Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 00074

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
улсын өмгөөлөгч Э.Алтан-Уяа,
шүүгдэгч С.Дамдинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сэрээжавын Дамдинсүрэнд холбогдох 201706000107 дугаартай, 132/2017/0067/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, 16 дугаар байрны 3-24 тоотод оршин суух, 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоосон, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигон овогт Сэрээжавын Дамдинсүрэн /РД:ГЮ87042577/,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Дамдинсүрэн нь 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн Булган сумын 2в хэсгийн 3-1 тоотод оршин суух иргэн Т.Мөнхжаргалын гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 322500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч С.Дамдинсүрэнгийн өгсөн: Би 2017 оны 04 дүгээр 19-ний өглөө 8 цаг өнгөрч байхад Мөнхжаргал эгчийнд очсон. Тэгээд цагаалга хийж байгаа гээд цагаалга идчихээд гарсан. Гэртээ харьж байж байгаад төв рүү ороод хуучин хөдөө аж ахйун газар Билгээ, Цэнгээ ах, Чука гуравтай нэг шил архи уусан. Хойшоо тэр чигээрээ өгсөөд Мөнхжаргал эгчийнд очсон чинь хүн байхгүй байсан. Хажуу талын Баяраа ахаас нэг тамхи авж татчихаад хүлээгээд сууж байсан. Ирэхгүй болохоор асуусан чинь гараад явсан байхаа гэж байсан. Тэгээд амбаарын хаалгыг нь татсан чинь цүү нь онгойсон. Дотор нь 3 хэц борц байсан ба үүдэнд байсан цагаан шуудай хийгээд аваад гарсан. Тэр борцоо гэртээ авч ирчихээд буцаж очоод байшингийн хаалгыг нь татахад онгойхгүй байсан тул амбаарт байсан лоомыг аваад хөшөөд онгойлгосон. Гэрт нь ороод зурагтыг нь аваад гэрлүүгээ харьсан. Гэрээсээ гараад явж байгаад дугуй засварын урд Жаргалсайхан ахтай таарсан. Борц зарах гэсэн юм авах хүн байна уу гэхэд би зараад өгье гээд бид 2 байж байсан чинь цагаан машин явж байсан. Гараа өргөсөн чинь зогссон. Борц авах уу гэсэн чинь авна гээд тэгээд бид хоёрыг өнөмандал хүргэж өгсөн. Би зурагтаа Стана машинд аваачиж тавьсан. Тэгээд хажуу талын Ундрам дэлгүүр орж нэг шил архи, ундаа, ус аваад таксинд суусан. Тэгээд Эрдэнэт ороод 6 дугаар микрийн тэнд машин эвдрээд тэгээд бид 2 таксинд суугаад город оръё гэсэн чинь согтуу байна 5000 өг гэхээр нь өгөхгүй гэж маргаад Эрдэнэтийн цагдаа орсон. Эрдэнэтийн цагдаа дээр эрүүлжүүлэхэд хоноод байж байсан чинь Булганаас 2 цагдаа ирээд аваад явсан гэх мэдүүлэг,
201706000107 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Шүүгдэгч С.Дамдинсүрэнгийн сэжигтнээр өгсөн: Би 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 12 цагийн үед Мөнхжаргал эгчийн гэрт очиход хүн байхгүй байсан. Тэгээд амбаартаа борц хадгалдгыг нь мэддэг учраас хулгай хийхээр шийдэж цоожийг нь гараараа таттал онгойсон. Тэгээд байсан бүх борцыг шуудайлж аваад Миний голомт дэлгүүр орж хилэн дээр тавьж үзэхэд 2,5 кг болсон. Уг борцыг гэртээ оруулж тавьчихаад ахин Мөнхжаргал эгчийн гэрт очиж амбаарт байсан лоомоор байшингийн хаалганы цоожийг эвдэж ороод зурагтыг нь авч гарсан. Тэгээд Миний голомт дэлгүүрийн хавьд Жаргалсайхан ахтай тааралдаж борц авах хүн байна уу гэхэд борц үнэтэй шүү гэж хариулсан. Тэгэхээр нь гэрлүүгээ орж борцоо аваад Жаргалсайхан ахын хамт нэг цагаан машинд суугаад Өнөмандалын хажууд байрлах таксины буудал орсон. Тэнд борцоо 10000 төгрөгөөр зараад Истана машинд сууж Эрдэнэт орсон. Эрдэнэт хотын төв рүү орох гэж явахад машин эвдэрч Жаргалсайхан ах бид 2 таксинд суусан. Тэгээд 2000 төгрөг өгтөл төврүү 4000 төгрөг гардаг гэж таксины жолооч хэлсэн. Би 2000 төгрөг л байна гэж маргаад Орхон аймгийн Цагдаагийн газар орсон. Тэнд байж байтал Эрүүгийн цагдаа нь юун зурагт юм гэж асууснаар баригдсан. Би хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна. Жаргалсайхан ах дараа нь таарсан. Би ганцаараа энэ хэргийг үйлдсэн гэх мэдүүлэг / хх 35, 36 тал /, Хохирогч Т.Мөнхжаргалын өгсөн: Манайх Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг 2в хэгсийн 3-т тоотод байдаг бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 09 цагт ажилдаа яваад 21 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн хаалга онгорхой байсан. Ороод хартал том өрөөний баруун урд талын буланд зурагтны тавиур дээр байсан 32 инчийн Элко брендийн зурагт алга болсон байсан. Би гайхаж байгаад хоолны махаа авахаар амбаарлуу очтол цоож нь цүүгээрээ сугарсан байдалтай байсан ба ороход өлгөөтэй байсан 3-4 кг борц алга болсон байсан. Буцаад гэрлүүгээ ороход амбаарт байсан лоом, лоомны үзүүрт шар цоож нь цүү тав төмөртэй нь орхисон байсан. Энэ хэргийг С.