Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/143

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

улсын яллагч А.Батбаатар,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт *******ын *******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******г тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

2. ******* дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

2.2. Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2025 оны 03 дугаар сарын 25-ны орой манай нөхөр ******* согтуу ирээд гэртээ амарсан. Тэгээд өглөө босоод би нөхөртөө “чи амьдрал ахуйгаа бодохгүй байна, би хүүхдээ аваад явлаа” гэж хэлээд хувцсаа бэлдэж байтал надтай хэрүүл хийгээд байхаар нь цагдаагийн газарт хандах гэтэл миний гар утсыг булааж аваад шидсэн. Тэгэхээр нь би өөрийнхөн гар утсыг нь аваад цагдаа руу залгах гэтэл гар утсаа булааж аваад өгөөгүй. Тэгээд намайг хэл амаар доромжлоод мөр хэсэг рүү гараараа 1 удаа цохиод толгой руу 2-3 удаа гараараа цохихоор нь би хүүхдээ аваад ахын гэр лүү явсан...

...Бид хоёр гэрлэлтээ бүртгүүлээгүй. Дундаасаа 1 хүүхэдтэй... ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29, 31 дүгээр хуудас),

2.3. Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн хошууч ын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ХОВ0725/394 дугаартай “1. *******гийн биед гэмтэл учирсан байна. 2. *******гийн биед баруун нүдний дээд зовхины баруун хэсгийн цус хуралт, зүүн бугалгын гадна дээд хэсгийн цус хуралт, зүүн бугалгын гадна дунд хэсгийн цус хуралт, баруун бугалгын гадна дээд хэсгийн цус хуралт, зүүн гарын сарвууны ар хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. *******гийн биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 4. *******гийн биед учирсан дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. *******гийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6. У. гийн биед учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас),

2.4. Эрх бүхий албан тушаалтны  хөтөлсөн "Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл” (хавтаст хэргийн 14-16 дугаар хуудас),

2.5. Хохирогч *******д тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтийг буюу сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг танилцуулсан баримт (хавтаст хэргийн 36-39 дүгээр хуудас),

2.6. Хохирогч *******гийн гаргасан “ овогтой миний бие сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохгүй. Одоо надад санал, гомдол байхгүй.” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас),

2.7. Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би тухайн өдөр гэрээс гарч яваад буудалд найзуудтайгаа хамт 2 шил архи хувааж ууж дуусгаад согтуу орой гэртээ очиход манай эхнэр болон охин хоёр байсан. Тэгтэл манай эхнэр намайг архи, дарс уулаа гэж хэлээд бид хоёр маргалдаад нүүр хэсэг рүү гараараа 1 цохиод мөр, хөл, гуя, гар хэсэг рүү гараараа цохисон чинь эхнэр би хүүхдээ аваад айл руу явлаа гэж хэлээд гэрээс гараад явсан. Ийм зүйл болсон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас) зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

2.8. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал),

- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал),

-гийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 43 дахь тал),

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 43 дахь тал),

-Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 44 дэх тал),

-Гэрч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дахь тал),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 66 дахь  тал) зэрэг нотлох баримтууд авагдсан байна.

2.9. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан шинжлэн судалж шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн:

- Хохирогч *******гийн “... 2025 оны 03 дугаар сарын 25-ны орой манай нөхөр ******* согтуу ирээд гэртээ амарсан. ...Тэгээд намайг хэл амаар доромжлоод мөр хэсэг рүү гараараа 1 удаа цохиод толгой руу 2-3 удаа гараараа цохихоор нь би хүүхдээ аваад ахын гэр лүү явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29, 31 дүгээр хуудас),

-Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн хошууч ын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ХОВ0725/394 дугаартай “... 2. *******гийн биед баруун нүдний дээд зовхины баруун хэсгийн цус хуралт, зүүн бугалгын гадна дээд хэсгийн цус хуралт, зүүн бугалгын гадна дунд хэсгийн цус хуралт, баруун бугалгын гадна дээд хэсгийн цус хуралт, зүүн гарын сарвууны ар хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ... 4. *******гийн биед учирсан дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас),

-Эрх бүхий албан тушаалтны  хөтөлсөн "Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл” (хавтаст хэргийн 14-16 дугаар хуудас),

