| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/0073/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/76 |
| Огноо | 2025-06-17 |
| Зүйл хэсэг | 18.5.2.2., |
| Улсын яллагч | Э.Н |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Э.Н
Орчуулагч О.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э
Шүүгдэгч Г /G / нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г /G /-д холбогдох эрүүгийн ...... тоот хэргийг 2025 оны 06 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, ...... оны .... сарын ....-ны өдөр БНХАУ-ын Ж мужийн Н хотод төрсөн, ... настай, э.эгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ам бүл., ...хамтаар БНХАУ-ын Ж мужийн Н хотын Р ....... тоотод оршин суух хаягтай, Г /G / /иргэний үнэмлэхний дугаар: ......../
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/
Шүүгдэгч Г /G / нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Гаалийн газрын гаалийн хяналтын бүсийн Монгол Улсаас гарах чиглэлд 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өглөөний 09 цагийн орчимд байлдааны галт зэвсэгт хамаарах 1 ширхэг байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 7,62х39 мм-ийн калибртай ган зүрхэвчтэй сумыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г /G / нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Гаалийн газрын гаалийн хяналтын бүсийн Монгол Улсаас гарах чиглэлд 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өглөөний 09 цагийн орчимд байлдааны галт зэвсэгт хамаарах 1 ширхэг байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 7,62х39 мм-ийн калибртай ган зүрхэвчтэй сумыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгуүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тэмдэглэл /хх-ийн 06/, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05/, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-08/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13-14/, гэрч М.Т-ын мэдүүлэг /хх-ийн 32-33/, гэрч Б.О-ын мэдүүлэг /хх-ийн 36-37/, гэрч Х.Х-ын мэдүүлэг /хх-ийн 41-43/, шинжээчийн 2025 оны 05 сарын 09-ны өдрийн ........ дугаартай дүгнэлт /хх-ийн 45-48/, шүүгдэгч Г /G /-ны яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 60-61/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан байлдааны галт зэвсэгийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 6,500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г /G /-д 6,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,500,000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1990 онд Орос улсад цэргийн байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 7,62х39 мм-ийн хэмжээтэй калибртай ган зүрхэвчтэй 2 ширхэг ердийн сумыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтэст шилжүүлж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г /G /-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар байлдааны галт зэвсэгийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г /G /-ыг 6,500 /зургаан мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г /G / нь оногдуулсан 6,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,500,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримт болох Оросын Холбооны улсад үйлдвэрлэгдсэн цэргийн байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 7,62х39 мм-ийн хэмжээтэй калибартай ган зүрхэвчтэй 2 ширхэг ердийн сумыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтэст шилжүүлсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г /G /-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б