Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 00073

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
нарийн бичгийн дарга н.Одончимэг,
улсын яллагч П.Шижиртуяа,
Хохирогч Ш.Дамбийжанцан,
Гэрч Х.Дудаарий,
шүүгдэгч Ч.Чойжиндондог, түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Чойжиндондогт холбогдох эрүүгийн 201606000107 дугаартай, 132/2016/0074/Э/ индекстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1960 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, группт байдаг, ам бүл-5 эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг, Домын дэвсэгт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ялаар, 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор мөн хулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Гал овгийн Чүлтэмжамцын Чойжиндондог /РД:АК60112217/,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ч.Чойжиндондог нь 2015 оны 8 дугаар сард Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн нутаг “Гурван мод” гэх газар оршин суух иргэн Ш.Дамбийжанцангийн амбаарт хууль бусаар нэвтрэн орж 3920000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Чойжиндондогын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөх шаардлагагүй гэх мэдүүлэг,
201606000107 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Ш.Дамбийжанцангийн өгсөн: 2015 оны 8 дугаар сарын 7-8-ны өдрийн хооронд байх Булган аймгийн Баян-Агт сумын 90 жилийн дараахан Шарга багийн нутаг "Гурван мод" гэх газарт байрлах зуны амбаарт маань хулгай орж амбаарт байсан эд зүйлээ алдсан. Амбаарт цагаан ултай эрэгтэй, эмэгтэй хүний пүүркэн гутал хоёр хос, шар угалзтай шинээр уллуулсан хуучин эрэгтэй буриад гутал 1 хос, эмэгтэй хүний хүрэн өнгийн хуучин шинээр уллуулсан буриад гутал 1 хос, жил гаран өмссөн эсгийн дотортой эрэгтэй хүний буриад гутал 1 хос, хүрэн үйтэн хуаран хурган дотортой эрэгтэй хүний шинэ дээл, хар цоохор өнгийн эмэгтэй хүний торгон дээл, дугуй хээтэй хар торгон эмэгтэй хүний хурган дотортой дээл, хүрэн пүүсүү өнгөтэй эмэгтэй хүний хурган дотортой хуучин дээл, 10 гаран настай хүүхдийн өмсөж байсан хурган дотортой хуучин дээл, саарал даавуун өнгөтэй эрэгтэй хүний сэгсүүргэн дээл, хүрэн даавуун өнгөтэй сэгсүүргэн дээл, хар түрүүвчтэй 30000 төгрөг, эмэгтэй хүний гоёлын чимэг зүүлт, дээлийн торго гэх мэт зүйл байсан. Гоёлын зүүлт дээлийн торго зэргийг хэд байсанг мэдэхгүй байна. Дээрхи эд зүйлс бүгд авдран дотор байсан. Бүгдийг нь гаргаад авахыг нь аваад явчихсан байсан. Харин авдарт байсан архийг нь аваагүй орхисон байсан. Их тухтай үзэж харсан юм шиг байсан гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 хуудас/,
