Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 104/ШШ2017/00115

 
 

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 104/ШШ2017/00112

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******ын

хариуцагч: *******-т холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 450 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би 2015 оны 11 сарын 09-ний өдрөөс 2016 оны 11 сарын 28-ны өдөр хүртэл ажиллахдаа сануулах хийгээд сахилгын шийтгэл нэг ч авч байгаагүй, ажил үүргээ үнэнчээр биелүүлж ирсэн. Гэвч 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэнэт Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.3 хөдөлмөрийн гэрээ дууссан учир дахин сунгахгүй гэсэн шалтгаанаар /уул нь би 2016 оны 11 сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээ дуусаад мэдэгдэл өгөөгүй, зөрчилгүй ажилласан тул сунгагдсан гэж бодож байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 зааснаар 6 000 000 төгрөг Нийслэл Аудитруу шилжүүлж ноцтой зөрчил гаргасан гэх шалтгаанаар халагдсан. Үүнд гомдолтой. Учир нь 2016 оны 11 сарын 02-нд Г.******* даргыг ажлаас халах тушаалыг танилцуулж мөн өдрөөс О.Ганболд гэж хүнийг даргаар томилсон болохыг Хотын захиргаанаас захиргаа хуулийн хэлтсийн дарга Болормаа гэж хүн З-ны өдөр ирж санхүүгийхнийг дуудаж Г.******* гэж хүний гарын үсэгтэй мөнгө гаргахыг хориглож байгууллагын санхүүг одооноос О.Ганболдын гарын үсэгтэй гаргаж байгуулгын үйл ажиллагааг хэвийн явуул гэж ирж мэдэгдэл хийсэн тул би 2016 оны 11 сарын 08-ны өдөр Нийслэл Аудитын нэхэмжлэл, мөнгө хүссэн өргөдөл, О.Ганболд даргын шууд цохсон цохолтын дагуу 5 000 000 төгрөгийг Аудитын хөлс 1 000 000 төгрөгийг сургалтын зардал гээд нийт 6 000 000 төгрөгийг *******-ий дансанд шилжүүлсэн. Сануулах арга хэмжээ авсан тушаалыг би хүлээн зөвшөөрөхгүй. ******* даргаас хагас сайн өдрийн чөлөөг би өрөөнд нь орж авсан. Гэтэл дараа нь олон нийтийн цэвэрлээ тасалсан гэх шалтгаанаар сахилгын арга хэмжээ авагдсаныг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл надад огт танилцуулаагүй. Надтай хийсэн хөдөлмөрийн гэрээ нь 9-н зүйлтэй байхад хаанаас нь юу оруулсан нь мэдэгдэхгүй хөдөлмөрийн гэрээний 11.2,12.2.2 е гэх заалттай тушаал гаргаж үндэслэлгүй ажлаас халсан тул дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 13 заалттай хөдөлмөрийн гэрээнд миний гарын үсэг биш, ийм гэрээ байхгүй гэв.

 

