Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/404

 

 

 

 

2021               4              21                                        2021/ДШМ/404

 

 

          Б.О-д холбогдох эрүүгийн          

         хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Аянагүл,

шүүгдэгч Б.О-, түүний өмгөөлөгч Д.Март,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Д.Чинзориг, Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.О-ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2007003980266 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Эмч овгийн Батын О-, 19....... оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, .......... настай, эмэгтэй,.................., тракторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт, ам бүл 2, нөхрийн хамт .................. оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............../;

Б.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Д.Б-ийг 2019 оны 11 дүгээр сар, 2020 оны 3, 4, 5, 6 дугаар саруудад байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрхийн 13 дугаар гудамжны 905 тоотод байрлах гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Д.Б-ийг “тамхи авч татлаа” гэх шалтгаанаар түлээний мод, галын дэгээ төмөр зэргээр удаа дараа цохин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрхийн 13 дугаар гудамжны 905 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Д.Б-ийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр, хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн хохирогч Д.Б-ийн цээжин тус газарт хутгалж, цээжний баруун хөндийд нэвтэрсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Б.О-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 жилийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.О-ы цагдан хоригдсон 73 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан 7 жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан галын дэгээ төмөр 1 ширхэг, 2 ширхэг мод, 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, шүүгдэгч Б.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.О- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хохирогчтой 1988 оноос хойш 33 жил хамт амьдарч, 2 хүүхдийн эцэг эх болсон. Энэ олон жилийн хугацаанд нэгэндээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй бөгөөд би тухайн хэрэг гарах үед өөрийн ухаангүй согтуу, эрүүл бус сэтгэлгээгээр тийм үйлдэл гаргаж миний хань хохирогчоор, би өөрөө ялтан болж байгаадаа үнэхээр их харамсаж байна. Миний нэг нүд огт хардаггүй бөгөөд болор суулгуулсан, нөгөө нүд маань хос эрхтэний нөлөөгөөр маш муу хардаг, эрүүл мэндийн халамжийн төвөөсс ажил хийх боломжгүйн улмаас олгодог 50 хувийн группт байдаг, нас өндөр болсноор даралт ихсэж, зүрх өвддөг бөгөөд эрүүл мэндийн байдал муу учир бусдын халамжинд байдаг. Миний үйлдсэн хэрэг миний хувьд болон ханийн минь хувьд хүндээр тусч байгаа бөгөөд дахин архи ууж гэр бүлээ зовоохгүй байж сайн байна гэдгээ амлаж байна. Иймд миний эрүүл мэндийн байдал болон гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг минь харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.О-ы өмгөөлөгч Д.Март тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Б.О-ы гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Б.О- гэм буруугаа хүлээн мэдүүлдэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн. Б.О-ы нэг нүд нь болор суулгуулсан, нөгөө нүд нь хос эрхтний нөлөөнөөс болж харахаа больсон, даралт маш их ихэсдэг, грүппд байдаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Аянагүл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын хорих ял нийт нэмж нэгтгэн 7 жил хорих ял оногдуулсан нь тухайн зүйл ангийн хамгийн доод хэмжээгээр ял оногдуулсан гэж үзэж байна. Шүүх ингэж оногдуулсан шалтгаан нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирол төлбөргүй гэх нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 5 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, “анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх” талаар шүүгдэгч Б.