Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/74  

 

 

                           

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б  даргалж

 

Нарийн бичгийн дарга М.Э 

Улсын яллагч Э.Н 

Шүүдэгчийн өмгөөлөгч С.Э 

Шүүгдэгч С.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н  овогт С-ын Г-д холбогдох эрүүгийн....... тоот хэргийг 2025 оны 06 сарын 05-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,.. оны.. дүгээр сарын ..-ний өдөр С  аймгийн Д  суманд төрсөн, ... настай, э.эгтэй, яс үндэс . ., ..боловсролтой, мэргэжилгүй, ...замчин ажилтай, ам бүл ., ...хамтаар Дорноговь аймгийн   сум .... дүгээр баг .... оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд С  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байсан, Н  овогт С-ын Г  /РД: ...../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Г нь урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ дахин 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт Петровис шатахуун түгээх станцын уулзвар дээр согтуурсан /спиртийн агууламж 2,63%/ үедээ ......улсын дугаартай ...... маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Г  нь урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ дахин 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт Петровис шатахуун түгээх станцын уулзвар дээр согтуурсан /спиртийн агууламж 2,63%/ үедээ ......улсын дугаартай......маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/, эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхгүйг илрүүлсэн тэмдэглэл /хх-ийн 02/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 03/, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 04/, драгер төхөөрөмжийн үзүүлэлт /хх-ийн 05/, гэрч Б.Б-ийн  мэдүүлэг /хх-ийн 14/, шүүгдэгч С.Г-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27/, С  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/.... дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 49-57/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирлын хувьд:

Шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Г- д С аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэсэн боловч тус ялаас шүүгдэгч нь эдэлсэн ял байхгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна. Шүүгдэгчийн эдлэх ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүйг дурдах нь зүйтэй юм.

Шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхлэлтийн байдал, цалин орлогыг харгалзан оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов. 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н  овогт С-ын Г-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С-ын Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 4,000 /дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 7,000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 7,000,000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-д оногдуулсан 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.Б