Хариуцагч Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:"Чандмань Налайх" ОНӨААТҮГ-ын захирлын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/238 тоот түр тушаалаар тус байгууллагын кассын нярвын албан тушаалд Н.*******ыг ажилд авсан. Гэтэл кассын нярав Н.******* нь хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., Байгууллагын дотоод журмын 6-р зүйлийн 6.1,. 6.6, Хөдөлмөрийн гэрээний 12-р зүйлийн 12.2.2е-г тус тус зөрчсөн тул байгууллагын дотоод журмын 11-р зүйлийн 11.2-т заасны дагуу Н.*******ын хөдөлмөрийн гэрээг сунган ажиллуулах боломжгүй болж 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Манай байгууллагын захирлыг Налайх хотын захирагчийн захирамжаар томилж чөлөөлдөг бөгөөд Налайх хотын захирагчийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар Г.******* захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлж мөн өдрийн Б/17 дугаар захирамжаар О.Ганболдыг захирлаар томилсон. Тухайн үед Г.******* захирал өвчтэй байсан тул ажил хүлээлцэх боломжгүй, албан ёсоор тамга тэмдэг, эрхээ шилжүүлээгүй байсан учир байгууллагын ажил зогсонги байдалтай, ажилчдын цалин мөнгө бусад зардал гаргах боломжгүй байсан. Гэтэл кассын нярав Н.******* нь Байгууллагын дотоод журмын 6-р зүйлийн 6.1,. 6.6-д заасныг зөрчин ерөнхий нягтлан бодогч Т.Алимааг ажилчдын цалинг тавина шилжүүлж болохгүй гэснийг үл тоон байгууллагын удирдлагын эрх маргаантай байх үед дур мэдэн байгууллагын мөнгөн касснаас их хэмжээний мөнгө авч өөр байгууллагын дансанд шилжүүлсэн. Энэ талаар Н.*******аас тайлбар авахад Нийслэл-Аудитын 2015 оны аудитын ажлын төлбөрийг хийсэн гэсэн. Нийслэл-Аудитын 2015 оны аудитын ажлын төлбөр 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлээр 5.000.000 төгрөг гарсан. Гэтэл ямар зорилгоор кассаас 6.000.000 төгрөгийг захирал, ерөнхий нягтлан бодохын зөвшөөрөлгүй байгууллагын дотоод журмыг зөрчин дур мэдэн өөр байгууллагын дансанд шилжүүлснийг ойлгохгүй байна. Манай байгууллага кассаас бэлэн мөнгө гаргахдаа захирал, ерөнхий нягтлан бодохын цохолттой мөнгө авах хуудас болон өргөдөл, нэхэмжлэлийг үндэслэн тамга гарын үсэгтэй олгодог бөгөөд их хэмжээний мөнгө буюу 5.000.000 төгрөгөөс дээш мөнгөн дүнтэй зарлагыг шилэн дансанд тусган захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэдэг. Мөн энэ яригдаад байгаа 6 000 000 төгрөгийн нэхэмжлэх гэх баримт байгууллагад байхгүй байхад Н.******* шүүхэд гаргаж байгаа нь мөнгөний баримт хадгалах хөтлөх журмыг ноцтой зөрчсөн, мөнгөний гүйлгээний эх баримтыг кассын баримтад хийлгүй өөрөө дур мэдэн авчихдаг нь хуурамч бүрдүүлсэн, хувьдаа ашигласан байх боломжтой, түүний хөтлөсөн санхүүгийн анхан шатны баримтууд маш их зөрчилтэй, ямар ч тамга тэмдэггүй, бичвэргүй, хоосон цаасаар удаа дараа бэлэн мөнгө гаргасан, хүлээн авагч ч байхгүй баримтууд их олон байгаа. Манай байгууллагад ажилладаг Цогт-Эрдэнэд 45 000 төгрөгийг 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, унааны зардалд 50 000 төгрөгийг 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр, материалын зардал Ганпүрэв гэх хүнд 2 000 000 төгрөгийг 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, Д.Гантулгад тээврийн хөлс 62 350 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, шинэ жилийн үйл ажиллагаанд хүлээн авагч ******* өөрөө 255 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, хүлээн авагч Ганчимэг хор цэнэглэхээр 45 000 төгрөгийг олгохдоо он, сар, өдөр бичигдээгүй, Ган гурван эрдэнэ гэх компанид нүүрсний үнэ 1 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр, мөн 1 500 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, ерөнхий инженер Энхтүвшинд гэж сэлбэг материалын зардал 1 650 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр, нийгмийн даатгалын шимтгэлд 1 600 000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр, нотариатын зардалд 19 200 төгрөгийг 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр, хүлээн авагч Пэрэнлэйжамц материалын үнэ 145 000 төгрөгийг 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр, хүлээн авагч О.