О-ы гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэж хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “Хэргийн талаар нотолбол зохих байдал”-ыг мөрдөн шалгах явцад болон шүүхийн шатанд нотолсон байхыг заасан бөгөөд хэрэгт хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх энэ хүрээнд буюу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Мөн мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналтын шат болон анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлах зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Б.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуурсан үедээ өөрийн нөхөр буюу хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн Д.Б-ийг 2019 оны 11 дүгээр сар, 2020 оны 3, 4, 5, 6 дугаар саруудад байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрхийн 13 дугаар гудамжны 905 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, “тамхи авч татлаа” гэсэн шалтгаанаар түлээний мод, галын дэгээ төмөр зэргээр удаа дараа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн Д.Б-ийн цээжин тус газарт хутгалж, “цээжний баруун хөндийд нэвтэрсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Д.Б-ийн “Би эхнэртэйгээ өөрийн хашаанд Монгол гэрт амьдардаг бөгөөд саажилттай болохоор гэрээсээ нээх их орж гараад байдаггүй. 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр эхнэр Б.О- нь шөнийн 00 цагийн үед ирэхдээ архи уучихсан согтуу орж ирээд намайг “тамхи аваад ир” гэхээр нь би “мэдэхгүй” гэхэд “чи нэг газар хийсэн, гаргаад ир” гээд хэрүүл маргаан хийсэн. “Чи яах гээд архи ууж байгаа юм бэ, согтуу ирчихээд олон юм яриад байх юм” гэсэн чинь хаалга чагталж түгждэг мод аваад нуруу, шилэн хүзүү орчимд хэдэн удаа цохиход мод хугарсан. Тэгтэл галын дэгээ төмөр аваад хөл, гар бие, нүүр ам руу олон удаа цохиж намайг зодсноос бие битүү гэмтэж хөх няц болсон. Миний эхнэр Б.О- архи уугаад намайг байнга зодож байсан ч би цагдаад мэдэгдэж байгаагүй. 2019 оны 11 дүгээр сард өдрийг нь санахгүй байна, нэг орой согтуу ирээд гартаа барьсан юмаараа баруун шанаа руу цохиход хацар хавдаад жаахан зулгарч байсан. Би тэр үед хутга барьж байсан болов уу гэж бодож байсан. 2020 оны 3, 4, 5 дугаар саруудад группын мөнгө буухад архи ууж ирээд намайг модоор цээж нуруу, нүүр рүү цохиж зодож бие хөхрүүлж байсан. Группын мөнгө сар бүрийн 20-нд буудаг ба тэр үеэр зоддог. ...2020 оны 9 дүгээр сарын 21-ний орой намайг гэртээ байхад манай эхнэр Б.О- 18 цаг 30 минутын үед согтуу ирээд “хоол хийж идье” гэхээр нь би хоолын шүүгээнээс хонины хүзүү, хар бор хутга хоёрыг аваад өгтөл шууд миний цээжинд хутгалчихсан. Цээжнээс цус гарахаар нь би баруун хойд орон дээр хэвтээд юмаар дарахад цус гараад урсаад байсан” /хх 12, 160/ гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Эрдэнэжаргалын “манай ээж Б.О- ...сүүлийн нэг жилээс аавд гар хүрч зоддог болоод байна. Сар бүрийн 20-ны үед группын мөнгө авч архи уугаад аавыг зодож маргааш нь аав явган нүцгэн зодуулсан байдалтай манай гэрт нүүр ам нь хөхөрчихсөн ирж байсан удаа олон. 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр группын мөнгө авч уугаад аавыг зодож аав маргааш манайд ирж байсан. Яасан гэж асуухаар “ээж чинь шөнө зодсон” гэж байсан. 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр архи уугаад зодож маргааш нь аав мөн нүүр ам нь хөхөрсөн ээжийг дээрэлхсэн гэж ярьж байсан. Зодохдоо дандаа нүүр амыг нь хөхрүүлж, хоолойг нь боосон байдалтай улайж хөхөрсөн байдалтай байдаг. 2020 оны 9 дүгээр сарын 21-ний орой 19 цаг өнгөрөөгөөд аавын хажуу айлын Даваа ах над руу залгаад “ээж чинь түргэн дуудаад өгөөч гээд байна, аавын чинь бие нь өдвөөд байна гэхээр нь “за ойлголоо, манай Налайхад байгаа, ахыгаа явуулъя” гэж хэлсэн. ...Б.Сансар ах удалгүй гэрт очоод “аавыг хутгалсан байна, түргэн ирээд аваад явлаа” гэсэн. Ер нь манай аавыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулж ээж Б.О- байнга зодож, архи ууж, агсам тавьж, хүчирхийлэл үйлддэг байсан. Одоо зодож гэмтэл учруулсан хэрэг нь шүүх дээр шийдэгдээгүй байгаа энэ хугацаанд дахин зодож хутгалж гэмтээсэн. Манай аав арайхийн явдаг болохоор биеэ хамгаалах чадвар байхгүй. 2005 онд цус хурваж тал нь сул болсон /хх 23, 171/ гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Сансарын “...манай дүү Б.Эрдэнэжаргал залгаж “хажуу айлын Даваа ах ярьлаа, аавын бие муу байна” гэхээр нь очиход аав орон дээр хэвтчихсэн, цээж нь цус болсон байхаар нь түргэн дуудаад байж байхад ээж гаднаас орж ирсэн. Ааваас яасан талаар асуухад “ээж чинь хутгалчихлаа” гэж хариулсан” /хх 168/,

