| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 196/2025/0073/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/114 |
| Огноо | 2025-05-28 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Оюундарь |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
улсын яллагч Э.Оюундарь /томилолтоор/,
шинжээч Т.Түвшинбаатар /цахимаар/,
эрх бүхий албан тушаалтан Б.Сүхбат,
хохирогч Д.*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан,
шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 43 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2507000500049 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ний өдөр ******* аймагт төрсөн, тай, эрэгтэй, дээд боловсролтой, , мэргэжилтэй, ******* сургуульд ээр ажилладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт*******, *******, оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,
******* овогт *******ийн ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ж.******* нь 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хороо, “” төвийн хажууд засмал замын уулзварын гарц дээр “Toyota Prius” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 “Жолооч уулзвараар баруун ... гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч-д зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас замын хөдөлгөөнд оролцож явган хүний гарцаар гарч явсан иргэн Д.*******ийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Д.*******ийн эрүүл мэндэд нь “баруун дээд зовхинд шарх, баруун хацар, шанааг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун мөрийг хамарсан цус хуралт, баруун хацрын салстад шарх, цус хуралт, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ ясны далд хугарал, баруун талын хацар ясны чамархайн сэртэн, духны сэртэн /ухархайн гадна хана/ хоншоорын сэртэн дайрсан хугарал, баруун талын хоншоорын хөндийн өмнөд болон арын хана дагасан хугарал, баруун талын ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны зөрүүгүй хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед гэрээсээ гараад зах орж хүнсний ногоо авах зорилгоор явсан. Тэгээд ын гэрлэн дохио нь дээр хүлээж зогсож байгаад ногоон гэрлээр баруун гар тийшээ эргэж гийн бүрд зах руу явсан. Баруун гар тийшээ эргэхдээ явган хүний гарцаар гарч байсан хүнийг анхаарал болгоомжгүйн улмаас мөргөж унагаан гэмтэл учруулсан” гэв.
Хохирогч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “12 дугаар сарын 16-ны өдөр би 15 цагийн үед Уурхайчдын байрнаас хүүхдийнхээ гэрээс гараад худалдааны төв болон эмийн сангаар ороод ирье гээд гараад явтал намайг наанаас очиж явтал замын хажуу тал дээр очиход ногоон гэрэл аслаа. Тэгээд би ногоон гэрлээр гараад явж байтал замын цаад талдаа бараг гарч явсан. Тэгээд яасныг мэдэхгүй нэг мэдэхэд би ухаан алдчихсан. Нүдээ нээгээд харсан чинь хоёр залуу сууж байсан. Нэг приус машин байсан. Нүд, хамраас цус гарч байсан. Хүүе энэ яагаад ингэчихсэн юм бэ? гэсэн чинь та машинд мөргүүлчихлээ гэж хэлсэн. Намайг эмнэлэгтээ хүргэдэггүй юм уу? гэсэн чинь одоо цагдаа ирнэ тэгээд хүргэнэ гээд байж байтал цагдаа ирсэн. Тэгээд дуудлагын машин дуудаад дуудлагын машинаар Налайхын эмнэлэг дээр ирсэн. Тэнд 7 хоног хэвтээд гарсан. Тэр хооронд намайг сахих хүн байхгүй би ганцаараа байсан. Эмнэлгээс гараад цэргийн эмнэлэгт очиж хэвтэхгүй бол болохгүй. Таны нүд унадаг аюултай гэсэн. Тэгээд би нүдний хагалгаанд орсон. Хөлийг чиг тавьж бооно. Та гипсийг даахгүй гэж хэлсэн. Налайхын эмнэлэг чиг тавьж боогоод тэр чигтээ 3 сар гаруй болоод одоо бороолж байна. Намайг судас, шөрмөс чинь агшчихна хөдөлгөөнтэй бай гэж хэлсэн. Тэгээд төмөр чиглүүлэгч тулаад явж байна...14,000,000 төгрөг авсан. Би түүгээр нь эмчилгээний зардлаа хийгээд явж байна.” гэв.