Ганболд цалингийн урьдчилгаа 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, хүлээн авагч Наранцэцэг бланкны үнэ 44 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, хүлээн авагч Энхжаргал материалын үнэ 30 000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр, хүлээн авагч Б.Отгончимэг цалингийн урьдчилгаа 100 000 төгрөг, хүлээн авагч Түмэнжаргал материалын үнэ 134 000 төгрөг, хүлээн авагчийн нэр байхгүй материалын үнэ 2 300 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр, хүлээн авагч Питровис карт шатахууны үнэ 1 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөрүүдэд тус тус бэлэн мөнгө гаргасан баримт ямарч гарын үсэггүй, зөвшөөрөлгүй хэн авсан нь ойлгомжгүй байна. Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын мэдэлд Налайх дүүргийн Соёлын төв-ийн урд талд байрлах Сити тойлет-ыг ажиллуулдаг. Уг Сити тойлет-ын хажуу талын талбайг Наранзул гэх үсчинд түрээсэлдэг. ******* Наранзул үсчингээс түрээсийн мөнгө 250 000 төгрөг, 300 000 төгрөг тус тус аваад манай байгууллагын дансанд хийгээгүй, цалингийн удьдчилгаа 110 000 төгрөгийн авсан байгаа нь баримт тайланд байхгүй, мөн оны эцэст архивын баримт хүлээлгэж өгөх гэтэл ажлаа дутуу хаяад явсан. Шүүх хуралдаанд эхээр нь авчирч судлуулсан кассын баримтуудаас дээрх зөрчлүүд харагдаж байна, ерөнхий нябо ч шалгаж тогтоосон. 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн захирлын Б/22 дугаар Сахилгын хариуцлага тооцох тухай тушаалаар сануулах арга хэмжээ авч байсан учир 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тиймээс Н.*******ыг кассын нярвын ажилд эгүүлэн авч нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж ажилгүй байх хугацааны цалинг олгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* Чандмань Налайх ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 450 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаан дээр шаардлагаа бүрэн дэмжиж оролцов.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Н.******* кассын нярваар ажиллаж байхдаа хүлээсэн үүргээ үл биелүүлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., Байгууллагын дотоод журмын 6-р зүйлийн 6.1,. 6.6,. Хөдөлмөрийн гэрээний 12-р зүйлийн 12.2.2.е-г тус тус зөрчин кассаас бэлэн мөнгө гаргахдаа захирал, ерөнхий нягтлан бодогчийн цохолттой мөнгө авах хуудас болон өргөдөл, нэхэмжлэлийг үндэслэн тамга гарын үсэгтэй олгох мөн их хэмжээний мөнгө буюу 5 000 000 төгрөгөөс дээш мөнгөн дүнтэй зарлагыг шилэн дансанд тусган захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлүүлэхийг тус тус зөрчсөн, бэлэн мөнгө хүлээн авагч байхгүй олон баримтаар мөнгө гаргасан, хүлээн авсан бэлэн мөнгө байгууллагын баримтад тусгаагүй ноцтой зөрчил гаргасан тул байгууллагын дотоод журмын 11-р зүйлийн 11.2-т заасны дагуу Н.*******ын хөдөлмөрийн гэрээг сунган ажиллуулах боломжгүй болсон, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн захирлын Б/22 дугаар Сахилгын хариуцлага тооцох тухай тушаалаар сануулах арга хэмжээ авагдаж байсан учир 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээр Н.*******ын нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж, нэхэжлэгч аудитын хөлс 6 000 000 төгрөгийг байгууллагын даргын зөвшөөрлөөр шилжүүлсэн тул буруугүй гэж маргаж, бусад баримтыг үгүйсгээгүй болно.