гэрч Н.Батсайханы “...манай худ болох Д.Б-, Б.О- нар нь Налайхын төвд амьдарч байгаад ойрын хоёр жилийн өмнөөс Д.Б- эхнэртээ зодуулсан гээд манай хүүгийнд охин дээрээ ирэх болсон. Б.О- их архи уудаг, өвгөнөө зодоод байдаг гэсэн. Би энд хүүгийнхээ хажууд амьдардаг. Сүүлийн жилүүдэд Д.Б- нүүр ам нь хөхөрсөн, бэртэж гэмтсэн байдалтай олон удаа ирж байсан /хх 183/,

гэрч Т.Нямдаваагийн “2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр үдийн үед Б.Д.Б- гуай гудамжинд надтай таараад “урьд шөнө Б.О- манайг зодсон, цагдаа дуудна” гээд явж байсан. Харахад нүүр нь шалбарч цус болчихсон байсан. Тэр орой Б.О-ыг архи уусныг мэдээгүй /хх 28/,

гэрч Х.Эрдэнэчимэгийн “Д.Б- гэдэг айлын амьдралыг тэдний гэрээр орж гардаг болохоор мэддэг. Б.Д.Б-ийн хувьд бие муутай олон жилийн өмнө цус харваж группт орсон. О- гуай бол байнга архи уудаг, архины хамааралтай хүн. 2020 оны 8 дугаар сард Б.Д.Б- надтай уулзаад “О- намайг зодсон, цагдаад өгнө” гэхэд нь би “өг” гэж хэлсэн. Тэгэхэд гар нь сойлттой хугарсан гэж ярьсан” /хх 169/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 08/шэ/9014 дугаар актын “Д.Б-ийн биед зүүн атгаал ясны далд хугарал, баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадна талд зүүн доод зовхинд зулгаралт, нуруунд цус хуралт, дух баруун бугалга, зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. .../хх 31/,

мөн шүүх эмнэлгийн 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 780 дугаар актын “Д.Б-ийн биед цээжний баруун хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун уушгины доод дэлбэнгийн хатгагдсан шархыг оёсон, цээжний хөндийд цусс хуралтыг соруулж уушги сэргээсэн мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /хх 210/,

            эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 210/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 147-150/, аюулын зэргийн үнэлгээ хийсэн маягт /хх 56/ болон үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн Б.О-ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогджээ.

            Анхан шатны шүүх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зохицуулалтаар шүүгдэгч Б.О-ыг өөрийн нөхөр болох гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Б.Д.Б-ийн бие махбодод халдсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болсон төдийгүй Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг “зодсон” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр тус тус зүйлчлэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Шүүгдэгч Б.О- “миний нэг нүд огт хардаггүй, группт байдаг, миний үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг минь харгалзаж, надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

            Шүүгдэгч Б.О-ы өөрийн үйлдсэн гэмт хэргүүдийг хүлээн зөвшөөрч гэмшиж байгаагаа илэрхийлсэнг, хохирогч Б.Д.Б-ээс “Б.О-д оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөх”-ийг хүссэн хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд бичгээр ирүүлснийг тус тус харгалзан, шүүгдэгч Б.О-ы үйлдсэн зэвсэг хэрэглэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн тохирох хэсгийг журамлан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял...” гэж,

3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 /долоо/ жилийн хорих ялаар тогтоосугай” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 4 жил хорих ялуудыг тус тус нэмж нэгтгэн шүүгдэгч Б.О-ы нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 6 сар / таван жил зургаан сар/-ын хугацаагаар тогтоосугай” гэж,

5 дахь заалтын “...Б.О-д оногдуулсан 7 /долоо/ жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “...Б.О-д оногдуулсан 5 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэр /магадлал/-ийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ

 

 

                                    ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