Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 963

 

 

“МЗН” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/00836 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “МЗН” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ-т холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас 500,0 сая төгрөгийн зээл авч түүнээс төлсөөр одоо үлдэгдэл 280 960 950 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манай компанийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, Москвагийн гудамж 137-34 тоот 56.1 м.кв 2 өрөө байрыг 75 996 981 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт, хүнсчдийн гудамж 29 дүгээр байр, 36 тоот 23 м.кв 1 өрөө байрыг 26 255 591 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт, Хүнсчдийн гудамж 29 дүгээр байр, 1 тоот 144 м.кв үйлчилгээний төвийн обьектуудыг тус тус үнэлсэн байна. Уг байруудыг Москва хороолол, 137-34 тоот 56.1 м.кв 2 өрөө байрыг 106 590 000 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр байр 36 тоот 23 м.кв 1 өрөө байрыг 39 000 000 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр байр, 1 тоот 144 м.кв үйлчилгээний төвийн обьектийг 380 000 000 төгрөгөөр худалдан авч байсан. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК нь МЗН ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, Москвагийн гудамж 137-34 тоот 56.1 м.кв 2 өрөө байрыг 75 996 981 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл анх зээлийн болон барьцааны гэрээ байгуулж байхад уг хөрөнгийн 84,0 сая төгрөгөөр үнэлсэн байдаг. Мөн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт, Хүнсчдийн гудамж 29 дүгээр байр, 1 тоот 144 м.кв үйлчилгээний төвийн обьектуудыг барьцаа хөрөнгийн үнээс 10,0 сая төгрөгөөр зөрүүтэй үнэлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Дамно” ХХК-ийг шинжээчээр томилсон. Уг тогтоолдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн байсан. Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын 42 дугаар зүйлийн 42.2 дах заалтыг үндэслэх ёстой байсан. Мөн шинжээч томилох тухай тогтоолд шинжээчийг нэр заан томилох ёстой байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/165 тоот тушаалаар батлагдсан албан бланкийг хөтлөөгүй байна. Мөн төлбөр төлөгч, төлбөр авагч нартай шинжээч нь ашиг сонирхлын зөрчилгүй гэх тэмдэглэл хөтлөх ёстой байсан. Иймд шинжээч томилсон тогтоол хууль зөрчсөн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргасан үнэлгээнүүд нь зах зээлийн одоогийн үнэлгээнд нийцэхгүй бага дүнгээр үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/02270 дугаар шийдвэрээр "МЗН" ХХК-иас 460 290 824 төгрөгийг гаргуулж "Үндэсний хөрөнгө оруулалтын" банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч "МЗН" ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол /18070/ Москвагийн гудамж 137-34 тоот 56.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18102/ Хүнсчдийн гудамж 29 дүгээр байр 36 тоот 23 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18102/ Хүнсчдийн гудамж 29 дүгээр байр 01 тоот 144 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад үүрэг гүйцэтгэгч "МЗН" ХХК-ийн захирал П.З "талууд харилцан тохиролцоогүй тохиолдолд үнэлсэн үнийг дүнгийн 70 хувиар албадан дуудлага худалдааны доод үнийг тогтооно" гэж зааснаар хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийг томилж үнэлгээ хийлгэхэд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол /18070/ Москвагийн гудамж 137-34 тоот 56.1 м.кв 2 өрөө байрыг 75 996 981 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 20 дүгээр хороо, Толгойт /18102/ Хүнсчдийн гудамж, 29 дүгээр байр, 36 тоот 23 м.кв 1 өрөө орон сууц 26 255 591 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18102/, Хүнсчдийн гудамж 29 дүгээр байр, 01 тоот 144 м.кв үйлчилгээний зориулалттай хөрөнгийг 219 288 379 төгрөгөөр тус тус үнэлснийг төлбөр төлөгч нарт 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 4/792, 4/793, 4/791 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан НШШГГ-т холбогдуулан гаргасан Хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Ш18-48, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Ш18-47, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Ш18-49 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч МЗН ХХК-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101 /Ш32019/00914 дугаартай "Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай" захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/02270 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 1911 дугаар магадлалтай хэрэгт МЗН ХХК болон ЗД ХХК компаниас 460 290 834 төгрөгийг гаргуулж Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж компанийн болон хувь хүний өмчлөлийн Ү-2201037348, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18102/ Хүнсчдийн гудамж 29 дүгээр байр 01 тоот 144 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2201036665, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт/18102/ Хүнсчдийн гудамж 29 дүгээр байр 36 тоот 23 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2201035426, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Москва хороолол /18070/Москвагийн гудамж 137 дугаар байр 34 тоот 56.1 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураан авсан. Улмаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлэхдээ барьцааны гэрээнд заасан үнэлгээнээс доогуур үнэлсэн 10 сая төгрөгөөр зөрүүтэй үнэлсэн шинжээч томилсон тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 42 дугаар зүйлийн 42.2 дахь заалтыг үндэслэн шинжээчийн нэр заан томилоогүй, шинжээч ашиг сонирхолын зөрчилгүй гэх тэмдэглэл хөтлөх байсныг хөтлөлгүйгээр шинжээч томилсон тогтоол хууль зөрчсөн бөгөөд зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч “МЗН” ХХК нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/02270 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 1911 дүгээр магадлалаар “МЗН” ХХК, “ЗД констракшн” ХХК-иас 460 290 834 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-д олгож, барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-д олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн байна.                                                                            /хэргийн 28-34 дэх тал/