Нэхэмжлэгч талаас шаардлагаа нотлож Н.*******ын хөдөлмөрийн гэрээ, Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/240 дугаар Н.*******ын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаал, Налайх хотын захирагчийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/16 дугаар Г.*******ыг ажлаас чөлөөлөх тухай, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/17 дугаар О.Ганболдыг ажил, албан тушаалд томилох тухай, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/20 дугаар Г.*******ыг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай захирамжуудын хуулбар үнэн тэмдэг бүхий хуулбарууд, Төрийн банкны 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 6 000 000 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, *******-ний 105, 85 дугаар нэхэмжлэхүүд, Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын кассын зарлагын ордер, Налайх дүүргийн 2 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, Монголын цахим институтын 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02/009 дугаар албан бичиг, Нийслэл-Аудит ХХК-ний 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 17/10 дугаар албан бичиг, Улаанбаатар хотын банкны 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Нийслэл-Аудит ХХК-ний депозит дансны хуулга, Н.*******ын нэр дээрх 99613678 дугаарын дэлгэрэнгүй хэрэглээний жагсаалт, иргэн О.Ганболдын гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн мэдүүлэг, иргэн Б.Энхжаргалын цахим үнэмлэхний хуулбар зэрэг;

хариуцагч талаас тайлбараа нотлож Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын хөдөлмөрийн дотоод журам, Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/212 дугаар сахилгын хариуцлага тооцох тухай тушаал, Б/212 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын 71 000 төгрөгийн кассын зарлагын ордер, Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн мөнгөн урьдчилгааны тайлан Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 9 900 000 төгрөгийн кассын орлогын ордер, Төрийн банкны 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 9 900 000 төгрөгийн зарлагын мэдүүлэг, Төрийн банкны 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн чекийн 0267739 дугаар баримт, Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 12 000 000 төгрөгийн кассын зарлагын ордер, ХАС банкны 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 12 000 000 төгрөгийн орлогын маягт зэрэг баримтуудын нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд, Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын мөнгөн хөрөнгийн журнал, Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын 250 000 төгрөгийн, 2016 оны 7 дугаар сарын 250 000 төгрөг, 8 дугаар сарын 250 000 төгрөг, 9 дүгээр сарын 250 000 төгрөг, 10 дугаар сарын 300 000 төгрөгийн орлогын ордер тасалбарууд, Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын Н.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/219 дугаар Б.Энхжаргалын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/220 дугаар Т.Алимааг ажилд томилох тухай тушаалууд, Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын хүний нөөцийн менежерийн ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтуудын нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд, Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны мөнгөн кассын баримтын бүрдэлд хийсэн шалгалтын баримт, Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын кассын зарлагын ордеруудын фото зургууд /хх90-112, 120-131/, Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэл 1, 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 16-03 дугаар эд хөрөнгийн түрээсийн гэрээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын 5749061342 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 200 000 төгрөгийн байгууллагын дарга болон ерөнхий нягтлан бодогчийн гарын үсэг зурагдаагүй, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн материалын үнэ 460 950 төгрөгийн байгууллагын дарга, ерөнхий нягтлан бодогчийн гарын үсэг зурагдаагүй, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн лагийн мөнгө гэж бичигдсэн ч үнийн дүн бичигдээгүй, байгууллагын дарга, ерөнхий нягтлан бодогч, мөнгө хүлээн авсан хүний гарын үсэг зурагдаагүй, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн принтер засварын 72 000 төгрөгийн байгууллагын дарга, ерөнхий нягтлан бодогч, мөнгө хүлээн авсан хүний гарын үсэг зурагдаагүй, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Мобикомын утас 50 000 төгрөгийн байгууллагын дарга, ерөнхий нягтлан бодогч, мөнгө хүлээн авсан хүний гарын үсэг зурагдаагүй, 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн материалын 500 000 төгрөгийн байгууллагын дарга, ерөнхий нягтлан бодогч, мөнгө хүлээн авсан хүний гарын үсэг зурагдаагүй, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн шинэ жилийн үйл ажиллагаанд шампанск 25 500 төгрөгийн байгууллагын дарга, ерөнхий нягтлан бодогчийн гарын үсэг зурагдаагүй, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн нүүрсний үнэ 1 000 000 төгрөгийн байгууллагын дарга, ерөнхий нягтлан бодогч, мөнгө хүлээн авсан хүний гарын үсэг зурагдаагүй, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн нүүрсний үнэ 700 000 төгрөгийн байгууллагын дарга, ерөнхий нягтлан бодогчийн гарын үсэг зурагдаагүй, мөнгө хүлээн авагч Гангурван эрдэнэ гэх боловч мөнгө хүлээн авсан хүн нь Н.*******ын гарын үсэг зурагдсан кассын зарлагын ордерууд зэрэг баримтууд тус тус ирүүлсэн нь бичмэл нотлох баримтын хуулийн шаардлага хангасан байх тул үнэлэв.