Гэрч Ч.Хишигдолгорын өгсөн:...2015 оны 08 дугаар сард Булган аймгийн Булган суманд байсан яагаад сайн санаж байна вэ гэхээр тухайн үед би жирэмсэн байсан бас 2015 оны 08 дугаар сарын 12-нд бил үү 13-нд билүү хадмын талаас намайг бэр гуйж байсан болохоор санаж байна. Манай ээж 2015 оны 09 дүгээр сарын 18-наас 20-ны хооронд Булган суманд өвөө Батсүхийн гэрт байхад төрсөнийхөө дараа өмсөөрэй гээд гээд буриад гутал өгч байсан би хэсэг өмсөж байгаад буцаагаад ээжид өгсөн.... гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуудас/,
Гэрч Х.Дудаарийгийн өгсөн:...Би гуталчингийн ажлыг хийгээд 40 гаран жил болж байна тэр тусмаа буриад гутлыг дагнаж хийгээд олон жил болж байна. Дамбийжанцангийн улаан хүрэн өнгийн хос буриад гутал, шар өнгийн угалзтай буриад гутлыг уллаж өгч байсан. Сүүлд Дамбийжанцантай таарахад 2015 оны 08 дугаар сард амбаарт нь хулгай ороод хувцас хунар дээлийн торго дурдан, буриад гутал цагаан ултай гутлуудаа алдчихсан гэж ярьж байсан. Дараа нь би гэрийнхээ ойрхон байдаг “Бүргэдэй” хүнсний дэлгүүрт явж байхад Дамбийжанцангийн алдсан гэх гутлыг эмэгтэй хүн өмсөөд гарч явахтай таарсан. Би тухайн үед өөрийнхөө улласан гуталыг таньдаг болохоор нүдэнд тусаад өнгөрсөн. Тэгээд дараа нь дэлгүүрт гарч байсан худалдагч Урантүлхүүрээс асуухад буриад гутлыг өмсөж явсан бүсгүйг Баян-Агт сумын уугуул иргэн Чойжиндондогийн охин гэж надад ярьсан. Төрсөн бололтой 20 гаран насны хүүхэн байсан нүүр царайг нь сайн харж чадаагүй. 2015 оны хавар шиг санаж байна Дамбийгийн талийгаач эхнэр надад хоёр гутал уллуулхаар өгч байсан нэг хээ хуар болсон гоё гутал байсан нөгөөх нь жирийн булгааран бор шаргал гэмээр гутал байсан. Би уг хоёр гутлыг нь уллаж өгч байсан ба Баян-Агт сумын нутгийн зөвлөлийн уулзалт Булган суманд болох үеэр Дамбий надад дээрхи гутлуудаа хулгайд алдсан гэж хэлж байсан.
…тэгээд Дамбийд хүнээр чиний хулгайд алдсан гутлыг Булганд Чойжиндондог гэх хүний охин өмсөөд явж байгаа талаар хэл хүргүүлсэн. Дамбийжанцан өндөр настай эрэгтэй хүн учраас ар гэрийнхээ нарийн ширийн зүйлийг мэдэхгүй байх. Шүүх хурал дээр өөрийнхөө гутлыг таниагүй байсан гэх мэдүүлэг, /хх-ийн 48-49, 250 хуудас/,
Гэрч Ч.Сарантуяагийн өгсөн:...2015 оны 09 дүгээр сард байх манай ээж самарт явж ирээд ирэхдээ улаан хүрэн өнгийн буриад хуучин гутал авчирсан байсан. Тэгээд би энэ хуучин гутлыг яах гэж байгаа юм гэж асуухад дүүд чинь өгөх гэж байгаа юм гэртээ ч болов өмсөж байг доороосоо даарахгүй дулаахан гэж байсан. Би аав, ээж, Наранбаатар нарыг Баян-Агт сум руу явсан талаар мэдэх зүйл байхгүй. Ах Наранбаатар хотод барилга дээр ажилладаг болохоор Булган руу яваад байдаггүй юм гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуудас/,
Гэрч Б.Урантүлхүүрийн өгсөн:...2015 оны 11 дүгээр сард шиг санаж байна манай дэлгүүрээр Дудаарий эгч үйлчлүүлээд байж байхад Хишигдолгор гаднаас орж ирсэн. Тэгэхэд Дудаарий эгч надаас буриад гуталтай эмэгтэйн талаар асуугаад байсан ба их хүнтэй байсан болохоор хэлж чадаагүй. Хэд хоногийн дараа манай дэлгүүрээр ирээд танай дэлгүүрт ирээд танайхаар хэд хоногийн өмнө орж ирсэн буриад гуталтай эмэгтэй хэн бэ? гэж асуухаар нь би Хишигээ гэж хэлээд явуулж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 57 хуудас/,