 

            Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэж 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 101/ГХ2018/00143 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 18261509/2, 18261509/3, 18261509/4 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт, Хүнсчдийн гудамж 29 дүгээр байр, 1 тоот 144 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18102/, Хүнсчдийн гудамж 29 дүгээр байр, 36 тоот 23 м.кв 1 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, Москвагийн гудамж 137-34 тоот 56.1 м.кв 2 өрөө орон сууцыг тус тус битүүмжилж, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18261509/6, 18261509/7, 18261509/9 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураан авсан ба энэ талаар хуульд заасны дагуу гомдол гаргаагүй тул уг ажиллагааг хүчинтэй гэж үзнэ.

        /хэргийн 46-55 дах тал/

 

Хариуцагч байгууллага нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулах үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгч болон өмчлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авах ажиллагааг хийхэд төлбөр төлөгч болон өмчлөгч П.З дээрх 3 үл хөдлөх хөрөнгийг нийт 1 262 000 000 төгрөгөөр, өмчлөгч Ч.Мядагсүрэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт, Хүнсчдийн гудамж 29 дүгээр байр, 1 тоот 144 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 500 000 000 төгрөгөөр үнэлж үнийн санал өгсөн бөгөөд төлбөр авагч Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК нь үнэлгээг эс зөвшөөрч шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй байна.       

/хэргийн 56, 58, 61 дэх тал/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч болон төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2 дах хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох “Дамно” ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилж, шинжээч нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18102/, Хүнсчдийн гудамж 29 дүгээр байр, 1 тоот 144 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 219 288 379 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18102/, Хүнсчдийн гудамж 29 дүгээр байр, 36 тоот 23 м.кв 1 өрөө орон сууцыг 26 255 291 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, Москвагийн гудамж 137-34 тоот 56.1 м.кв 2 өрөө орон сууцыг 75 996 981 төгрөгөөр тус тус үнэлсэн нь холбогдох журмыг зөрчөөгүй болно. Иймд үнэлгээний талаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. /хэргийн 75-94 дэх тал/

 

Анхан шатны шүүхээс шинжээчээр томилогдсон “Дамно” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийхдээ уг хөрөнгийн орчны шинжилгээнд тулгуурлан иргэд хоорондын худалдах-худалдан авах үнэ, зах зээлийн мэдээлэлд судалгаа хийж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн байгаа орчинд байрлах чанар стандарт, хийц, бүтэцийн хувьд ижил төстэй объекттой харьцуулалт хийн, тухайн үнэлж байгаа хөрөнгийн орчимд байрлах барилга объектыг худалдан авч байгаа үнэтэй харьцуулан зах зээлийн жиших аргаар үнийг тодорхойлсон болох нь үнэлгээний тайлангаар тогтоогдож байх тул шинжээчийн дүгнэлтийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар эд хөрөнгийн үнэлгээ хийсэн талаар талуудад 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 4/792, 4/793, 4/791, 4/790 тоот мэдэгдлээр тус тус мэдэгдсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасныг зөрчөөгүй байна.

 

Хэргийн 66-68 дах талд авагдсан шинжээч томилох тухай тогтоолоос үзэхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээч томилох тогтоолдоо шинжилгээ хийх байгууллагыг зааж, шинжээчийн эрхлэх ажил, тухайн дүгнэлт гаргахад эзэмшсэн мэдлэг, шинжээчээр хэд дэх жилдээ ажиллаж байгаа байдал, татгалзан гарах шалтгаан байгаа эсэх, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэх зэргийг шинжээчээр ажиллах этгээдээс тодруулж, эрх, үүрэг тайлбарласан баримт үйлдсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дах хэсэгт заасантай нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Иймд анхан шатны шүүх НШШГГ-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай “МЗН” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасантай нийцсэн, зөв болжээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/00836 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.МӨНХЗУЛ                                                                                     

                          ШҮҮГЧИД                                         Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