Харин нэхэмжлэгчийн ирүүлсэн иргэн Б.Энхжаргалын гэх 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гар бичвэр, хариуцагч талаас ирүүлсэн Монголын цахилгаан холбоо ХК-ний Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын ярианы дэлгэрэнгүй бичлэг /хэргийн 49-54 хуудас/, Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын кассын зарлагын ордеруудын фото зургууд /хх133-134/ зэрэг баримтууд нь нотлох баримтын хуулийн шаардлага хангаагүй, үг, үсэг, огноо харагдахгүй гаргацгүй байх тул үнэлээгүй.

Н.******* нь Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын кассын нярвын албан тушаалд 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан, ажил олгогч Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/240 дугаар тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2., 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4., Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6.1., 6.6., Хөдөлмөрийн гэрээний 11.2., 12.2.2е дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн, кассын нярав Н.*******ыг хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, ажлын 3 хоногт ажлыг нь хүлээлцүүлэхээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт бий болжээ.

Талууд ажлаас чөлөөлсөн үндэслэлд маргаж, нэхэмжлэгч өөрийн буруу байхгүй гэж, хариуцагч байгууллага түүнийг олон удаагийн үйлдээр хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж тус тус маргаж мэтгэлцлээ.

Зохигч талуудын мэтгэлцээн, тэдний тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтуудад шүүх дараах дүгнэлт хийлээ.

Нэхэмжлэгч Н.******* нь Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын кассын нярвын албан тушаалд ажиллаж байсан тухай 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай 9 заалт бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж эх гэрээг нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн, хариуцагч байгууллага энэ гэрээтэй адилхан хугацаатай 13 зүйл заалт бүхий хөдөлмөрийн гэрээг /хэргийн 24-25 хуудас/ хариуцагч байгууллагаас гарган шүүхэд ирүүлснийг нэхэмжлэгч үл зөвшөөрөн, би гарын үсэг зураагүй, надтай байгуулсан гэрээ биш гэж маргаж, хариуцагч Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж ямар нэг тайлбар баримт гаргасангүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн эх хувиараа, ажил олгогчийн тамга гарын үсгийн тэмдэглэгээ бүхий, хариуцагч тал маргаагүй нэхэмжлэгчээс ирүүлсэн Чандмань Налайх ОНӨААТҮГ-тай байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээг /хэргийн 3-4 хуудас/ шүүх үнэлж, хариуцагч байгууллагаас ирүүлсэн хөдөлмөрийн гэрээг үнэлсэнгүй.

Нэхэмжлэгч Н.*******ын Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын кассын нярвын албан тушаалд 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай ажиллах тухай 9 заалт бүхий хөдөлмөрийн гэрээний ажил олгогчийн эрх бүлгийн 3.2. Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын хөдөлмөрийн дотоод журам болон энэхүү хөдөлмөрийн гэрээнд тодорхойлсон ноцтой зөрчил гаргасан тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулж ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлана, ажилтны хариуцлага бүлгийн 6.1.хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ биелүүлээгүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулна, гэрээг дуусгавар болгох, цуцлах бүлгийн 7.2.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан ноцтой зөрчил гэж дараах зөрчлийг ойлгоно. Үүнд:..

