Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 221/MA2017/0205

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2017/0205

         Улаанбаатар хот

 

 

Ё.Пүрэвдамбын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Үржинсүрэн, Т.Наранцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 59 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Ё.Пүрэвдамбын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 59 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, 27.2.4, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ё.Пүрэвдамбын “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Содхүүгийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалын Ё.Пүрэвдамбад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ё.Пүрэвдамбыг Баянхонгор аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ё.Пүрэвдамбыг ажилгүй байсан 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс 6.161.956 төгрөгөөс зохих татвар суутгалыг хийж тэтгэмжид авсан 5.373.462 төгрөгийг хасч олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийдвэрийн нэг дэх заалтаар “...Ё.Пүрэвдамбыг Баянхонгор аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4-д заасныг дагуу Ё.Пүрэвдамбатай утсаар ярьж санал солилцсон бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр тус газрын Тамгын газрын дарга Б.Бадамцэцэг утсаар дахин холбогдож санал солилцож, Баянхонгор аймгийн улсын бүртгэлийн хэлтэст шинээр хяналтын улсын байцаагчийн орон тоо бий болсон, энэ орон тоонд ажиллах эсэх тухай асуухад зөвшөөрсөн. Энэ талаар Ё.Пүрэвдамба нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “тохиролцсон тухайгаа болон улсын байцаагчаар томилсон заалт оруулаагүй болно” гэсэн хүсэлтийг гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн байхад Ё.Пүрэвдамбын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд өгсөн хүсэлтийг анхааралгүй шинээр бий болсон Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон нь үндэслэлгүй юм.

Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг зөвшөөрөхгүй байна. Ё.Пүрэвдамба нь Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргаар ажиллаж байхдаа төрийн захиргааны албаны ТЗ-10-5 ангиллаар цалинжиж байсан ба 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн тус газрын даргын Б/111 дүгээр “Тэтгэлэг олгох тухай” тушаалаар 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгосон. Гэтэл шүүх ажилгүй байсан хугацааны 86 өдрийн цалин хөлсийг 6.161.956 төгрөгт тооцсон нь албан тушаалын ангилал, зэрэглэлийг буруу тогтоон тооцсон байна.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ё.Пүрэвдамба нь “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалын Ё.Пүрэвдамбад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн Оюуны өмч, улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны олговор хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж эдгээр даатгалын дэвтрүүдэд бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргажээ.

Анхан шатны шүүх “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалын Ё.Пүрэвдамбад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийг Баянхонгор аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Учир нь Монгол Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 100 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 75 дугаар тогтоолын хавсралт буюу “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэсэн хэсэгт Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “7.Улсын бүртгэлийн ерөнхий газар” гэснийг “6.Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар” гэж өөрчилсөн байна.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн баталж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэсэн хэсэгт Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар хамаарахаар болжээ.

Уг тогтоол батлагдан гаргасантай холбоотойгоор “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” 2016 оны А/16 дугаар тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн сайд гаргасан байна.

Улмаар дээрх тогтоол, тушаалыг тус тус үндэслэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаал Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д “...хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх...”, 8.4-д “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана” гэж заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ё.Пүрэвдамба нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 917 дугаар тушаалаар Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр /ТЗ-9-2 зэрэглэлтэй/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 509 дүгээр тушаалаар Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар, мөн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/248 дугаар тушаалаар Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргаар /ТЗ-10-5 зэрэглэлтэй/ тус тус томилогдон ажиллаж байжээ.

Тодруулбал, нэгэнт Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орсноор “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар”-ын бүх албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/36 дугаар тушаал нь нэхэмжлэгч Ё.Пүрэвдамбын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй юм.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх салбар, нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, удирдлага зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” Б/37 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүтцийн тогтолцоо нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэстэй, дөрөвдүгээр хавсралтаар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тушаалын орон тоо, ангилал зэрэглэлийг баталж, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нийт 35 тоотойгоор баталсан бөгөөд хэлтсийн даргын орон тоо 1 байхаар тогтоосон болох нь энэхүү тушаалаар нотлогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заажээ.

Тус Б/37 дугаар тушаалаар Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын орон тоог баталсан бөгөөд шинээр зохион байгуулагдсан бүтэц орон тооны ажлын байрны чиг үүрэг нь өмнө нэхэмжлэгч Ё.Пүрэвдамбын 2013 онд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, 2014 онд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, 2016 онд аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын ажил, албан тушаалыг эрхэлж байсан ажлын байрны чиг үүргээс өөрчлөгдөөгүй байхад, мөн тэрхүү шинээр батлагдсан ажлын байранд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/78 дугаар тушаалаар өмнө тус байгууллагад ажил, алба эрхэлж байгаагүй Ц.Мөнхжаргалыг хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, нэхэмжлэгч Ё.Пүрэвдамбыг ажил, албан тушаалаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг зөрчсөн байна.

Тиймээс “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалын Ё.Пүрэвдамбад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, түүнийг Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчид олгох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг түүний урьд эрхэлж байсан аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын албан тушаалын ТЗ-10 зэрэглэлээр тооцож бодсон нь буруу байна.

Учир нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тушаалын орон тоо, ангилал, зэрэглэлийг баталсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/37 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралтад аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалын зэрэглэл ТЗ-9 болж өөрчлөгджээ.

Иймээс нэхэмжлэгчид олгох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг дээрх тушаалаар баталсан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалын зэрэглэлээр тооцож, нэхэмжлэгчийг ажилд томилоогүй өдөр болох 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцон хариуцагчаас гаргуулж, уг олговроос нэхэмжлэгчид олгосон 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг болох 5,373,462 төгрөгийг хасаж Ё.Пүрэвдамбад олгох нь зүйтэй байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 59 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ё.Пүрэвдамбад 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны ТЗ-9 зэрэглэлийн албан тушаалын цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг зохих журмын дагуу бодож, уг олговроос түүнд олгосон 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг болох 5,373,462 төгрөгийг хасаж олгохыг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид тус тус даалгасугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

 

                                    ШҮҮГЧ                                                               Э.ЗОРИГТБААТАР

 

                                    ШҮҮГЧ                                                              О.НОМУУЛИН

 

                                    ШҮҮГЧ                                                               Э.ХАЛИУНБАЯР