Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2022/02653

 

 

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 50 дугаар байр, 73 тоот хаягт оршин суух Сартуул овогт Гүрбазарын Цэндсүрэн /РД:ИЮ88092766/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Овоотын 1-6 тоот хаягт оршин суу Шувуут овогт Бадамдоржийн Булгантамир /АЮ89072568/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 65,180,000 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 3,600,000 төгрөг нийт 68,780,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсамбуу, өмгөөлөгч Ж.Ганболд, хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхболд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Цэндсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Миний бие өөрийн бэр эгчээр дамжуулан Б.Булгантамир гэх хүнтэй танилцсан. Б.Булгантамир надаас хүүтэй мөнгө зээлэх санал тавьсан. Ингээд Булгантамир нь надаас 2021 оны 12 сарын 03-ны өдрөөс 2022 оны 01 сарын 16-ны хооронд дөрвөн удаа нийт 130,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлж, гэрээ байгуулсан.

Тухайлбал, 2021 оны 12 сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 12 сарын 27-ны өдөр 60,000,000 төгрөг, 2022 оны 1 сарын 16-ны өдөр 30,000,000 төгрөг, 2022 оны 1 сарын 19-ний өдөр 20,000,000 төгрөг нийт 130,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийг хариуцагчийн хэлсэн нэр бүхий хүмүүсийн дансуудад шилжүүлсэн.

2022 оны 1 сарын 16-ны өдөр шилжүүлсэн 30,000,000 төгрөгийн тухайд баримтаар 20,800,000 төгрөг шилжүүлсэн байгаа. Учир нь 8,160,000 төгрөгийг хариуцагчийн өмнө нь төлөх байсан төлбөрт нь тооцож, нийт 30,000,000 төгрөг шилжүүлсэн гэж үзэж байгаа. Хариуцагчид 2021 оны 7 сарын 10-ны өдрөөс эхлэн нийт 346,248,000 төгрөгийн зээл олгосноос зээл, хүүгийн төлбөрт нийт 296,930,000 төгрөгийг буцааж авсан. Тодруулбал, 296,930,000 төгрөгөөс 16,670,000 төгрөгийг хүүнд тооцож авсан. Манай зүгээс 130,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлсэн боловч одоо хүү огт нэхэмжлээгүй. Өгсөн мөнгөө л буцааж авах нэхэмжлэл гаргаж байна.

Хариуцагч нь сүүлд авсан мөнгөнөөс 20,000,000 төгрөгөөс нэг ч төгрөг төлөөгүй. 90 сая төгрөгөөс 64,012,000 төгрөгийг төлж, 25,988,000 төгрөг үлдсэн. 2022 оны 1 сарын 19-ний өдөр авсан 20,000,000 төгрөгөөс мөн нэг ч төгрөг төлөөгүй. Иймд эдгээр төлбөрүүдийг нэмж тооцоход 65,180,000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдоно.

Бидний дунд зээлийн харилцаа байсан. Хүү төлөх тохиролцоо байсан гэдэг нь чатад үзлэг хийж бэхжүүлсэн харилцан яриагаар тогтоогдоно. 130,000,000 төгрөгийн хүүгийн төлбөрт 10,400,000 төгрөг төлөх байсан боловч бид хариуцагчаас хүү нэхэмжлээгүй.

Иймд зээлийн үлдэгдэл төлбөр болох 65,180,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Энэ хэрэгт өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч өмгөөллийн хөлсөнд 3,600,000 төгрөгийг төлсөн. Хариуцагч нь авсан мөнгөө төлсөн бол бидэнд өмгөөлөгч авч мөнгө төлөх шаардлага байхгүй байсан. Иймд нийт 68,780,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Булгантамир шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нарантуул зах дээр наймаа эрхэлдэг. Мөнгөний хэрэгцээ гарах үед банк бус санхүүгийн байгууллагаас зээл авдаг байсан. Ж.Анхбаяр гэх хүн манай хадам дүү мөнгө зээлдүүлдэг. Мөнгөний хэрэг гарвал өгч болно гэсэн утгатай зүйл ярьсан. Ингээд би мөнгө аваад буцаагаад өгдөг байсан.

Миний бие 2021 оны 12 сарын 27-нд 60 сая төгрөг, 2022 оны 01 сарын 16-ны өдөр 30 сая төгрөгийг авсан бөгөөд нийт 90 сая төгрөгийн зээл авсан. Энэ мөнгөнөөс нийт 78,940,000 төгрөгийг эргүүлж төлсөн байдаг. Үлдсэн 11,060,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна.

Ж.Анхбаяр нь 2021 оны 12 сард Г.Цэндсүрэнгээс 20 сая төгрөгийг зээлэх гэсэн юм. Чи зээл авдаг юм чинь чиний дансаар авъя гээд миний дансаар орж ирсэн мөнгийг Ж.Анхбаяр дүү болох Ренчиндоржийн хаан банкны дансаар буцааж тэр даруй хийсэн учир энэ үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй.