.-ажил гүйцэтгэх чадвараас шалтгаалан, мөн хариуцлага, сонор сэрэмжгүйн улмаас байгууллагад хохирол учруулсан бол,

-эрх бүхий удирдах албан тушаалтны албан ёсны зөвшөөрөлгүйгээр байгууллагын эдийн засаг, нэр хүнд, үйл ажиллагаанд хохиролд учруулахаар гэрээ хэлцэл байгуулсан нь шунахайн болон хувийн сэдэлттэй болох нь тогтоогдсон бол,

-албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн хувийн зорилгод ашигласан бол,

-хуулиар холирглосон үйл ажиллагаа явуулсан бол гэжээ.

Хариуцагч байгууллагаас ирүүлсэн хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт зэрэгтэй нэхэмжлэгч Н.******* танилцаагүй гэж байх боловч тус байгууллагад кассын няравын ажил, албан тушаалд ажиллаж байх хугацаандаа дээрх баримтуудтай танилцан мөрдөж ажиллах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хуулиар тогтоосон нууцад хамаарах ажил, үүрэгтэй нь холбоотой нууцыг хадгалах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй. гэж заасан үүрэг болж байна.

Н.*******ын шаардлагын үндэслэл болгож нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн -1. Төрийн банкны мөнгөн шилжүүлэг гэсэн эх баримт нь, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн банкны банк хооронд бэлэн мөнгө шилжүүлэх дотоод 3129002631010001 тоот дансаар, шилжүүлэгч ******* нэрээр, Улаанбаатар хотын банк дахь *******-ийн 2612041347 тоот дансанд 6 000 000 төгрөгийг Чандмань Налайх ОНӨААТҮГ-аас аудитын хөлс гэсэн гүйлгээний утгатай мөнгөн шилжүүлэг хийсэн тэмдэглэгээ бичигдсэн, харилцагчийн тэмдэглэлд ямар нэг бичвэргүй, шилжүүлэгчийн баталгаат гарын үсэг зурагдаагүй, тамга тэмдэггүй банкны теллер гэсэн тэмдэгний улаан өнгийн бичвэр дутуу гарсан байгаагаас шилжүүлэгч хэн болох нь тодорхойгүй, банкны мөнгөн шилжүүлгийн үйлдэл бүрэн илэрхийлэгдэхгүй гэж үзэх үндэс болж байна.

-2. 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн материал сэлбэг худалдан авахад мөнгө олгохыг хүссэн өргөдөл гэсэн эх баримтад байгууллагын нэр бичигдээгүй, захиргаа хэсэгт касс ажилтай хэнээс гэдэг нь бичигдээгүй, утга хэсэгт 2015 оны аудитын ажлын төлбөр 5.0 сая, сургалт зөвлөх үйлчилгээний хөлс 1.0 сая учир 6.0 сая төгрөгийг олгоно уу гээд өргөдөл гаргасан Б.Өлзийзаяа гэсэн нэрний бичвэр бичигдсэн, олгох зөвшөөрлийн цохолт хэсэгт санхүүд олгоё кассын няравт дарга гэсний ард гар бичвэр үйлдэгдсэн, тамга тэмдэггүй, ерөнхий нябо хэсэгт ямар нэг бичвэргүй байгаа нь хаанаас ямар байгууллагад хандсан нь тодорхойгүй байна.