Шинжээч Т.Түвшинбаатар шүүхийн хэлэлцүүлэгт: “Би хэргийн материалтай танилцсан. Хоёр зорчигч хоёулаа зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр замын хөдөлгөөнд оролцож явсан. Тухайн зам нь нь гэрлэн дохиогоор зохицуулагддаг уулзвар. Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дүгээр зүйл заалт бол уулзвар нэвтрэх гэсэн ерөнхий бүлэг байна. Зохицуулдаг болон зохицуулдаггүй аль уулзварт баримтална. Энэ бүлэг дотроо хоёр сална. Зохицуулдаг уулзвар нэвтрэх, зохицуулдаггүй уулзвар нэвтрэх гэсэн. Тэгэхээр гэрэл дохионы ажиллах зарчим, хөдөлгөөний дарааллыг үзэхэд хоёр замын хөдөлгөөнд оролцогч хоёулаа зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр орсон байх үндэслэлтэй байсан. Тухайн уулзвар дөрвөн замын уулзвар хэлбэрийнх. Энэ уулзвар дээр хөдөлгөөний зохицуулалтыг яаж хийх вэ гэхээр тээврийн хэрэгслийн жолооч баруун гар тийш эргэх үйлдэл хийхэд параллелийн чиглэл яваа явган зорчигчийн хөдөлж байгаа энэ хоёрт давхацдаг. Зөвхөн баруун гар тийш явж байгаа тохиолдолд. Энэ тохиолдолд яах вэ гэхээр баруун гар тийш эргэж байгаа тээврийн хэрэгслийн жолооч өмнө нь зөвшөөрсөн ногоон гэрлээр явж байгаа явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй. Энэ хөдөлгөөний зохицуулалтыг зөвхөн тээврийн хэрэгсэл баруун гар тийш эргэж байгаа тохиолдолд одоогоор ашиглаж байгаа. Яагаад зүүн гар тийш эргэж байгаа болон чигээрээ явж байгаатай огтлолцохгүй байна вэ гэдэг нь тухайн уулзварын хөдөлгөөн зохицуулалтыг аль болох чөлөөлөх. Хөдөлгөөнд оролцогчид тэр уулзварыг хурдан түргэн нэвтэрч уулзварыг чөлөөлөх үүднээс ийм зохицуулалт хийсэн байгаа. 15.1 дүгээр зүйл заалт нь зохицуулагддаг уулзварт хамаарахгүй. Зохицуулдаггүй уулзварт ч хамаарахгүй зүйл заалт. Баруун гар тийш эргэж байгаа тохиолдолд 15.1 дүгээр зүйл заалтыг баримтлан гэрэл дохионы хөдөлгөөний зохицуулалтаар зохицуулалтыг хийж Монгол улсын практикт хэрэгжүүлж байгаа.” гэв.
Эрх бүхий албан тушаалтан Б.Сүхбат шүүхийн хэлэлцүүлэгт: “Магадлалтай байна гэсэн үндэслэлээр 15.1 дүгээр зүйл заалтыг тавьсан. Жолооч баруун гар тийш эргэхдээ явган уулзварын замаар гарч байгаа хүнийг мөргөсөн. ” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох” байр суурьтай. Хавтаст хэрэгт хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11-14/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-16, 19-26/, шинжээчийн дүгнэлт /хх-45-46/, хохирогч Д.*******ийн мэдүүлэг /хх-32-35/, гэрч Л.ын мэдүүлэг /хх37-39/, автомашины техникийн бүрэн бүтэн байдлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-50-54/, зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон- шинжээчийн дүгнэлт /хх-61-63/, яллагдагч Ж.*******гийн мэдүүлэг /хх-158-160/,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “гэмт хэргийг хөнгөрүүлж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх” гэсэн байр суурьтай. Хавтаст хэргээс иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-162/, жолоочийн лавлагаа /хх-164/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-167/, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа /хх178/, хохирол төлсөн баримт /хх-177-178/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч, хохирогч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Ж.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ж.******* нь 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хороо, “” төвийн хажууд засмал замын зохицуулдаг уулзварын нэвтрэх дээ “Toyota Prius” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 “Жолооч уулзвараар баруун...гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан Д.*******ийг мөргөж эрүүл мэндэд нь баруун дээд зовхинд шарх, баруун хацар, шанааг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун мөрийг хамарсан цус хуралт, баруун хацрын салстад шарх, цус хуралт, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ ясны далд хугарал, баруун талын хацар ясны чамархайн сэртэн, духны сэртэн /ухархайн гадна хана/ хоншоорын сэртэн дайрсан хугарал, баруун талын хоншоорын хөндийн өмнөд болон арын хана дагасан хугарал, баруун талын ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны зөрүүгүй хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ж.