би хагалгаанд ороод үхлүүт хэвтэж байхдаа ч 2 хүүхдэдээ мөнгө өгч, хэрэгтэй юмыг нь авч өгч байсан. Би үргэлж энэ гурвыгаа тэжээж ирсэн. Б.*******тай эвлэрье гэхээр ээж нь намайг хөөж элдвээр доромжилдог. ******* мөнгө хэрг болохоороо л над руу ханддаг.Одоо Б.*******гаас гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаангүй. 2 охиноо өөрийн асрамжид авч үлдэх хүсэлтэй, Б.*******гаас тэтгэлэг гаргуулахгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Э.*******т холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэхээс өмнө гэрлэгчдэд тус шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн ч гэрлэгчид эвлэрээгүй, тус тусдаа амьдарч байгаа, дахин эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахгүй, хүсэлгүй гэж байх тул шүүх хэргийг Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.-т зааснаар ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Иргэн Б.******* Э.******* нар 2006 онд анх танилцан, 2007 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болж, 2007 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, 2007 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр охин *******, 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр охин ******* нар төрсөн, хүүхдүүд одоо төрүүлсэн эх Б.*******гийн хамаатныд Булган аймагт эрүүл бойжиж байгаа болох нь Э.******* Б.******* нарын 2007 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болсныг 2007 оны 6 дугаар сарын 06-ны өдөр улсын бүртгэлийн 0184 дугаар гэрлэлт бүртгэсэн тухай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 2007 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин *******ын 2007 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр улсын бүртгэлийн 490 дугаарт, 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин *******ын 2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр улсын бүртгэлийн 588 дугаарт тус тус төрөлт бүртгэсэн гэрчилгээнүүдийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд, Цоож эд өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхдүүдийг эрүүл бойжиж байгаа тухай, Булган аймгийн Эрдмийн өргөө цогцолбор сургуульд суралцаж байгаа тухай, Булган аймгийн 6 дугаар багийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тодорхойлолтууд зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Амьдралын явцад гэрлэгчид үл ялих шалтгаар хоорондоо маргаж, энэ үндсэн дээр үл ойлголцон, Э.******* эхнэр болох Б.*******г өмнө нь уулзаж байсан эрэгтэйтэйгээ дотно харьцаанд байснаас тусдаа амьдрах болсон, одоо Б.*******г өөр хүнтэй хамт амьдардаг гэх боловч нэхэмжлэгч Б.******* үгүйсгэж байх ба гэрлэгчид 2011 оны 6 дугаар сараас хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа талаар гэрлэгчдийн тайлбар, хэрэгт цугласан баримтууд зэргээс үзэхэд гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5., 10 дугаар зүйлийн 10.3.-т заасан, гэр бүлийн гишүүд нь бие биедээ үнэнч байх, халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, харилцан туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, амьдралын явцад хэн аль нь харилцан тэгш эрх эдлэж, үүрэг хүлээж байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх тус тусын үүрэгтээ хангалтгүй хандсан, гэр бүлийн дотор хүүхдийнхээ эрх ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.
Гэрлэгчдэд шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч эвлэрээгүй, одоо гэрлэгчид дахин эвлэрэх боломжгүй, дахин эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийлгэх шаардлагагүй гээд, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулна гэж байгаа, 2011 оны 6 дугаар сараас хойш 5 жил гаруй хугацаанд тусдаа амьдарч цаашид хамтдаа амьдрах хүсэл зориггүй болсон, хариуцагч гэрлэлтээ цуцлуулахыг, нэхэмжлэгч хүүхдүүдээ төрүүлсэн эцгийнх нь асрамжинд үлдээхийг тус тус зөвшөөрч байгаа нь гэрлэгчид цаашид эвлэрэх боломжгүй байдал болж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4.-т зааснаар гэрлэлт цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.
Э.******* хүүхдүүдээ өөрийн асрамжид авч үлдэнэ гэж байх ба нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаан дээр 2007 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин *******, 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин ******* нарыг төрүүлсэн эцгийнх нь асрамжид үлдээхээр тайлбар гаргаж байх тул 2007 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин *******, 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин ******* нарыг төрүүлсэн эцэг Э.*******ийн асрамжид үлдээн, хариуцагч Э.******* өөрөө хүүхдүүдээ асарч халамжлах хүсэлтэй гээд Б.*******гаас тэтгэлэг гаргуулахгүй, мөн зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар маргаангүй гэснийг тус тус дурдан шийдвэрлэх хууль зүйн үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, мөн хулийн 132 дугаар зүйлийн 132.6-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан /РД:/ овогт ******* ******* /РД:*******/ ******* овогт ******* ******* нарын гэрлэлтийг цуцласугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар 2007 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин *******, 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин ******* нарыг төрүүлсэн эцэг Э.*******ийн асрамжид үлдээж, Э.******* Б.*******гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, мөн зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг тус тус дурдсугай.
3.Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүлийн 58.3., мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч Б.******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э.*******ээс хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 140 400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тэмдэглэсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