-3. Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын кассын зарлагын ордер гэсэн эх баримтад харилцах данс, дэлгэрэнгүй бүртгэлийн код, гүйлгээний код тус тус бичигдээгүй, дүн 6 000 000 төгрөг, мөнгө хүлээн авагч дээр Нийслэл аудит ХХК, гүйлгээний утга аудитын хөлс 6 000 000 төгрөг гээд дарга гэсэн хэсэгт таталбар бичвэртэй, ерөнхий нябо хэсэгт ямар нэг бичвэр тэмдэглэгээгүй, 6 000 000 төгрөгийг хүлээн авсан хэсэгт ямар нэг бичвэр тэмдэглэгээгүй, олгосон нярав гар бичвэр зурагдсан, Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын касс-1 гэсэн тэмдэг дарагдан 2016 он 11 сар 08 өдөр гэж огноог гараар нөхөж бичсэн байгаа нь Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын тамгагүй, мөнгө хүлээн авсан хэсэгт бичигдсэн зүйлгүй байна.

4. Налайх хотын захирагчийн ажлын албанаас хуулбарлан авсан Б/16, Б/17, Б/20 дугаар захирамжуудаар Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын даргын үүрэгт ажлаас 2016 оны 11 сарын 02-ны өдрөөс Г.*******ыг ажлаас чөлөөлж О.Ганболдыг томилсон, 2016 оны 11 сарын 16-ны өдрөөс Г.*******ыг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр буцаан томилсон байх ба *******-ий дипозит дансны хуулгаар 2017 оны 11 сарын 09-ний өдөрЧандмань Налайх утгатай 6 000 000 төгрөг орлого оржээ.

5. Мобиком гэсэн Н.*******ын мобикартын гэрээний хэрэглээний жагсаалт гэсэн баримтыг нэхэмжлэгч Энхжаргал нягтлангийн утсаар ярьсан баримт гэх боловч хэн холбогдсон гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна.

6. О.Ганболд гэсэн гарын үсгийн үнэн зөв гэрчлүүлсэн гар бичвэрт би ажил үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа 2016 оны 11 сарын 8-ны өдөр Нийслэл Аудитруу 6 сая төгрөг шилжүүлэхийг кассын нярав *******д үүрэг болгож шилжүүлүүлсэн нь үнэн болно гэжээ.

Нэхэмжлэгчийн дээрх баримтуудаар 2016 оны 11 сарын 08-ны өдөр *******-д *******аас 6 000 000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Харин ямар үндэслэлээр, ямар баримтыг үндэслэн хэний зөвшөөрлөөр шилжүүлсэн болох талуудын маргаж буй асуудлыг авч үзвэл, *******-иас ажлын хөлс шаардсан нэхэмжлэх баримт Чандмань Налайх ОНӨААТҮГ-т байхгүй, *******-иас Чандмань Налайх ОНӨААТҮГ-д 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр буцаалт утгатай 1000 000 төгрөг орж ирсэн нь хариуцагчаас ирүүлсэн тус байгууллагын ХААН банкны депозит дансны хуулгаар батлагдаж байна.

Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын ерөнхий нягтлан бодогч Т.Алимаа 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд мөнгөн кассын баримтын бүрдэлд шалгалт хийж зөвшөөрөлгүй мөнгө олгосон, бэлэн мөнгө хүлээн авсан хүний гарын үсэггүй 432 ширхэг зөрчил илэрсэн болох нь хариуцагчаас ирүүлсэн ерөнхий нягтлан бодогчийн хяналт хийсэн тухай тайлангаар батлагдаж, нэхэмжлэгч энэ баримтыг үгүйсгээгүй болно.

Мөн хариуцагчаас ирүүлсэн 2016 оны 07 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны тус байгууллагын мөнгөн кассын орлого, зарлагын ордер баримтуудаар Н.******* удаа дараа байгууллагын дарга ерөнхий нягтлан бодогчийн зөвшөөрөлгүй мөнгө олгосон, бэлэн мөнгө хүлээн авсан хүний гарын үсэггүй баримтууд олон байна.

Хариуцагч талын тайлбарлаж буй Ган гурван-Эрдэнэ-д нүүрсний үнэ гэсэн 2016 оны 11 сарын 07-ны өдрийн 700 000 төгрөг, 2016 оны 12 сарын 03-ны өдөр 1 000 000 төгрөгийг ямар ч зөвшөөрөлгүй, хүлээн авсан хүн байхгүйгээр зарлагадсан байна.