Шүүгдэгч Ч.Чойжиндондогийн яллагдагчаар өгсөн: Би 2015 оын 8 дугаар сарын эхээр Булган аймгийн Булган сумаас Баян-Агт сум руу явсан. Он сар өдрийн нь хэрхэн яаж санаж байна гэхээр тухайн үед Баян-Агт сумын 90 жилийн Ойн баяр болж байсан юм. Булган сумаас ахындаа очих санаатай явсан. Тэгээд би Хөвсгөл аймгийн Их-Уул явдаг замын унаанд сууж Баян-Агт сумын харалдаа зам дээр буугаад дахин замын унаанд гар өргөж байгаад Архангай аймгийн Цэцэрлэг сум руу явж байсан суудлыг маркийг нь мэдэхгүй машинд сууж Ш.Дамбийжанцангийн өвөлжөөний ойролцоо зам дээр бууж үлдсэн. Тэнд би яагаад ахындаа очихоо больж буусан гэхээр гэнэт хулгай хийх санаа төрсөн учраас машинаас бууж үлдсэн. Тухайн үед гадаа гэгээтэй байсан. Тэгээд шууд Ш.Дамбийжанцангийн өвөлжөөний хашаа руу алхаж очсон. Тэгээд ойр хавиас нь төмөр олж ирээд цоожийг нь хөшиж онгойлгосон. Ингээд өвөлжөөний байшин руу нь орсон. Дотроос нь би буриад гутал, эмэгтэй хүний үстэй дээл, хүүхдийн дээл, гээд нилээд олон зүйлийг хулгай хийж авсан ба тэр эд зүйлсээ 3 шуудайд хувааж хийсэн. Ингээд 3-н шуудайтай эд зүйлсээ ойролцоох Архангай аймгаас Булган аймгийн чиглэлд явдаг шороон зам руу нэг нэгээр нь зөөхөд 500 орчим метр зайтай байсан. Тэгээд намайг 3 шуудайтай эд зүйлсээ зөөж авчирхад гадаа харанхуй болсон ойролцоогоор 22 цаг болж байсан байх. Тэгээд зам дээр ганцаараа зогсоод замын унаа тосож байхад суудлын хар өнгийн жижиг машинтай хүн ганцаараа явж байхаар нь гар өргөж зогсоогоод хаашаа явж байгаа талаар нь асуугаад Эрдэнэтээр дайраад Улаанбаатар явж байгаа гэсэн. Тухайн жолоочийг би урд өмнө нь харж байгаагүй танихгүй хүн байсан. Тэр жолоочтой нэрээ мэдэлцэж сайн танилцаагүй ба Архангай аймгаас явж байгаа гэсэн. Тэгээд тэр жолоочтой ойр зуурын зүйл ярьсаар Булган аймгийн Булган суманд ирсэн ба тэр жолоочид ачаа ихтэй явж байна ахыгаа гэрт маань дөхүүлээд өгөөч гэж гуйгаад гэрийнхээ ойролцоо буусан. Ингээд хулгай хийж авчирсан эд зүйлээ хашаандаа нуусан. Тэгээд авчирсан эд зүйлсээс буриад шар өнгийн гутлыг нь эхнэртээ нилээд хэд хоногийн дараа өгсөн. Бусад үлдсэн эд зүйлсээ эхнэртээ сүүлд нь өгч заруулсан. Эхнэр хаана хэнд өгч зарсныг мэдэхгүй байна. Тэгээд сүүлд надад зарсан мөнгийг нь өгсөн гэх мэдүүлэг / хх-ийн 262 хуудас/,
2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа:
1. Магадлуулагч Ч.Чойнжиндондог нь F078 дээрхи өвчтэй, одоогоор өвчин намжмал байдалтай байна.
2. Ч.Чойжиндондог нь өөрийн хийж буй үйлдлийг удирдан жолоодож, ухамсарлан ойлгох чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.
3. Хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлт / хх-ийн 222 хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 364 тоот дүгнэлт:
1. Шинжилгээнд ирүүлсэн гуталнуудыг гар аргаар нэг хүн оёсон байна гэх дүгнэлт / хх-ийн 256 хуудас/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 400 дугаартай дүгнэлт: 1. Орхон аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн шинжээч нарын гаргасан дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Ч.Чойжиндондог нь "Тархины гэмтэл үйлийн хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн органик эмгэг /Р07,8 / сэтгэцийн эмгэгтэй байна. 3. Ч.Чойжиндондогийн уг өвчин тархины гэмтлийн шалтгаант олдмол эмгэг болно. Дээрхи эмгэг нь намжмал үе шатандаа байна. 4. Ч.Чойжиндондогийн "Р07.8" сэтгэцийн эмгэг нь тархины гэмтлийн шалтгаан олдмол эмгэг болно. 5. Ч.Чойжиндондогийн нь "Р07.8 " эмгэг нь уналт таталт илрээгүй, ухамсарт ухааны өөрчлөлт болон сэтгэцийн эмгэгийн бусад шинжүүд илрээгүй тохиолдолд өвчин нь намжмал байх боломжтой. Үргэлжилсэн уналт таталт илрэх, уналт таталтын улмаас ухамсарт ухаан балартах, ухаан сулрал илэрсэн тохиолдолд өвчин хурцдаж болох бөгөөд ухамсарт ухаан балартах, ухаан сулрал илэрсэн тохиолдолд хэрэг хариуцах чадваргүй болно. 6. Ч.Чойжиндондог нь 2015-08-р сард /Р07.8/ "Тархины гэмтэл үйлийн хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн органик эмгэг" сэтгэцийн эмгэгтэй байсан байна. 7. Ч.Чойжиндондогийн уг өвчин нь тухайн үед намжмал байдалтай байсан байна. Өөрийн хийж буй үйлдлийг удирдан жолоодох ухамсарлан ойлгох чадвартай байсан байна. 8. Ч.Чойжиндондогт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлаггүй байна. 9. Ч.Чойжиндондог нь одоо "Тархины гэмтэл үйлийн хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн органик эмгэг" сэтгэцийн эмгэгтэй байна.
10. Ч.Чойжиндондог нь сэтгэцийн хувьд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай
байна.
11. Ч.Чойжиндондог нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна гэх
мэдүүлэг /хх-2 349-353 тал/,
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт / хх 2-3 хуудас/, эд зүйл хураан авсан тэмдэглэл / хх 24-25 хуудас/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл / хх 33-36 хуудас/, Эд зүйлийн үнэлгээ / хх 72 хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа / хх 108 хуудас/, Урьд ял шалгах хуудас / хх 110 хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбар / хх 123-126 хуудас/, Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 242-244 хуудас/, Зарим яллагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох прокурорын тогтоол / хх 286-289 хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ч.Чойжиндондог нь 2015 оны 08 дугаар сард Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн нутаг “Гурван мод” гэх газар оршин суух Ш.Дамбийжанцангийн амбаарт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 3920000 төгрөгийн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт болжээ.
Энэ үйл баримт нь шүүгдэгч Ч.Чойжиндондогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Би 2015 оны 8 дугаар сарын эхээр Булган аймгийн Булган сумаас Баян-Агт сум руу явсан. Он сар өдрийн нь хэрхэн яаж санаж байна гэхээр тухайн үед Баян-Агт сумын 90 жилийн Ойн баяр болж байсан юм. Булган сумаас ахындаа очих санаатай явсан…...би яагаад ахындаа очихоо больж буусан гэхээр гэнэт хулгай хийх санаа төрсөн учраас машинаас бууж үлдсэн. Тухайн үед гадаа гэгээтэй байсан. Тэгээд шууд Ш.Дамбийжанцангийн өвөлжөөний хашаа руу алхаж очсон. Тэгээд ойр хавиас нь төмөр олж ирээд цоожийг нь хөшиж онгойлгосон. Дотроос нь би буриад гутал, эмэгтэй хүний үстэй дээл, хүүхдийн дээл, гээд нилээд олон зүйлийг хулгай хийж авсан ба тэр эд зүйлсээ 3 шуудайд хувааж хийгээд зам тосож, гэртээ хүргүүлж харьсан. Тэгээд авчирсан эд зүйлсээс буриад шар өнгийн гутлыг нь эхнэртээ нилээд хэд хоногийн дараа өгсөн. Бусад үлдсэн эд зүйлсээ эхнэртээ сүүлд нь өгч заруулсан. Эхнэр хаана хэнд өгч зарсныг мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг нь мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Хишигдолгорын өгсөн: ...ээж 2015 оны 09 дүгээр сарын 18-наас 20-ны хооронд төрсөнийхөө дараа өмсөөрэй гээд буриад гутал өгч байсан.... гэх мэдүүлэг, гэрч Х.Дудаарийгийн өгсөн: ...