Дамдинсүрэн гэж хүн үйлдсэн байж магадгүй. Яагаад гэвэл хэрэг болохын өглөө нь манайд ирж хоол идчихээд явсан ба амбаарт борц байдгы Дамдинсүрэн л мэднэ. Би гомдолтой байна гэх мэдүүлэг, Гэрч П.Цогтбаатарын өгсөн: 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр С.Дамдинсүрэн манай дэлгүүрт шуудайтай зүйл барьж орж ирээд цахилгаан жин дээр тавьж үзэхэд 2,5 кг зүйл байсан. Би юу байгааг нь мэдээгүй. Барьсан зүйлээ жинлэж үзчихээд гарч явснаа удалгүй орж ирээд борц авах хүн байхгүй биз гэхээр нь би авахгүй гэсэн чинь эргээд гараад явсан гэх мэдүүлэг, /хх 19 тал/, Гэрч Ч.Жаргалсайханы өгсөн: 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр МСҮТ-ын ард замаар явж байтал С.Дамдинсүрэн хар зурагт болон цагаан өнгийн шуудайтай зүйл барьчихсан явж байгаад тааралдсан. Надтай тааралдаад ахаа борц зараад өгөөч гэхээр нь замаар явж байсан цагаан машин руу гараа өргөтөл зогссон. Тэгээд борц авах уу гэхэд авья гэхээр нь 10000 төгрөгөөр зарчихсан юм гэх мэдүүлэг, Гэрч П.Баярсайханы өгсөн: 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зүс мэдэх 2 залуу том хар зурагт тэвэрсэн ирээд машины багаажинд зурагтаа хийж эрдэнэт орсон. Төврүү арай ороогүй байтал машин эвдэрч хүмүүс бүгд буугаад явсан ба тэр 2 залуу мөн бууж жижиг таксигаар явсан. Хаашаа явсанг нь мэдэхгүй байна. Би зардлын мөнгөтэй болохоор нь аваад явсан. Ямар учиртай зурагт гэдгийг нь мэдээгүй гэх мэдүүлэг /хх 22 тал/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулах тогтоол /хх 01 тал/, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 02 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх 03-06 тал/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 07 тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 09, 10 тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 11 тал/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 13 тал/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 25-28 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 51 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв. Шүүгдэгч С.Дамдинсүрэн нь 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн Булган сумын 2в хэсгийн 3-1 тоотод оршин суух иргэн Т.Мөнхжаргалын гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 322500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Т.Мөнхжаргал, гэрч Ч.Жаргалсайхан, П.Баярсайхан, П.Цогтбаатар нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургууд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдаж, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт, шалтгааны талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн дээрхи хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар батлагдсан байна. Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ. Иймд хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотловол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч С.Дамдинсүрэн нь орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч С.Дамдинсүрэнгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Мөнхжаргалд 322500 төгрөгийн шууд хохирол учирсан ба хохирогчид хохирлыг биет болон мөнгөн хэлбэрээр төлсөн болох нь тэдгээрийн мэдүүлэгээр тогтоогдож байх тул хохирол төлөгдсөн гэж үзлээ.
Шүүгдэгч С.Дамдинсүрэн нь 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж 1 жилээр хянан харгалзсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т зааснаар ялгүй болсон байх тул анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.Дамдинсүрэнд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгчийн ар гэрийн байдлыг харгалзан ялыг биечлэн эдлүүлэх шардлагагүй байна. Шүүгдэгч С.Дамдинсүрэнгийн цагдан хоригдсон 4 хоногтой болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг лоом, төмөр таг, цүүтэй шар өнгийн цоожийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Т.Мөнхжаргалд буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Сэрээжавын Дамдинсүрэнг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч С.Дамдинсүрэнг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч С.Дамдинсүрэн нь цагдан хоригдсон 4 хоногтой, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг лоом, төмөр таг, цүүтэй шар өнгийн цоожийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Т.Мөнхжаргалд буцаан олгосугай.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч С.Дамдинсүрэнд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 /хоёр/ жилээр тогтоож засралд хүмүүжилд хяналт тавихыг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Дамдинсүрэнд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