Мөн Наранзул ү/ 10 сар түрээс утгатай 250 000 төгрөгийг 2016 оны 11 сарын 02-ны өдөр хүлээн авсан, үсчин Наранзул 10 сар түрээс 300 000 төгрөгийг 2016 оны 11 сарын 02-ны өдөр гэсэн баримтад өдрийг нь давхарлан засварласан байх ба Төрийн банкны Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын дипозит дансанд 2016 оны 11 сарын 30-ны өдөр түрээс 250 000 төгрөг орсон байгаа нь 28 хоногийн дараа байгууллагад орлого хийгдсэн, 300 000 төгрөг тайлан болон бусад баримтаар байгууллагад тушаагдсан баримт байхгүй байна.

Эндээс үзэхэд Н.******* кассын нярвын ажил үүргийг гүйцэтгэх явцдаа зөвшөөрөлгүй, хүлээн авагч байхгүйгээр удаа дараагийн үйлдлээр байгууллагаас бэлэн мөнгө гарган авч байсан, 2016 оны 11 сарын 08-ны өдөр өөрчлөгдөн томилогдсон дарга Г.******* болон тухайн үед 2016 оны 11 сарын 01-ний өдрөөс томилогдон ажиллаж байсан ерөнхий нягтлан бодогч Т.Алимаа нарын зөвшөөрөлгүй, мөнгө хүссэн баримтад хүлээн авагчгүйгээр 6 000 000 төгрөгийг *******-д гэсэн утгаар зарлагадан авч шилжүүлсэн, энэ 6 000 000 төгрөг 2016 оны 11сарын 09-ний өдөр *******-ийн дансанд шилжин орсон, 2016 оны 11 сарын 02-ны өдөр бэлнээр хүлээн авсан 250 000 төгрөгийг 28 хоног өөр дээрээ байлгаж байгаад 2016 оны 11 сарын 30-ны өдөр тушаасан, үсчин Наранзул 10 сар түрээс 300 000 төгрөгийг 2016 оны 11 сарын 02-ны өдөр гэсэн өдрийг нь давхарлан засварласан баримтаар бэлэн мөнгө хүлээн авсан баримт үйлдэгдсэн боловч энэ нь тайлан болон бусад баримтаар байгууллагад ороогүй, Ган гурван-Эрдэнэ-д нүүрсний үнэ гэсэн 2016 оны 11 сарын 07-ны өдрийн 700 000 төгрөг, 2016 оны 12 сарын 03-ны өдөр 1 000 000 төгрөгийг ямар ч зөвшөөрөлгүй, хүлээн авсан хүн байхгүйгээр зарлагадсан зөрчлүүд гаргасан үйл баримт тогтоогдож байна.

Харин хариуцагчаас сахилгын шийтгэл ногдуулсан гэх тушаалыг хариуцагч мэдээгүй, тийм үйл баримт болоогүй гэж байх ба мөн хариуцагч талаас ирүүлсэн ажлын байрны тодорхойлолт нь Н.*******ынх биш байх тул талуудын маргаанд ач холбогдолтой гэх үндэсгүй тул үнэлсэнгүй.

 

Иймээс нэхэмжлэгч Н.*******ыг ..хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2., 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4., Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6.1., 6.6., Хөдөлмөрийн гэрээний 11.2., 12.2.2е дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээ цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг буруутгах үндэсгүй байна.

Иймд нэхэмжлэгч Н.*******ын Чандмань Налайх ОНӨААТҮГ-т холбогдуулан кассын няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 450 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул нэхэмжлэлд хураамж төлөгдөөгүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118, 160 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.*******ын Чандмань Налайх ОНӨААТҮГ-т холбогдуулан кассын няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 450 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