Би гуталчингийн ажлыг хийгээд 40 гаран жил болж байна тэр тусмаа буриад гутлыг дагнаж хийгээд олон жил болж байна. Дамбийжанцангийн улаан хүрэн өнгийн хос буриад гутал, шар өнгийн угалзтай буриад гутлыг уллаж өгч байсан. Сүүлд Дамбийжанцантай таарахад 2015 оны 08 дугаар сард амбаарт нь хулгай ороод хувцас хунар дээлийн торго дурдан, буриад гутал цагаан ултай гутлуудаа алдчихсан гэж ярьж байсан. Дараа нь би гэрийнхээ ойрхон байдаг “Бүргэдэй” хүнсний дэлгүүрт явж байхад Дамбийжанцангийн алдсан гэх шар өнгийн хээ хуартай гутлыг эмэгтэй хүн өмсөөд гарч явахтай таарсан. Би тухайн үед өөрийнхөө улласан гуталыг таньдаг болохоор нүдэнд тусаад өнгөрсөн. Тэгээд дараа нь дэлгүүрт гарч байсан худалдагч Урантүлхүүрээс асуухад буриад гутлыг өмсөж явсан бүсгүйг Баян-Агт сумын уугуул иргэн Чойжиндондогийн охин гэж надад ярьсан. Төрсөн бололтой 20 гаран насны хүүхэн байсан нүүр царайг нь сайн харж чадаагүй.Харин эд мөрийн баримтаар хэрэгт хураагдаж ирсэн улаан хүрэн өнгийн буриад гутал бол надаар уллуулсан гутлын нэг мөн байсан. Ингээд Дамбийжанжанд хэл хүргүүлсэн гэх мэдүүлэг, гэрч Ч.Сарантуяагийн өгсөн: ...2015 оны 09 дүгээр сард байх манай ээж самарт явж ирээд ирэхдээ улаан хүрэн өнгийн буриад хуучин гутал авчирсан байсан гэх мэдүүлэг, Гэрч Б.Урантүлхүүрийн өгсөн:...2015 оны 11 дүгээр сард шиг санаж байна манай дэлгүүрээр Дудаарий эгч үйлчлүүлээд байж байхад Хишигдолгор гаднаас орж ирсэн. Тэгэхэд Дудаарий эгч надаас буриад гуталтай эмэгтэйн талаар асуугаад байсан ба их хүнтэй байсан болохоор хэлж чадаагүй. Хэд хоногийн дараа манай дэлгүүрээр ирээд танай дэлгүүрт ирээд танайхаар хэд хоногийн өмнө орж ирсэн буриад гуталтай эмэгтэй хэн бэ? гэж асуухаар нь би Хишигээ гэж хэлээд явуулж байсан гэх мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулагдаж бэхжүүлэгдсэн шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдож байх ба шүүх хууль сануулж, тусгай мэдлэгийнх нь хүрээнд гаргуулсан шинжээчийн дүгнэлт болон эх сурвалжаа тодорхой заан мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч Ч. Чойжиндондог нь шүхийн хэлэлцүүлэгт бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй гэж мэтгэлзэж байх боловч энэ нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж байгаа дээрхи нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Иймд Хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотловол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Ч.Чойжиндондогыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ч.Чойжиндондог нь 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д зааснаар ялтай байдал арилсан байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Чойжиндондогийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Дамбийжанцанд 3920000 төгрөгийн хохирол учирч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Чойжиндондогт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн цагдан хоригдсон 47 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бор шаргал өнгийн буриад түрийтэй гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Чойжиндондог нь хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөгүй болох нь Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 630 дугаартай албан бичгээр нотлогдож байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гал овогт Чүлтэмжамцын Чойжиндондогийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ч.Чойжиндондогийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ч.Чойжиндондогт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ч.Чойжиндондогоос 3920000 /гурван сая есөн зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн нутагт оршин суух Жагд овогт Шагдарын Дамбийжанцан /РД:ГА51061572/-д олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Ч.Чойжиндондогийн цагдан хоригдсон 47 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 хос бор шаргал өнгийн буриад гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Мөрдөн байцаагчийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Г-0408000903 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар битүүмжилсэн тогтоол, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 77-50 УБП Т-Nadya маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож эзэмшигч Д.Отгонсүрэн, Ч.Наранбаатар нарт олгосугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Чойжиндондогт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, ял эдлэх хугацааг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