-Яллагдагч *******ын “...Тэгтэл манай эхнэр намайг архи, дарс уулаа гэж хэлээд бид хоёр маргалдаад нүүр хэсэг рүү гараараа 1 цохиод мөр, хөл, гуя, гар хэсэг рүү гараараа цохисон чинь манай эхнэр би хүүхдээ аваад айл руу явлаа гэж хэлээд гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд  дараах үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ  “хүүхдээ аваад явна гэж хэлсэн” гэх шалтгаанаар эхнэр буюу хохирогч *******тай маргалдаж, түүний  биеийн нүүр, гар, мөр хэсэг рүү гараараа цохиж, эрүүл мэндэд нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарах баруун нүдний дээд зовхины баруун хэсгийн цус хуралт, зүүн бугалгын гадна дээд хэсгийн цус хуралт, зүүн бугалгын гадна дунд хэсгийн цус хуралт, баруун бугалгын гадна дээд хэсгийн цус хуралт, зүүн гарын сарвууны ар хэсгийн цус хуралт гэмтэл учруулсан үйл баримт эргэлзээгүй тогтоогдож байна.

3.2.  Хэрэгт авагдсан хохирогч *******, шүүгдэгч *******, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар  шүүгдэгч, хохирогч нар нь 2022 оноос эхлэн хамтран амьдарч байгаа, гэрлэлтээ бүртгүүлээгүй, дундаасаа 1 хүүхэдтэй болох нь тогтоогдож байна. (хавтаст хэргийн 28-31 дэх тал),   

3.3. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл  буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал хөдөлбөргүй нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж үзлээ.

3.4. Шүүх үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтооход хүрэлцээтэй, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Эрх зүйн дүгнэлт

4.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж энэхүү гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилжээ.

4.2. Шинжээчийн хохирогч *******гийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоож, хохирлын хөнгөн зэрэгт хамааруулсан дүгнэлт нь үндэслэлтэй байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ.

4.3.  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч нарыг энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”  гэж тус тус заасан.

4.4. Хохирогч *******, шүүгдэгч ******* нар нь хамтран амьдардаг болох нь тогтоогдсон тул тэднийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.

4.5. Гэр бүлийн харилцаатай хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэлд хамаардаг ба  бие махбодын хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд тооцно.

4.6. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Г.г бие махбодын хүчирхийлэл үйлдэж зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэсэн шинжийг хангаж байна.

          4.7. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан мэдсээр байж хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн учраас түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.8. Иймд шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлоогдсон тул түүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

4.9. Шүүгдэгч, хохирогч нарын таарамжгүй харилцаа, тэдний хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, хэрэг учрал болох үед шүүгдэгчийн архи, согтууруулах зүйл хэрэглэсэн байсан зэрэг нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн байна.

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

5.2. Хохирогч ******* нь хор уршиг нэхэмжлээгүй,  мөрдөн шалгах ажиллагааны үед “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэж мэдүүлж, хүсэлтээ гаргаж өгсөн байна. (хавтаст хэргийн 28-29, 31 дүгээр хуудас),

Иймд хохирогчийг хор уршиг нэхэмжлээгүй гэж үзэж, шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүхээс шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

2.3.  Хэрэгт цугларсан, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,  гийн төрсний гэрчилгээний хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн Засаг даргын тодорхойлолт, гэрч ын мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хувийн байдлын хувьд  33 настай, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 6-516 тоотод оршин суух хаягтай, гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.  (хавтаст хэргийн 41-44, 65, 66 дахь тал),

2.4. Шүүгдэгчийн хохирогчийн эрүүл мэндэд халдаж, хохирол учруулсан үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзээгүй бөгөөд урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй учраас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хувийн байдал нь хамааруулан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.

2.5. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” санал, дүгнэлтийг гаргасан.

2.6. Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно гэдгээ илэрхийлсэн учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэсэн.

2.7. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

2.8. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

2.9. Шүүгдэгчийн хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх хувийн байдлыг харгалзан  торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзсэн учраас оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоног буюу 3 сарын дотор биелүүлнэ. Энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулав.

Гурав: Бусад асуудлын талаар

3.1. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

3.2. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, хохирогч ******* хор уршиг нэхэмжлээгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байхгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.  Эрүүгийн ******* дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, хохирогч ******* хор уршиг нэхэмжлээгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******аас  гаргуулах хохирол, төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ө.БАХЫТБЕК