Миний бие Г.Цэндсүрэнгээс зээл авсан мөнгөө дансны хуулгаар тооцож үзэхэд нийт 327,530,000 төгрөгийн зээл авч, зээл, хүүгийн төлбөрт нийт 299,575,000 төгрөг төлсөн байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 2021 оны 7 сараас эхлэн з ээлийн харилцаа үүссэн. Энэ зээлүүдийн буюу 2021 оны 12 сарын 03-ны өдрөөс өмнөх төлбөрийн үлдэгдэл 24,705,000 төгрөг байсан. 2021 оны12 сарын 03-ны өдөр 15 сая, 5 сая, нийт 20 сая төгрөг, 12 сарын 16 ны өдөр 13 сая төгрөг зээлсэн. Энэ мөнгийг нэхэмжлэл дээрээ дурдаагүй байсан. 2021 оны 12 сарын 27-ны өдөр нийт 60 сая төгрөгийг зээлсэн дээр маргахгүй. Харин 1 сарын 16-ны өдөр 20 сая төгрөг, 820,000 төгрөг, нийт 20,820,000 төгрөг шилжүүлэн байдаг. Түүнээс биш өмнөх үлдэгдэл төлбөрийн үлдэгдэл нь 8,160,000 төгрөг болоод тэрийг тооцож 30,000,000 төгрөг шилжүүлсэн зүйл байхгүй. 2022 он 1 сарын 19-ний өдөр 20 сая төгрөг авсантай маргахгүй.

Анх зээл авсан өдрөөс хойш буюу 2021 оны 7 сарын 10-аас өссөн дүнгээрээ нийт 327,530,000 төгрөгийг зээлж авснаас зээл, хүүгийн хамт 299,575,000 төгрөгийг төлсөн. Энэ нь нэхэмжлэгчийн өөрийн гаргаж өгсөн дансны хуулгаар нотлогдоно.

Зээлийн үлдэгдэл төлбөрт 27,955,000 төгрөгийн үлдэгдэлтэй тул энэ мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Хүү нэхэмжлээгүй учраас тайлбар байхгүй. Нэхэмжлэгчээс өмгөөлөгчийн хөлс нэхэмжилсэн. Хуульд заасны дагуу өмгөөлөгч авах эрх нь байгаа. Өмгөөлөгч зайлшгүй оролцуулах маргаан биш учраас заавал өмгөөлөгчийн хөлс нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэв.

Нэхэмжлэгчээс: Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримт 12 ширхэг, Голомт банкны төлбөрийн баримт 7 ширхэг, Г.Цэндсүрэнгийн хаан банкны депозит дансны хуулга 18 хуудас баримт,

Хариуцагчаас: иргэн Г.Дугарсүрэнгийн тодорхойлолт, Хаан банкны дансны хуулга, О.Ганзоригийн тодорхойлолт, дансны хуулга, И.Батболдын тодорхойлолт, дансны хуулга, Б.Намуундарийн тодорхойлолт, дансны хуулга зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгч,

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар гэрч Г.Цэнд-Аюушийг асуусан тэмдэглэл, үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

Зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Цэндсүрэн нь хариуцагч Б.Булгантамирт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 65,180,000 төгрөг, өмгөөллийн хөлс 3,600,000 төгрөг нийт 68,780,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагаас 27,955,000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч үлдсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Г.Цэндсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2021 оны 12 сарын 13-ны өдөр 20,000,000 төгрөг, 12 сарын 17-ны өдөр 60,000,000 төгрөг, 2022 оны 1 сарын 16-ны өдөр 30,000,000 төгрөг, 1 сарын 19-ний өдөр 20,000,000 төгрөг нийт 130,000,000 төгрөг шилжүүлснээс 64,012,000 төгрөгийг буцаан авч үлдэгдэл 65,180,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.

Хариуцагчаас 2021 оны 12 сарын 13-ны өдөр 20,000,000 төгрөг, 12 сарын 17-ны өдөр 60,000,000 төгрөг, 1 сарын 19-ний өдөр 20,000,000 төгрөгийг хүлээн авсан дээр маргаагүй. Харин 2022 оны 1 сарын 16-ны өдөр 20,820,000 төгрөг авсан гэж тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэгчээс нийт 327,530,000 төгрөг авснаас 299,575,000 төгрөгийг буцаан төлсөн тул үлдэгдэл төлбөр 27,955,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж маргасан.