*******гийн өгсөн: “...ын гэрлэн дохион дээр зогсоод ногоон гэрэл асахаар нь баруун гар тийшээ эргээд явахад зам хөндлөн гарч явсан үл таних настай эмэгтэй хүнийг машинаараа мөргөж гэмтээсэн. Тухайн хүн явган хүний гарцаар гарч явсан байсан ба утас тогтоогч таглаад тухайн эмэгтэйг хараагүй. Би шууд тээврийн хэрэгслийг зогсоогоод цагдаа, эмнэлэг дуудсан ба мөргүүлсэн эгчийг босгоод замын хажуугийн бордюр дээр суулгасан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 159 дүгээр тал/
2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.*******ийн өгсөн: “…Би Ховд аймгийн Жаргалант сумын төвд ганц биеэрээ амьдардаг. Би жил болгон өвлийн улирал болохоор Налайх дүүрэгт төрсөн охин ын гэрт нь өвөлжөөд дулаарахаар хавар гэртээ харьдаг тэтгэврийн хүн байгаа юм. Би 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгаас Улаанбаатар хотын Налайх дүүргийн тоотод охин ын гэрт нь ирсэн. 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед шиг санаж байна. худалдааны төв орохоор гэрээсээ ганцаараа гараад явсан. худалдааны төвийн хажуу талын гэрлэн дохионы зохицуулалттай 4 замын уулзвар дээр явган хүний гарц дээр ирээд ногоон гэрэл асахыг хүлээж байгаад явсан. Зам дуусах гэж байтал баруун гар талаас нэг жижиг машин хүрч ирээд намайг урд талаараа хүчтэй мөргөсний улмаас би засмал зам дээр маш хүчтэй унаж ухаан алдсан. Нэг сэрэхэд би зам дээр уначихсан миний хажууд 2 эрэгтэй хүн байсан. Миний баруун хөл аймар өвдөж гишгэж чадахгүй байсан. Намайг өргөөд замын хашлага дээр суулгаж эмнэлэг болон цагдаа дуудсан байсан. Миний баруун талын шанаа хөмсөг язраад цус их гарч байсан. Мөн хамар нүүр хавдаж, цус гарсан эрүү эвгүй болчихсон. Ингээд эмнэлэг ирээд намайг Налайхын эмнэлэгт хэвтүүлсэн. Энэ ослын улмаас баруун хөлийн шилбэний дээд хэсэг хугарсан, шагай гэмтсэн, баруун талын хацар, яс, нүдний ухархай цөмөрч хугарсан. Налайхын эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчилгээ хийгээд гараад Цэргийн төв эмнэлэгт хэвтээд 9 хоноод гарсан. Хацарт хагалгаа хийсэн. Одоогоороо хэвтэрт хүний асаргаанд байна. Босож явах чадваргүй байнгын хэвтэрт байна. Би машинд мөргүүлээд хөл хугарч нүүрээрээ газарт унасан байсан. Одоо нэлээн хэдэн cap хэвтэрт байх юм шиг байна...Намайг дүрмийн дагуу гарцаар зам гарч явахад тухайн жолооч ирж мөргөөд гэмтэл учруулсанд гомдолтой. Хэрэв надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан тохиолдолд гомдол саналгүй” гэх мэдүүлэг,
/хх 32-35 дугаар тал/
3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.ын өгсөн: “…Миний ээж Д.******* Ховд аймагт ганцаараа амьдардаг бөгөөд өвлийн цагт манайд ирж өвөлждөг юм. Би 2024 оны 01 дүгээр сарын 13-нд Болгар улс руу сургуульд сурахаар явсан. Манай ээж 2024 оны 11 дүгээр сард манай гэрт ирсэн. 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шиг санагдаж байна. Намайг Болгар улсад байхад миний төрсөн эгч Л. утсаар холбогдож яриад 2024 оны 12 дугаар сарын 16- ны өдөр ээж гадагшаа ганцаараа гарч яваад зам дээр явган хүний гарцаар гарч яваад машинд мөргүүлээд Налайхын эмнэлэгт хэвтэж байна баруун хөл нь хугарсан, толгой нүүрэндээ их гэмтэл авсан гэж хэлсэн. Ингээд би санаа зовоод бушуухан явъя гэж шийдээд хичээл сургуулиа орхиод 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Монголд ирсэн. Намайг ирэхэд ээж Налайхын эмнэлгээс хотод Цэргийн эмнэлэг рүү шилжих гэж байсан. Тэрнээс хойш би ээжийгээ асарч байна. Ээж маань хэвтрийн дэглэмд хүний асаргаанд байна. Настай хүн болохоор хүнд гэмтэж, эдгэрэлт нь удаан биед нь их зовуурьтай байна. Эм тариа тогтмол хэрэглэж байгаа бөгөөд сарын дараа эмчдээ үзүүлээд сэргээн засах эмчилгээнд явах гэж төлөвлөж байна. Энэ хэргийн улмаас ээж маань сэтгэл санаа, эд хөрөнгө мөнгөөрөө их хохирч байна...” гэх мэдүүлэг,
/хх 37-39 дүгээр тал/
4. Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 39 дугаар: “Д.*******ийн биед баруун дээд зовхинд шарх, баруун хацар, шанааг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун мөрийг хамарсан цус хуралт, баруун хацрын салстад шарх, цус хуралт, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ ясны далд хугарал, баруун талын хацар ясны чамархайн сэртэн, духны сэртэн /ухархайн гадна хана/ хоншоорын сэртэн дайрсан хугарал, баруун талын хоншоорын хөндийн өмнөд болон арын хана дагасан хугарал, баруун талын ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны зөрүүгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Зам тээврийн ослын үед үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт,
/хх-ийн 45-46 дугаар тал/
5. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 11-14 дүгээр хуудас/
6. 3ам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
/хх-ийн 16, 19-26 дугаар тал/
7. Д.*******ийн биед эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн баримтууд, Цэргийн төв эмнэлгийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 90 дугаартай албан бичиг, 25а/00122 дугаартай өвчний түүх,
/хх-ийн 68-117, 118-152 дугаар тал/
8. “Мөнх-Ерөөлт интернэйшнл” ХХК-ийн Автомашины техникийн бүрэн бүтэн байдлыг тогтоосон шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дугаартай: “Тухайн зам тээврийн осол хэрэг нь өдрийн 15 цагийн үед үйлдэгдсэн байна. улсын, арлын ZVW305712864 дугаартай Toyota маркийн Prius загварын автомашиныг техникийн хяналтын үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан тоног төхөөрөмжөөр хэмжсэн хэмжилтийн үзүүлэлтээр уг автомашины ажлын тоормос, зогсоолын тоормос, утааны үзүүлэлт, дугуйн хээний гүн, дугуйн зориулалт, гэрлийн тусгалын хүч зэрэг нь стандартын шаардлага хангана. Гэхдээ тухайн автомашины баруун их гэрлийн бүрхүүл хагарсан байдал нь өнгө үзэмжийн хувьд тэнцэхгүй” гэх дүгнэлт,
/хх-ийн 50-54 дүгээр тал/,
9. 3ам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 46-96/240 дугаартай: “...Уг үйл явдал нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн нэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл 1.2.17. “зам тээврийн осол” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг” гэж заасан байх тул уг үйл явдлыг зам тээврийн осол мөн гэж үзэж байна.Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад Toyota Prius маркийн улсын дугаартай автомашины жолооч Ж.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Д.*******ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Уг зам тээврийн осол нь Toyota Prius маркийн улсын дугаартай автомашины жолооч Ж.******* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дэх заалтыг зөрчсөнөөс болж зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад ямар нэгэн нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Уулзварын гэрэл дохио /2 замын хөдөлгөөнд оролцогчдын өөдөөс харан байрласан гэрэл дохио нь 3 ширхэг, нэмэгдэл гэрэл дохиогүй/, 2 замын хөдөлгөөнд оролцогчдын явж байсан чиглэлтэй танилцахад 2 замын хөдөлгөөнд оролцогч хоёулаа зөвшөөрсөн гэрэл /ногоон/ дохиогоор, өөд өөдөөсөө чиглэн /паралель/ уулзварт орсон байх үндэслэлтэй байх бөгөөд тээврийн хэрэгсэл баруун гар тийш эргэх тохиолдолд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дэх заалтыг баримтлан хөдөлгөөний дарааллыг тогтооно гэж үзэж байна.” гэх дүгнэлт,
/хх-ийн 224-225 дугаар тал/
10. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
/хх 219-220 дугаар тал/
11. Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч,
/хх 221 дүгээр тал/
12. Шүүгдэгч Ж.*******гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 162-167 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, харин шинжээчийн дүгнэлтүүд, агуулгын хувьд зөрүүтэй боловч үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” гэмт хэргийг илсан байдаг.
Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгох”-оор, 65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх”-ээр тус тус заажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Дүрэм батлах тухай 239 дүгээр тогтоолоор Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баталж, эрх зүйн системийн нэгдсэн санд бүртгэгдэж, хүчин төгөлдөр бөгөөд замын хөдөлгөөнд оролцогч нь энэхүү дүрмийг сахин биелүүлэх үүрэг хүлээсэн.
Шүүгдэгч Ж.******* нь зам тээврийн осол гаргаж хохирогч Д.*******ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй байна.
Шүүгдэгч Ж.******* нь зам тээврийн осол гаргаж хохирогч Д.*******ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байх бөгөөд шүүгдэгч нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн санаатай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...баримтууд болон нэмэлт ажиллагаа хийсэн нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэж гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогч Д.*******ийн биед хүндэвтэр хохирол учирсан ба эмчилгээний зардалд 14,300,000 төгрөг өгсөн. Д.*******ийн хувьд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт, урамшуулал аваагүй тул шүүгдэгч Ж.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “…Шүүгдэгч Ж.*******гийн хувьд холбогдсон хэрэг болон зүйлчлэл дээр маргаан байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байгаа. Хохирогчид хохирол төлбөр төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэн. Уг гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдэгддэг гэмт хэрэг. Санаатай гэмт хэргийн төрөл биш. Хувийн байдлын тухайд өмнө нь ямар нэг эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Гэмт хэрэг үйлдэх үедээ ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулсан. Хохирогчоос уучлалт гуйсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн саналтай байна.” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ж.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардал, хохирол төлбөрт баримтаар 14,300,000 төгрөгийг /хх 176-177/ төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд хохирогч Д.******* нь хохирол төлбөрөө авсан гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...шүүгдэгч Ж.*******д 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3000 нэгж буюу 3,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн буюу энэ хүнд оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх бүрэн боломжтой байна. Энэ зүйл заалтыг шүүх хэрэглэж өгнө үү.” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа, гэм буруугийн талаар маргасан байгаа байдлыг,
Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч Ж.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх санал гаргасныг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогч нь 77 настай, явган хүний гарцаар ногоон гэрлээр гарч байсан/, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар /хохирогчийн баруун дээд зовхинд шарх, баруун хацар, шанааг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун мөрийг хамарсан цус хуралт, баруун хацрын салстад шарх, цус хуралт, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ ясны далд хугарал, баруун талын хацар ясны чамархайн сэртэн, духны сэртэн /ухархайн гадна хана/ хоншоорын сэртэн дайрсан хугарал, баруун талын хоншоорын хөндийн өмнөд болон арын хана дагасан хугарал, баруун талын ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны зөрүүгүй хугарал учруулсан/, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ж.*******гийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Иймд шүүгдэгч Ж.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэм буруутайд тооцож түүнд 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч Ж.******* нь эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.******* нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