Талууд бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй байх хэдий ч тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэлд дүгнэлт хийж үзвэл нэхэмжлэгч Г.Цэндсүрэн, хариуцагч Б.Булгантамир нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүдэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил тоо чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Нэхэмжлэгчээс цаг хугацааны хувьд 2021 оны 12 сарын 03-ны өдрөөс 2022 оны 1 сарын 19-ний өдрийн хооронд шилжүүлсэн зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа гэж тодорхойлж байх хэдий ч ...2022 оны 1 сарын 16-ны өдөр шилжүүлсэн 20,820,000 төгрөгт хариуцагчийн өмнөх зээлийн төлбөрийн үлдэгдэл 8,160,000 төгрөгийг нэмж тооцож 30,000,000 төгрөг зээлдүүлсэн... гэх тайлбар болон хариуцагчийн ...зээлийн төлбөрийг цаг хугацааны хувьд нэхэмжлэлд дурдсан хугацаагаар хязгаарлах боломжгүй. Учир нь 2021 оны 7 сарын 10-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгчтэй зээлийн гэрээний харилцаатай байсан бөгөөд нэхэмжлэгчийн 90,000,000 төгрөгт буцаан төлсөн 64,012,000 төгрөг нь нийт зээлийн төлбөрт төлсөн төлөлтийн тодорхой хэсэг нь... гэх тайлбаруудаар шүүх талуудын хооронд үүссэн харилцаанд бүхэлд нь дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон талуудын өөрсдийн гаргаж өгсөн зээл, зээл төлөлтийн тооцооллын хүснэгт, тайлбараар 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 18,000,000 төгрөг, 7 сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг, 7 сарын 26-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 8 сарын 14-ний өдөр 20,000,000 төгрөг, 9 сарын 11-ний өдөр 13,000,000 төгрөг, 9 сарын 28-ны өдөр 20,000,000 төгрөг, 10 сарын 5-ны өдөр 15,000,000 төгрөг, 10 сарын 06-ны өдөр 15,000,000 төгрөг, 10 сарын 26-ны өдөр 26,000,000 төгрөг, 11 сарын 19-ний өдөр 26,000,000 төгрөг, 26-ны өдөр 9,000,000 төгрөг, 29-ний өдөр 9,710,000 төгрөг, 12 сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөг, 12 сарын 16-ны өдөр 13,000,000 төгрөг, 12 сарын 27-ны өдөр 60,000,000 төгрөг, 2022 оны 1 сарын 16-ны өдөр 20,820,000 төгрөг, 1 сарын 19-ний өдөр 20,000,000 төгрөг нийт 327,530,000 төгрөгийг шилжүүлсэн гэж үзэх үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 127-144 дүгээр тал/

Харин 2021 оны 12 сарын 18-ны өдөр 9,538,000 төгрөг шилжүүлсэн гэх тайлбар болон өмнөх төлөлтийн үлдэгдэл төлбөр болох 8,160,000 төгрөгийг зээлийн төлбөрт тооцсон гэх нэхэмжлэгчийн тайлбарууд баримтаар нотлогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ, хариуцагч хариу тайлбараа нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгчээс 130,000,000 төгрөгийн тухайд хүү төлөхөөр харилцан тохиролцсон нь талуудын хооронд бичсэн чатаар тогтоогдоно гэх тайлбарыг гаргаж байх хэдий ч нэхэмжлэгч тал хүү нэхэмжлээгүй гэж нэхэмжлэлээ тодорхойлсон тул энэ талаарх тайлбар хэрэгт ач холбогдолгүй байна.

Мөн дээрх чатад ...миний нийт үлдэгдэл 25180 гэх бичвэрээр нэхэмжлэгчийн тайлбарын үндэслэл болсон ...60,000,000 төгрөгийн зээлийн буцаан төлөх үлдэгдэл төлбөр нь 25.180,000 төгрөг байсан гэдгийг эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.

Хэрэгт авагдсан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шилжүүлгийн баримт, талуудын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар зээлийн төлбөрт 282,905,000 төгрөг болон хүүгийн төлбөрт 16,670,000 төгрөг нийт 299,575,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчээс шилжүүлсэн нийт зээлийн төлбөр болох 327,530,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 299,575,000 төгрөгийг хасч тооцож, хариуцагчаас 27,955,000 төгрөгийг үлдэгдэл төлбөртэй гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зардалд төлсөн 3,600,000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд, нэхэмжлэгч Г.Цэндсүрэн нь өмгөөлөгч Ж.Ганболдтой байгуулсан 22/08 тоот гэрээний хавсралт, төлбөрийн баримтыг ирүүлсэн байна. /хх-ийн 36, 79-80 дугаар тал/

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулах шаардлага гаргах эрхтэй гэж, 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж зохицуулсан.

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь гэрээнд оролцогч талуудын хүсэл зоригийн үндсэн дээр илэрхийлэгдэж байгуулагдах бөгөөд энэ утгаараа Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.

Тодруулбал, гэрээний чөлөөт зарчмын үндсэн дээр талууд гэрээгээр гүйцэтгэх ажлын хөлсийг 3,600,000 төгрөг гэж тохиролцсон нь тэдгээрийн хүсэл зоригийн хүрээнд хийгдэх харилцаа бөгөөд хариуцагчийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой нэхэмжлэгчээс зайлшгүй гарсан зардал гэж үзэх үндэслэлд хамаарахгүй байна.

Иймд, тус үндэслэлээр өмгөөлөгчийн хөлс 3,600,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангахаас татгалзах нь зүйтэй байна.

Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Булгантамираас 27,955,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Цэндсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40,825,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Булгантамираас 27,955,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Цэндсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40,825,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 483,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Булгантамираас 297,725 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Цэндсүрэнд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА